Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2017/0573

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М т”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн “М т”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ХV******* тусгай зөвшөөрлийн хоёр дахь жилийн төлбөрийг бүртгэж, тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Б, Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн маргааны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М т”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн “М т”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ХV******* тусгай зөвшөөрлийн хоёр дахь жилийн төлбөрийг бүртгэж, тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай.

“М т”  ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 02 -ны өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг, Манхан сумын нутагт орших Хараа нэртэй газар 7439.52 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулах ХV******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр авсан.

Ашиг малтмалын газрын Кадастрын хэлсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №6/4441 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг шуудангаар явуулснаар мэдсэн. Мэдэгдлийг хүлээн авснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “М т”  ХХК нь хоёр дахь жилийн төлбөр болох 2157500 мянган төгрөгийг Улаанбаатар хотын банкны харилцах дансанд тушаасан. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 21 -ний өдөр Улаанбаатар хотын банкны харилцах дансанд 200000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авах зорилгоор, 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар банкны харилцах дансанд 194700 төгрөгийг алдангид тус тус шилжүүлсэн.

Гэвч жилийн төлбөрийг төлсөн боловч Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 7/963 тоот албан бичгээр манай компанийн тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 70 дугаар шийдвэрээр цуцалсан тухай мэдэгдсэн болно. Уг шийдвэртэй холбогдуулан компанийн зүгээс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийг сэргээж өгөх-ийг хүссэн албан бичгийг хүргүүлсэн бөгөөд тус газрын Геологи, хайгуулын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №4/1654 тоот албан бичгээр “М т”  ХХК-ийн зүгээс тавьсан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй буюу тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзсан хариу өгсөн болно.

Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-дахь хэсэгт ...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх... үүргээ зөрчсөн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар шийдвэрээр цуцалсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь Монгол Улсад 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Зэрэг, Манхан сумын нутагт орших Хараа гэх газарт 7439,52 га талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн эрхтэй болсон байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6/441 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч компанийн ажилтан н.Солонго шуудангаар гардаж авснаар мэдсэн байдаг. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш 1 өдрийн дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “М т”  ХХК нь хоёр дахь жилийн төлбөр болох 2.157.500 төгрөгийг Улаанбаатар хотын банкны дансанд тушааснаар батлагдана. Мөн гэрчилгээ авах зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөгийг нэмж тушаасан байдаг. Энэ төлбөрийг төлсөн учраас гэрчилгээ авах гэтэл мэргэжилтэн нь алданги төл гэсэн шаардлага тавьсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэмж 197.700 төгрөг төлсөн. Үүнээс нэг сарын дараа 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 7/963 тоот мэдэгдлээр дээрх тусгай зөвшөөрлийг цуцалсныг “М т”  ХХК-д 2017 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хүргүүлсэн байдаг. “М т”  ХХК-аас хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдлаа тайлбарласан хүсэлт гаргаснаар 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хариу өгсөн байдаг. Энэ албан бичиг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4/1654 тоот албан бичгээр манай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Бодит байдал дээр ямар нөхцөл үүссэн гэхээр “М т”  ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Б******* нь 2016 оны 07 дугаар сард Орос улсад ажлаар явж байгаад биеийн байдал нь муудсан байдаг. Биеийн байдал муудах болсон шалтгаан нь 2015 онд Б.Б*******ын баруун талын уушиг нь 60% хүртлээ устаж эмчилгээ хийлгэж байгаад энэ нь даамжирсан байсан. Энэ өвчин нь 2015 оны 07 сард сэдэрсэн. Орос улсын эмч нар анх эмчилгээ хийсэн эмнэлэгтээ очих хэрэгтэй гэж хэлснээр Монголд ирж эмчлүүлсэн. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Мишээл эмнэлэг дээр ирж эмчилгээ хийлгэсэн байдаг. Надад өвчний оношийг тайлбарлахдаа эхлээд уушиг устаж хөндий үүсдэг ба түүнийг 2,3 давтамжтай соруулж авсны дараа уушиг наалдаж идээлдэг гэсэн. Энэ нь сэдэрч эмчилгээ хийлгэсэн байдаг. Эмчилгээ хийлгэж байх үед н.Солонго гэх хүн шуудангаас материалыг нь авч Б.Б******* захиралд танилцуулж, санхүүгээс мөнгө гаргаж төлсөн байдаг. Бид 07 дугаар сарын 24-ний өдрийн огноотой мэдэгдлийг 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаас хойш 1 өдрийн дараа төлбөр төлсөн. Үүнээс өмнө мэдэгдсэн, мэдэх боломжтой байсан нөхцөл байгаагүй. Хууль зүйн үндэслэл нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 02 дугаар сарын 09-ны өдрийн 70 дугаартай шийдвэрээр цуцлах тухай Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэсэн байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-т Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байдаг. Энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Хүндэтгэн үзэх шалтгааныг Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол дээр тайлбарласан байдаг. Тухайлбал хүндээр өвдсөн, хорио цээр тогтоосон, гомдол гаргагчийн өөрөөс үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах эрхээ хамгаалах боломжгүй байсныг тайлбарласан байдаг. Яг энэ хугацаанд нэхэмжлэгч гадаад ажлаар явж байхад мөн Монгол Улсад ирж эмчилгээ хийлгэж байх 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хугацаа нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусаж байна. Энэ хугацаагаа 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мэдсэний дараа гарсан, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа юм. Үүнийг шүүх тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “М т”  ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингуй болгож ХВ-18685 тусгай зөвшөөрлийн хоёр дахь жилийн төлбөрийг бүртгэж тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Тус компанид Ховд аймгийн Зэрэг, Манхан сумдын нутаг Хараа нэртэй 7439.52 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ******* тоот тусгай зөвшөөрлийг анх Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 502 дугаар шийдвэрээр олгосон байна.

Ийнхүү төрийн захиргааны байгууллагаас тус компанид ХВ******* тоот тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдэлийг тодруулбал тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрийн 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө төлж бүртгүүлж байх, хэрэв төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл нь хүчингүй болохыг мэдэгдэж тус мэдэгдлийг компанийн эрх бүхий ажилтан Б*******т гардуулсаныг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьдсанаас үзвэл Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6/4441 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авсанаар төлбөр төлөхөө мэдэж ... улмаар 2 дахь жилийн төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 2.157.500 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөгийг гэрчилгээ авах зорилгоор, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 194.700 төгрөгийг алдангид тооцон тус тус шилжүүлсэн тухай бичжээ.

Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотоор хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч компаниас төлбөрийг хугацаандаа төлсөн баримтыг ирүүлээгүй болно. Тодруулбал мөн хуулийн 34.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд ... заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй. Түүнчлэн тусгай зөвшөөрлийг анх авахдаа мэдэгдэл дээр үүргээ биелүүлж ажиллана гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг үндэслэн мөн хуулийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул ашигт малтмалын хайгуулын ХВ******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалж улмаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 7/963 тоотоор хүргүүлж байсныг Ашигт малтмал, газрын тосны газрын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт захирал менежер РД: *** дугаартай Б.Б гэдэг иргэн хүлээн авсаныг бүртгэж тэмдэглэгдсэн байна. Иймд “М т”  ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “М т”  ХХК Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 70 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах агуулга бүхий шаардлага гаргасан байгаа. Шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын зүгээс хариу тайлбараа дэмжиж байна.

Тайлбарыг дэлгэрэнгүй байдлаар тайлбарлахад Ховд аймгийн Зэрэг, Манхан сумын нутагт орших Хараа гэх газарт 7439,52 га газарт ашигт малтмалын хайгуулын ХВ******* тоот тусгай зөвшөөрлийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 520 тоот шийдвэрээр 3 жилийн хугацаатай олгосон. Энэ тусгай зөвшөөрлийг олгосноор холбогдох мэдэгдлийг тухайн байгууллагад өгсөн. Уг мэдэгдэлд нэгдүгээрт, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна, хоёрдугаарт, тусгай зөвшөөрлийн төлбөрийг олгосон огнооноос буюу Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7-т зааснаар төлбөрийг урьдчилж бүрэн төлөх хуулийн заалтыг Б.Б******* 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тусгай зөвшөөрлийн эзэмшигч болохдоо мэдсэн байгаа. Энэ мэдэгдлийг өгснөөр “М т”  ХХК ямар эрх үүрэг хүлээж ажиллах талаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль холбогдох хууль тогтоомж болон дүрмийг дагаж мөрдөнө. Ийм үүрэгтэйгээс гадна эрхээ эдэлнэ гэж хүлээн зөвшөөрсөн. 2 дахь жилийн төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө урьдчилж төлөх ёстой. Тэгэхдээ “М т”  ХХК төлөөгүй байсан учраас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6/441 тоот мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ мэдэгдэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан хуулийн хүрээнд мэдэгдэл өгсөн. Нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ хариуцагч байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэх үүргээ зөрчсөн гэж бичсэн байна. Тэгэхээр өөрсдөө эрх үүрэг хүлээчихээд төрийн байгууллагыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байгаа юм. Яагаад гэхээр хоног хугацааг тооцож үзэхэд 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 10 хоног тоолно. Тэгэхээр 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр болж таарна. Тэгэхээр Баяр наадмын тухай хуулийн зохицуулалтаар 07 дугаар сарын 11-ний өдрөөс 15-ны өдөр хүртэл амралтын өдөр байсан. Тэгэхээр 07 дугаар сарын 02-ны өдөр хагас сайн өдөр учраас 07 дугаар сарын 04-ний өдрөөс хугацаа тоолж 07 дугаар сарын 21-ний өдөр ажлын 8 дахь хоног болж байгаа юм. Хуулийн дагуу энэ хугацаанд багтааж төлбөрөө төлөөч гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн. Тэгэхээр 08 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдлийг “М т”  ХХК ажилтан н.Солонго авсан, 08 дугаар сарын 04-ний өдөр төлбөрөө төлсөн гэж байна. Төлбөрөө тушаахдаа жил бүрийн алдангийн хугацаа 1 сарын хугацаа байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-т Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 34 дүгээр зүйлийн 34.7-т зааснаар төлбөр, алдангийн хамт төлөөгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 70 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ шийдвэр Ашигт малтмалын тухай хуульд нийцэж гарсан. Шийдвэр гарснаас хойш энэ мэдэгдлийн тухайн компанид хүргүүлж төрийн захиргааны байгууллага хуулийг хэрэгжүүлж ажилласан.

Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Амьдрал баялаг учраас өвчин зовлон байхыг үгүйсгэхгүй. Тэгэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй нотлох баримтууд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж өгч байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс бол Монгол Улсад хүчинтэй байгаа бүх тусгай зөвшөөрлийн бүртгэл, бүртгэлийн төлбөрийг хүлээн авдаг. Өнөөдрийн байдлаар 3500 лиценз байна. Үүнээс жил болгон 200-300 лиценз төлбөрөө хугацаандаа төлөөгүй асуудлаас болж цуцлагддаг.

Төлбөр төлөөгүй аж, ахуй нэгж байгууллагуудад манайх төлөхгүй бол цуцаллаа гэдэг мэдэгдэл шуудангаар явуулдаг. Үүний дараа аж ахуй нэгж байгууллагын төлөөлөгч ирж төлбөрөө төлөх буюу хүндэтгэн үзэх шалтгаантай бол тэр талаарх материалаа өгдөг. Ихэнх тусгай зөвшөөрөл цуцлагдахад гадаадад ажилтай, өвчтэй гэх шалтгаанууд байдаг. “М т”  ХХК-аас өгсөн гомдолд өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж байгаа шиг ...уушигны хүнд хэлбэрийн өвчтэй байсан тэр үед гадаадад явж байсан гэж байсан талаар огт санахгүй байна.

Өнөөдөр шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримт дээрх хилийн орсон гарсан штамбыг харахад 2016 оны 07 дугаар сард гараад, буцаж орсон нь 06 дугаар сар уу, 07 дугаар сар уу гэдэг нь мэдэгдэхгүй, харах боломжгүй байна. Мөн тухайн үед гомдол гаргахдаа эмчийн магадалгаа болон бусад шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгсөн бол асуудлыг шийдвэрлэх боломж байсан. Яг төлбөр төлөхтэй шууд хамааралтай нотлох баримт өгөөгүй байсан. Тиймээс манай байгууллага хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч компанид Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 сарын 26-ны өдрийн 502 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Зэрэг, Манхан сумын нутаг Хараа нэртэй 7439,52 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосноор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Ашигт малтмалын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэг хүлээх бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар хуульчилж, харин үүргээ биелүүлж буй нөхцөлд л тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь хадгалагдаж байхаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь ... тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл өгөх үүргээ зөрчсөн, ... хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн байдлыг харгалзан үзээгүй хэмээн маргааны зүйлээ тодорхойлжээ.

Хариуцагч захиргааны байгууллага нь мэдэгдэл хүргүүлэх үүргээ хугацааны дотор явуулсан, хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тул цуцалсан шийдвэр нь хууль зөрчөөгүй гэжээ.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, бусад бичгийн баримтуудыг тал бүрээс хянаж, үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт[1][1] болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 70 дугаар шийдвэрээр ... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч “М т”  ХХК-ийн эзэмшлийн XV******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан аж.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д: тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т: тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж тус тус зааснаар XV******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “М т”  ХХК жил бүр, дээр дурдсан 502 дугаар шийдвэрийн дагуу анх олгогдсон 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байна.

Ийнхүү дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд дахин нэг боломж нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д: Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги төлнө, мөн хуулийн 34.7-д: энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд ... гэснээр нэхэмжлэгч компаний хувьд тухайн төлбөр төлөх жилийн 8 дугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд төлбөр болон төлбөрт ногдох алдангийг төлөх боломжтой байжээ.

Хариуцагч захиргааны байгууллага 2016 оны 7 сарын 21-ний өдрийн 6/4441[2][2] дугаартай албан тоотыг “М т”  ХХК-д хүргүүлсэн гэх ба үүнийгээ уг хуульд заасан хугацааны дотор хүргүүлсэн гэж үзжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34.7-д: энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56.2-д: Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж зохицуулсан байна.

Дээрх хуульд заасан ажлын 10 өдөрт багтах хугацааг тооцвол, тусгай зөвшөөрлийн төлбөр урьдчилж төлсөн байх ёстой өдөр болох 2016 оны 7 сарын 2-ноос хойш ажлын 10 өдөр буюу мэдэгдэл хүргүүлсэн гэх 7 сарын 21 хүртэлх хугацааг аваад үзэхэд 7 сарын 2, 3, 9,10,16, 17-ны өдрүүд нь ажлын бус буюу бямба, ням гараг байж энэ өдрүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 77.1-д зааснаар бүх нийтээр амрах өдрүүд байна. Түүнчлэн 7 сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.5-д зааснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүд байна. Тэгэхээр 2016 оны 7 сарын 2-ноос хойшхи ажлын бус бүх нийтээр амрах болон баярын өдрүүдийг хасаж тооцоход хариуцагч байгууллагын мэдэгдэл нь ажлын 10 хоногтоо багтаж байх тул хуульд нийцэж байна гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Харин захиргааны байгууллагын уг мэдэгдэл хүргүүлсэн албан бичгийг төлбөр төлөх хугацаанаас хойш нэхэмжлэгч компани хүлээж авсан нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх тусгай зарчмыг захиргааны байгууллагаас захиргааны үйл ажиллагааны явцад баримталсан, нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д: тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл нь төрийн захиргааны байгууллагаас холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах шууд үндэслэл болж, үүгээрээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 2 сарын 9-ний өдрийн 70 дугаар шийдвэрийн “М т”  ХХК-д холбогдох хэсэг нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “М т”  ХХК нь захирал Б.Б нь компаний үүсгэн байгуулагч, уг компаний хувьцааг дангаараа эзэмшдэг болох, компани нь ганц гишүүнтэй болох талаар, түүний биеийн эрүүл мэндийн байдал нь муудаж хүндээр өвчилсөн байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан болно, ... эмчилгээ хийлгэж байх үед н.Солонго гэх хүн шуудангаас материалыг нь авч Б.Б******* захиралд танилцуулж, санхүүгээс мөнгө гаргаж, мэдэгдлийг 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаас хойш 1 өдрийн дараа төлбөр төлсөн. Үүнээс өмнө мэдэгдсэн, мэдэх боломжтой байсан нөхцөл байгаагүй гэх тайлбарыг, түүнчлэн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх ач холбогдолтой, чухал, үнэн талаас нь үнэлэх боломжгүй байна. Яагаад гэвэл, нэхэмжлэгч “М т”  ХХК нь Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд болохын хувьд түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5-д зааснаар хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх ёстой байгаа нь тухайн тусгай зөвшөөрлийн хүрээнд аливаа үйл ажиллагаа эрхлэхдээ зөвхөн үүсгэн байгуулагч захирлаас хамааралтай болж байгаа нь учир дутагдалтай байна. Мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрийн 7 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө төлж байхаа зөвшөөрч захирал Б.Б******* гарын үсэг зурж баталгаажуулсан[3][3] ба энэ үүргийг үл биелүүлсэн тохиолдолд үүсэх үр дагаварыг тайлбарласан баримт хэрэгт авагдсан нь нэхэмжлэгч компаний заавал хүлээх үүрэг гэдгийг нотолж байна.

Нэхэмжлэгч компаний захирал уушигны хүнд өвчтэй байж эмчлүүлсэн, мэдсэн даруйдаа нэг хоногийн дараа төлбөр төлсөн гэж тайлбарлаж байгаа нь холбогдох эмнэлэгийн магадлагаа, банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна. Гэхдээ өвчтэй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан болно, төлбөр төлөх үүргийг мэдэх боломжгүй байсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхийг мэдэгдээгүй, ганцхан хоногийн хугацаа хэтрүүлж төлсөн гэх тайлбарууд нь хуулиар тусгайлан заасан үүргийг хэрэгжүүлэхгүй байх, тэр тусамаа хуулийг хэрэглэхгүй байх шалтгаан биш болно. Хамгийн гол нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлчихсөн байх ёстой хугацаанд нэхэмжлэгч компаний захирал Б.Б*******т дээрх нөхцөл байдал үүсээгүй байна, харин нэмэлт 30 хоног буюу төлбөрийг алдангийн хамт төлөх боломжит бүх хугацааны туршид захирал Б.Б******* нь өвчтэй байсан нь нотлогдохгүй байх тул энэ үндэслэлээр захиргааны байгууллагын хуулийн дагуу явуулсан үйл ажиллагааг буруутгах боломжгүй байна.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдөг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг байна. Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөг гэжээ. Ийнхүү энэ хуулийн дагуу нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэсний дагуу шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М т”  ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн “М т”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ХV******* тусгай зөвшөөрлийн хоёр дахь жилийн төлбөрийг бүртгэж, тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН