Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2136

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01843 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.С ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.Н д холбогдох

 

Орон сууц болон автозогсоолын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би И.Н тэй 2006 онд танилцаж гэр бүл болсон. Бид гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Жаргалант хотхон, 1 дүгээр байр, 19 тоот 209,9 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай зогсоолыг өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө худалдан авсан. Миний бие орон сууцаа гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр бүртгүүлье гэж 2012 оноос хойш шаардаж ирсэн. Гэтэл өнөөдрийг болтол бүртгүүлэхгүй татгалзаад байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасны дагуу дээрх орон сууц, авто зогсоолын хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Банк бус санхүүгийн байгууллагад байр хураагдахаар бол мөнгөө төлөөд авсан надад хохиролтой. Хамтран өмчлөгч байсаар байтал ганц И.Н  худалдаж авсан мэтээр харагдаж байна. Банк бус санхүүгийн байгууллагын маргаан И.Н тэй холбоотой, И.Содномпил оролцоогүй учраас хохирч байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалаад хамтран амьдарснаас хойш бий болсон эд хөрөнгийг дундын өмч хөрөнгө мөн гэж тодорхойлсон. Зээл хөөцөлдөж, байр хураалгах ажилд би оролцоогүй И.Н  дур мэдэн хийсэн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч И.Н  нь Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байр, 19 тоот 209,9 м.кв талбай, 18 м.кв талбайтай авто зогссолыг өөрийн мөнгөөр авч худалдан авахад Б.Содномлил нь нэг ч төгрөг төлөөгүй тул хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий орон сууц нь И.Н гийн өмчлөлийнх гэдгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар өмчлөгч хэн байх нь хамаагүй шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Шүүхийн шийдвэрт орон сууцнаас үүргийн гүйцэтгэл хангуулна гэж заасан учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжлээд явна. И.Н , Б.С  нар гэр бүлийн хүмүүс. “Буян дунд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.С  ажилладаг. И.Сүхбат уурхайд том машин түрээсэлж ажиллахаар зээлийг хамтарч хийсэн. Одоо И.Н  мөнгийг ганцаараа захиран зарцуулаад хэрэглэчихсэн Б.С  зээлд оролцоогүй мэтээр худал тайлбар өгч байна. Уг орон сууцыг И.Сүхбат гэж хүн И.Н д авч өгсөн. Б.С  гэж хүн мөнгө төлсөн гэж тайлбарладаг боловч нотлох баримт байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ И.Н гийн нэр дээр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 123.2.4-т заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2206008965 дугаарт бүртгэлтэй, /РД:ЕЙ77052104/ Чонос овогтой Ишбадамын Наранхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Жаргалантын хотхон, 1 дүгээр байр, 19 тоот 209,9 м2 талбай бүхий орон сууц болон 18 м2 талбайтай автозогсоолын хамтран өмчлөгчөөр Торгууд овогтой Баатарын Содномпилийг /РД:ПБ80021317/ тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 157 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01843 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн үнэн бодит нөхцөл байдалд тулгуурлаагүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Хариуцагч нь хуваарьт хөрөнгө гэж маргахгүй байна” гэжээ. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд тайлбар гаргахдаа Хан-Уул дуургийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байр 19 тоот 209.9 м.кв орон сууц, 18 м.кв талбайтай зогсоолыг 2010 онд 10 дугаар сарын 28-ны өдөр худалдан авахад орон сууц худалдан авах бүх мөнгийг И.Н гийн төрсөн ах И.Сүхбат гаргаж өгч худалдан авсан. Б.С  нэг ч төгрөг гаргаагүй болохыг тайлбарлаж, уг тайлбараараа тухайн орон сууцыг И.Н гийн хуваарьт хөрөнгө болох талаар маргасан байхад шүүх уг тайлбарыг харгалзан үзэлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.С  нь хариуцагч И.Н д холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалант хотхон, 1 байрны 19 тоот 209.9 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгох тухай нэхэмжлэл  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Б. Содномпил уг байрыг авахад нэг ч төрөг төлөөгүй гэж маргажээ.

 

Б.С , И.Н  нар нь 2006 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид бөгөөд нөхөр нь эхнэртээ холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ”  гэж заасан.

 

 Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.4-д зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан нь хуулиар урьдчилан тогтоосон эрх зүйн презумпци юм. Дээрх маргааны зүйл болсон хөрөнгүүд нь гэрлэснээс хойш бий болсон гэдэгт талууд маргаагүй. Нэгэнт хуулиар урьдчилан тогтоосон байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байсан боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахад “.., Наранхүү нь  уг хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэдгийг зөвшөөрөхгүй өөрийн төрсөн ах И.Сүхбатын хөрөнгөөр худалдаж авсан гэх мэтээр эргэлзээтэй байдлыг үүсгэсэн тул шүүхэд хандах шалтгаан болсон “гэжээ. Хуулиар тогтоосон эрх нь эргэлзээтэй болсон тул хүлээн зөвшөөрүүлэх агуулгатай нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй гэж үзлээ.

 

Хариуцагч  И.Н  нь нэхэмжлэлээс татгалзсан “...И.Сүхбатын хөрөнгөөр худалдан авсан, И.Сүхбатаас уг хөрөнгийг түүнд шилжүүлсэн, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч биш” гэх үндэслэлээ баримтаар нотлож чадаагүй байна.

 

Хариуцагч И.Н  нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000116489 дугаартай, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Жаргалант хотхон, 1 байрны 19 тоот 209.9 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2206008965 дугаарт бүртгэгдсэн байна. /хх 74/

 

Гэрлэгчид нь 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, хариуцагч нь  2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Ориент инвест ББСБ” ХХК-д барьцаанд тавьсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон, маргаан бүхий орон сууц нь гэрлэгчдийн хамтын  амьдралын хугацаанд болжээ. Иймд  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалант хотхон, 1 байрны 19 тоот 209,9 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж, нэхэмжлэгч Б.С ийг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай” гэж техникийн алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01843 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.      

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч Л.Очбаяраас төлсөн 1 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

                                           ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН