Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2159

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02046 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч В.Ё, Б.Д, Т ХК -д холбогдох

 

2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Д.Б  болон Т ХК -ийн хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, Д.Б  болон Б.Д нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, Д.Б  болон В.Ё нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А ХХК -ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Б ,

Хариуцагч Б.Д ,

Хариуцагч: Т ХК -ийн төлөөлөгч С.Ганболд,

Хариуцагч Т ХК , Б.Д нарын өмгөөлөгч: Ж.Оюунболд,

Хариуцагч В.Ё ын өмгөөлөгч: А.Энхгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр В.Ё-тай  хамтран 73 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар, 50:50 хувийн хувьцаа эзэмшихээр 2 хувь нийлүүлэгчтэй А ХХК -ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд Улаанбаатар хот-Орхон аймгийн чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх этгээдийг сонгон шалгаруулах тендерт оролцохын тулд өөрийн компанийн дүрмийн санг өсгөх, өөрийн өмчлөлийн ил зогсоол, дулаан гарааш, авто угаалгатай байх гэсэн үнэлгээ авахын тулд хууль бус гэрээ байгуулан А ХХК -ийн хувьцааны 20 хувийг Т ХК -д, 15 хувийг Б.Д ид тус тус худалдах, В.Ё-аас17.5 хувийн хувьцаа худалдаж авах зэргээр хуурамчаар хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулсан. Гэвч эдгээр нь өөрийн өмчлөлийн гэрчилгээгүй учир түрээсээр эзэмшдэг гэж дүгнэгдсэн. Эдгээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар хийсэн Т ХК -ийн захирал С.Ганболд, Б.Д нар нь өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд А ХХК -ийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Иймд 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Д.Б  болон Т ХК -ийн хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, Д.Б  болон Б.Д нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, Д.Б  болон В.Ё нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, мөн 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А ХХК -ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх тухай шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч В.Ё шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б  нь нэхэмжлэлд дурдахдаа 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр В.Ё-тай  хамтран 73 000 000 төгрөгийн дүрмийн сантай А ХХК -ийг үүсгэн байгуулсан гэж огт худал зүйл бичсэн байна. Үнэн хэрэгтээ В.Ё миний бие 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус А ХХК -ийг 4 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар Ц.Пүрэвжавын хамт үүсгэн байгуулсан. Улмаар Ц.Пүрэвжав нь өөрийн хүсэлтээр 2004 оны 10 дугаар сард А ХХК -ийн 50 хувийн хувьцаа эзэмших эрхээсээ татгалзаж, компанийн 93 хувийн хувьцааг миний бие, 7 хувийн хувьцааг С.Энхтуяа эзэмшихээр болсон. 2009 оны дундуур Авто тээврийн газраас Улаанбаатар-Орхон чиглэлийн нийтийн зорчигч тээврийн шугамд сонгон шалгаруулалт зарласан учраас уг тендерт орох болж материал бүрдүүлж байтал Т ХК -ийн захирал С.Г нь манай баазад аав нь ажиллаж байсан, хувьдаа автобустай Д.Б  гэж залуу байна, чи хамтраад энэ тендерт оролцвол чамд дэмтэй байх гэсэн санал тавьсан. Бид нар хоорондоо уулзаж тохиролцож тендерт хамтран орохоор болсон. Бид дээр дурдсан тендерт А ХХК -ийг оруулахаар болж материалаа бэлдэж байхад Д.Б  тендерт оролцох хугацаа бага байх тул тендерийн нөхцөлд тохируулан А ХХК -ийн дүрмийг өөрчлөх, компанийн хувьцаа эзэмшигч болох талаар санал гаргасан. Бид хоорондоо ярилцаж, тендерийн материалд зориулж компанийн дүрмийг 50, 50 хувь болгож өгье гээд 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А ХХК -ийн дүрмийг зөвхөн тендерийн материалд өгчихөөд дараа нь компанийн хувьцаатай холбоотой асуудлыг сүүлд шийдье гээд үлдээсэн. Д.Б  нь хууль бусаар материал бүрдүүлж, 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон байсныг би сүүлд мэдсэн. Тухайн үед 2009 онд Д.Б  нь надаас гэрээний гэх тамга хийлгэх зөвшөөрөл өгөөч, би өөрийн автобусаа компаниар гэрээ хийж явуулах гэрээн дээр дарая гэхэд нь зөвшөөрч тамга хийлгэсэн байсан. Ингээд Д.Б тай орсон тендер амжилтгүй болж, цуцлагдсан. 2010 онд мөн Улаанбаатар-Орхон аймаг, Улаанбаатар-Архангай аймгийн чиглэлд тендер зарласан. Энэ тендерт түншлэлийн гэрээгээр орох боломжгүй болсон тул Т ХК -ийг мөн Д.Б-ын  танилцуулсан, Б.Д гэх хүмүүстэй уулзаж, тендерийн материалын шаардлагад Улаанбаатар хот болон орон нутагт өөрийн байр сав, ажилчидтай байх гэсэн шаардлага байна, иймд А ХХК -ийн хувьцаа эзэмшигч болж тендерт оролцохоор ярьцгаасан. Учир нь Улаанбаатар хотод Т ХК -ийн оффис, засварын цех, гадна, дотор гараж, инженер техникийн ажилчид, Эрдэнэт хотод байх Б.Д ийн засварын газар, угаалгын газар, түүний 4 автобусыг мөн оруулъя хэмээн ярьж эхний байдлаар миний бие 32.5 хувь, Д.Б  32.5 хувь, Т ХК  20 хувь, Б.Д 15 хувийн хувьцаа эзэмшье хэмээн дүрэм үйлдэж, тендерийн материал бүрдүүлэн өгсөн. Тендер авч үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд өгөхдөө дахин хувь хэмжээг тохирно гэж ярьсан. Энэ хугацаанд тендерт маргаан гарч орсон бүх байгууллагуудад чиглэлийг хуваан өгсөн. 2016 оны 12 дугаар сар хүртэл Т ХК , Б.Д , Д.Б  бид нар хамтран үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээрээ хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, А ХХК -д зээл авах асуудлыг шийдвэрлэж баталгаа гаргах зэргээр ажилласаар ирсэн. Гэтэл энэ хугацаанд П.Баттулга нь өөрийнхөө 50 хувийн хувьцааг хууль бусаар авсан үйлдлээ нуух санаатайгаар тендерийн материал бүрдүүлэн өгсөн баримт, гэрээний гэх тамгыг ашиглан Т ХК , Д.Б , Б.Д нарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байсныг бид 2016 оны 12 дугаар сард мэдсэн. 2016 оны 12 дугаар сард бид хуралдаж, энэ хугацаанд хэн хэн нь А ХХК -д хөрөнгө оруулалт хийгээгүй тул улсын бүртгэлд бүртгүүлсэн хувьцааг надад буцаан өгөхөөр тохирсон боловч Д.Б  гарын үсэг зураагүй. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэ хугацаанд бүхий л үйл ажиллагаанд тусалж оролцож компанийг өдий зэрэгт хүргэсэн Т ХК  болон Б.Д нарыг хууль бус хэмээн үзэж байна. Д.Б-ын  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Т ХК -ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны эхээр Авто тээврийн газраас Улаанбаатар-Орхон чиглэлийн нийтийн зорчигч тээврийн шугамд сонгон шалгаруулалт зарласан. Уг шалгаруулалтад оролцохоор А ХХК -ийн үүсгэн байгуулагч В.Ё хөөцөлдөж байсан. Д.Б-ын  аав нь манай компанид ажилладаг хүн тул хүүг зүс мэдэх бөгөөд хувьдаа ганц нэг автобустай юм шиг байсан. Миний зүгээс тендерт хамтраад оролцвол дээр, ялах боломж өндөр гэж бодоод В.Ё , Д.Б  нарыг уулзуулсан. 2009 ондоо Д.Б , В.Ё нар хамтран тендерт оролцохоор баримт материал бүрдүүлж байсан бөгөөд манай Т ХК  нь туслах зорилгоор түншлэлийн гэрээ байгуулан оролцсон боловч тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон. Улмаар 2010 оны 8 сар орчимд дахин тендер зарлахдаа түншлэлийн гэрээгээр оролцох ямар ч боломжгүй нөхцөлөөр зарласан. Иймд уг тендерт оролцохын тулд компани нь өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, материаллаг баазтай байх шаардлагатай болсон учир Т ХК -ийн материаллаг баазыг ашиглах үүднээс үйл ажиллагаагаа нийлүүлэх тохиролцоонд хүрсэн. Улмаар Т ХК  нь материаллаг бааз, ажилчдаар хангаж А ХХК -ийн хувьцаанаас 20 хувийн хувьцааг бүрэн шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон. Мөн тендерт ороход Солонгос улсаас автобус оруулж ирсэн байх нь тендерийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлөх магадлалтай байсан тул Д.Б-ын  дагуулж ирсэн Б.Д нь Эрдэнэт хотод өөрийн өмчлөлийн засвар, угаалгын газартай, мөн түүний Монгол Улсад оруулж ирж зарах байсан автобуснуудыг А ХХК -ийн нэр дээр гаргуулах зэрэг шаардлага гарч, тендерийн материал бүрдүүлэн өгч, Б.Д ид А ХХК -ийн 15 хувийн хувьцааг шилжүүлэн хувь нийлүүлэгчээр бүртгэж, тухайн хуулийн этгээд 4 үүсгэн байгуулагчтай болон үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, А ХХК -ийг 4 хувьцаа эзэмшигчтэй хэмээн дүрэм үйлдсэн бөгөөд үүнийг миний бие хүчин төгөлдөр гэж үзэж байна. Ингээд тус тендерт А ХХК  шалгарч чадаагүй бөгөөд маргаан гарч, тендерт орсон бүх компаниудад Улаанбаатар-Орхон чиглэлийн замыг хувааж өгсөн. Өнөөдрийг хүртэл А ХХК  нь Улаанбаатар-Орхон чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд Т ХК -ийн материаллаг бааз, оффис, авто засвар, зогсоол, гараж, техникч, инженер зэргийг ашиглаж ирсэн бөгөөд нэхэмжлэлд дурдсан шиг ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдэг нь худал юм. Түүнчлэн А ХХК -ийн нэр дээр зээл авах асуудал үүсэхэд бид 4 хуралдаж байж шийдсэн зээлд нь манай Т ХК  нь баталгаа гаргаж өгсөн. Гэвч Д.Б  нь өөрийн төрсөн дүүг нягтлан бодогчоор ажиллуулан уг зээлийг хувьдаа ашигласан, мөн хэдэн автобус авсан боловч жолооч нарт түрээсийн гэрээ байгуулан өгч нөгөө зээлээс А ХХК -д орсон ашиг байхгүй, харин Д.Б  орлого олсон. Иймд бусад хувьцаа эзэмшигчдийн зүгээс түүний энэ үйлдлийг шалгуулах зорилгоор цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Солонгос улсаас автобус, автомашины сэлбэг хэрэгсэл оруулж ирж зардаг, мөн Эрдэнэт хотод авто засварын газар, угаалгын газар ажиллуулдаг бизнес эрхэлдэг юм. Д.Б  нь Истана маркийн автомашины сэлбэг болон том оврын автобус надаар дамжуулан захидаг байсан, мөн газар шорооны ажлын самосвал машин захиж авчруулж байсан. Сүүлд надаар дамжуулан автобус, сэлбэг захиж авчруулсан ба дээрх захиалга хийхдээ урьдах мөнгөө өгөөгүй тооцооны үлдэгдэлтэй байсан бөгөөд өнөөдөр ч тооцоо дуусаагүй байна. Мөн тендерт оролцож шугам авахаар мөнгийг чинь буцааж өгнө гээд тухайн үед оруулж ирэх гэж байсан автобусыг А ХХК -ийн нэр дээр оруулж ирсэн. Д.Б  нь тендерт оролцож, Улаанбаатараас-Орхон чиглэлд явах автобус шаардлагатай байна гэж гуйсны улмаас миний бие Солонгос улсаас ачуулах гэж байсан автобусыг А ХХК  болон Д.Б-ын  нэр дээр ачуулсан, тооцоо дуусаагүй байгаа. 2010 онд Д.Б  нь А ХХК -ийг тендерт оролцуулахад Орхон аймагт авто угаалга болон авто зогсоол хэрэгтэй хэмээн Б.Д намайг А ХХК -ийн хувьцаа эзэмшигч болгох талаар санал тавьж анх В.Ё , Т ХК -ийн захирал С.Г нартай уулзаж ярилцан тус компанийн 15 хувийн хувьцаа эзэмшигч болж, дүрэм үйлдсэн. Учир нь Орхон аймагт миний эзэмшлийн авто засварын газар, зогсоол болон авто угаалгын газрууд маань тендерт оролцоход чухал шаардлагатай байсан. Анх Д.Б  нь надад ойлгуулахдаа А ХХК -ийг өөрийнх нь үүсгэн байгуулсан компани гэж байсан бөгөөд санхүүгийн баталгаа гаргах явцад өөр хүний үүсгэн байгуулсан компани гэдэг нь илэрсэн. Т ХК -ийн захирал С.Ганболд, А ХХК -ийн захирал В.Ё , Д.Б  бид 2010 оноос хойш хувь нийлүүлэгчдийн хурал хийн үйл ажиллагаа явуулж, миний Эрдэнэт хот дахь засвар, угаалгын газрыг хэрэглэсээр өдийг хүрсэн. Саяхан хүртэл хувьцаа эзэмшигчдийн хурал дээр ярьж хэлж байсан зүйлээсээ буцаж ийм асуудал үүсгэж, өөрөө шүүх, цагдаа болон явж байгааг ойлгохгүй байна. Иймд Д.Б-ын  гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасныг баримтлан хариуцагч В.Ё , Б.Д , Т ХК  нарт холбогдох, 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Д.Б  болон Т ХК -ийн хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Д.Б  болон Б.Д нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Д.Б  болон В.Ё нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Автобус тав ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Д.Б-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 051 300 төгрөгөөс 455 628 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 595 672 төгрөгийг Улаанбаатар хотын банк дахь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 дугаартай данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Б д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Компанийн тухай /1999 оны/ хуулийн 35 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 39 дүгээр зүйл болон компанийн дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй”. Энэ эрхээсээ хувьцаа эзэмшигчид нь татгалзсан байна гэж үзэх боломжтой гэж дүгнэсэн нь Компанийн тухай /1999 оны/ хуулийн “14.3-т Үүсгэн байгуулах хурлаар дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:, 14.3.3-т зарласан болон гаргах хувьцаа, тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах үнэ, 45.2-т Компанийг үүсгэн байгуулахаар гаргасан хувьцааны төлбөрийг компанийг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө төлнө. Цаашид нэмж гаргах үнэт цаасны төлбөрийг тэдгээрийг худалдан авах үед бүрэн төлнө, 45.3-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол үнэт цаасны төлбөрийг доорх тохиолдолд мөнгөн бус хэлбэрээр хийж болно: 45.3.1-т үүсгэн байгуулах үед хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийхийг энэ хуулийн 14.6-д заасны дагуу үүсгэн байгуулах баримт бичигт зөвшөөрсөн, 14.6-д Үүсгэн байгуулагчид мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийх тохиолдолд санал болгож байгаа эд хөрөнгийнхээ үнийн талаар шаардлагатай гэж үзвэл үнэлгээний байгууллага болон холбогдох мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гаргуулан санал боловсруулж үүсгэн байгуулах хуралд оруулна, 14.7-д Мөнгөн бус хэлбэрээр хийгдэж байгаа эд хөрөнгийн үнийг үүсгэн байгуулах хуралд оролцогчид санал нэгтэй шийдвэрлэнэ” гэсэн заалтуудтай зөрчилдөж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд Д.Б  В.Ё ын өмнөөс гарын үсэг зурсан ч хариуцагч В.Ё өөрөө энэхүү гэрээнүүдэд Д.Баттулгыг гарын үсэг зурахыг зөвшөөрөөгүй, Д.Б тай ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй гэж шүүхэд тайлбар гаргасан. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн хооронд хэлцэл байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнд Б.Д ийн өмнөөс Д.Б  гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ. Д.Б , Б.Д нарын хооронд ч хэлцэл байгуулагдаагүй. Түүнчлэн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А ХХК -ийн дүрэм дээр ч Б.Д гарын үсэг зураагүй.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2018/00427 тоот тогтоолоор нэхэмжлэгч Д.Б-ын  хяналтын гомдолд заасан зарим үндэслэлийг хангах боломжтой гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэлийнхээ 4 дэх шаардлага болох А ХХК -ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүрмийн сан нэмэгдсэн бүртгэл, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн бүртгэл, дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт, үндэслэлд нийцүүлэн тодруулсан. Гэвч анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг үндсэндээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бичгээр хийх хэлцлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” тохиолдолд хэлцэл хийсэн гэж үздэг. Байгуулагдаагүй хэлцлийг хожим хүлээн зөвшөөрч хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх боломжгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч В.Ё , Б.Д , Т ХК -д тус тус холбогдуулан 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн В.Ё , Б.Д , Т ХК -ийн нартай тус тус байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулах, А ХХК -ийн 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүрэмд бичигдсэний дагуу, тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

А ХХК -ийн улсын бүртгэлд бүртгүүлсэн 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүрмээс үзвэл, тус компани нь 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө 73 000 000 төгрөгийн дүрмийн сан /өөрийн хөрөнгө/-тай, нэхэмжлэгч Д.Б  болон хариуцагч В.Ё нар нь тус бүр компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн, 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, тус компани нь хувьцаа эзэмшигч нэмэх байдлаар өмнөх дүрмийн сан /өөрийн хөрөнгө/-г 40 000 000 төгрөгөөр ихэсгэж, А ХХК -ийн 32.5 хувийн хувьцааг В.Ё , 32.5 хувийн хувьцааг Д.Б , 20 хувийн хувьцааг Т ХК , 15 хувийн хувьцааг Б.Д нар тус тус эзэмших эрхтэй болсон, мөн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ 113 000 000 төгрөг болж нэмэгдсэн талаарх дүрмийн өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэн А ХХК -д хөрөнгө оруулж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцож хамтран ажиллах, ашиг олох зорилго бүхий хэлцэл хийсэн болох нь хэрэгт авагдсан 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд, мөн өдрийн эрх шилжүүлэх гэрээнүүд, тус компанийн дүрэм, А ХХК -ийн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын протокол, “Релаэнс секюритиз” аудит ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хараат бус аудиторын дүгнэлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /I-хх 25-31, 168-176, 192-199/

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч В.Ё-тай  байгуулсан гэх 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд В.Ё ын өмнөөс гарын үсэг зурсан, мөн өдөр Б.Д той байгуулсан гэх хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд Б.Д ийн өмнөөс гарын үсэг зурсан, Т ХК -тай байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд Т ХК -ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэн гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Б  нь дээрх гэрээнүүд дэх зарим этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болоогүй /В.Ё -Д.Б /, хэлцэл хийх зөвшөөрлийг эрх бүхий этгээд, хуульд заасан хэлбэрээр олгоогүй /Д.Б -Т ХК , Д.Б -Б.Д /, эдгээр хэлцлүүдийг сонгон шалгаруулалтад орох зорилгоор, дүр үзүүлж хийсэн /Д.Б -В.Ё , Д.Б -Т ХК , Д.Б -Б.Д / гэж тайлбарлаж байгаа боловч талууд зөвхөн сонгон шалгаруулалтад ороход шаардлагатай бичиг баримтыг А ХХК -д бүрдүүлж өгөх, тендерт тавигдаж байгаа шаардлагыг хангах, түүнтэй холбоотой материал, техникийн баазыг бүрдүүлэх, хэн аль нь уг сонгон шалгаруулалтын дагуу олгогдох хот хооронд зорчигч тээвэрлэх тусгай зөвшөөрлийн үр шимийг хүртэх хүсэл зоригтой байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий хэлцлүүдийг хийхдээ талуудын хэн аль нь худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориггүй, харин компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших замаар тодорхой зорилгод хүрэх талаар санал нэгдсэн, тохиролцоонд хүрсэн болохоо ухамсарлаж хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр А ХХК -ийн хувь нийлүүлэгч гэх агуулгаар бодит хүсэл зоригоо бичгээр илэрхийлж гарын үсэг зурсан баримт, А ХХК -ийн дүрмийг хүлээн зөвшөөрч баталсан баримт, А ХХК  нь дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бичгээр хүсэлт гаргасан баримт болон А ХХК , түүний 4 хувьцаа эзэмшигч нь 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дүрмийн өөрчлөлтийн дагуу 7 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, тодорхой асуудлуудаар хамтран шийдвэр гаргаж байсан үйл баримтууд тогтоогдож байх тул анхан шатны шүүх 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Д.Б -В.Ё , Д.Б -Б.Д , Д.Б -Т ХК  нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр В.Ё , Б.Д , Т ХК -ийн захирал С.Г нар нь нэхэмжлэгч Д.Б  болон өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа В.Ё ад бүхэлд нь шилжүүлэхээр хувьцаа эзэмшигчдийн тогтоолд гарын үсэг зурсан нь Компанийн тухай хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчийн эрх болон хэлцэл хийгч талуудын 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн бодит хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нь 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдэд хариуцагч В.Ё , Б.Д нар гарын үсэг зураагүй тул хэлцэл байгуулагдаагүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нарын эсрэг буюу В.Ё , Б.Д нарын өмнөөс зөвшөөрөл авалгүйгээр нэхэмжлэгч Д.Б  нь хэлцлүүдийг хийсэн гэдэг агуулгаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б ас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455 628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН