| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/02152/И |
| Дугаар | 101/ШШ2021/02580 |
| Огноо | 2021-09-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/02580
2021 09 02 101/ШШ2021/02580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонт гудамж, 21-97 тоотод оршин суух, Мөнхбатын Цэрэндуламын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Тарвалин хотхон 48а байр 1 давхарт оршин байрлах Шинэ гарц ХХК-д холбогдох,
15,335,587 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Цэрэндулам, өмгөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Цэрэндулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагчтай 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр В блок тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г байгуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, шинэ гүрэн цогцолбор хорооллын В блок 1 орц 4 давхар С тоотод байрлах 30 мк.в 1 өрөө орон сууцыг мк.в үнэ 1,150,000 төгрөг нийт 34,500,000 төгрөгөөр тохирч гэрээний дагуу урьдчилгаанд 16,200,000 төгрөгийг төлж үүнд нэмж 3,206,250 төгрөг нийт 19,406,250 төгрөгийг гэрээний урьдчилгаанд төлсөн болно. Гэвч барилгын ажил 2019 оны 06 дугаар сараас эхлэн бүрэн зогссон бөгөөд суурь хэсгээс цааш ажил огт үргэлжлээгүй болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6 дахь хэсэгт орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд бүрэн ашиглалтанд оруулж түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр тохирсон болно. Гэвч өнөөдрийг хүртэл барилгын ажил зогсонги байдалтай байгаа тул талууд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ цуцлах акт үйлдсэн болно. Тус актын дагуу миний зүгээс төлсөн нийт 19,406,250 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 16-нд 10,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-нд 9,406,250 төгрөгийг тус тус төлөхөөр тохирсон болно. Үүний дагуу 2020 онд хэд хэд цувуулан 9,800,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн манай гэр бүлийн зүгээс урьдчилгаа төлбөрийг төлөхийн тул миний нөхөр Б.Баттөр нь 9,402,012.09 төгрөгийн цалингийн зээл авч урьдчилгаа төлбөрийг төлсөн бөгөөд хариуцагчийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нь 9,402,012.09 төгрөгийн жилийн 26,40 хувийн хүү буюу энэ хугацаанд хүүнд 4,118,619 төгрөгийг төлөөд байна. Гэрээний 5.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч ажлыг гэрээнд заасан хугацаанаас 3 сараас дээш хугацаанд хэтрүүлсэн тохиолдолд төлсөн үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлнө хэмээн заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ныг хүртлэх 415 хоног хугацаа хэтэрсэн байх тул 19,406,250*0.5 хувь=3,881.25 төгрөг*415хоног=1,610,718 төгрөг болно.
Иймд хариуцагчаас гэрээний урьдчилгаанд төлсөн 9,606,250 төгрөг, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаар урчирсан хохирол 4,118,619 төгрөг, алданги 1,610,718 төгрөг нийт 15,335,587 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч М.Цэрэндуламын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус барилга нь ашиглалтанд ороогүй нь үнэн. Дэлхий нийтэд үүссэн цар тахлын нөлөөгөөр сүүлийн 2 жил тухайн барилгын ажил зогсонги байдалд байсан. Бид барилгын ажлыг 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс үргэлжлүүлэхээр хичээсэн боловч цар тахлын ээлж дараагийн хөл хорио, мөн барилгын материалын үнийн хөөрөгдөлтөөс шалтгаалан ажлаа эхэлж чадахгүй байна. М.Цэрэндулам нь манай байгууллагатай 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ цуцлах акт үйлдсэн бөгөөд 19,406,250 төгрөгийг графикийн дагуу буцааж олгохоор тооцоо нийлж гарын үсэг зурсан байна. Дээрх 19,406,250 төгрөгийн буцаалтаас манай компани 10,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ мөн үлдэгдлийг дурдсан байна. 2 тал хоорондоо монгол улсад мөрдөгдөж буй хууль журмын дагуу гэрээ цуцлах акт үйлдэж үлдэгдлийг баталгаажуулсан тул манай компанийн хувьд нэхэмжлэгчийн дурдсан хохирол болон алдангид заасан төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Харин гэрээ цуцлах актад заасан буцаан олголтын үлдэгдэл дүн болох 9,406,250 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Цар тахлын нөлөөгөөр барилгын ажил явагдахгүй байгаа ч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах боломжтой. М.Цэрэндулам нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллага дээр ирж цар тахлын дэг журмыг зөрчин борлуулалтын албаны өрөөнд дайран орж агсам тавин ажилтны утас болон компьтерийн дэлгэцийг авч шидэн гэмтээж ширээг нь цөм цохиж энд тэндгүй нулиман шүлсээ үсчүүлсэн байдаг. Бид арга зүйгээр учраа ололцохыг эрхэмлэн үлдэгдэл төлбөрийг цувуулж олгоё гээд тайвшруулан гаргасан. Гэвч энэ өдрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Манай компани энэ талаар холбогдох байгууллагад гомдол гаргаагүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Цэрэндулам, хариуцагч Шинэ гарц ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах тухай гэрээний дагуу шилжүүлсэн 9,606,250 төгрөг, хохирол 4,118,619 төгрөг, алданги 1,610,718 төгрөг, нийт 15,335,587 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 9,406,250 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үлдэх 5,930,337 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр В блок тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж тус гэрээний 2.2-т зааснаар хариуцагч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын В блок 1-р орц, 4-р давхрын С тоотод орших нэг өрөө орон сууцыг 34,500,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч нь гэрээний 2.3, 3-р зүйлд заасны дагуу орон сууны үнийг төлөхөөр тохиролцжээ. Хариуцагч гэрээний 2.6-д заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр талууд гэрээнээс татгалзсан тухай актыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэж, хариуцагч 19,406,250 төгрөгийг хүлээн авснаас төлбөрийг хоёр хуваан төлөхөөр заажээ. Тус мөнгөнөөс 9,800,000 төгрөгийг хариуцагч төлсөн талаар зохигч тайлбарласан, 9,606,250 төгрөгийг талаар нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч мөн уг төлбөрийг төлөөгүй тухай маргаагүй, төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч гэрээний хугацаанд худалдсан орон сууцыг барьж ашиглалтад оруулан орон сууцны өмчлөх эрхийг эзэмшлийн хамт нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзан орон сууцны төлбөрт шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцэх тул хариуцагчаас /19,406,250-9,800,000=9,606,250/ 9,606,250 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Нэхэмжлэгч мөн гэрээний 5.4-т заасныг үндэслэл болгон хариуцагчаас 1,610,718 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцнэ. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа цар тахлын улмаас барилгыг хугацаанд ашиглалтад оруулах боломжгүй, барилгын ажил зогсонги байдалд орсон тухай дурдсан, зохигчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тал нь нөгөө талдаа алданги төлөхөөр заасан байх ба талууд гэрээнээс татгалзсанаас хойшхи хугацаанд хариуцагч төлбөрийг буцаан шилжүүлээгүй байна. Иймд хариуцагчаас гэрээний үнэ, алдангид 11,216,968 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгчийн хариуцагчаас гэрээний үүрэгтэй холбоотой үүссэн гэх 4,118,619 төгрөгийн хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Нэхэмжлэгч тал орон сууцны үнийг бүрдүүлэхийн тулд нөхөр Б.Баттөрөөр 9,402,012 төгрөгийн зээл авахуулан хариуцагчид төлсөн, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч орон сууцтай болж чадаагүй, банкинд 4,118,619 төгрөгийг үр дүнгүй төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргаж зээлийн гэрээ, зээл төлөлтийн талаархи баримтыг нотлох баримтаар гаргажээ.
Зохигчийн хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний 3.1, 3.2-т заасны дагуу нэхэмжлэгч үнийг төлөх үүрэг хүлээжээ. Нэхэмжлэгчийн хувьд орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхээр банкнаас зээл авч тухайн зээлдээ хүү төлсөн нь нэхэмжлэгчийн хувьд нэмэлт зардал боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар талууд гэрээнээс татгалзсантай холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхгүй. Гэрээний дагуу орон сууцны үнийг төлөхтэй холбоотой санхүүжилтийг захиалагч буюу худалдан авагч тал ямар эх үүсвэрээс бий болгосон, хэрхэн бүрдүүлсэн нь гүйцэтгэгч буюу худалдагчийн хувьд ач холбогдолгүй, нэхэмжлэгчийн бүрдүүлсэн тухайн санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотойгоор хариуцагч, нэхэмжлэгчийн өмнөөс хүү төлөх, хариуцлага хүлээх шууд шалтгаант холбоогүй байна. Иймээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар гэрээний нэг тал гэрээнээс татгалзсантай холбогдон гарах хохиролд нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны урьдчилгаа буюу гэрээний 3.1-д заасны дагуу хариуцагчид төлсөн төлбөрийн 9,402,012 төгрөгийг банкнаас зээл авч төлсний хүүг шаардах эрхгүй гэж үзэх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар тайлбар өгөөгүй, нотлох баримт гаргаагүй, шүүхэд хүрэлцэн ирээгүй бол нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлтэй маргаагүй гэж үздэг, түүнчлэн нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхийг хуульчилсны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иймд хариуцагч Шинэ гарц ХХК-иас 11,216,968 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цэрэндуламд олгож, нэхэмжлэлээс 4,118,619 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хойшлуулж 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10:00 цагт товлосон, хариуцагчийн төлөөлөгч тус шүүх хуралдаанд оролцсон, товд гарын үсэг зуржээ. Гэвч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүсэлт, баримтыг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч тал шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тухай, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Шинэ гарц ХХК -иас 11,216,968 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цэрэндулам -д олгож, нэхэмжлэлээс 4,118,619 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,680 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Шинэ гарц ХХК-иас 194,421 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Цэрэндуламд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ