Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/530

 

 

 

 

   

 

 

 

    2024           06           20                                    2024/ШЦТ/530

                                                                                           

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энхтайван хөтлөн,

улсын яллагч Н.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Н.Г-,

шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Т-н Э-, Б овогт Н-н Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт **-ын Э- /регистрийн дугаар ****/,

 

Монгол Улсын иргэн, Б овогт Н-н Г /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.Э- 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” банкны гадна иргэн З.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Н.Г- 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” банкны гадна иргэн С.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Г- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г- “...Би хохирогчийг зодоогүй. Тухайн үед цагдаа дээр очиход хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ, торгоод өнгөрнө, өөр асуудал гарахгүй гэж хэлсэн учраас энэ асуудлаас хурдан салахын тулд би хэрэг хийсэн гэж хэлж байсан. Би салгах гэж л очсон...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э-гийн “...Намайг хальт харахад Х- Г-тай зууралдчихсан байсан. Д.Г-, С.Х- нар зууралдсны дараа Д.Т, З.Н- нар зууралдаж байхаар нь би тэднийг салгах гэж байгаад З.Н-ыг цохисон. Тэгээд бид нар 2 талдаа гараад цагдаа хүлээсэн. Удалгүй цагдаа ирсэн. Тэр үйл явдал болсны дараа Х- надад миний хамар хугарчихсан байна гэж хэлсэн. С.Х- 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Солонгос Улс руу явсан...” гэх мэдүүлэг, 

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

           

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хавтаст хэргийн 12 дахь тал/, Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14 -15 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Х-ийн насанд хүрээгүй хохирогчоор өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед найз Д.Т-, Т.Э-, Х.Т, Г.Б нарын хамт Баянгол дүүргийн * дугаар хороо *** дугаар хороололд байх “***” банкны баруун талд байж байсан чинь үл таних 3 эрэгтэй бид тавыг дуудсан. Би найз Д.Т-н хамт үл таних 3 залуу дээр очих үед үл таних /Н-/ нэг залуу нь надад хандаж “ах нь бөөлжих гэсэн чинь болохгүй байна, миний нуруун дээр дараад өгөөч гэж хэлэхээр нь би үл таних хүнд хандаж “бид нар гэртээ харих гээд яараад байна гэж хэлсэн. Гэтэл Т.Э-, Х.Т, Г.Б нар араас ирсэн. Үл таних /Н-/ залуу надад хандаж “биеэ үнэлдэг юм уу, хэдээр явдаг юм” гэж хэлэхээр нь би найзууддаа хандаж согтуу хүнтэй юу ярих уу, явъя гэж хэлээд найзуудын хамт эргээд явж байсан чинь хамт явсан туранхай саравчтай малгай өмссөн залуу нь дуудаад байсан. Найз Х.Т цагдаагийн байгууллагад дуудлагад өгч байсан чинь туранхай саравчтай малгай өмссөн залуу нь найзыг заамдах үед Д.Т- салгах гэсэн чинь нөгөө нэг залуу нь Т-г бариад авсан. Би салгах гээд очих үед Д.Т-г барьсан залуу миний хамар хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би тэр залуугийн цээж хэсэг рүү нь хөлөөрөө жийсэн. Тэр залуу хүрч ирээд надтай зууралдсан. Тэгээд би зуурч байгаад болъё гэж хэлээд болиод цагдааг хүлээсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.

Миний хамар хугарсан толгой өвдөж байна. Өвдөг хэсгээр өвдөж байна. Үл таних 3 хүний гомдол гаргасан З.Н- болон туранхай, саравчтай малгайтай залуутай хамт явсан залуу нь намайг зодсон. Нөгөө 2 найз нь зодоогүй. Миний эрүүл мэндэд халсан залуу нь нөгөө 2 залуугаасаа том биетэй хүн байсан. Намайг бүлэглэж зодсон зүйл байхгүй.

90-100 кг жинтэй, 180 см орчим өндөр, хар өнгийн богино халимаг үстэй, бор царайтай, хар өнгийн малгайтай цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай хүн байсан. Би тэр хүнийг харвал танина. Үл таних 3 залуу архи согтууруулах ундаа их уусан байсан.

З.Н- гэх хүн бид нарыг дуудаад очих үед түүний нүд хавдсан байсан. Манай найз Д.Т-, З.Н- гэх хүнийг хавсарч унагаагаад гар дээр нь дарсан байсан. Д.Т-, З.Н- гэх хүнийг цохиж байхыг би хараагүй. Өөр хүн З.Н- гэх хүний эрүүл мэндэд халдаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд З.Н-ын хохирогчоор өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 11 цагийн орчимд 10 дугаар хорооллын “ХААН” банкны баруун талд би бөөлжих гээд зогсож байтал хажуугаар явсан 5 залуу хүрээд ирэхээр нь ахынхаа нуруун дээр дараад өгөөч гэж гуйсан. Тэгсэн чинь нэг тамхи өгчих ах гэхээр нь би надад тамхи байхгүй байна гэж хэлсэн. Гэтэл муу арчаагүй хөгшин банди гэж хэлээд цаашаа алхсан. Тэгэхээр нь би араас нь арчаагүй бацаан нар вэ гэж хэлсэн. Тэр залуучууд хүрээд ир, нааш ир гээд баруун талын хайлсан хашааны буланд очиж зогсоод дуудахаар нь би нуруун дээр маань дарж өгөх гэж байгаа юм байх гэж бодоод очсон чинь шууд намайг үгийн зөрүүгүй хавсарч унагаагаад нүүр болон толгой хэсэг рүү өшиглөсөн. Яг тэр үед манай 2 найз болох Н.Г- болон Б.Б- нар ирээд салгасан. Тэгээд салгаад босоод ирсэн чинь тэд нар өөдөөс оволзоод байсан, би юу ч дуугараагүй, би хэлээрээ шүдээ тэмтэрсэн чинь үүдэн 2 шүд маань уначихсан байсан. Би тэд нарт хандаад ахын дүү нар одоо болио гэсэн чинь үг авахгүй оволзоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Хохирогч З.Н-ын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дахин өгсөн: “...Н.Г-, Б.Б- бид гуравын зүгээс С.Х-ийн биед халдсан зүйл байхгүй. 180 сантиметр өндөртэй, 90 килограмм жинтэй нь бол Н.Г- байгаа. Миний өндөр 165 сантиметр, жин маань 93 килограмм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 195 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Т-н гэрчээр өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн үед найз С.Х-, Э-, Х.т, Г.Б нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10  дугаар хороололд байх “***” банкны  баруун талд явж байсан чинь үл таних 3 эрэгтэй бид тавыг дуудсан. Би найз С.Х-ийн хамт үл таних 3 залуу дээр очих үед Н- гэх залуу нь С.Х-т хандаж ах нь бөөлжих гэсэн чинь болохгүй байна, миний нуруун дээр дараад өгөөч гэж хэлэхээр нь С.Х- үл таних хүнд хандаж “бид нар гэртээ харих гээд яараад байна, чадахгүй” гэж хэлсэн чинь Т.Э-, Х.Т, Г.Б нар араас ирсэн. З.Н- гэх залуу Х- бид хоёрт хандаж “бие ээ үнэлдэг юм уу, хэдээр явдаг юм” гэж хэлэхээр нь үгүй гэж хэлээд явж байсан чинь хамт явсан туранхай, саравчтай малгай өмссөн залуу нь бид нарыг дуудаад байсан. Найз Х.Төгөлдөр цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан чинь туранхай саравчтай малгай өмссөн залуу нь найзыг заамдах үед би салгах гэсэн чинь туранхай саравчтай малгай өмссөн залуу Х.Т-г тавиад намайг бариад авсан. Х.Т-тэй зуурсан залуу намайг барьж аваад татаж байсан чинь С.Х- салгах гээд ирсэн. Энэ үед нөгөө 2 залуутай хамт явсан үл таних залуу нь С.Х-ийн толгой нүүр хэсэг рүү нь цохиж харагдсан. Үл таних /Н-/ нэг залуу нь над дээр хүрч ирээд зодоон хийх гээд байхаар нь түүнийг хол бай гэж хэлсэн чинь дайраад намайг цохих гэсэн. Би түүнээс бултаад түүнийг хавсрах үед бид 2 хамт унасан. Тэгээд тэр залуу намайг зуураад байхаар нь Т.Э- хүрч ирээд салгасан. Тэгээд удалгүй цагдаагийн машин ирж байхыг хараад үл таних /Н-/ нэг залуу нь миний шүд хугалчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ийн гэрчээр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед найз Н.Г-, З.Н- нарын хамт Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анархан” нэртэй пабд ороод 700 граммын нэг шил архи хувааж уугаад 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 23 цаг өнгөрч байх үед тус газраас гарахаар болоод би тооцоо хийх гээд үлдсэн. Найз З.Н- түрүүлж гараад түүний араас Н.Г- гарч байгаа харагдсан. Тэгээд тооцоо хийгээд би араас нь гарсан чинь найз З.Н-тай үл таних 5 хүүхэд хэрүүл маргаан хийгээд түүний хажууд Н.Г- зогсож байсан. Тэр хүүхдүүд маргаж байгаад харанхуй булан руу ороод бид 3-ыг дуудсан. Бид 3 дуудаад байхаар нь очих үед үл таних 5 хүүхэд барилцаж аваад бужигнаж байсан. Энэ үед З.Н- хүрч ирээд цагдаа дуудсан талаар хэлсэн. Яагаад цагдаа дуудсан талаар асуух үед миний 2 шүд хугарчихлаа гэж надад хэлсэн. Тэр хүүхдүүдтэй хэрүүл маргаан хийж байх үед цагдаа ирсэн...

Тухайн өдөр би хар куртиктай жинсэн өмдтэй, хар өнгийн уулын гуталтай  байсан. Тэр хоёрыг ямар хувцастай байсныг би санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

 

Б.Б-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр дахин өгсөн: “...Г-, Н- бид гуравын хэн ч Х-ийн биед халдаагүй. 180 сантиметр өндөртэй, 90 килограмм жинтэй гэвэл Г- байгаа. Би 173 сантиметр орчим өндөр гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Х-н гэрчээр өгсөн: “...Тэр өдөр Э-гийн төрсөн өдөр болоод бид нар тоглоомын газар тоглоод гарч ирээд 10 дугаар хорооллын автобусны буудал руу явж байх замд тэр хавийн нэг пабаас согтуу хүмүүс гарч ирээд дуудаад байсан. Нэг мэдсэн араас хүрч ирээд манай хэн нэг найзтай юм ярьж байсан. Би найзуудаасаа түрүүлээд урд нь явж байсан болохоор байдал бишдэх юм байна гэдгийг мэдээд тэр дор нь цагдаад дуудлага өгсөн. С.Х-ийг өндөр биетэй нэг ах гэнэт цохих шиг болсон. Тэр үед цохиулсан найзаа анзаарсан болохоор бусад зүйлийг нь анзаараагүй. Тэр хоёрыг салгаад эргээд хартал Г.Б-н хувцасыг нэг ах аваад тайлаад шууд зам руу шидсэн гэдгийг тод санаж байна. Г.Б шалдан явж байсан, туслах замын голоос очиж хувцасаа авсан. Цагдаа дуудсан байсан болохоор 2 талд хүлээгээд байж байсан. С.Х-ийн биед халдсан хүн нөгөө 2 залуугаасаа өндөр биетэй  байсан. Тэнд өндөр нэг, намхан махлагдуу нэг ах, туранхай нэг ах байсан. Энэ гурваас өндөр нь С.Х-ийн биед халдаж цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б-н гэрчээр өгсөн: “...Тэр өдөр Т.Э-гийн төрсөн өдөр болоод би С.Х-, Т.Э-, Д.Т-, Х.Т бид нар харьцгаах гээд 10 дугаар хорооллын “***” банкны тэр хавиар алхаж явтал 3 согтуу ах тэр хавийн пабаас гарч ирсэн. Манай найзуудыг дуудаад байсан. Би найзуудынхаа хойно нь явж байсан. Дуудахаар нь хэн очсоныг санахгүй байна. Нэг хоёроороо цувж очсон. Би ардаас нь очсон чинь манай нэг найз /хэн гэдгийг нь мартсан байна/ тэр 3 танихгүй ахтай уулзаж байсан. Намайг дөнгөж тэд нар дээр очиход нөгөөдүүл тэндээс хөдлөөд цаашаа явж байсан. Гэтэл дахиад араас тэр 3 ах дуудсан. Бид нар тоохгүй үргэлжлүүлээд цааш алхсан чинь араас тэр гурав хүрч ирээд бацаанууд минь энэ тэр гээд байсан. С.Х- найз маань “яасан бэ, ахаа бид нар харих гээд байна” гэж хэлсэн чинь нэг өндөр биеэрхүү ах С.Х- гэж найзтай маань ёс бусаар харьцаад биед нь хүрээд тэгээд нүүр рүү нь цохиод хамрыг нь хугалсан. С.Х-ийн араас жижиг биетэй цайвар царайтай ах барьж авсан. Би тэр үед нь гүйж очоод тэр ахыг болиулсан чинь миний гадуур хувцсыг тэр ах татаж зулгаагаад тайлаад дараа нь замын гол руу шидсэн. Миний гадуур хувцаснуудад эд зүйлс шидэгдэх явцад унаад би унасан юмнуудаа түүж авсан. Би эд зүйлсээ түүчихээд эргэж иртэл С.Х- цагдаа дуудлаа гээд цагдаа дуудсан. Бид нар цагдаа иртэл 2 талдаа зогсож байсан...

С.Х-ийн биед халдсан хүн өндөр том биетэй, бордуу царайтай, нөгөө хоёроосоо өндөр 180 сантиметр орчим ах байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...З.Н-ын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, уруулд зулгаралт, хоёр шүдний булгарал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...”  дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн **** дугаартай шинжээчийн “...С.Х-ийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, доод уруулд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”  дүгнэлт /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.С-н өгсөн:

“...З.Н-ын биед учирсан зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, уруулд зулгаралт гэмтлүүд тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энэ гэмтэл нь тухайн баруун, зүүн далд үүдэн шүднүүд булгарал унасан, ёзоор үлдээгүйг илтгэж байгаа юм. Бүр уначихсан шүдийг хэлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Э-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө найзууд болох С.Х-, Д.Т-, Г.Б, Х.Т нарын хамт 10 дугаар хорооллын “***” банкны баруун хойд буланд гэррүүгээ харих гээд алхаж явсан. Тэр үед С.Х-ийг 3 эрэгтэй хүн дуудаж байсан. Х.Т, Д.Т- бид 3 С.Х- рүү очиж байх үед С.Х- маргааны байдал үүсгэсэн “ахаа завгүй ээ, харих гээд явж байна” гээд тэр хүмүүстэй ярьж байсан. С.Х- согтуу хүмүүстэй маргалдаад яахав явцгаая гэж хэлсэн. Бид нар тэр ах нарыг орхиод явж байх үед араас хэн нэгэн нь дуудаад орилоод байсан. Тэр үед үл мэдэх нөгөө гурван залуу бид тавын араас ирээд Х.Т-г бариад авсан. Тэгээд хоёр талдаа гараад зууралдаж байх үед хамгийн өндөр биетэй залуу нь Х.Х-ийн нүүр рүү цохисон. Д.Т- нэг залууг хойш татаад хамт хавсараад давхарлаад унаж байсан. С.Х- над дээр ирээд хамар хугарчихлаа гээд байсан. Х.Т тэр хооронд цагдаа дуудаад цагдаа дуудсан шүү гэж хэлээд 2 тийш салаад зайгаа бариад зогссон. Цагдаа удалгүй ирээд С.Х-, Х.Т, Д.Т-, Г.Б бид нарыг дагуулаад цагдаагийн хэсэг дээр очсон. Би Д.Т-гөөс З.Н-ыг салгах гэж Н-ыг жийж өшиглөсөн. Өөрөөр зодож цохиогүй. С.Х-ийн биед халдсан залуу нь нөгөө 2 залуугаасаа өндөр, том биетэй, жижиг халимаг үстэй, ойролцоогоор 180 сантиметр өндөртэй залуу байсан. Нөгөө 2 нь бол намхан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Г- яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө *** дугаар хорооллын “***” банкны тэр хавьд З.Н-, Б.Б- хоёртой хамт пабд сууж байгаад гарсан. Пабаас гараад З.Н- бөөлжлөө гээд байсан. Тэр үед хажуугаар 5 залуу өнгөрхөөр нь З.Н- тэр залууст хандан миний нуруун дээр дараад өгчих ах нь бөөлжих гээд байна гэхэд тэр 5 хүүхэд хүрч ирээд тамхи өгчих гэхээр нь З.Н- та нар чинь тамхиар биеэ үнэлдэг юм уу гэж хэлсэн. Нэг мэдэхэд бужигнаад намайг хавирч унагаагаад нуруу гуя руу өшиглөсөн. Бид нар жаахан хэрэлдэж зогсож байгаад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Би 1-4 хүртэл дугаарласан хүмүүсийг зургийг нь харлаа. С.Х-ийн биед 2 гэсэн дугаартай залуу халдсан. Би хараад шууд таньж байна. 1 дугаартай нь бондгор залуу нь, намайг барьж аваад байсан залуу мөн байна. Х-ийн биед халдсан залуу нь нөгөө хоёроосоо хамаагүй өндөр бас арай илүү жинтэй залуу байсан. Энэ зурган дээрх залуу яг мөн байна...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Би 1-4 хүртэл дугаарласан хүмүүсийг зургийг нь харлаа. 2 гэсэн дугаартай залуу С.Х-ийн биед халдсан залуу мөн байна. Би хараад шууд таньж байна. Яагаад гэвэл тухайн залууг би царай төрхөөр нь маш сайн таньж байна. Энэ залуу нь нөгөө 2 залуугаасаа арай том биетэй 180 сантиметр өндөртэй биеэрхүү залуу байсан. 1, 2, 3 гэсэн дугаартай залуу бол бид нартай муудалцдаг залуус мөн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 184-193 дахь тал/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97, 102 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100,  106 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Т.Э-г 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” банкны гадна иргэн З.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Н.Г--г 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**” банкны гадна иргэн С.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч Т.Э- хохирогч З.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа болон гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, харин шүүгдэгч Н.Г- шүүх хуралдаанд “...би насанд хүрээгүй хохирогч С.Х-ийг зодоогүй...” гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй бөгөөд түүний энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Шүүх хэрэгт  цугларсан нотлох  баримтуудад  үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл: 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороололд байх “***” банкны гадна хохирогч З.Н- насанд хүрээгүй хохирогч С.Х-т хандаж “ах нь бөөлжих гэсэн чинь болохгүй байна, миний нуруун дээр дараад өгөөч” гэж хэлэхэд С.Х- “бид нар гэртээ харих гээд яараад байна, чадахгүй” гэж хэлсэнээс үүдэн таарамжгүй харилцаа үүсч хоорондоо маргалдан улмаар З.Н-, С.Х- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15031, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч Н.Г-г хохирогч С.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн мөн өөрт гэмтэл учруулсан хүнийг шууд нэрлэн заасан хохирогч С.Х-ийн мэдүүлэг, тухайн цаг хугацаанд хохирогч С.Х-ийн нүүр хэсэгт ямар хүн цохисныг өөрийн харсанаа дүрслэн мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгч Н.Г-  үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.

Тодруулбал: Мөрдөн шалгах ажиллагаанд С.Х-ийн насанд хүрээгүй хохирогчоор өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед найз Д.Т-, Т.Э-, Х.Х, Г.Б нарын хамт “***” банкны баруун талд байж байсан чинь үл таних 3 эрэгтэй бид тавыг дуудсан. Би найз Д.Т-н хамт үл таних 3 залуу дээр очих үед үл таних /Н-/ нэг залуу нь надад хандаж “ах нь бөөлжих гэсэн чинь болохгүй байна, миний нуруун дээр дараад өгөөч гэж хэлэхээр нь би үл таних хүнд хандаж “бид нар гэртээ харих гээд яараад байна гэж хэлсэн. Гэтэл Т.Э-, Х.Т, Г.Б нар араас ирсэн. Үл таних /Н-/ залуу надад хандаж “биеэ үнэлдэг юм уу, хэдээр явдаг юм” гэж хэлэхээр нь би найзууддаа хандаж согтуу хүнтэй юу ярих уу, явъя гэж хэлээд найзуудын хамт эргээд явж байсан чинь хамт явсан туранхай саравчтай малгай өмссөн залуу нь дуудаад байсан. Найз Х.Т цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан чинь туранхай саравчтай малгай өмссөн залуу нь найзыг заамдах үед Д.Т- салгах гэсэн чинь нөгөө нэг залуу нь Д.Т-г бариад авсан. Би салгах гээд очих үед Д.Т-г барьсан залуу миний хамар хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би тэр залуугийн цээж хэсэг рүү нь хөлөөрөө жийсэн. Тэр залуу хүрч ирээд надтай зууралдсан. Тэгээд би зуурч байгаад болъё гэж хэлээд болиод цагдааг хүлээсэн. ...Үл таних 3 хүний гомдол гаргасан З.Н- болон туранхай, саравчтай малгайтай залуутай хамт явсан залуу нь намайг зодсон. Нөгөө 2 найз нь зодоогүй. Миний эрүүл мэндэд халсан залуу нь нөгөө 2 залуугаасаа том биетэй хүн байсан. 90-100 кг жинтэй, 180 см орчим өндөр, хар өнгийн богино халимаг үстэй, бор царайтай, хар өнгийн малгайтай цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай хүн байсан. Би тэр хүнийг харвал танина. Үл таних 3 залуу архи согтууруулах ундаа их уусан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, Д.Т-н гэрчээр өгсөн: “Х.Т-тэй зуурсан залуу намайг барьж аваад татаж байсан чинь С.Х- салгах гээд ирсэн. Энэ үед нөгөө 2 залуутай хамт явсан үл таних залуу нь Х-ийн толгой нүүр хэсэг рүү нь цохиж харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/, Х.Т-н гэрчээр өгсөн: “...С.Х-ийг өндөр биетэй нэг ах гэнэт цохих шиг болсон. Тэр үед цохиулсан найзаа анзаарсан болохоор бусад зүйлийг нь анзаараагүй. С.Х-ийн биед халдсан хүн нөгөө 2 залуугаасаа өндөр биетэй  байсан. Тэнд өндөр нэг, намхан махлагдуу нэг ах, туранхай нэг ах байсан. Энэ гурваас өндөр нь С.Х-ийн биед халдаж цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/, Г.Б-н гэрчээр өгсөн: “...С.Х- найз маань “яасан бэ, ахаа бид нар харих гээд байна” гэж хэлсэн чинь нэг өндөр биеэрхүү ах С.Х- гэж найзтай маань ёс бусаар харьцаад биед нь хүрээд тэгээд нүүр рүү нь цохиод хамрыг нь хугалсан. С.Х-ийн араас жижиг биетэй цайвар царайтай ах барьж авсан. С.Х-ийн биед халдсан хүн өндөр том биетэй, бордуу царайтай, нөгөө хоёроосоо өндөр 180 сантиметр орчим ах байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/, Т.Э-гийн яллагдагчаар өгсөн: “...зууралдаж байх үед хамгийн өндөр биетэй залуу нь С.Х-ийн нүүр рүү цохисон. Д.Т- нэг залууг хойш татаад хамт хавсараад давхарлаад унаж байсан. С.Х- над дээр ирээд хамар хугарчихлаа гээд байсан. С.Х-ийн биед халдсан залуу нь нөгөө 2 залуугаасаа өндөр, том биетэй, жижиг халимаг үстэй, ойролцоогоор 180 сантиметр өндөртэй залуу байсан. Нөгөө 2 нь бол намхан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дахь тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Би 1-4 хүртэл дугаарласан хүмүүсийг зургийг нь харлаа. С.Х-ийн биед 2 гэсэн дугаартай залуу халдсан. Би хараад шууд таньж байна. 1 дугаартай нь бондгор залуу нь, намайг барьж аваад байсан залуу мөн байна. С.Х-ийн биед халдсан залуу нь нөгөө хоёроосоо хамаагүй өндөр бас арай илүү жинтэй залуу байсан. Энэ зурган дээрх залуу яг мөн байна...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 182-183 дахь тал/,  Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Би 1-4 хүртэл дугаарласан хүмүүсийг зургийг нь харлаа. 2 гэсэн дугаартай залуу С.Х-ийн биед халдсан залуу мөн байна. Би хараад шууд таньж байна. Яагаад гэвэл тухайн залууг би царай төрхөөр нь маш сайн таньж байна. Энэ залуу нь нөгөө 2 залуугаасаа арай том биетэй 180 сантиметр өндөртэй биеэрхүү залуу байсан. 1, 2, 3 гэсэн дугаартай залуу бол бид нартай муудалцдаг залуус мөн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 184-193 дахь тал/-ээр тухайн үед болсон үйл баримт тодорхойлогдох ба  эдгээр гэрч, хохирогч нарын мэдүүлэг өөр хоорондоо утга агуулгын зөрүүгүй, шүүгдэгч Н.Г-г хохирогч С.Х-ийн нүүр хэсэгт цохисон болохыг гэрчлэн тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн З.Н-, Б.Б-, Н.Г- нар гудамжинд явж байсан үл таних Д.Т-, Т.Э-, Х.Т, Г.Б, С.Х- нарыг дуудан уулзаж, таарамжгүй харилцаа үүсгэн улмаар хоорондоо зодолдсоны улмаас С.Х-, З.Н- нарын биед хөнгөн гэмтэл учирсан байна. Эдгээр гэрч, хохирогч, шүүгдэгч нар бие биенээ танихгүй бөгөөд тухайн үед болсон үйл баримтын талаар Д.Т-, Т.Э-, Х.Т, Г.Б, С.Х- нар өөр хоорондоо зөрүүгүй мэдүүлэг бөгөөд тэдний мэдүүлсэн мэдүүлэгт шүүгдэгч Н.Г-г ямар байдалтай байсан, ямар хувцас өмсөж явсан, хохирогч Х-ийг яаж цохисон болохыг гэрчилэн мэдүүлсэн байдаг. Энэхүү мэдүүлэгүүд нь хэрэг учрал болсны дараа 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилготой “Н.Г- биед үзлэг хийсэн” цагдаагийн байгууллагын тэмдэглэлээр буюу шүүгдэгч Н.Г- тухайн цаг хугацаанд ямар хувцастай байсныг тэмдэглэсэн тэмдэглэлтэй тохирч байна.

 

Мөн шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд явуулсан “Таньж олуулах ажиллагаа”-гаар гэрч нар Х-ийн нүүр хэсэгт цохисон хүн шүүгдэгч Н. Г- болохыг нэрлэн заасан ба шүүгдэгч Н.Г гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, гэмт хэрэг үйлдээгүй болохыг үгүйсгэх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гаргаагүй байна. 

 

Шүүгдэгч Н.Г-, Т.Э- нар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нарын энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Иймд шүүгдэгч Н.Г-г хохирогч С.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Т.Э- хохирогч З.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Н.Г-, Т.Э- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдний  хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Н.Г-, Т.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Г-, Т.Э- нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Г-, Т.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь: гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хэргийн үйл баримт, нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн гомдол, санлыг харгалзан мөн шүүгдэгч Т.Э- “би Т-гөөс Н-ыг салгах гэж Н-ыг жийж өшиглөсөн. Өөрөөр зодож цохиогүй” гэж мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон түүний хувийн байдлыг харгалзсан болно.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

Хохирогч З.Н-, насанд хүрээгүй хохирогч С.Х- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт насанд хүрээгүй хохирогч С.Х-ийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн 150.000 төгрөгийн хохирлын баримт /хавтаст хэргийн 134 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Н.Г-ас 150.000 төгрөг гаргуулж хохирогч С.Х-т олгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн хохирогч С.Х- шүүгдэгч Н.Г-ас, хохирогч З.Н- шүүгдэгч Т.Э-гээс энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч О овогт Т-н Э-, Б овогт Н-н Г- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ас 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, хохирогч С.Х-т олгосугай.

 

7. Хэрэгт Н.Г-, Т.Э- нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ