| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/03828/И |
| Дугаар | 101/ШШ2021/03352 |
| Огноо | 2021-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2021/03352
2021 10 25 101/ШШ2021/03352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/ 63 тоотод оршин байрлах Азифарма ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 100 айл, 6-12 тоот хаягт оршин байрлах Оюутфарм ХХК-д холбогдох,
Алданги 5,943,423.37 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Номин, өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагч Оюут фарм ХХК-ийн захирал П.Энхнаран, нягтлан бодогч Б.Нараа, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Азмфарма ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Номин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан УА/20/99 тоот Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй учир төлбөрийн үлдэгдэлд 17,710,820 төгрөг, алдангид 5,943,423.37 төгрөг, нийт 23,654,243.77 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Талууд 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн. Энэ хугацаанд хариуцагч төлбөрийг төлөөгүй.
Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хариуцагч төлбөрөө төлсөөр байгаад 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр харилцан тооцоо нийлж, хариуцагч 9,540,075.4 төгрөгийг төлсөн. Алдангийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжилсэн. Тухайн үед гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 24,741,000 төгрөг байсан. Үүнд гэрээнд заасан 0,5 хувийн алданги тооцож нийт 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 5,943,423,037 төгрөгийн алданги болсон байсан. Хариуцагч үндсэн төлбөрөө бүрэн төлсөн тул 17,710,820 төгрөгийн шаардлагаас татгалзан багасгаж, хариуцагчаас алданги 5,943,423 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч Оюут фарм ХХК шүүхэд болон тус компанийн захирал П.Энхнаран, нягтлан бодогч Б.Нараа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлэхдээ нягтлан бодогчтой бус мэргэжлийн бус хүн захиралтай холбогдон гарын үсэг зуруулсан нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаар байж боломжгүй үйлдэл гэж харж байна. Манай захирал санхүүгийн мэдлэг дутмаг гэдгийг нэхэмжлэгч тал ашиглаж, бөмбөгөр салбар дээр байхад нь тооцоо нийлсэн актад гарын үсэг зуруулсан байсан. Цар тахалтай үед үйл ажиллагаа доголдож байсан. Манайх жижиг эмийн сан бөгөөд боломжоороо төлбөрөө сар бүр төлөхийг хичээж байсан.
Гэрээнд алдангийн талаар байгаа. Гэхдээ дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлыг харж үзээд бууруулж өгөх байх гэж найдаж байна. Бид огт төлөхгүй гэж хэлээгүй. Нэхэмжлэгч талд төлбөр төлсөн бүрт и-баримт шивж өгөх байтал тэгдэггүй. Ийм байж гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гомдолтой байна. Алдангийг төлөхөд бид хэцүү санагдаж байна. Эмийн сангийн үйл ажиллагаа зогсоогүй хэдий ч орлогын байдал, эм зүйчийн цалин, түрээс зэргийг тооцохоор хасах баланстай байгаа. Манай эмийн санг жижиг гэж ялгаварлан гадуурхалгүйгээр биднийг харж үзнэ үү, цаашид бидний харилцаа хэвээр байсаар байна шүү дээ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Азифарма ХХК, хариуцагч Оюут фарм ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 17,710,820 төгрөг, алданги 5,943,423.37 төгрөг, нийт 23,654,243.77 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тооцоо нийлж, хариуцагчийн төлбөл зохих 9,540,075.4 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан талаар зохигч тайлбарлаж байна. Талууд алдангийн хэмжээний талаар маргаж, хариуцагч алданги төлөхөөс татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчийн хооронд УА/20/99 тоот Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдан нэхэмжлэгчийн захиалгаар худалдан авсан барааг нийлүүлэх, хариуцагч гэрээнд заасан бараа, бүтээгдэхүүнийг захиалгаар худалдан авч, зохих үнийг төлөх үүрэг хүлээжээ. Талууд гэрээний хэрэгжилтийг дүгнэн 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдөр тооцоо нийлж хариуцагчийн төлбөл зохих дүн, барааны үнийг хугацаандаа төлөөгүй бол алданги төлөхөөр заажээ. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээнд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 17,710,820 төгрөгийн шаардлагаас хариуцагчийн төлбөл зохих барааны үлдэгдэл үнийн талаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцоо нийлж, хариуцагч 9,540,075.4 төгрөгийг төлж барагдуулжээ.
Хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 24,140,075.40 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, тус өдрөөс эхлэн 08 дугаар сарын 31-ны өдрийн хугацаанд хариуацагчийн төлбөл зохих алдангийг нэхэмжлэгч тооцож 5,943,423.37 төгрөгийн алдангийг төлүүлэхээр шаардлага гаргажээ. Хариуцагч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 08 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг төлж, алданги тооцсон хугацаанд өөр төлбөр төлөөгүй, энэ талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгчийн алданги тооцсон тооцоолол бодитой байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн ба талууд УА/20/99 тоот Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээний 3.14, 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаанд мөн төлбөрийн хугацааг хэтрүүлбэл хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр заажээ. Хариуцагчийн зүгээс Ковид-19 цар тахлын улмаас эмийн сангийн үйл ажиллагаа доголдсон, барааны үнийг боломжит үедээ төлж ирсэн ба үлдэгдэл төлбөрийг бүрэн төлсөн зэргийг харгалзан үзэхийг хүсч алданги төлөхөөс татгалзжээ. Хариуцагчийн татгалзлаа илэрхийлсэн тайлбар нь хэргийн нөхцөл байдалтай уялдсан гэж үзэхээр, мөн дэлхий дахинд нүүрлэж буй цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө, бизнес эрхлэгчдийн төлбөрийн чадварт нөлөөлж буйг харгалзан нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилж буй 5,943,423 төгрөгийн алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар 2,377,369 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 3,566,053 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Тооцооллын хувьд багасгаж буй 2,377,369 төгрөгийн алданги нь 5,943,423 төгрөгийн 0.2 хувь, хариуцагчаас гаргуулж буй алданги 3,566,053 төгрөг нь мөн 5,943,423 төгрөгийн 0.3 хувь болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 14,640,075 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, энэ үндэслэлээр нэхэмжлэгч шаардлагаа багасгасан, хариуцагчийн хариуцахгүй гэж тайлбарласан 3,081,670 төгрөгийг нэхэмжлэгч шаардаагүй байна. Шүүх хариуцагчаас 3,566,053 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагчийн төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн дүнг 18,206,128 төгрөгөөс тооцох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Оюутфарм ХХК -иас 3,566,053 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Азифарма ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,377,369 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,221 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Оюутфарм ХХК-иас 248,980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Азифарма ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ