| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0416/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/443 |
| Огноо | 2024-05-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжаир |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/443
2024 05 29 2024/ШЦТ/443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н,
шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Д-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт Д-н Н /регистрийн дугаар ***/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.Н 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн ** дугаар хороо, “**” худалдааны төвийн баруун талын замд “Тоёота Приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон... хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Г-г мөргөж, түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н-гийн “...2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Яармагаас гараад 3 дугаар эгнээгээр явж байхад ногоон гэрэл ассан, би тухайн үед 50 км цагийн хурдтай явж байсан ба явган зорчигчийг харсан. 103 дуудаад эмч 5-6 минутын дотор ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нийн “...Буяны ажил болж байх үед 1 сая төгрөг өгсөн. Дараа нь миний данс руу 10.200.000 шилжүүлсэн байсан. Өчигдөр утасны засварын төлбөр гэсэн гүйлгээний утгатай 100.000 төгрөг шилжүүлсэн байсныг данс андуурч хийсэн байна гэж би ойлгосон. Гомдолтой байна. Яагаад уучлалт гуйж, уулзаагүй юм бол гэж асуумаар байна...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-11 дэх тал/, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6, 133 дахь тал/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дэх тал/, Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 40-56 дахь тал/, Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 96 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Нийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 02 цагийн үед манай дүү Мөнхсувд над руу өөрийн дугаараас залгаад ах зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн... Ингэж л энэ ослын талаар мэдсэн. Миний ах 1964 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Ховд аймагт айлын 6 дахь хүүхэд болж мэндэлсэн. Хүүхэд насаа Ховд аймагт өнгөрүүлсэн, 10 жилээ төгсөөд Зэвсэгт хүчний 261 дүгээр ангид алба хаагаад 1986 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт том машин барьдаг байсан... 1990 оноос хойш Улаанбаатар хотод орж ирсэн. Миний ах 2 эмэгтэй хүүхэдтэй, уян зөөлөн, бодсон санасанаа шууд хэлдэг, хүнээс үг сонсож чаддаг, архи дарс уух нь ховорхон, үр хүүхдэдээ анхаарал, халамж сайн хүн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Н-н иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн: “...Д.Н тухайн машиныг манай байгууллагаас зээлээр худалдаж авсан. Надад гомдол, санал байхгүй... Манай байгууллагад хохирол төлбөр төлж барагдуулахгүй, манайд зээлтэй байгаа болохоос эзэмшигч нь тухайн зээлдэгч юм. Энэ тохиолдолд зээлдэгч өөрөө хохирол төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79, 83 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Н цус” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “..Шинжилгээнд ирүүлсэн *** гэсэн хуруу шилний дугаартай Д.Нгийн гэх цусны дээж шинжилгээнд тэнцэж байна. Д.Нгийн гэх цус нь Ү /I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 106-107 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “..Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн дотортой хүрмэнд үүссэн 350 мм, 85х40 мм, 140 мм хэмжээтэй гэмтлүүд, шар өнгийн өмдөнд үүссэн 160 мм, 120 мм хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна. Шар өнгийн доторх хүрмэнд 30х15 мм хэмжээтэй талбайд үүссэн гэмтлүүд, 5 мм хэмжээтэй гэмтэл, шар өнгийн цамцанд үүссэн 20х22 мм хэмжээтэй гэмтэл, шар өнгийн өмдөнд үүссэн 15х12 мм хэмжээтэй талбайд үүссэн гэмтлүүд гогдох татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогдолт байна. Шар өнгийн дотортой хүрмэнд үүссэн 25х15 мм, 38 м хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, сэмрэлт байна. Хар өнгийн оруулгатай саарал өнгийн дотоожинд үүссэн 3х3 мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин цоорол байна. Бусад хувцас гэмтэлгүй байна. Материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч ханзралт, урагдалт, цооролт, гогдолт, сэмрэлт хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 114-121 дэх тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Амь хохирогч Л.Г-н өмсөж явсан гэх “***” гэсэн бичигтэй, шар өнгийн цамц, шар өнгийн өмд, “***” гэсэн бичигтэй шар өнгийн куртик, цэнхэр өнгийн цамц, саарал өнгийн футволк дээр хүний цус илэрсэн, эрээн дотуур өмд, ягаан өнгийн футволк, хар, саарал өнгийн дотуур хувцас, хар өнгийн хос гутал, саарал өнгийн хос оймс, хар өнгийн саравчтай малгай дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. Амь хохирогч Л.Г-н өмсөж явсан гэх “***” гэсэн бичигтэй шар өнгийн цамц, шар өнгийн өмд “***” бичигтэй шар өнгийн цамц, саарал өнгийн футволк дээр илэрсэн цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна. Бүлгийн харьяалалаар тухайн зүйлсийг хоорондоо таарч, тохирч байгаа эсэхийг тогтоохгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 126-127 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “**” гэсэн бичигтэй зөөврийн флаш дискэнд хадгалагдаж байх дүрс бичгүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилж буй “Big-3mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2024-03-10 23:11:25 секундэд дүрслэгдэх автомашин нь “А”-“Б” гэсэн цэгийн хоорондох 6.9 метр зайг ойролцоогоор ~(62.1-70.97) км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 139-140 дэх тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Амь хохирогчийн цогцост үзлэг хийсэн шинжилгээгээр гавлын баруун чамархайн ясны цөмөрсөн, урд, дунд хонхорын шугаман хугарал, баруун чамархайн булчинд цус хуралт, их тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт. Баруун хэнхэрцэг: 1, 3, 4, 5-р хавирга, 2, 3, 4, 5, 6-р хавирга, 6, 7, 8-р хавирганы нэг ба хоёрлосон, шууд ба шууд бус хугарал, хүзүүний 7 сээрний 1-р нугалмын их биеийн, сээрний 2, 3-р нугалмын их биеийн, сээрний 6, 7-р нугалмын их биеийн салсан хугарал, арын босоо сэртэн бяцарсан хугарал, нугас тасрал, зүүн хэнхэрцэг: 2-7-р хавирга, шууд бус хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоос, жийргэвчийн урагдал, шаант ясны толгой сэлтэрсэн, тахилзуур ясны толгойн бяцарсан хугарал, зөөлөн эд, булчинд цус хуралт, хуйх, нүүрний шарх, хэвлий мөчдийн зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч В /III/ бүлгийн цустай байна. Амь хохирогчийн цусанд 2.1 промилли, ходоодны шингэнд 7.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 149-150 дахь тал/,
“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд: Уг тээврийн хэрэгсэл нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь урд салхины шил нь хагарч бутарсан, урд копут зүүн талаараа 40*60 хэмжээтэй хонхойсон, зүүн урд нэмэлт гэрэлний сетик байхгүй байна. Уг тээврийн хэрэгслийн эвдэрсэн гэмтлүүд нь шинэ хуучин болох эсэхийг нарийн тодорхойлох боломжгүй. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан. тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, АВS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд дээрх тоормосны мөр зам дээр үүснэ. Уг тээврийн хэрэгслийн дугуй нь стандартын шаардлага хангасан байна. Уг тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал зүүн талын хол, ойрын гэрэл нь стандартын шаардлага хангахгүй байна…” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 165-168 дахь тал/,
2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаартай Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 190-191 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Н-гийн яллагдагчаар өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн орчимд “Вива Сити” хотхон орж найз Билгүүнтэй уулзаад гараад хорооллын эцэс орж хүнтэй уулзах гээд “Эрхэс зоос” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Тоёота Приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр урдаасаа хойш Гурвалжингийн гүүрний чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд явж байсан. Намайг Гурвалжингийн гүүрний урд гэрэл дохиотой уулзвар дээр ирэхэд гэрэл ногоон байсан, би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд уулзвараа нэвтрэн чигээрээ явж байсан чинь ертөнцийн зүгээр баруун зүүн чиглэлтэй гэнэт явган хүн гүйгээд гараад ирсэн. Тэр үед би тэр хүнийг харангуутаа өөрийнхөө баруун тийш буюу ертөнцийн зүгээр зүүн тийш жолооны хүрдийг дарсан. Тэр явган зорчигчийг унаж явсан машиныхаа зүүн урд талын гэрлийн хажуу хэсгээрээ мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө хүн дээр очиход 50-55 орчим насны эрэгтэй харуул хамгаалалтын хувцас өмссөн хүн зам дээр доошоо хараад хэвтэж байсан. Би тэр хүнийг хөөе ахаа гэж дуудсан ч хөдлөхгүй байхаар нь түргэн болон цагдаад дуудлага өгсөн. 103 ирээд нөгөө мөргүүлсэн ахад хиймэл амьсгал хийж, тариа хийсэн. Тэр ахыг эмнэлгийн машинд аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 204-205 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 207 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 208 дахь тал/, гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 219 дэх тал/, гэрч С.Ж-НЫ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 220 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Н 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн * дугаар хороо, “***” худалдааны төвийн баруун талын замд “Тоёота Приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон... хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Г-н мөргөж, түүний амь нас хохирсон болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Н-н иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн мэдүүлэг, Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай Мөрдөгчийн магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Н Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон... хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан дээрх заалтыг зөрчсөн байна.
Шүүгдэгч Д.Н хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Д.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Нгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлснийг харгалзан үзлээ.
Гурав. Бусад асуудлын талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3 дахь хэсгийн 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж заажээ.
Иймд хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99.000.000 /ерөн есөн сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нт сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.
Шүүгдэгч Д.Н болон түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хохирол төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулах тухай” хүсэлт гаргаагүй ба шүүх хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Д.Н хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 30.000.000 /гучин сая/ төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Д.Нгээс нийт 69.000.000 /жаран есөн сая/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.
Тус хэрэгт амь хохирогч Л.Г-н Л.Г гэж хоёр янзаар бичигдсэн байгааг дурьдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тодруулж асуусан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан улсын иргэний бүртгэлийн сангийн лавлагаа мэдээлэлээр амь хохирогч Л.Г болохыг тодруулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсаргаж,
шүүгдэгч Д.Нгийн *** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлж,
шүүгдэгч Д.Н цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д-н Н-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар шүүгдэгч Д.Нээс 69.000.000 /жаран есөн сая/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-т олгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Д.Нгийн **** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.
10. Шүүгдэгч Д.Н цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ