Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/02615

 

 

 

 

 

 

 

2021 09 06 101/ШШ2021/02615   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 403 байр 62 тоотод оршин суух, Санжи овогт Оргодолын Мөнх-Эрдэнэ  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гялалзах энгэр 3-18 тоотод оршин суух, Сүмбэр овогт Дэндэвийн Анхбаярт  холбогдох,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гялалзахын энгэр нэгдүгээр хэсэг-3 29 тоотод орших 600 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1333004298 дугаар, гэр, орон сууцны хашааны зориулалтаар олгогдсон газарт хариуцагчийн барьсан хашаа, барилгын суурийг буулгаж албадан чөлөөлүүлэх, газрыг хэвийн байдалд оруулж нөхөн сэргээлгэх, газрын үр шим 480,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэнэ, өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Д.Анхбаяр, өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд албан ёсны бичир баримттай газар аваад, өөрийн нэр дээр шилжүүлэхэд маргаан байгаагүй тул надад газар олгосон. 2012 онд Мөнхсаруул гэх хүн худалдаж авч байсан 6 жилийн хугацаатай гэрчилгээ байсан ба дараа нь 2015 онд 15 жилээр сунгасан байсан. Одоо миний хууль ёсны газар тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж хариуцагчийг тус газраас албадан чөлөөлүүлж, газраа нөхөн сэргээлгэх, 480,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх би 2008-2009 онд тус газрыг барьсан. Одоо урд талынх гээд байгаа айлд н.Янжин гэх эгч байсан. Тэгэхэд н.Янжин эгч 50,000 төгрөг аваад кадастрын зураг гаргаж өгч байсан. 2008-2009 оноос хойш өдийг хүртэл энэ газарт амьдарч байгаа. Энэ хооронд өмчлөгч мөн гэдгээ нотлуулахаар захиргаанд өргөдөл, гомдол гаргаж байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Д.Анхбаярт холбогдуулан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гялалзахын энгэр нэгдүгээр хэсэг-3 29 тоотод орших 600 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1333004298 дугаар, гэр, орон сууцны хашааны зориулалтаар олгогдсон газарт хариуцагчийн барьсан хашаа, барилгын суурийг буулгаж албадан чөлөөлүүлэх, газрыг хэвийн байдалд оруулж нөхөн сэргээлгэх, газрын үр шим 480,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тус газарт 2008 оноос хойш амьдарч байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэнэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гялалзахын энгэр нэгдүгээр хэсэг-3 29 тоотод орших 600 м.кв талбай бүхий, гэр, орон сууцны хашааны зориулалт бүхий газрыг Баянзүрх дүүргийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/330 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, эрхийн улсын бүртгэлийн Э-2204002907 дугаарт бүртгэжээ. Нэхэмжлэгч уг газрыг иргэн О.Мөнхсаруулаас гэрээний дагуу шилжүүлэн авсан гэж тайлбарласан ба Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтаас үзэхэд маргаж буй газрыг нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний дагуу өөрийн эзэмшилд шилжүүлэн авч улмаар дүүргийн засаг даргын дээр дурдсан шийдвэрээр нэхэмжлэгчид эзэмшүүлжээ. Иргэн О.Мөнхсаруулд мөн маргаж буй газрыг Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/285 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж байжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т зааснаар нэхэмжлэгч О.Мөнхсаруулыг маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Маргаан бүхий газар нь хариуцагчийн бодит эзэмшил, хамгаалалтад байдаг гэх үндэслэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэнтэй нийцэхгүй буюу нэхэмжлэгч уг газрын эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу олж авсан, зохих ёсоор эзэмшиж байгаа болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа маргаан бүхий газрыг 2008 оноос хойш тасралтгүй эзэмшин амьдарч байгаа, нэхэмжлэгч уг газрыг хууль бусаар олж авсан гэж тайлбарлаж, татгалзлаа нотолж Оюу ногоон арал ХХК-ийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн газрын кадастрын зураглалыг баталгаажуулсан баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч тус баримт нь хариуцагч маргаан бүхий уг газрыг хууль ёсоор эзэмшдэг болохыг нотлох хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээг орлох, түүнтэй адилтгах баримт болохгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т тус тус зааснаар мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн кадастрын зураглалаа эзэмшихийг хүсч буй эсхүл эзэмшиж буй газрын кадастрын зураглалын мэдээллийн сан, газрын улсын бүртгэлд бүртгүүлж, бусад баримт бичгийг бүрдүүлсний дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шийдвэрээр газар эзэмшүүлэх эрхийг олгодог. Иймд газрын тус кадастрын зураглал нь хариуцагчийг маргаж буй газрыг эзэмших эрхтэй болохыг, нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг үгүйсгэх нотолгоо болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гялалзахын энгэр нэгдүгээр хэсэг-3 29 тоотод орших 600 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1333004298 дугаар, гэр, орон сууцны хашааны зориулалтаар олгогдсон газарт хариуцагчийн барьсан хашаа, барилгын суурийг буулгаж албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч мөн газрыг хэвийн байдалд оруулж нөхөн сэргээлгэх, газрын үр шим 480,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тодорхой тайлбарлан нотлоогүй, зохих нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байна. Зохигчийн маргаж буй тус газрыг хариуцагч хэвийн байдлаар ашиглах боломжгүй болгосон гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдоогүй, мөн тухайн газрын үр шимийг хариуцагч хүртсэний улмаас 480,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ямар шалтгаант холбоо, үндэслэл, тооцоог нэхэмжлэгч шүүхийн өмнө нотлоогүй учир эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэнэ /-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гялалзахын энгэр нэгдүгээр хэсэг-3 29 тоотод орших 600 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1333004298 дугаар, гэр, орон сууцны хашааны зориулалтаар олгогдсон газарт хариуцагч Д.Анхбаяр -ын барьсан хашаа, барилгын суурийг буулгаж хариуцагч Д.Анхбаярыг уг газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлээс газрыг хэвийн байдалд оруулж нөхөн сэргээлгэх, газрын үр шим 480,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Анхбаяраас 85,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэнэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ