Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/03251

 

 

 

 

 

 

 

2021 10 19 101/ШШ2021/03251     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Баянгол зочид буудал оффис 1 тоот хаягт оршин байх ******* ХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Голден парк 302-190 тоот хаягт оршин байх Ананд вүүд ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 2,000,000 төгрөг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Дагважанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Дагважанцан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч ******* ХК нь хариуцагч Ананд вүүд ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Чингис хааны морьт хөшөө цогцолборын цэвэр, бохирын шугамны хөлдөөс гаргах ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, баталгаа гаргаж, захиалагч талд актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 3.3 заасан Хаан банк-ны 5062159326 тоот дансанд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл гэрээгээр тохиролцсон ажлыг хариуцагч Ананд вүүд ХХК нь хийж гүйцэтгээгүй. Гэрээгээр тохиролцсон ажлыг хариуцагч Ананд вүүд ХХК нь хийж гүйцэтгээгүй учраас манайх өөр компаниар ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Иймд 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон Чингис хааны морьт хөшөө цогцолборын цэвэр, бохирын шугамны хөлдөөс гаргах ажпыг хийх шаардлагагүй болсон тул ******* ХК нь хариуцагч Ананд вүүд ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүсэн урьдчилгаа төлбөр 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Ананд вүүд ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 2,000,000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, тус гэрээний 2.1, 3.1, 3.2-т тус тус зааснаар хариуцагч нь Чингис хаан морьт хөшөө цогцолборын цэвэр, бохирын шугамын хөлдөөс гаргах ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, нэхэмжлэгч зардалд 6,000,000 төгрөг төлөх, үүнээс 4,000,000 төгрөгийг мөнгөөр, 2,000,000 төгрөгийг бартераар төлөхөөр тохиролцжээ.

Гэрээний дагуу хариуцагч ажлыг гүйцэтгэсэн эсэх талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, тохиролцсон ажлыг хариуцагч гүйцэтгээгүй учраас нэхэмжлэгч өөр компаниар ажлыг гүйцэтгүүлсэн гэж, төлөөлөгч шүүх хуралдаанд, хариуцагч гэрээт ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ гэсэн боловч зохих ёсоор гүйцэтгээгүй, зураг, бичлэгт үзүүлсэн ажлын үр дүн гараагүй, өөр компаниар ажлын гүйцэтгэлийг хийлгэсэн гэх тайлбарыг тус тус гаргажээ. Хариуцагчийн татгалзлаа нотолж шүүхэд нотлох баримтаар гаргасан CD дэх 19 удаагийн бичлэг, 13 ширхэг гэрэл зургийг шүүх хуралдааны явцад үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн авч шинжлэн судлав. Тухайн баримтаас үзэхэд хариуцагч нь Чингис хааны морьт хөшөө цогцолборын цэвэр, бохирын шугам, хоолойн бөглөөсийг халуун уураар үлээлгэн гаргаж байгаа бичлэг хийгдсэн байх бөгөөд уг ажлыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Бичлэг, гэрэл зургаас үзэхэд цэвэр, бохирын шугамын бөглөөсийг худаг тус бүрээр гаргаж, худаг хоорондын холбоосоор дамжуулан бөглөөсийг гаргаж байгаа нь үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн баримтаар нотлогдож байна. Уг бичлэг, зураг зураг нь Чингис хааны морьт хөшөө цогцолборт хийгдэж байгаа нь дүрс бичлэгт хадгалагдан үлджээ.

Энэ нь хариуцагчийн зүгээс гэрээнд заасан ажлыг тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн гэж үзэхээр бөгөөд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгч хүлээн авсан, эсхүл дутуу гүйцэтгэсэн, гэрээгээр тохиролцсон чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн эсэхтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлээ нотлоогүй байна. Иймд хариуцагч гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг бодит байдалд нийцэхгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар хариуцагчийн гүйцэтгэсэн ажил, түүний дүн нэхэмжлэгчийн мэдэлд үлдсэн байх тул хариуцагч гэрээний дагуу хүлээн авсан төлбөрийн хэмжээнд тохирсон ажлыг гүйцэтгэсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гүйцэтгэсэн ажил нь шилжүүлсэн төлбөрийн хэмжээнд тохирохгүй, уг ажлын үр дүн гараагүй болон нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас уг ажлыг өөр компани гүйцэтгэсэнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний 80888873 дугаараар дамжуулан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдэгджээ. Хариуцагч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ананд вүүд ХХК-иас 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ