Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар  2024/ШЦТ/598

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Г.Ариунзул /томилолтоор/

шүүгдэгч А.*******,

хохирогч Л.*******ийн өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

гол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405014830840 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 13-нд *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, 12 настай охины хамт, гол дүүргийн 18 дугаар хороо, ******* ******* хотхоны -******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ТА*******/, овогт *******ийн *******.   

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.******* нь 2024 оны 3 дугаар сарын 13-наас  14-нд шилжих шөнө гол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орчим хохирогч Л.*******ьтай үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа толгойгоороо нэг удаа нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар хоёр нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч А.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Хохирогч Л.*******ьтай найз нөхдийн харилцаатай. Эхлээд хохирогчид 500.000 төгрөгийг нөхөн төлсөн. Цаашид гарах хохирлыг нөхөн төлнө.” гэв.

Гурав: Эрүүгийн 2405014830840 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.*******ийн өгсөн: “Би Орхон аймгийн - суманд амьдардаг бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн орчимд найз Бөх*******тийн хамт Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирсэн шалтгаан нь ******* гэх найзын төрсөн өдөр 2024 он оны 3 дугаар сарын 13-ны өдөр болох байсан юм. Би *******тай 2013 оноос хойш нөхөрлөж байгаа бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 11-ний шөнө Улаанбаатар хотод  ирээд шууд *******ын гэрт нь очсон. *******ын гэр нь гол дүүргийн 18 дугаар хороо байрны 11 давхарт тоотыг нь сайн санахгүй байна. ******* нь найз залуу болох тай хамт байсан тухайн үед гэрт хоноод төрсөн өдөр болтол *******ынд хамт байсан. 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн орчимд *******ын төрсөн өдрийг тэмдэглэхээр гарсан ба хүүхдийн 100-ын ын 3 давхарт "” гэх караоке лоунж байсан ба лоунжид тус төрсөн өдрийн баярын үйл ажиллагааг хийсэн. Тухайн газар 10-11 хүн цугларсан байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн газар хэн нэгэнтэй ямар нэгэн үл ойлголцол болон хэрүүл маргаан огт үүсээгүй бөгөөд ойролцоогоop шөнийн 2 цагийн үед тухайн газраас гарсан. Тус газраас гараад модны хоёрын голын замд ирсэн ба Мичид гэх зочид буудлын ойролцоо таксинаас буусан ба Бөх*******т гэх найз маань араас өөр таксинд *******ын найз гэх залуутай сууж ирсэн байсан бөгөөд Бөх*******т мөнгөгүй байсан ба над руу залгаад таксины мөнгө гээд байна гэхээр нь юун  таксины мөнгө вэ наад машин чинь найзууд нь гээгүй юм уу найзыгаа дуудаад хүргүүлж байна гэсэн биз дээ юун такси юун мөнгө нэхээд байгаа юм гээд ******* руу хэлэхэд ******* таксины мөнгө төлчихсөн байсан. Би тухайн газраас Бөх*******тийг явъя гэж хэлээд дагуулаад *******ын гэр рүү нь түрүүлээд алхсан явахдаа  би *******д хандаж би явлаа гэрээс чинь очиж хувцсаа авъя гэж хэлчхээд алхаад явсан гэтэл CU-тэй байр эмийн сантай байрны талаар дээш өгсөж байр руу орох гээд зогсож байсан юм.  ******* араас 5 найзынхаа хамтаар ирж байсан ба ирээд надад чи яагаад байгаа юм гээд уурлаад би гэрээс чинь хувцсаа аваад явлаа гэсэн чинь үгүй яах гээд явах гээд байгаа юм гээд маргаан үүсэж ******* намайг хамар хэсэг рүү мөргөөд цус гарчихсан би шууд такси бариад гэмтлийн эмнэлэг орсон ба тус гэмтлийн эмнэлэг дээр хамраа үзүүлэхэд таславч мурийлттай байсан. Би гэрээс нь хувцсаа аваад явлаа гэхэд ******* явуулахгүй гээд байсан үүнээс болоод маргаан үүссэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолтой байсан. Бөх*******т *******ын найз болох Ариунзаяа, нар байсан. ******* нь миний хамар хэсэг рүү мөргөж гэмтэл учруулсан тухайн мөргөсөн үйлдлээс болж миний хамрын таславч мурийсан, хамар цөмөрч хугарсан. Би урьд өмнө *******тай өр авлага өс хонзонгийн харилцаа байхгүй. Одоо миний хамар орой өглөөдөө байнгын тогтмол битүүрч ногоон өнгийн шингэн зүйл хатаж гарч байгаа хамар маш их зовуурьтай амьсгалахад хүндрэлтэй байгаа тул мэс засалд орно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал)

2.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Бөх*******тийн өгсөн: “Би *******ийн найз болох *******тай нөхөрлөөд 2-3 жил болж байгаа юм. *******ь бид хоёрын гэр Орхон аймаг - суманд байдаг ба гэртээ байж байхад 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр *******ын төрсөн өдөр болох тул 11-ний өдөр Улаанбаатар руу *******ын төрсөн өдрийг тэмдэглэхээр явсан юм. Би *******ийн хамт 2024 оны 3 дугаар сарын 11-ний шөнө Улаанбаатар хотод ирсэн бөгөөд хотод ирээд байх айл байхгүй байсан тул *******ын гэрт нь буюу гол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах модны хоёрт гэрт нь очсон. *******ын гэрт нь 2 хоносон ба гэрт байх хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан огт үүсээгүй. 2024 оны 3 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчимд хүүхдийн 100-д ын 3 давхарт "” гэх нэртэй караокед орж тэмдэглэсэн тус газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаад 23 цагийн орчимд тус газраас гарч модны хоёр руу явахаар болж хүүхдийн 100-гаас хуваагдаад такси барьсан. Харин *******, *******ь нар найзынхаа машинд суугаад явсан ба миний суусан машин нь *******ын найз гэх залуу машинтай ирээд хүргэж өгч байна гэж бодсон боловч тухайн миний суусан машин нь такси байсан ба модны хоёрт ирэхэд 20.000 төгрөг болж байна гэж хэлсэн надад мөнгө байхгүй байсан учраас би *******ь руу залгаад таксины мөнгө 20.000 гэнээ мөнгө байна уу гэхэд *******ь юу вэ *******ын найз нь биш юм уу гэж хэл хэлээд цаашаа *******тай ярилцаад байсан би *******ь дээр яваад очиход *******, *******ь нар хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан тул би *******ийн хамт явлаа танай гэрээс очиж хувцсаа авчихъя чиний төрсөн өдөр учраас маргалдаад яахав ээ гэж хэлээд гэр нь ойрхон байсан учраас  гэр рүү нь явсан байрных нь хажууд ирээд байж байтал ******* гэрийн түлхүүрээ өгөхгүй гээд *******ьтай хэрэлдээд байсан ба зарим үйл явдлыг би сайн санахгүй байна согтолттой байсан учраас ямартай ч маш хурдан нэгнийгээ мөргөөд ч юм уу хоорондоо мөргөлдөх шиг үйл явдал болоод салахад *******ийн хамраас цус гарч байсан ба хоорондоо хэрүүл хийгээд маргалдаад байсан. Тухайн маргааны үед *******ь таксинд суугаад гэмтлийн эмнэлэг рүү явчихсан байсан би араас нь таксидаад гэмтлийн эмнэлэг явсан. Тухайн маргаан нь намайг найзынхаа машинд суулгасан гэж бодож байтал таксинд суулгасан гэж хоорондоо маргалдсан. Би тухайн үйл явдлыг харсан харин би араас нь харж байсан тул хоорондоо мөргөлдөж юмуу мөргөж байгаа юм шиг үйл явдал болсон би маш их согтолттой байсан тул яг хэн нь мөргөж байгааг мэдээгүй. Тухайн газар хяналтын камер байсан талаар би сайн мэдэхгүй байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал)

3.   Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.гийн өгсөн: “Би 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай найз *******ын төрсөн өдөр байсан юм. Би *******тай 2021 оноос хойш нөхөрлөж байгаа бөгөөд тус төрсөн өдрөөр нь 20 цагийн орчимд хүүхдийн 100-д найзуудын хамтаар уулзахаар товлосон байсан. Би 22 цагийн орчимд *******ын төрсөн өдөр болж буй газар очсон. Тухайн газар намайг очиход 10 орчим хүн байсан ба тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тухайн газар төрсөн өдрийн үйл ажиллагаа 01 цаг хүртэл үргэлжилсэн. Тэр газраас гараад модны хоёрын дунд замд байрлах Мичид зочид буудал руу орохоор явсан. Тухайн төрсөн өдөрт ирсэн байсан хүмүүсийг би зүс таних хүмүүс байсан ба Мичид буудлын гадаа очиход 7 хүн байсан ба хүүхдийн 100-аас модны хоёр руу явахаар дуудлагын такси дуудсан бөгөөд 2 хуваагдаж таксинд суугаад Мичид буудлын гадаа ирэхэд нөгөө таксинд суусан *******ийн найз гэх Бөх*******т *******ь руу залгасан ба мөнгөнөөс болоод таксины жолоочтой маргалдаад байх шиг байсан. ******* очиж Оюука юу болсон бэ найзаа би таксиных нь мөнгийг өгчихье гэж хэлсэн гэтэл *******ь чи мөнгө өгөхгүй гээд уурлаад байсан тус маргаан болж дуусаад Оюука тамхи татаж байхдаа саяны таксины серийг нь хараад авлаа маргааш ёстой хачин болгоноо гээд заналхийлээд байсан ба найзууд руугаа бас уурлаад байсан. *******ь нь тамхи татаж зогсож байснаа би явлаа гээд гэнэт явахаар болсон бөгөөд Бөх*******т гэх залуутайгаа явахаар болсон ******* явуулахгүй гээд зөндөө хоргоож гуйсан боловч ямар ч шалтгаангүйгээр уурлаад явахаар болсон. *******ын хамт бид нар араас нь дагаж алхаад явуулахгүй ээ гээд зөндөө гуйсан боловч машинаа бариад явлаа гээд уурлаад байсан. *******ын байрны хажууд ирээд тэр хоёр урд урдаасаа хараад ярилцаж байсан ба *******ь жижигхэн боржуур дээр гараад зогсчихсон байсан ба ******* доор нь зогсож байсан. Гэтэл *******ь *******ыг ямар ч шалтгаангүйгээр мөргөчихсөн. Тэгээд *******ь *******ыг үсдэж доошоо унагаачихсан ба хажууд нь ойрхон зогсож байсан найзууд тэр хоёрыг салгасан юм. Тэгээд босож ирэхэд *******ийн хамраас цус гарч байсан нойтон салфетик өгөх гэтэл хол бай гээд өгсөн цаасыг шидээд байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү би хамт явсан гэмтлийн эмнэлэг дээр очиход эмч нь эхлээд цусаа цэвэрлэ гэж хэлсэн. *******ь зургаа дарж аваад нүүрээ цэвэрлэсэн ба эмчтэйгээ *******ь орж уулзсан ба гэмтлийн эмчтэйгээ маргалдаад байсан учир нь гэмтлийн эмнэлэг хамар янзлахгүй гэж хэлээд үүн дээр *******ь нь би мөнгийг нь өгчихье хаашаа намайг явуулахгүй гээд байгаа юм гээд маргалдаж байхад нь би орж *******ийг тайвшруулсан. Гэмтлийн эмч нь нэгдүгээр эмнэлэг яв гэж хэлсэн. Гадаа гарч ирэхэд ******* найзуудын хамт ирсэн ба Бөх*******тийн хамт явлаа гээд бид нартай хамт явмааргүй байна гэж хэлээд явсан. Тэгэхээр нь бид нартай явах хүсэлгүй байгаа юм байна нэгдүгээр эмнэлэг дээр очоод байж байя гээд нэгдүгээр эмнэлэг рүү таксидаад явсан бөгөөд нэгдүгээр эмнэлэг дээр ирээд залгахад гар утсаа огт авахгүй байсан. Тэгээд бид нар тэндээсээ тараад гэр гэр рүүгээ явцгаасан. Тухайн маргаан нь таксины мөнгөнөөс болж маргаан үүссэн. ******* бид нар *******ьтай огт маргалдахаар зүйл болоогүй байхад *******ь шалтгаангүйгээр *******д уурлаж байсан. Төрсөн өдөр эхэлснээс хойш ямар нэгэн маргаан огт үүсээгүй байсан. *******ийн биед ******* нь халдсан үйлдэл байгаагүй. Тухайн үйл явдал нь маш хурдан болж өнгөрсөн бөгөөд ******* яагаад байгаа юм бэ Оюука гэж аргадаж хэлтэл *******ь яасан гээд шууд мөргөсөн. *******ьтай найзуудаас хэн нэгэн огт маргалдаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

4.  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4020 дугаартай “Л.*******ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар хоёр нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...гол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадаа байрлах хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгт үзлэгийг эхлэхэд 2024 оны 3 дугаар сарын 13-ны шөнө 02 цаг 51 минут 41 секундэд саарал өнгийн цамцтай хар өнгийн урт үстэй эмэгтэй шар өнгийн үстэй цэнхэр өнгийн куртиктэй эмэгтэйг мөргөж буй нь дүрс бичлэгт бичигдсэн байх ба тус бичлэгт хоорондоо маргалдаж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв...02 цаг 51 минут 52 секундэд газарт үснээс зулгааж унагахад хамт зогсож байсан үл таних 2 хүн салгаж байгаа нь хяналтын камерын дүрс бичлэгт бичигдсэн байв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 39-42 дахь тал)

6.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар А.*******ын өгсөн: “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих юм байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дэх тал)

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч А.******* нь 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 14-нд шилжих шөнө гол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орчимд найз Л.*******ьтай үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар хоёр нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Л.*******ийн өгсөн: “...маргаан үүсэж ******* намайг хамар хэсэг рүү мөргөөд цус гарчихсан би шууд такси бариад гэмтлийн эмнэлэг орсон ба тус гэмтлийн эмнэлэг дээр хамраа үзүүлэхэд таславч мурийлттай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал), гэрч Г.Бөх*******тийн өгсөн: “...*******ь дээр яваад очиход *******, *******ь нар хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан..ямартай ч маш хурдан нэгнийгээ мөргөөд ч юмуу хоорондоо мөргөлдөх шиг үйл явдал болоод салахад *******ийн хамраас цус гарч байсан ба хоорондоо хэрүүл хийгээд маргалдаад байсан. Тухайн маргааны үед *******ь таксинд суугаад гэмтлийн эмнэлэг рүү явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4020 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 39-42 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих юм байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дэх тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хохирогч Л.*******ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт мөргөсөн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар хоёр нүдний дотор буланд цус хуралт гэмтэл хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.******* нь хохирогч Л.*******ьтай маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос А.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд шүүх шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Л.*******ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохирогчийн өмгөөлөгчөөс “хохиролд 1.252.599 төгрөг, хамрын хагалгааны зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэглэлээр гаргуулах” байр суурьтай оролцлоо.  

Хохирогчоос эмчилгээтэй холбоотойгоор хавтаст хэргийн 46-76 дахь талд нийт 1.752.599 төгрөгийн баримтыг гаргаж хэрэгт хавсаргуулсан байх ба энэ нь хэрэгт хамаарал бүхий нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч А.*******аас хохиролд нөхөн төлсөн 500.000 төгрөгийг хасаж тооцон төлөгдөөгүй үлдсэн 1.252.599 төгрөгийг гаргуулж хохирогч Л.*******ьд олгох нь зүйтэй. 

Хохирогч Л.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчээс “эмчилгээний зардлыг нөхөн төлөх  завсарлага авах хүсэлтэй байх тул шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 22-ны  өдрийн 09 цаг 30 минут хүртэл завсарлуулав.

Шүүх хуралдаанд завсарласан дээрх хугацаанд шүүгдэгчээс хохирогч Л.*******ийн эмчилгээтэй холбоотой 1.252.599 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн талаар хохирогчийн өмгөөлөгчөөс мэдэгдсэн болно. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч А.*******аас гаргуулж хохирогч Л.*******ьд олгохоор шийдвэрлэв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүхээс шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Долоо: Бусад асуудлын талаар.

Хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. овогт *******ийн *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хохирогч Л.*******ь нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******аас сэтгэцийн хор уршигт 3.300.000 төгрөг гаруулж хохирогч Л.*******ьд олгосугай.

7. Хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Хэрэгт шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ