Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/430

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          05         27                                      2024/ШЦТ/430

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа,  

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Б-ны Э--г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч  Б.Э 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” баарны ариун цэврийн өрөөнд Ч.Ё-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э-ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сард найз Ц-той хамт “С” гэх бааранд ороод нойлд ороход нэг хүн намайг араас түлхэж унагаасан. Энэ үед би мөрөөрөө эвгүй унасан. Эргээд хартал тэр хүн угаалтуурын тэнд зогсож байсан. Би тэр ахтай маргалдаж бие биенээ цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

            Хохирогч  Ч.Ё-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 00 цагийн үед Г-н хамт Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд орсон. Бааранд орохын өмнө найз бид 2 бага зэрэг уучихсан халамцуу байсан ба бааранд ороод манай найз бид 2 нэг, нэг шил пиво захиалж уусан. Тэгээд нойл ороод гараа угаагаад зогсож байтал үл таних хүн миний араас толгой хэсэг рүү цохисон, яг юугаар цохисон гэдгийг хараагүй. Цохиулаад газар унахад миний толгой дээрээс тэр хүн олон удаа дэвссэн. Тэр үед нойлд байсан танихгүй хүмүүс тэр хүнийг болиулаад баарны хамгаалагч нар ирсэн... Би Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд тархи цууралттай гэж хэлсэн. Би эмнэлэгт үзүүлсэн болон эм тарианы мөнгөө нэхэмжилнэ. Өөрөөр сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг үнэлүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 24-27 дахь тал/,

 

           Иргэний нэхэмжлэгч С.с-Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” баарны ариун цэврийн өрөөнд Ч.Ё- бусдад зодуулсан гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ё- эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндинй даатгалын сангаас 120.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан дахь дансанд төлүүлж өгнө үү...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, 

 

          Иргэний нэхэмжлэгч С.г-Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сард найз З-той 10 дугаар хорооллын орчим уулзаад пиво уухаар болж “С” бааранд орж суусан. Зундуй-Ёндон нойл орно гэж явчихаад удаад байхаар нь араас нь очтол толгойноос нь цус гарчирсан нойлд нүүр, гараа угаагаад байж байсан. Би юу болсон талаар асуухад нэг бацаан орж ирээд зодчихлоо гэж хэлсэн. Би хаана байгаа талаар нь асуухад мэдэхгүй гэж хэлэхээр нь үйлчлэгчээс манай найзыг зодсон хүн хаана байна гэж асуухад буйдан дээр найзуудтайгаа сууж байгаа гэж хэлсэн. Би явж очоод яагаад манай найзыг зодсон талаар нь асуухад ойлголцохгүй хэрүүл хийгээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хрэгийн 40 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Ч.Ё-гийн биед баруун зулайн ясны гадна кортексийн ялтаслаг хугарал, баруун хацар ясны нумны хоёрлосон зөрүүтэй хугарал, эрүүний баруун талын салаанд зөрүүгүй хугарал, баруун талын хоншоорын хөндийн урд болон арын хануудад цөмөрсөн зөрүү хугарал, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны зөрүүтэй цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт нүүрний баруун тал болон баруун зулай чамархайн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

 

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, хохирол төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 76 дахь тал/, шүүгдэгч  Б.Э-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 60 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дахь дэх  тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Э- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгчийн “...хохирогч Ч.Ё-гийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан төлбөрийг гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Э-аас 109.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Э- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О овогт Б-ны Э-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай. 

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-аас 109.000 /нэг зуун есөн мянга/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

6. Шүүгдэгч Б.Э- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ