Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 90

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл,

хохирогч  Д.Бат-Очир,

шүүгдэгч А.Ганбат, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэмжаан овогт Алтанцэцэгийн Ганбатад холбогдох 201626031541 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Богд сум, 4 дүгээр баг, Гүн-Ус гэх газар оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүрэг Нарангийн гол 72-44 тоотод дүү н.Нандин-Эрдэнэ гэх айлд түр амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сэмжаан овогт Алтанцэцэгийн Ганбат /РД:ЙД85061917/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.Ганбат нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны орой 18-19 цагийн орчимд согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бурхантын 23 дугаар гудамжны 40 тоот хашааны гадаа байсан иргэн Д.Бат-Очирын эзэмшлийн 44-10 УБМ улсын дугаартай “Nissan Аdvan” маркийн автомашины урд салхины шил болон жолооч талын хаалганы шилийг чулуугаар цохин хагалж 330.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хоёр найзтайгаа хамт архи ууж байгаад нилээн согтсон байсан. Би амьдардаг айлаа олохгүй хайгаад явж байх замдаа хохирогч Д.Бат-Очирын машины цонхыг хагалсан байсан. Би машины цонх хагалсан гэдгээ тухайн үед мэдээгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд нийтдээ 360.000 төгрөг төлсөн гэв.

Хохирогч Д.Бат-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн орой би найз Доржпаламын гэрт ярилцаж байгаад гарч ирэхэд миний машины урд, хажуу талын шилийг хагалаад А.Ганбат машин дотор сууж байсан. Тэгэхээр нь би буцаж найз Доржпаламын гэрт ороод тэнд байсан хүмүүсийг дагуулан гарч ирээд цагдаа дуудсан. А.Ганбат нь надад 360.000 төгрөгийг төлж, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч А.Ганбат мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “..Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр архи уучихсан согтуу байсан. Би амьдарч байсан айлындаа очихоор явтал нөгөө айлаа олохгүй Нисэхийн эцсийн гудамжаар хайгаад явж байгаад 18 цагийн үед нэг гудамж руу ороход хохирогч Д.Бат-Очирын суудлын автомашин байсан. Тухайн үед гадаа хүйтэн байсан ба би даараад тэр машин руу очиж газраас чулуу аваад эхлээд урд талынх нь салхины шилийг цохиж хагалсан. Гэхдээ шил бүрэн хагараагүй, цуурсан. Дараа нь жолооч талын хаалганых нь шилийг нэг удаа цохиж хагалж, хагалсан хэсгээр нь гараа оруулаад хаалганы түгжээг нь тайлаад онгойлгож машин дотор ороод жолооч талын суудал дээр суусан. Нэг мэдсэн чинь унтаад өгсөн байсан. Миний харснаар машин дотор эд зүйл харагдаагүй. Удалгүй Д.Бат-Очир ирээд намайг сэрээгээд “миний машинд юу хийж байгаа юм, яагаад машины цонх хагалсан юм бэ, наашаа гараад ир” гэж хэлэхээр нь “тийм ээ, би хагалсан” гээд машинаас гарч түүнээс уучлалт гуйсан. Тухайн үед миний архи гүйцэт гараагүй, согтуу хэвээрээ байсан. Хохирогч Д.Бат-Очир цагдаа дуудсан ба удалгүй цагдаа нар ирж намайг авч явсан. Д.Бат-Очир “чи миний хохирлыг барагдуулж өгөөрэй” гэхэд нь “барагдуулж өгнө” гэж хэлсэн. Би хохирогчид 100.000 төгрөг төлсөн. Би хийсэн хэрэгтээ их харамсаж, гэмшиж байна. Цаашид хохирлоо бүрэн барагдуулах арга хэмжээ авна. Би мөрдөн байцаалтын шатнаас зугтаагүй. Хохирлын мөнгө олох зорилгоор нутаг руугаа яваад ирсэн. Миний санаж байгаагаар гарын алганы хэмжээтэй, цайвар өнгийн чулууг би газраас аваад машины цонхыг хагалчихаад тэнд нь чулууг хаясан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,

Хохирогч Д.Бат-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 08-ны оройн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхантын 23-40 тоотод найз Доржпаламын гэрт очиж найзтайгаа юм ярилцаж байгаад оройн 18 цаг 20 минутын үед найзынхаасаа гараад ирэхэд тэдний хашааны гадна байрлуулсан миний эзэмшлийн 44-10 УБМ улсын дугаартай “Ниссан Адван” маркийн автомашин дотор нэг согтуу хүн сууж байсан. Би найзындаа орохдоо өөрийн машинаа цоожлоод орсон байсан боловч тэр хүн машины урд салхины шил болон жолоочийн талын хаалганы цонхны шилийг чулуугаар хагалж, машин онгойлгож ороод сууж байсан. Ингээд би тэр залууг /А.Ганбат/ “чи яагаад миний машин дотор сууж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгээд тэр залуу /А.Ганбат/ зугтаагаад явчихаж магадгүй гэж бодоод найз Доржпаламын хашаа руу тэр залууг /А.Ганбат/ авч ороод цагдаад дуудлага өгсөн. Машины цонх хагалсан чулуу нь машин дотор байсан. Би А.Ганбатаас машины урд салхины шил шиллүүлсэн, жолоочийн талын хаалганы шил шиллүүлэхэд гарсан зардал 360.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн манай хүүхдийн цэцэрлэгт авч явдаг хүүхдийн унтлагын хувцас, ноосон өмд, цамц, углааш зэрэг эд зүйл байхгүй болсон байсан. Хүүхдийн ноосон унтлагын хувцас 20.000 төгрөгөөр, ноосон өмд цамц 30.000 төгрөгөөр, углаашийг 8000 төгрөгөөр, машины МР тоглуулагч 35.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би дээрхи зүйлсийг А.Ганбатаас нэхэмжилж байна. Тухайн үед А.Ганбат нь хөл дээрээ зогсож чадахгүй согтуу байсан боловч болж байгаа үйл явдлыг ойлгох чадвартай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

...2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би А.Ганбаттай уулзаж, түүнээс хохирлын төлбөрт эхний ээлжинд 100.000 төгрөгийг бэлнээр авсан. Машиныхаа урд салхины шил болон жолоочийн талын хаалганы шилийг би өөрөө 360.000 төгрөгөөр шиллүүлсэн. Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ миний ач охины унтлагын хувцас, ноосон өмд, цамц, углааш, машины хөгжим тоглуулагч “МР” алга болсон гэж мэдүүлсэн боловч дээрхи эд зүйлс манай гэрт байсан байна. Иймд эдгээр зүйлсийг нэхэмжлэхгүй, хохирлын тооцооноос хасах хүсэлттэй байна. Харин автомашиныхаа шилийг шиллүүлсэн 360.000 төгрөгнөөс үлдэгдэл 260.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

...А.Ганбатаас хохиролд дахин 160.000 төгрөг авсан ба нийтдээ 260.000 төгрөгийг хүлээж авсан. Одоо үлдэгдэл 100.000 төгрөгөө А.Ганбатаас нэхэмжилж байна. Үлдэгдэл мөнгөө авсан тохиолдолд өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

Гэрч Э.Доржпалам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 08-ны оройн 18 цагийн үед найз  Д.Бат-Очир манай гэрт ирээд бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад Д.Бат-Очир явах болж хашаанаас гарсан чинь түүний машин дотор 30-35 орчим насны нэг залуу машиных нь урд салхины шил, жолоочийн талын хаалганы шилийг нь хагалчихсан сууж байсан. Д.Бат-Очир бид хоёр цагдаа нарыг иртэл Ганбатыг байлгаж байгаад цагдаа нарт хүлээлгэж өгсөн. А.Ганбат тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №05/781 дугаартай дүгнэлтэнд:

1. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Бурхантын 23-40 тоотын гадна байсан 44-10 УБМ улсын дугаартай автомашины салхины шил хагарсан гэх, хэргийн газраас д/ч Б.Мөнгөнсүхийн бэхжүүлсэн сэжигтэн А.Ганбатын гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Сэжигтэн А.Ганбатын гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн сангийн “Папилон” систем санд 1 удаа бүртгэлтэй байгааг дээр дурдав.

3. Сэжигтэн А.Ганбатын гарын хээний дардас нь “Папилон” санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирохгүй байна. /хх-ийн 26-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9-р хуудас/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 86-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14-15-р хуудас/,

Шүүгдэгч А.Ганбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч А.Ганбат нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны орой 18-19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 23 дугаар гудамжны 40 тоот хашааны гадаа байсан хохирогч Д.Бат-Очирын эзэмшлийн 44-10 УБМ улсын дугаартай “Nissan Аdvan” маркийн автомашины урд салхины шил болон жолооч талын хаалганы шилийг чулуугаар цохин хагалж 330.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн болох нь:

Хохирогч Д.Бат-Очирын “...2016 оны 11 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн үед найз Доржпаламын гэрт очиж найзтайгаа юм ярилцаж байгаад оройн 18 цаг 20 минутын үед найзынхаасаа гараад ирэхэд тэдний хашааны гадна байрлуулсан 44-10 УБМ улсын дугаартай “Ниссан Адван” маркийн автомашин дотор нэг согтуу хүн сууж байсан. Би найзындаа орохдоо өөрийн машинаа цоожлоод орсон байсан боловч тэр хүн машины урд салхины шил болон жолоочийн талын хаалганы цонхны шилийг чулуугаар хагалж, машин онгойлгож ороод сууж байсан. Ингээд би тэр залууг /А.Ганбат/ “чи яагаад миний машин дотор сууж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгээд тэр залуу /А.Ганбат/ зугтаагаад явчихаж магадгүй гэж бодоод найз Доржпаламын хашаа руу тэр залууг /А.Ганбат/ авч ороод цагдаад дуудлага өгсөн. Машины цонх хагалсан чулуу нь машин дотор байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч Э.Доржпаламын “...2016 оны 11 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн үед найз Д.Бат-Очир манайхаас явахаар болж хашаанаас гарсан чинь түүний машин дотор 30-35 орчим насны нэг залуу машиных нь урд салхины шил, жолоочийн талын хаалганы шилийг нь хагалчихсан сууж байсан. Д.Бат-Очир бид хоёр цагдаа нарыг иртэл Ганбатыг байлгаж байгаад цагдаа нарт хүлээлгэж өгсөн. А.Ганбат тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №05/781 дугаартай дүгнэлтэнд:

1. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Бурхантын 23-40 тоотын гадна байсан 44-10 УБМ улсын дугаартай автомашины салхины шил хагарсан гэх, хэргийн газраас д/ч Б.Мөнгөнсүхийн бэхжүүлсэн сэжигтэн А.Ганбатын гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Сэжигтэн А.Ганбатын гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн сангийн “Папилон” системд санд 1 удаа бүртгэлтэй байгааг дээр дурдав.

3. Сэжигтэн А.Ганбатын гарын хээний дардас нь “Папилон” санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирохгүй байна. /хх-ийн 26-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна

Шүүгдэгч А.Ганбат нь хэргийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ганбатад холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Ганбатыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.  

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Д.Бат-Очир нь “хохирлын 360.000 төгрөгөө бүрэн авч, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч А.Ганбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ганбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хх-ийн 62-р хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч А.Ганбатад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон хуульд заасан хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч А.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                    ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сэмжаан овогт Алтанцэцэгийн Ганбатыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч А.Ганбатыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Ганбатад оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т  зааснаар шүүгдэгч А.Ганбатад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг  Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

           5. Шүүгдэгч А.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ганбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОДБАЯР