| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/03659/И |
| Дугаар | 101/ШШ2021/03252 |
| Огноо | 2021-10-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2021/03252
2021 10 19 101/ШШ2021/03252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 15 гудамж, 540 тоот хаягт оршин суух Их Монгол овогт Жамбалдоржийн Ариунболд -ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 123 дугаар байр, 42 тоот хаягт оршин суух Боржигон овогт Энхийн Гансүх /-д холбогдох,
52,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ганболд, хариуцагч Э.Гансүх, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ч.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0824 тоот Худалдах, худалдан авах гэрээгээр Ж.Ариунболд миний бие улсын 1235 УАЕ дугаартай Мерседес бенз загварын автомашиныг худалдан авагчид шилжүүлэх, Э.Гансүх нь тус автомашины үнэ болох 52,000,000 төгрөгийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн. Миний бие гэрээний үүргээ биелүүлж тус автомашиныг хариуцагч Э.Гансүхэд шилжүүлсэн боловч Э.Гансүх нь автомашиныхаа үнийг одоо хүртэл төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу 0824 тоот худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 52,000,000 төгрөгийг Э.Гансүхээс гаргуулж өгнө үү. Ер нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Анд ноёд ХХК нь Дэвжих төгс ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гэрээ цуцлагдсан. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой мэт боловч худалдах-худалдан авах гэрээтэй ижил. Гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх юм бол Иргэний хуульд зааснаар талууд өгсөн, авснаа буцааж авах үр дагавар үүснэ. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч Э.Гансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энх овогтой Гансүх миний бие Жамбалдорж овогтой Ариунболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2021 оны 6 дугаар сарын 08-ны өглөө намайг гэртээ байхад миний хуурай дүү Дэвжих төгс хийц ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтаншагай над руу утасдаж та завтай байна уу, миний ажил амждаггүй барилгын заслын ажлын төлбөртөө Анд ноёд ХХК-иас автомашин худалдаж авч байгаа юм аа та гэрт зүгээр сууж байхаар очоод авчих гээд 8868-4565 тоот утасны дугаарыг өгсөн. Ингээд миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Соёл вэлнасс төв-ийн ард байрлах Анд ноёд ХХК-ийн байрны гадаа очиж 8868-4565 тоот утасны дугаарт залгахад Ж.Ариунболд гэж хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх эмэгтэй гарч ирээд намайг дагуулж Хан-Уул дүүргийн хойд талд байрлах нотариатын газарт очиж 1235 УАЕ улсын дугаартай авютомашины өмчлөлийг миний нэр лүү шилжүүлж автомашиныг надад өгч явуулсан. Тухайн үед нотариатч эмэгтэй Ж.Ариунболдын төлөөлөгч гэх Энхмишээл гэх хүнээс төлбөр мөнгөө төлж барагдуулсан уу гэхэд автомашины төлбөрөө авсан гэж байсан. Ингээд миний бие 1235 УАЕ улсын дугаартай автомашиныг шилжүүлж авсан өдрөө Б.Алтаншагайд аваачиж өгсөн. Б.Алтаншагай нь машин авсан өдрөөс хойш 14 хоногийн дараа машины нэр шилжүүлнэ та ир гэхээр нь бас очиж автомашины өмчлөлийг өөр хүн лүү шилжүүлж өгсөн болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасан Ж.Ариунболд гэдэг хүнтэй миний бие огт уулзаж, харж байгаагүй бөгөөд надаас ямар учиртай төлбөр нэхэмжилсэнийг ойлгохгүй байна. Мөн миний бие Ж.Ариунболд гэдэг хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар ямар учиртай болох талаар Дэвжих төгс хийц ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтаншагай руу утасдаж лавлахад автомашиныг нь буцааж өгч байгаа гэсэн тайлбарыг өгөөд мөн Ж.Ариунболдтой байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэх ажил гүйцэтгэх гэрээгээ надад өгч шүүхдээ баримтаар өгөөрэй гэсэн. Нэхэмжлэгч Ж.Ариунболд нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой төлбөрийн асуудлаа Э.Гансүх надаас биш Дэвжих төгс хийц ХХК-тай маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зөв гэж үзэж байна.
Ж.Ариунболд, Б.Алтаншагай нарын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд машиныг Б.Алтаншагайд өгсөн. Намайг машиныг очоод шилжүүлж аваач гэхээр нь би авсан. Би зуучлагчийн зүгээс очиж аваад буцаагаад Б.Алтаншагайд өгсөн. Хоёр компанийн хоорондын маргаанд би ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан машиныг нь буцааж шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд төлбөр тооцоогоо шийдэх байх, машин Б.Алтаншагайгийнд байснаараа байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ариунболд, хариуцагч Э.Гансүхэд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 52,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Б.Алтаншагайгийн хүсэлтээр Ж.Ариунболдоос автомашиныг шилжүүлэн авч Б.Алтаншагайд шилжүүлсэн, нэхэмжлэгчээс автомашин худалдан авахаар тохиролцсон, худалдан авсан зүйл байхгүй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хариуцагч Э.Гансүхтэй 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Mercedes Benz S400 загварын 12-35 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 52,000,000 төгрөгөөр худалдсан, автомашиныг хариуцагчид шилжүүлсэн хэмээн тайлбарлаж, мөн өдөр зохигчийн хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.
Хариуцагч, нэхэмжлэгчээс дээрх дурдсан автомашиныг худалдан авахаар тохиролцсон, худалдан авсан зүйл байхгүй, Б.Алтаншагайгийн хүсэлтээр түүний өмнөөс Ж.Ариунболдоос автомашиныг шилжүүлэн авч Б.Алтаншагайд автомашиныг шилжүүлэн өгсөн гэж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэхийг тогтооход талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн эсэх, хэлцэл бодитой хийгдсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдолтой байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээ, хариуцагч татгалзлаа нотолж мэтгэлцсэн, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчийн тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Ариунболд дээрх тээврийн хэрэгслийг хариуцагч Э.Гансүхэд худалдах зорилгоор түүний өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нь уг тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдал тогтоогдохгүй буюу Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасанчлан нэг талын гаргасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр талуудын хүсэл зориг буюу сэтгэхүйн ухамсарт дотоод мөн чанар нь илрэх хэлбэрээрээ харилцан ойлголцсон, нэгдмэл нэг санаа зоригтой болсон байх хэлцэлд тавигдах хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн нөхцөл хангагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нар тухайн нөхцөл байдалд өөр бодол, төсөөллөөр тээврийн хэрэгслийг шилжүүлж, хариуцагч хүлээн авсан тээврийн хэрэгслээ өөр этгээдүүдийн хооронд бий болсон хэлцэл, хүсэл зоригийн илэрхийлэлд нийцүүлэн тодорхой үйлдлийг хийж, тухайн үйлдлийн эрх зүйн үр дагавар, үр шим нь хариуцагчид биш өөр этгээдэд буюу гэрч Б.Алтаншагайд бий болсон байна.
Зохигч гэрээний харилцаа үүсгэх хүсэл зоригийг харилцан тодорхой илэрхийлж, нэхэмжлэгч хэлэлцэн тохирсон хөрөнгийг олгох, хариуцагч уг хөрөнгийг хүлээн авч, тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүрэг үүссэний үндсэн дээр нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг хариуцагчид шилжүүлснээр тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үздэг ба энэ шаардлага хангагдаагүй учир зөвхөн нэхэмжлэгчийн өнөөгийн хүсэл зориг, тайлбар, тээврийн хэрэгслийг шилжүүлсэн хэлцлийг үндэслэж хариуцагчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүрэг үүссэн гэж үзэхгүй, нэхэмжлэгч Ж.Ариунболд, хариуцагч Э.Гансүх нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна.
Энэ нь гэрч Б.Алтаншагайн Бартерийн шугамаар манайд тус 12-35 УАЕ дугаартай автомашиныг шилжүүлсэн. Тухайн үед бартерийн хөрөнгүүдээ өгөхгүй, утас нь холбогдохгүй удаад байсан тул 6 дугаар сарын дундуур бенз маркийн машиныг аваачээ гэхэд нь би хариуцагчтай хамтарч ажилладаг байсан тул түүнийг очоод аваачээ гэж явуулсан ... яаралтай тус машиныг очоод ав гэж хэлэхэд би ажилтай байсан тул Э.Гансүх рүү залгахад тэрээр ойрхон байсан гэсэн тул очоод авчих гэж хэлсэн ... 12-35 дугаартай машин нь одоо надад байгаа, би унаж явах эрхтэй гэх агуулгатай мэдүүлэг өгснийг үнэн зөв гэж үзэх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар гэрчид хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг сануулж, баталгаажуулсан.
Хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд талуудын хооронд бий болсон үйл баримт нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1.-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Ариунболд, гэрч Б.Алтаншагай нарын хооронд тэдгээрийн үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн этгээд буюу хэрэгт нотлох баримтаар авагдсан Анд ноёд ХХК, Дэвжих төгс Хийц ХХК нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Анд ноёд ХХК-ийн зүгээс гэрээний төлбөрт шилжүүлсэн тээврийн хэрэгслийг хариуцагч шилжүүлэн авч Дэвжих төгс Хийц ХХК-д шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан Анд ноёд ХХК-иас 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 21/42 тоот албан бичгээр Дэвжих төгс Хийц ХХК-д хүргүүлсэн мэдэгдлээр давхар нотлогдож байна.
Ажил гүйцэтгэх гэрээний хөлс болох Mercedes Benz S400 загварын 12-35 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Анд ноёд ХХК-иас Дэвжих төгс хийц ХХК-д шилжүүлэх, Дэвжих төгс хийц ХХК ажлын хөлсөнд авсан тээврийн хэрэгслээ бодитоор хүлээн авах нь ач холбогдолтой байснаас бус хэн хүлээн авах, тээврийн хэрэгслийн нэрийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах нь чухал биш гэж үзэхээр буюу мөн хуулийн 210 дугаар зүйлийн 210.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу Анд ноёд ХХК-ийг төлөөлж нэхэмжлэгч Ж.Ариунболд нь ажлын хөлсийг шилжүүлэх үүргээ үүрэг гүйцэтгүүлэгч буюу Дэвжих төгс хийц ХХК-ийн захирал Б.Алтаншагайн заасан этгээдээр дамжуулан гүйцэтгэхээс татгалзаагүй байна.
Түүнчлэн гэрч Б.Алтаншагайн шүүхэд өгсөн мэдүүлгээс дүгнэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн тээврийн хэрэгслийг өмчлөх эрх нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж зааснаар Дэвжих төгс хийц ХХК буюу Б.Алтаншагайд үүсч, эрх зүйн үр дагавар, үр шимийг гэрч Б.Алтаншагай хүртэж хүлээн авсныг нотолж байх тул хариуцагч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш байна.
Иймд хариуцагч Э.Гансүхээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 52,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Ариунболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэн тогтоогдохгүй байх тул хариуцагч Э.Гансүхээс 52,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Ариунболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ