| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/02752/И |
| Дугаар | 101/ШШ2021/03473 |
| Огноо | 2021-11-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2021/03473
2021 11 01 101/ШШ2021/03473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 байр 4 тоотод оршин суух, Жүгэ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, парксайд төв а байрны 2 давхарт оршин байрлах Юна күзин ХХК-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 39,270,690 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бахархал, хариуцагчийн төлөөлөгч Я.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жүгэ ХХК-ийн төлөөлөгч Ц.Бахархал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь өөрсдийн үйлдвэртээ мах ангилж, ангилсан махаа Шимт мах нэртэйгээр худалдаанд гаргадаг бөгөөд аж ахуйн нэгж байгууллагуудад худалдах, Max бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу дараа сарын 15-ны дотор тооцоо нийлж хамтран ажилладаг болно. Манай харилцагч байгууллага болох сүлжээ Юна ресторан нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс манай компанитай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдрүүдэд Юна Күзин ХХК, Иная ХХК, Юна рояал кастл ХХК-иуддаа худалдан авсан ангилсан махныхаа тооцоо, өр төлбөр нийт 83,000,000 төгрөг болсон бөгөөд түүнийгээ төлж барагдуулахгүй өнөөдрийг хүртэл хойшлуулсаар ирсэн болно. Ковид-ийн нөхцөл байдлын үед манай компанитай и-мэйлээр харилцаж байсан бөгөөд захирал Д.Сарангуа-н saraa [email protected] и-мэйл хаягт дээрх 3-н сүлжээ рестораны нийт худалдан авалтын тоо хэмжээ, өгөх ёстой өрийн үнийн дүнг тодорхой бичсэн мэйлүүд/шуудан ирсэнийг хавсаргав. Тухайн үед манай компани тодорхой хэмжээнд харж үзэн графикт хугацаа гарган хүргүүлж байсан боловч тухайн төлбөрөө төлөхгүй Ковид-оор аргацааж илтэд зугтааж байх тул аргагүйдэж шүүхэд хандаж байна. Үүнээс Юна Күзин ХХК нь нийт 26,180,460 төгрөгийн борлуулалтын үлдэгдэл өртэй бөгөөд Max бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний 5.3, 5.5, 8.2 заасны дагуух нийт алданги 29,411,766 төгрөг болсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг баримтлан алдангид 13,180,460 төгрөгийг нэмэгдүүлэн 39,270,690 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар Юна Күзин ХХК-иар гаргуулан Жүгэ ХХК-нд өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Юна күзин ХХК-ийн төлөөлөгч Я.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юна күзин ХХК нь Жүгэ ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Max бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. Гэтэл давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл буюу Монгол Улсад коронавирусийн дотоодын анхны халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл тооцвол нийт 4 удаагийн хөл хорионд 3 cap орчим, түүнчлэн халдвар тархах эрсдэлтэй аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудыг ажиллуулаагүй. Энэхүү хугацааг тооцон маш урт хугацаанд огт ажиллаагүй ба ажилласан хугацаандаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үйлчлүүлэгчид нийтийн хоол, тэр тусмаа Солонгос хоолны ресторанаар үйлчлүүлэхээс татгалзаж, үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхгүй өдөр тутмын орлогоо татвар, түрээс, банкны зээл, ажилчдын цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэгт төлж асар хүнд байдалд байсаар Жүгэ ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн.
Талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур бий болсон Covid-19 цар тахал гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлд саад учруулж, биелүүлэх боломжгүй болгосон бөгөөд ковидоор аргацааж, зугтсан зүйл байхгүй гэдгийг дурьдах нь зүйтэй. Жүгэ ХХК-тай байгуулсан Max бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний 10.1-т Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулж болно гэж заасан. Үүний дагуу Юна Күзин ХХК 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Жүгэ ХХК-д цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор А-71/20 дугаартай Төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт явуулж байсан бөгөөд Жүгэ ХХК-иас дээрх хүсэлтийн хариуг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн. Ингэхдээ 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлбөрөө эцсийн байдлаар төлж барагдуулах талаар мэдэгдсэн тул манайхаас төлбөр барагдуулах хугацааг хойшлуулж 2021 оны 04 сард 8,726,820 төгрөг, 05 сард 8,726,820 төгрөг, 06 сард 8,726,820 нийт 26,180,460 төгрөгийг төлж барагдуулах талаар хүсэлтээ дахин илгээж байсан.
Гэвч 2021 оны 04 дүгээр сарын 10-наас 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор үйл ажиллагаа зогсож үүргээ биелүүлж чадаагүй. Жүгэ ХХК гэрээний үлдэгдэл төлбөрт 26,180,460 төгрөг, алданги 13,180,460 төгрөг нийт 39,270,690 төгрөгөөс 26,180,460 төгрөгийг бол төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин алдангийг төлөх боломжгүй байгаа. Хөл хорионы хугацаанд бүх рестораныг хааж байсан тул үүргээ биелүүлж чадаагүй. Бид эвлэрэх саналыг нэхэмжлэгч талд удаа дараа тавьж байсан. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Цар тахлаас шалтгаалсан хөл хориог шат дараатай нээсэн ч гэсэн ард иргэд ресторанаар үйлчлүүлэх нь багассанаас болж орлого буурч, гэрээг биелүүлж чадаагүй юм. Нэхэмжлэгчийн яриад байгаа мэйлийг бид хүлээн аваад, хариудаа төлөх хугацааг хойшлуулах боломж байна уу гэж бичсэн, гэхдээ хариу ирээгүй тул бид зөвшөөрсөн гэж ойлгосон. Гэрээний үйлчлэх хугацаа хойшлосон, түүнчлэн covid-19 цар тахлын нөхцөл байдал арилаагүй байгаа тул Жүгэ ХХК-иас тооцсон 13,180,460 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жүгэ ХХК, хариуцагч Юна күзин ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 26,180,460 төгрөг, алданги 13,090,230 төгрөг, нийт 39,270,690 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч үндсэн төлбөр 26,180,460 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, алданги 13,090,230 төгрөгийн шаардлагаас татгалзаж, гэрээний 10.1-д зааснаар давагдашгүй хүчин зүйлийн буюу Ковид-19 цар тахлаас болж үйл ажиллагаа хаагдсан, зогссон гэх тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчийн хооронд 01/Б202004 тоот Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан, гэрээний 1.1-д зааснаар нэхэмжлэгч нь чанарын шаардлага хангасан мах бэлтгэн нийлүүлэх, хариуцагч үнийг төлөх үүрэг хүлээжээ. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээнд хамаарах бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 39,270,690 төгрөгийн шаардлагаас 26,180,460 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн, алданги 13,090,230 төгрөгийн шаардлагаас татгалзсан. Нэхэмжлэгч тал алдангийн тооцооллыг гаргасан тайлбарыг шүүхэд баримтаар гаргасан бөгөөд хариуцагч талын төлбөл зохих гурван удаагийн төлбөрийг тус тусад нь тооцон нийт 29,411,766.05 төгрөг болж, үүнээс хуульд нийцүүлэн гэрээний үлдэгдэл дүнгийн 50 хувиар тооцон 13,090,230 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар алданги тооцсон гэрээний нөхцөлийн талаар гэрээний 5.3, 5.4.2, 5.5-д заасан нь хуульд, мөн хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй дүн 26,180,460 төгрөгийн 50 хувиар тооцон 13,090,230 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцжээ.
Зохигчийн хооронд байгуулсан 01/Б202004 тоот гэрээний 10-р зүйлд давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл арилтал хойшлуулж болно, энэ талаар нөгөө талдаа даруй мэдэгдэнэ, гэрээний үүргийн гүйцэтгэл 1 сараас дээш хугацаагаар хойшилбол гэрээг цуцалж болно гэж заажээ. Хариуцагчийн зүгээс тухайн нөхцөлийг үндэслэн хариуцагчийн үйл ажиллагааны чиглэл болох ресторан, хоолны газрын үйл ажиллагаа Ковид-19 цар тахлын улмаас зогссон, төрийн байгууллагын шийдвэрээр хаагдан хязгаарлагдсан зэргээр алдангийн шаардлагаас татгалзсан ба татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд баримтаар гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болох нийтийн хоолны салбарыг Ковид-19 цар тахлын нөлөөгөөр төрийн байгууллага ямар хугацаагаар ажиллуулахыг хориглосон, хязгаарласан болон тус хориглолтод хариуцагчийн ямар нэртэй ресторан, хоолны газар хамаарч байгааг баримтаар нотолж, тодорхой цаг хугацааны дарааллаар тайлбарлаагүй, энэ тухай баримтыг гаргаагүй. Иймд хариуцагчийн энэ талаархи татгалзлыг үндэслэл бүхий гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан бөгөөд хариуцагчийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Юан күзин ХХК нь Цайны газар, Кофе шоп-ын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг болохыг заасан байна. Хариуцагч тал Ковид-19 цар тахал гарч, дотооддоо халдварыг алдсанаас хойш компани үйл ажиллагаагаа тогтмол эрхлээгүй, хязгаарлалтад орсон гэж тайлбарласан бөгөөд Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дотоодод анхны халдвар кластер голомт хэлбэрээр бүртгэгдсэнээр төрийн байгууллага, хувийн хэвшлийн үйл ажиллагааг тодорхой хязгаарлалт, дэглэмд шилжүүлсэн нь нийтэд илэрхий үйл баримт юм.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлаас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 онд баталж, хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тус хуулийн 141 дүгээр зүйлд заасан алдангийн хэмжээг тогтоосон хэмжээ, мөн хэргийн нөхцөл байдлыг харьцуулан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар дараахь байдлаар алдангийг бууруулав. Дээрх хязгаарлалт, хөл хорионы улмаас хувийн хэвшлийн үйл ажиллагаа тодорхой цагийн хязгаарлалтай, үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчийн тоогоо хязгаарлан ажиллаж байгаа нь орлого багасах, тасалдах шалтгаан болж байгааг харгалзан зохигчийн хооронд байгуулсан 01/Б202004 тоот гэрээний 5.5-д заасан алдангийн хэмжээг 0.5-иас 0.3 хувь болгон тооцов. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар үйл ажиллагаа нь хувийн хэвшилд хамаардаг, үйл ажиллагаанаасаа олсон орлогод түшиглэн өөрийн нэрээр бусдын өмнө эрх, үүргээ хэрэгжүүлдэг хуулийн этгээд тул Коронавируст /КОВИД-19/ цар тахлын цаг үед үйл ажиллагаагаа явуулж буй зохигчийн аль нэгэнд хэт давуу байдлыг бий болгохгүй, нөгөө талын эрхийг хэт хөндөхгүй гэж үзэв.
Алдангийг багасган тооцсон дээрх 0.3 хувиар тооцоход хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийн 32 хоногт тооцогдох 6,188,499 төгрөгт 594,095 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар 15-ны өдрийн 30 хоногт тооцогдох 20,383,350 төгрөгт 1,834,501 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 194 хоногт тооцогдох 26,180,460 төгрөгт 15,237,077 төгрөг, нийт 17,665,623 төгрөг төлөхөөр байгааг хуульд нийцүүлэн нэхэмжлэгчийн шаардсан 13,090,230 төгрөгийн хэмжээгээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Юна күзин ХХК -иас 39,270,690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жүгэ ХХК -д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,303 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Юна күзин ХХК-иас 354,303 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жүгэ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ