| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0415/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/428 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 26.1.2., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/428
2024 05 27 2024/ШЦТ/428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,
улсын яллагч Д.Батзаяа,
шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Э-н П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** овогт Э-н П /регистрийн дугаар ****/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.П 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод хохирогч Ц.Б-н гар утсыг ашиглаж кибер аюулгүй байдалд нь хууль бусаар халдаж улмаар “Голомт” банкны **** дугаартай дансны интернет үйлчилгээний гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,
мөн хохирогчийн харилцах дансаас 3.511.000 төгрөгийн зарлагын гүйлгээг түүний зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П-н өгсөн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм зүйл хийхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-н хохирогчоор өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 7 цагт П “би фэйсбүүкээр орох гэсэн юм, надад утсаа өгөөч” гэж хэлэхээр нь түүнд гар утсаа өгсөн. Тухайн үед Ж.Б-н гэрт байсан бөгөөд бид нар 8 цагийн үед унтаад сэртэл Ч, П хоёр байхгүй байсан. Би утсаа хайхад утас байгаагүй. Би П руу залгахад “би нойрмоглоод халаасандаа хийгээд аваад явсан байна, орой буцаагаад өгье” гэж хэлээд холбоо тасарсан. 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр миний “Голомт” банкны дансанд байсан 2.015.700 төгрөг дансанд байгаагүй, дансны хуулгаа харахад *** гэх миний данснаас *** дугаарын данс руу 100.000 төгрөгийг, *** данснаас ** гэх данс руу 250.000 төгрөг, 240.000 төгрөг, 350.000 төгрөг, 200.000 төгрөг, 500.000 төгрөг, 40.000 төгрөг, 500.000 төгрөг, 7 удаагийн давтамжтай шилжүүлсэн байсан. *** гэх данснаас *** дугаарын данс руу 300.000 төгрөг, 599.000 төгрөгийг 2 удаагийн давтамжтай, ** данснаас ** гэх данс руу 199.000 төгрөг шилжүүлсэн байсан. Миний данснаас 3.079.000 төгрөгийн зарлага гарсан байсан. *** гэх данснаас 500.000 төгрөг ** гэх данснаас 500.000 төгрөг, ** гэх данснаас 600.000 төрөгийн орлого орох байсан...
Би гар утсаа 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр **-ын 1 давхараас лизенгээр 2.669.000 төрөгөөр авч байсан ба ногоон өнгөтэй “Айфоне 11” маркийн гар утас байсан. Миний утасны кейс өнгөгүй, шилэн наалтны зүүн дээд хэсэгт цуурсан, баруун дээд талд бага зэрэг сэтэрсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-23 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ч-н гэрчээр өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Б бид хоёр Төв аймгаас гараад явж байхдаа Б-тойф холбоо бариад Б-н найз охин Э-н гэрт очсон. Гэрт нь Б, Э нар байсан. Орой болоход Б, Б нар гараад явсан. 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 7 цагийн үед хаалга тогшоод байхаар нь би хаалга онгойлгоход Б, П нар байсан... П-н Б-н Айфоне 11 маркийн гар утсыг “надад утсаа өгч байгаач” гээд гуйгаад байсан. Тэгээд Б бид нар унтаж амарсан. Би 10 цагийн үед сэрээд Э-с гараад 1 цагийн үед гэртээ очсон. Тэр өдрөө гэртээ байж байхад Б над руу яриад П миний утсыг андуураад аваад явсан гэж байна. Миний утсыг аваад өгөөч гэж хэлэхээр нь П-н гэрт очтол гэртээ байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.э-Н гэрчээр өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай гэрт 22 цагийн үед Б-, ч нар ирсэн. Тухайн үед манай гэрт би болон манай найз залуу Б- нар байсан. Манайд Б-, Ч ирээд хоол идэж байгаад 2 цагийн үед Б-, Б- нар гарсан. Тухайн үед манайд Ч үлдсэн. Өглөө 7 цагийн үед буцаад П-той хамт Б-, Б- нар ирсэн. Би тухайн үед хальт сэрэхэд П-, Б-, Б- нар нэг өрөөнд байсан. П- Б-ийн утсыг оролдож байсан. Өдөр 14 цагийн үед П-, Ч нар байгаагүй. Ч өмнөх өдөр эрт явна гэж ярьж байсан. П-ийг яагаад яваад өгснийг мэдэхгүй. Б- босоод утсаа хайхад гэрт нь байгаагүй. Миний утсаар өөрийн утас руу залгахад П- утсыг нь удахгүй өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 39 дэх тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дэх тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.П- 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод хохирогч Ц.Б-ийн гар утсыг ашиглаж кибер аюулгүй байдалд нь хууль бусаар халдаж улмаар “Голомт” банкны *** дугаартай дансны интернет үйлчилгээний гүйлгээний нууц үгийг өөрчилсөн, мөн хохирогчийн харилцах дансаас 3.511.000 төгрөгийн зарлагын гүйлгээг түүний зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Б-, гэрч О.Ч, Б.Э- нарын өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Э.П- 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ц.Б-ийн гар утсыг ашиглан банкны нэвтрэх нэр, нууц үгийг өөрчлөн харилцах дансаас нь 3.511.000 төрөгийн зарлагын гүйлгээг түүний зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн дээрх шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Харин шүүгдэгч Э.П- хохирогч Ц.Б-ийн гар утсыг ашиглаж түүний “Голомт” банкны данс бүхий интернэт банк ба түүний үйлчилгээ нь гагцхүү тухайн хохирогчийн хувьд цахим төхөөрөмж, интернэтийн сүлжээ ашиглан, нууц кодоор нэвтэрч ашиглагдах мэдээллийн сүлжээ буюу “компьютерын өгөгдөл, систем”-ийн нэг төрөл болох бөгөөд шүүгдэгч Э.П- нь тус хохирогчийн цахим мэдээлэлд буюу кибер орчинд хууль бусаар халдаж, нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч Э.П- 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 47 дугаар байрны 83 тоотод хохирогч Ц.Б-ийн гар утсыг ашиглаж кибер аюулгүй байдалд нь хууль бусаар халдаж улмаар “Голомт” банкны **** дугаартай дансны интернет үйлчилгээний гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,
мөн хохирогчийн харилцах дансаас 3.511.000 төрөгийн зарлагын гүйлгээг түүний зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлсан болох нь нотлогдон тогтоогдсон бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд прокуророос Э.П-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Э.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.П-ийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.П-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж, нийгмийн аюулын шинж, хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.П-ид оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Гурав. Бусад асуудлын талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хавтаст хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 39 дэх тал/ авагдсан байх боловч хохирогч У.Б-ийн “...Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол, санал байхгүй, хохирол төлбөрөө бүрэн хүлээн авсан...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 106 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Э.П-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Э.П- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э-н П-ийг “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэг,
үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.П-ид оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэх нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлар ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ийг өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Э.П- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ