Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2024/00220

 

Г, Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2024/00511 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2024/00041 дүгээр магадлалтай,

Г, Э нарын нэхэмжлэлтэй

Р-д холбогдох,

... газрын өмчлөгчөөр Г-ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах,

... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г, Э нарыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

... хашаа, байшинг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэхэмжлэгч нараас 6,920,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г, Э нар нь хариуцагч Р-д холбогдуулан ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г, Э нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... хашаа, байшинг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэхэмжлэгч нараас 6,920,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2024/00511 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Г, Э нарын Рд холбогдуулан гаргасан ...өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр Гыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар ... газрыг нэхэмжлэгч Г, Э нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч нараас 2,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Р-д олгож, үлдэх 4,920,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г, Э нарыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 117,150 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2024/00041 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2024/00511 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д заасныг тус тус баримтлан Г, Р нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан ...худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Гыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г, Э нараас 2,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Рд олгож, үлдэх 4,920,000 төгрөг гаргуулах, ... газрыг нэхэмжлэгч Г, Э нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар” гэснийг “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д зааснаар ...” гэж,

4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ргаас улсын тэмдэгтийн хураамж 165,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г, Э нарт, нэхэмжлэгч Гоос 46,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Рд тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Энэхүү хэргийг 2 шатны шүүх өөр, өөрөөр дүгнэж тайлбарлан шийдвэрлэсэн. Гэвч давж заалдах шатны шүүхийн магадлалд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон /дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэн/ нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Зохигч нарын хооронд 2019.12.19-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р баг, Дархан тосгон 2-р гудамж, 7 тоот 96 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан Г-оос Р-д худалдагдаж Р-гийн өмчлөлд 2019.12.11-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг.

Ийнхүү хариуцагч Р нь өөрийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг Г, Э нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлхээр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч Гы зүгээс тухайн худалдах, худалдан авах гэрээг Р нь Хас банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө дутсан тул надаас өөрийн нэр дээр шилжүүлэн авч дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэж тайлбарлан маргасан.

 Гэвч дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болохыг Улсын дээд шүүх тайлбарласан.

Өөрөөр хэлбэл талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-д заасан шаардлагыг хангасан байх тул хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж заасан хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байдаг.

Мөн тухайн хэрэгт гэрч А-н “...Р эгч Г-оос ... байрлах хашаа байшинг худалдан авсан гэж ярьж байсан, ерөнхийдөө 11 сая төгрөгт авчихлаа гэж байсан", Шарын гол сумд байрладаг Г-оос Р-н худалдаж авсан хашаа байшинд нь Р эгчийн хамт 2019 оны 10 юм уу, 11 сард хамт очиж байсан. Р эгч Гыг хашаа байшин суллаж өг хэлэхээр очсон. Р эгч бид хоёрыг очиход өндөр, буурал үстэй Гы ах гээд хүн байсан” гэсэн мэдүүлгээр Р, Г нар нь худалдах худалдан авах гэрээний зөвхөн гадаад илэрхийллийг л бий болгохыг зорилгүйгээр гэрээний үүргийн биөлэлтийг шаардаж байсан болохыг нотлож байна. Мөн тухайн хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч С-ийн “...2019 оны 4 сард Р бид 2 цайны газраа зарахаар зар тавьсан. ...Г, Э нарт мөнгө байгаагүй бөгөөд хашаа, байшин байсан. ...Манай эхнэрийн нэр дээр зээл авахуулаад төлөлтийг нь Г, Э нар хийхээр болж нотариат орж хэлцэл хийсэн. Энэ хооронд өөрсдийн хашаа байшинг зармаар байна гэж бид хоёрт хэлсэн. Бид хоёр Шар гол сумын нотариатын дэргэд 5,000,000 төгрөг бэлнээр өгч, ББСБ-д байсан 4 сая төгрөгийн зээлийг нь төлж дуусгасан бөгөөд ... байрлах хашаа, байшинг нь Ргийн нэр дээр шилжүүлж авсан" гэсэн мэдүүлэг нь гэрч А-ын мэдүүлгийг давхар нотлож байх бөгөөд тухайн худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлж хийгээгүй хэлцэл болохыг ч нотолж байгаа юм.

Үйл явдлын локиг агуулгаар нь дүгнэсэн ч Р нь өөрийн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг банкны зээлийн барьцаанд барьцаалах үедээ олон тооны үл хөдлөх хөрөнгүүдтэй байсан нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн газраас ирүүлсэн үл хөдлөх хөрөнгийн лавлагаанаас харагддаг. Энэ нь нэхэмжпэгчийн тухайн үед Р нь зээл авахдаа банканд барьцаалах эд хөрөнгө дутсан тул миний хашаа байшинг дүр үзүүлэн гэрээ байгуулж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэсэн тайлбар нь үгүйсэгдэж байгаа юм.

Үүнээс гадна нэхэмжлэгч нар нь тухайн үед хариуцагчаас худалдаж авсан цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авах мөнгөгүй байсан тул анх Ргийн нэр дээр зээл авхуулсан гэдэг бөгөөд хариуцагчаас худалдан авсан цайны газраа ажиллуулан үйл ажиллагаа явуулах эргэлтийн хөрөнгөгүй байсан болох нь ч давхар нотлогдж байна. Тийм учир хариуцагч нарт өөрийн хашаа байшинг бусдад худалдан борлуулах хэрэгцээ шаардлага тухайн үед үүссэн байгаа зэргээс дүгнэн үзэхэд тухайн 2019.12.09-ны өдөр байгуулсан 3521, 3519 дугаартай худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн дагуу хүчин төгөлдөр хэлцэл байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолд “1.1.Хуулийн 39.41 дүгээр зүйлд заасан “хүсэл зориг” гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг “хүсэл зоригийн илэрхийлэл” гэж ойлговол зохино., 2.2.Энэ зүйлийн 42.2-т заасан “гарын үсэг зурснаар” гэдэгт хэлцэлд оролцогчдын хэн алины хүсэл зоригийг тусгасан нэгдсэн нэг баримтыг агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй эсхүл эрх бүхий этгээд өөрийн нэр болон бусад тодорхой тэмдэглэлийг уг баримтыг тусгахыг ойлгоно., 5.2.Энэ зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгохын тулд хийгддэг болно., гэж тус тус тайлбарлажээ.

Дээрх ойлголтын дагуу нэхэмжлэгч Г, Э нар нь өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, түүнийг бататган гарын үсэг ээ зурж, тодорхой үр дүнд хүрэхээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нотлох баримтыг хуульд заасны дагуу хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хуулийг улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж, хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.09.16-ны өдрийн 001/ШХТ2024/01034 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч Г, Э нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...нэхэмжлэгч нар нь хариуцагч Ргаас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахын тулд Ргаар Хас банкнаас зээл авхуулахаар болсон. ...Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулахаар Гы өмчлөлийн ...хаягт байрлах хувийн сууц, газрыг 2019.12.09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Ргийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийн төлбөрийг төлж дуусгасан ба үл хөдлөх эд хөрөнгийг Ргийн өмчлөлд шилжүүлсэн 2019.12.09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Гыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү,

Мөн Г, Э бид 2019.12.18-ны өдөр Ртай зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ... байрыг 38,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг төлж барагдуулсан. Иймд Г, Э нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч Р тайлбартаа: “...18 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг тоног төхөөрөмжийн хамт 38,000,000 төгрөгөөр худалдахаар нэхэмжлэгч нартай тохиролцож, төлбөрт нь ... үл хөдлөх эд хөрөнгө, 1270 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авсан. Худалдан авч буй хөрөнгийг гэрээндээ нийтдээ 5 сая төгрөг гэж тусгасан боловч би 11 сая төгрөгөөр худалдан авсан. Энэ хүмүүс миний 18 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг худалдан аваад үйл ажиллагаа явуулах эргэлтийн хөрөнгөгүй байсан учраас уг хувийн сууц, газраа надад зарсан. Би уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуулийн дагуу шилжүүлэн авч өмчлөгч болсон тул хувийн сууц газрыг чөлөөлүүлэхээр гэрт нь очиж байсан боловч чөлөөлж өгөөгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг зөвшөөрөхгүй, хоёр дахь шаардлагын хувьд тайлбар байхгүй...” гэжээ.

Хариуцагч Р сөрөг нэхэмжлэл гаргаж, ... хашаа, байшинг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэхэмжлэгч нараас 6,920,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ: “....Гоос 2019.12.09-ний өдөр 3521, 3519 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу ... хашаа, байшинг хуулийн дагуу худалдан авсан боловч Г болон түүний гэр бүл тус үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл чөлөөлөхөөс хууль бусаар татгалзсаар байх тул тус хашаа байшинг Гы хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү, ...мөн нэхэмжлэгч нарын өмнөөс зээлийн төлбөрт төлсөн төлбөр болон надаас авсан зээл, бусад авлагад нийт 6,920,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Нэхэмжлэгч нараас сөрөг шаардлагад гаргасан тайлбартаа: “...Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Рд шилжүүлсэн тул энэ шаардлагыг зөвшөөрөхгүй, 6,920,000 төгрөг гаргуулах тухайд өмнөх 42,000,000 төгрөгийн төлбөрт хамаарах ба төлбөрийг бүрэн төлж дуусгасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх: “...2019.12.09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-д заасан шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл. ...иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хангах үндэслэлгүй, гэрээний дагуу ... үл хөдлөх эд хөрөнгө, уг хаягт байрлалтай 1270 м.кв талбай бүхий газрын өмчлөгч Р тул тэрээр хөрөнгөө нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, ...иймд сөрөг нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангана.

2019.12.18-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нар нь ...байрыг худалдаж авахаар тохирсон, гэрээ байгуулагдсан талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, гэрээгээр тохирсон төлбөрийг төлсөн тул нэхэмжлэгч нарыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй, ...6,920,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн хувьд бэлнээр авсан гэх 2,000,000 төгрөгийг буцааж өгснөө нэхэмжлэгч нар нотлоогүй, бусад шаардлагыг хангах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...нэхэмжлэлийн эхний шаардлага болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хэн аль нь худалдах-худалдан авах зорилгогүй, зөвхөн зээлийн барьцаанд тавьж зээл авах зорилготой хийсэн байсан нь гэрээний үнийн дүн, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байна, иймд 2019.12.09-ний өдрийн 3521, 3519 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Гыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй, энэ үндэслэлээр хариуцагч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш тул шаардах эрхгүй, иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлагыг хэрэгсэхгүй болгоно, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын талаар талууд маргаагүй, анхан шатны шүүхийн шийдэл зөв, сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаас 2,000,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9. Дээр дурдснаар хоёр шатны шүүх 2019.12.09-ний өдрийн 3521, 3519 дугаартай гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хоёр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэрлэсэн байх тул гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцлээ.

10.  Үндсэн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох ... байрны өмчлөгчөөр бүртгүүлэх, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 6,920,000 төгрөг гаргуулах шаардлагыг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шийдэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

11. Харин 2019.12.09-ний өдрийн 3521, 3519 дугаар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс дээрх гэрээний зүйл болох хувийн сууц, газрыг чөлөөлүүлэхийг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч магадлалд хийсэн дүгнэлт учир дутагдалтай, хуулийг буруу тайлбарласан алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

12. Хэрэгт цугларсан баримтаас, нэхэмжлэгч Г, Э нар нь хариуцагч Ргаас түүний өмчлөлийн ... байрыг 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон боловч нэхэмжлэгч нарт банкнаас зээл гарах боломжгүй болсон, хариуцагч Р Хас банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай үндэслэлээр нэхэмжлэгч Гы өмчлөлийн ... газрыг зээлийн барьцаанд барьцаалуулахын тулд Ргийн өмчлөлд шилжүүлэхээр 2019.12.09-ний өдөр 3521, 3519 дугаартай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, өмчлөх эрхийг Рд шилжүүлсэн үйл баримтыг илүү бодит байдалд нийцсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хэлцлийг хүчин төгөлдөр, маргаж буй хувийн сууц,  газрыг 11 сая төгрөгөөр худалдан авч, төлбөрийг төлсөн тул өмчлөх эрхээ бүртгүүлсэн гэж, эсхүл 2019.12.18-ны өдрийн худалдах-худалдах авах гэрээний төлбөрт тооцож авсан гэж зөрүүтэй тайлбарласан бөгөөд гэрч С /хариуцагчийн нөхөр/ гэрээний үнэ 5 сая төгрөгийг нотариатчийн дэргэд өгсөн гэж, гэрч А “...Р эгчтэй хамт худалдаж авсан хашаа байшинд нь очиж суллаж өг гэдэг шаардлага тавьж байсан...” гэж мэдүүлсэн нь худалдах-худалдан авах гэрээг бодит байдалд талууд хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэдгийг шууд нотлоогүй, мөн Гы өмчлөлд байсан хувийн сууц, хашаа газар нь тухайн үед 23,000,000 төгрөгийн үнэ ханштай байсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байхад хариуцагч нь 11 сая төгрөгөөр худалдаж авсан гэх боловч худалдах-худалдан авах гэрээнд үнийн дүнг тус тусад нь 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч төлбөр төлснөө нотлоогүй, улмаар худалдан авсан гэх үл хөдлөх эд хөрөнгөө хариуцагч нь өөрийн эзэмшилд хүлээн аваагүй, энэ талаар нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу гэрээ байгуулснаас хойш 4 жилийн хугацаанд шаардлага гаргаж байгаагүй зэргээс үзэхэд хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага тайлбараа нотлоогүй гэж үзэхээр байна.

13. Түүнчлэн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэлээр хариуцагчид шилжсэний дараа тэрээр Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авч, нэхэмжлэгч нарт худалдсан ... үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 38,000,000 төгрөгийг, худалдан авсан гэх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан “ББСБ” ХХК-ийн зээлийн төлбөрт 4,000,000 төгрөг төлснийг тус тус тооцож, зээлийн 42,000,000 төгрөгийг өөртөө үлдээж, худалдаж буй хөрөнгийг нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байх тул 2019.12.09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах 3521, 3519 дугаартай гэрээ нь 2019.12.18-ны өдрийн зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөхийн тулд Хас банкнаас авсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулахаар өмчлөх эрхийг шилжүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй болохыг нотолж байна.

14. Дээрх үйл баримтыг давж заалдах шатны шүүх зөв тогтоосон боловч эрх зүйн талаас нь үндэслэл бүхий дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа 2019.12.09-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон нь буруу.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-т хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхойлсон ба 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байна.

Тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гэх зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцлийг дүр үзүүлсэн хэлцэл гэнэ.

2019.12.09-ний өдрийн 3521, 3519 дугаартай хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон гэж үзнэ.

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр Ргийн өмчлөлд шилжүүлсэн ... газрын өмчлөх эрхийг тус тус нэхэмжлэгч Гы өмчлөлд буцаан шилжүүлэх үр дагавартай байна.

Нэгэнт маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г тул хариуцагч Р-д Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгчийн шаардах эрх үүсэхгүй, энэ үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангахгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.

15. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2024/00041 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2024/00511 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 2019.12.09-ний өдрийн 3521, 3519 дугаартай худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ... газрын өмчлөгчөөр Гыг бүртгэхийг, ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г, Э нарыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Г, Э нараас 2,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Рд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,920,000 төгрөгийг гаргуулах болон ... үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлалтай 1270 м.кв талбайтай газрыг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн хариуцагч Р-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 4 дэх заалтын “...нэхэмжлэгчээс 117,150 төгрөг...” гэснийг “...нэхэмжлэгч нараас 46,950 төгрөгийг...” гэж, “...70,200 төгрөг...” гэснийг “...165,150 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-аас 2024.06.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                  Н.БАЯРМАА

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД