Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2021/02862

 

 

 

 

 

 

 

2021 09 28 101/ШШ2021/02862   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 72 байр 41 тоотод оршин суух, Лхагвасүрэнгийн Цэлмэгтэнгэр -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 2 хэсэг, Их дарь эх 4 гудамж, 207 тоотод оршин суух, Ичинхорлоогийн Цогтлхагва -д холбогдох,

Газар албадан чөлөөлүүлэх, орц гарц чөлөөлүүлэх шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Цэлмэгтэнгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/274 дүгээр захирамж, түүнийг үндэслэж гарсан газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ болон тус газарт хийгдсэн газрын кадастр зэргийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 2 дугаар гудамжны 26 тоотод хаяг, байршилтай 468 м.кв газрын хууль ёсны эзэмшигч юм. Гэтэл уг газарт хариуцагч этгээд газрыг тойруулан хашаа барьж, манаач буулгаж хууль бусаар суурьшиж байгаа тул газар чөлөөлүүлэх асуудлаар Баянзүрх дүүргийн газрын албанд удаа дараа хандсан боловч шийдвэрлэгдээгүй.

2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эрх бүхий байгууллагаар газар дээрээ хэмжилт хийлгэхэд хариуцагч нь миний эзэмшлийн 468 м.кв газрын 89 м.кв газрыг хашаалан эзэмшиж байгаа нь тогтоогдсон. Манай газар нь ертөнцийн зүгээр урд болон хойд талдаа бусдад олгогдсон газартай, баруун талдаа бохирын шугам хоолойтой тул өөрийн газраа эзэмшиж, ашиглахын тулд төв зам дагуу буюу зүүн талаас орж гарах боломжтой юм. Гэтэл хариуцагч нь нзхэмжлэгчийн зүүн талын газраас 89 м.кв газрыг хууль бусаар хашаалан эзэмшиж орц, гарцыг хаан хашаа, гэр барьснаас өөрийн эзэмшлийн газар руугаа орж, гарч чадахгүй нөхцөл байдалд орж, хариуцагчтай үл ойлголцож өдийг хүрлээ. Хариуцагчийн гэр барьж, хашаалсан байгаа газраас нэхэмжлэгчийн газар луу орсон 89 м.кв газраас бусад талбай нь албан ёсоор хэн нэгэнд эзэмшүүлээгүй нийтийн эзэмшлийн гудамж талбай юм. Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хууль бусаар 3 жил гаруй хугацаанд саад учруулж байгаа тул нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас хариуцагчийг албадан чөлөөлж, орц, гарц чөлөөлөх шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс 2008 оноос тухайн газар дээр амьдарч, дүүргийн Газрын алба болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа хүсэлтээ өгсөн боловч газрын гэрчилгээ гараагүй байсан гэх тайлбар шүүхэд өгсөн байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байх тул үндэслэлгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан хугацаа, зориулалт, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлнэ, 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Л.Цэлмэгтэнгэр нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч мөн тул Иргэний хуулийн 52 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг заадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй буюу энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. 106.4-т энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны ззэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч И.Цогтлхагва шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх 2008 оноос хойш Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, товчоо задгай гудамжинд эцэг, ах дүү нарын хамт нүүж ирсэн ба 2009 онд хашаа барьж, кадастрын зураг хийлгэсэн. 2009-2020 оны хооронд Баянзүрх дүүргийн газрын алба болон Байгаль орчин аялал жуулчлалын яамд тус тус хажуу хашааны хөрш залгаа айлуудын хамт газар эзэмших хүсэлтээ удаа гаргаж байсан боловч тодорхой хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Миний бие бусдын хууль ёсны эзэмшлийн газарт дураараа нүүж ирж хашаа барьсан зүйл байхгүй. Миний амьдарч байгаа газар болон хөрш залгаа айлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээ одоо болтол гараагүй байтал гэнэт шүүхээс дуудаж газрын гэрчилгээ 2018 онд гарсан талаар мэдсэн ба мэдсэн даруйдаа хорооны хэсгийн ахлагч очиж уулзахад Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, товчоо 2 дугаар гудамж, 26 тоот гэдэг чинь танайх биш, зүүн тийшээ байдаг гэрчилгээ гаргуулсан айлуудын хаяг байна гэсэн мэдээллийг өгсөн билээ. Энэ талаар тодруулан Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргахаар бэлдэж байна. Миний бие бусдын хууль ёсны эзэмшил газарт дураараа хашаа татаж, манаач буулгасан зүйл байхгүй, 2009 онд хашаа татсан, 2008 оноос хойш өнөөдрийг 13 жил амьдарч байгаа ба удаа дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар газрын албанд хандсан боловч миний газар болон хөрш залгаа айлуудын газрын гэрчилгээ гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс 89 м.кв талбай бүхий газрыг чөлөөлөх нэхэмжлэлийн эхний шаардлагыг зөвшөөрч байгаа. Газрыг чөлөөлөхдөө орох, гарах гарцны талбайг чөлөөлж өгнө. Орох, гарах гарцтай холбоотой нэхэмжлэл нь шүүхийн харьяалал зөрчсөн байна. Газрын орох, гарах, гарцтай холбоотой нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргах ёстой. Мөн орох, гарах гарц нь өөрөө тодорхой стандарттай байдаг. Нэхэмжлэгчийн хашааны орох, гарах хаалга нь зүүн талдаа байх ёстой гэх боловч хэдэн м.кв талбайтай байх ёстой талаарх баримт хэрэгт байдаггүй. Орох, гарах гарцны асуудлыг шийдвэрлэнэ, гээд яг хэдэн м.кв талбайг чөлөөлүүлэх гээд байгаа нь тодорхойгүй, нийтийн эзэмшлийн газрыг бүхэлд нь чөлөөл гэх нэхэмжлэгчийн шаардлага бол шүүхийн харьяалал зөрчсөн, газрыг бүхэлд нь чөлөөлүүлнэ гэж байгааг нь зөвшөөрөхгүй. Хариуцагчийн амьдарч байгаа газар нь бүхэлдээ орох, гарах гарц байх ёстой газар юм уу, орц, гарц нь яг хэдэн м.кв талбайтай байх ёстой, талаарх баримтыг нэхэмжлэгч тал хэрэгт хавсаргаж өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Нийтийн эзэмшлийн газрыг бүхэлд нь чөлөөл гэх нэхэмжлэгчийн шаардлага бол шүүхийн харьяалал зөрчсөн асуудал байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Цэлмэгтэнгэр, хариуцагч И.Цогтлхагвад холбогдуулан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 2 дугаар гудамжны 26 тоотод орших, нэгж талбарын 1333106186, эрхийн улсын бүртгэлийн Э-2204002400 дугаартай, 468 м.кв талбай бүхий газрын 89 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгаа, мөн эзэмшил газрын орц, гарц гаргахыг даалгаж уг газраас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс газрын давхцал бүхий 89 м.кв газрыг чөлөөлж өгөх, хашааны газрын орц, гарцыг гаргаж өгөхийг зөвшөөрч, хариуцагчийг эзэмшиж буй газраас нь чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Л.Цэлмэгтэнгэрт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 2 дугаар гудамжны 26 тоотод орших, нэгж талбарын 1333106186 дугаартай, 468 м.кв талбай бүхий газрыг Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/274 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, эрхийн улсын бүртгэлийн Э-2204002400 дугаарт бүртгэжээ. Нэхэмжлэгч уг газрыг иргэн Э.Мөнхболдоос гэрээний дагуу шилжүүлэн авсан гэж тайлбарласан ба Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтаас үзэхэд маргаж буй газрыг нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний дагуу өөрийн эзэмшилд шилжүүлэн авч улмаар дүүргийн засаг даргын дээр дурдсан шийдвэрээр нэхэмжлэгчид эзэмшүүлжээ. Иргэн Э.Мөнхболдод мөн маргаж буй газрыг Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж байжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Цэлмэгтэнгэрийг маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Маргаан бүхий газар нь хариуцагчийн бодит эзэмшил, хамгаалалтад байдаг гэх үндэслэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэнтэй нийцэхгүй буюу нэхэмжлэгч уг газрын эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу олж авсан, зохих ёсоор эзэмшиж байгаа болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа маргаан бүхий газрыг 2009 оноос хойш эзэмшиж байгаа, нэхэмжлэгч уг газрыг хууль бусаар олж авсан гэж тайлбарлаж , татгалзлаа нотолж Шинэ кадастр ХХК-ийн 2009 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр үйлдсэн газрын кадастрын зураглалыг баталгаажуулсан баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч тус баримт нь хариуцагч маргаан бүхий уг газрыг хууль ёсоор эзэмшдэг болохыг нотлох хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээг орлох, түүнтэй адилтгах баримт болохгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т тус тус зааснаар мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн кадастрын зураглалаа эзэмшихийг хүсч буй эсхүл эзэмшиж буй газрын кадастрын зураглалын мэдээллийн сан, газрын улсын бүртгэлд бүртгүүлж, бусад баримт бичгийг бүрдүүлсний дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шийдвэрээр газар эзэмшүүлэх эрхийг олгодог. Иймд газрын тус кадастрын зураглал нь хариуцагчийг маргаж буй газрыг эзэмших эрхтэй болохыг, нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг үгүйсгэх нотолгоо болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 2 дугаар гудамжны 26 тоотод орших, нэгж талбарын 1333106186, эрхийн улсын бүртгэлийн Э-2204002400 дугаартай, 468 м.кв талбай бүхий, гэр, орон сууцны хашааны зориулалтаар олгогдсон газар дээр хариуцагч нь 89 м.кв талбайн хэмжээгээр давхцал үүсгэн хашаа барьсныг хууль бус гэж үзнэ. Энэ нь Глобал лэнд ворк ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбайн зураг-аар тогтоогдсон бөгөөд хариуцагч И.Цогтлхагва нь нэхэмжлэгч Л.Цэлмэгтэнгэрийн эзэмшил газартай зэргэлдээ орших нийтийн эзэмшил бүхий газар дээр хашаа барихдаа нэхэмжлэгчийн эзэмшил газрын хил, заагийг давж, нэхэмжлэгчийн эзэмшлийн 89 м.кв газар дээр түүний зөвшөөрөлгүйгээр хашаа барьжээ.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй халдаж 89 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа, хашаа барьсан болохыг хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч тус 89 м.кв газрыг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрсөн зэргийг үндэслэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 2 дугаар гудамжны 26 тоотод орших, нэгж талбарын 1333106186, эрхийн улсын бүртгэлийн Э-2204002400 дугаартай, 468 м.кв талбай бүхий газрын 89 м.кв талбайг хууль бусаар эзэмшин хашаа барьсан хариуцагчийн үйлдэл нь хууль бус тул тус газар дээр хариуцагчийн барьсан хашааг буулгаж албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн эзэмшил газрын газрын кадастрын зураг, Глобал лэнд ворк ХХК-ийн Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбайн зураг-аар тогтоосон талбайн зураг, талууд шаардлага, татгалзлаа нотлохоор шүүхэд гаргасан маргаж буй газрын талаархи гэрэл зураг, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэг, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын гарц, орц бүхий газрын хэсгийг бүрэн хааж хашаа барьжээ. Нэхэмжлэгчийн эзэмшил газар нь ертөнцийн зүгээр хойд, өмнө талаасаа харилцан хаяа нийлсэн хил залгаа орших бусдын эзэмшил газраар хүрээлэгдсэн, зүүн талаасаа усан хангамжийн шугам хоолойгоор тусгаарлагдсан нь зөвхөн баруун буюу хариуцагчийн эзэмшиж буй газраар дамжин нийтийн ашиглалтын замд хүрэх гарц гаргах боломжтой байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, нэхэмжлэгчийн эзэмшил газрын гарц, орцыг чөлөөлж шийдвэрлэхдээ хариуцагчийг уг газраас албадан чөлөөлүүлэх буюу хариуцагч нь эрх бүхий байгууллагаас олгосон зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн газарт хашаа, гэр барьж буусан тул барьсан хашаа, гэрийг буулгах замаар гарц, орцыг чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг шууд хөндсөн гэж үзэхгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар аливаа этгээд газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглаж, эзэмших эрхтэй. Ийнхүү зөвшөөрөгдөөгүй бол түүнийг хууль бус гэж үзэх ба төр, түүнийг төлөөлж буй мэргэжлийн байгууллагын зүгээс аливаа этгээдийг зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж ашиглахыг хориглох, уг газраас албадан чөлөөлөх, нүүлгэх арга хэмжээ авах үүрэгтэй.

Хариуцагч нийтийн эзэмшлийн талбай бүхий газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын нийтийн зам талбайд хүрэх, холбогдох гарц, орцны хэсгийг хаасныг хариуцагч хүлээн зөвшөөрч гарц, орц гаргахыг хүссэн ба хариуцагчийг уг газраас албадан чөлөөлөхгүйгээр нэхэмжлэгчид гарц, орц гаргах боломжтой байна. Хариуцагч нийтийн эзэмшлийн зам, талбайг ашиглаж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний шаардах эрхэд хамааралгүй, түүнчлэн гарц, орц гаргахаас бусад нөхцөлд нэхэмжлэгчийн эрхийг шууд хөндөөгүй гэж үзнэ.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хууль ёсны эрх, ашиг хөндөгдсөн байдлыг харьцуулан дүгнэж, нэхэмжлэгчийн гарц, орцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагч нийтийн эзэмшлийн талбайг зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа гэх үндэслэлээр хариуцагчийг уг газраас албадан нүүлгэх замаар гарц, орцыг чөлөөлүүлэхтэй шалтгаант холбоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн эзэмшил газрын нийтийн эзэмшлийн зам, талбайтай холбогдох, нэхэмжлэгч эзэмшил газартаа саадгүй нэвтрэх боломжийг хангасан байдлаар гарц, орцыг чөлөөлөхийг хариуцагч И.Цогтлхагвад даалгаж шийдвэрлэв. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ гэр, орон сууцны хашааны газар-ын зориулалтаар олгогдсон газарт буюу гэр хорооллын хашааны газар эзэмшигч, өмчлөгчийн гарц, орцтой адил байдлаар гарц, орцыг чөлөөлөх, энэ талаархи боломжит хэмжээг баримтлах үүрэгтэй. Монгол Улсад гэр, орон сууцны хашааны зориулалтаар олгогдсон газрын нийтийн эзэмшлийн зам, талбайтай холбогдох гарц, орц ямар хэмжээтэй байх талаар тодорхой хэмжээ, стандарт байхгүй нь ийнхүү нийтлэг байдлаар ашиглагдах боломжит хэмжээг баримтлахыг үүрэг болгох үндэслэл болж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын гарц, орц гаргах боломжит хэмжээний талаар зохигч маргасан нөхцөлд газрын асуудал хариуцсан харьяалах мэргэжлийн байгууллага арга зүйн туслалцаа үзүүлэх, шүүхийн шийдвэрийг үндэслэн гарц, орцыг чөлөөлөх арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д заасныг баримтлан

нэхэмжлэгч Л.Цэлмэгтэнгэр -ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо 2 дугаар гудамжны 26 тоотод орших, нэгж талбарын 1333106186, эрхийн улсын бүртгэлийн Э-2204002400 дугаартай, гэр, орон сууцны хашааны зориулалтаар олгогдсон 468 м.кв талбай бүхий газрын 89 м.кв газарт хариуцагч И.Цогтлхагва -ын барьсан хашаа, гэрийг буулган хариуцагчийг уг газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, гарц, орц гаргахыг хариуцагч И.Цогтлхагвад даалгасугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И.Цогтлхагваас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Цэлмэгтэнгэрт олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар

зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ