Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2017/0545

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С овогтой Б  /РД:****/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б, Ашигт малтмал, газрын тосны газрын дэргэдэх Ёс зүйн хороонд тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Төрийн албанаас халах тухай 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6/137 дугаар тушаал буюу захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгуулж, мөн тус газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын дүгнэлтийн С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, төлөвлөгөө, тайлангийн бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд буюу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авахыг, уг албан тушаалд томилогдох хүртэлх хугацааны цалин, олговрыг гаргуулахыг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг тус тус даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Б, мөн тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Д, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дэргэдэх Ёс зүйн хорооны дарга Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус газарт 2012 оноос эхлэн Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, төлөвлөгөө, тайлангийн бүртгэл хариуцсан мэргэжилтнээр томилогдон, газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Гэтэл намайг ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага болох Засгийн газрын 2009 оны 109 дүгээр тогтоол, Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар батлагдсан Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар"-ын 2 дугаар зүйлийн 2.3.13, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.10-д тус тус заасныг зөрчиж, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж төрийн албанаас халсанд гомдолтой байна.

Миний бие тус газарт 2011 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн мэргэжилтнээр ажилд орсон цагаас хойш буюу 2012-2016 онуудад Үр дүнгийн гэрээ байгуулан үнэлүүлсэн, үнэлгээгээр хангалтгүй гэсэн дүн аваагүй, ямар нэгэн сахилгын зөрчил гарган, шийдвэрлүүлээгүй, шийдвэргүй байтал дээрх тушаалд Засгийн газрын тогтоол, журамд заасныг зөрчсөн гэсэн байна.

Ажлын байрны тодорхойлолтод заасан ямар албан үүргийг хэдэн удаа дараа хангалтгүй биелүүлсэн, ямар баримт, юугаар нотолж байгаа нь тодорхой бус, гаргасан тушаал нь үндэслэлгүй, Ёс зүйн наймаг ямар асуудал гаргасан, гарсан дүгнэлт нь юу гэж гарсан талаар надад огт танилцуулаагүй. Мөн түүнээс гадна намайг ёс зүйн ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь тодорхойгүй, Засгийн газрын тогтоолоор баталсан төрийн албан хаагчийн нийтлэг ёс зүй ямар зөрчил гаргасан, хэлэлцэх ёсгүй, хамааралгүй асуудлыг авч хэлэлцсэн байсан. Ямар ч төрийн байгууллага, гадагш чиглэсэн албан бичиг болон бусад баримт бичгийн төслийг шат шатны нэгжийн дарга нар хянаж, алдааг засч, залруулах үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Миний бие сахилгын болон ёс зүйн ноцтой ямар нэгэн зөрчил гаргаагүй, ёс зүйн хороо нь хэлэлцэх ёсгүй асуудлыг хэлэлцэн, төрийн албанаас халах хүртэл дүгнэлт гаргасан үндэслэлгүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргахад хүргэсэн.

Иймд энэхүү Ёс зүйн хорооны хурлын дүгнэлт, төрийн албанаас халсан захиргааны акт нь миний хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж, хууль бус тушаал шийдвэр, дүгнэлт гаргасан тул хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол, зөрчигдсөн эрхийг минь сэргээж, нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг шүүхээс хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч өөрөө алдаатай гаргасан. Маргаан бүхий захиргааны акт хуулбар үнэн тэмдэг дарагдаад нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж байгаа тул энэ захиргааны акт алдаатай захиргааны акт байна. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд ажилтныг ажлаас халах зохицуулалтууд байдаг. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийг баримтлах ёстой. Гэтэл маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй тул хуульд нийцээгүй алдаатай шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болно. Нэхэмжлэгчийн гаргасан алдаа нь ноцтой зөрчил мөн эсэхэд үндэслэл бүхий тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас өгч чадсангүй. Ажилтанд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулах ёстой. Нэхэмжлэгч алдаа гаргаснаа Ёс зүйн хорооны хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн, үгүйсгээгүй. Ёс зүйн хороо нэхэмжлэгчийн гаргасан алдаа нь ноцтой зөрчил эсэхийг дүгнэж энэ талаар хариуцагчид санал оруулах ёстой байсан. Зөрчилд таарсан шийтгэл ногдуулсан эсэхийг шүүх хянаж үзэх байх. Хариуцагч өөрөө өөрсдөө техникийн алдаатай тушаал гаргачихаад гүйцэтгэх албан тушаалтандаа ийм шаардлага тавьж байгаа нь ёс зүйтэй хэр нийцэх вэ. Нэхэмжлэгч ажилдаа хайнга хандаж, алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ С.Б нь жирэмсэн байсан. Жирэмсэн хүн бие физиологийн хувьд өөр байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд жирэмсэн хүнийг ажлаас чөлөөлөх хоёр үндэслэлийг заасан. Энэ шүүх хуралдаанаар уг хоёр үндэслэл тогтоогдсонгүй. Иймд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн, зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.Баас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэг. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 6-10 дугаар тушаалаар С.Быг Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, төлөвлөгөө, тайлангийн бүртгэл хариуцсан мэргэжилтнээр томилсон.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрхийг хуульчилж өгсөн ба 14.1.1 дэх хэсэгт төрийн тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон ажлын байрны тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах эрхтэй байхаар заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шинэчлэн баталсан ажлын байрны тодорхойлолттой нэхэмжлэгч С.Б танилцан өөрийн албан тушаалын чиг, үүрэг, эрх хэмжээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан.

Энэ ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн зорилтод уул уурхайн гаралтай экспортын бүтээгдэхүүний мэдээллийн санг хөтөлж, судалгаа хийх гэж заасан бөгөөд энэ үндсэн зорилтын хүрээнд уул уурхайн салбарын экспортын үйл ажиллагаанд судалгаа хийж, төрийн болон бусад байгууллагыг мэдээллээр хангах чиг үүргийг хангаж ажиллахаар заасан.

Мөн С.Бын ажлын байрны тодорхойлолтод тавигдах ерөнхий шаардлагад Засгийн Газрын 2009 оны 109 дүгээр тогтоол, Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тогтоолоор баталсан Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар-ыг мөрдөж ажиллах талаар тусгасан.

Мэргэжилтнээр ажиллаж байсан С.Б нь ажлын байрны үндсэн зорилт, тавигдах ерөнхий шаардлагыг удаа дараа зөрчсөн дараах үйлдлүүдийг гаргасан нь энэ хариу тайлбарт хавсаргасан нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд явуулахаар төлөвлөсөн Төв аймгийн Баян суманд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт хүргүүлэх тухай албан бичгийн төслийг боловсруулахдаа үг, үсгийн болон хэл найруулгын хувьд илэрхий алдаа гаргасан нь Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.9-т заасан баримт бичгийг бичвэр хэлбэрээр боловсруулахад тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн.

Түүнчлэн уг албан бичгийн төсөлд холбогдох нэгжийн дарга хянаж гарын үсэг зурж батлуулах ёстой. С.Б нь тухайн баримт бичиг хэлтсийн даргадаа танилцуулж гарын үсэг зуруулалгүй шууд газрын дарга Б.Б-оор батлуулахаар хүргүүлсэн нь Хөдөлмөрийн дотоод зааврын 9 дүгээр зүйлийн 9.10-д заасан Тайлан, мэдээ, албан бичгийн эх бичвэрийн үг үсэг, тоо, баримт, хэл найруулга, утга агуулгыг боловсруулсан нэгжийн дарга хянан гарын үсэг зурсны дараа холбогдох албан тушаалтанд танилцуулан хянуулж, гарын үсэг зуруулж, тамга, тэмдэг дарж баталгаажуулна гэж заасныг зөрчсөн.

2. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Г ХХК-ийн ерөнхий захирал Б.Д-д явуулахаар төлөвлөсөн Замын-Үүд дэх Гаалийн газарт гаргах Улсын хилээр дээж нэвтрүүлэх тодорхойлолт-ыг Улаанбаатар дахь гаалийн газарт болгон өөрчлөх тухай албан бичгийн төслийг боловсруулахдаа Архив албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.9-т заасныг дахин зөрчсөн үйлдэл гаргасан.

Хоёр. Ашигт малтмал, газрын тосны газрын ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтээр мэргэжилтэн С.Б-ыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах санал гаргасан хэдий ч С.Бын удаа дараа гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 -д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж заасныг үндэслэн түүнийг ажлаас халах тушаал Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 6/137 тоот албан тушаал гарсан.

Төрийн албаны хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 7 дугаарт Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д заасан хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журам зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж зааснаас үзвэл С.Бын гаргасан 2 зөрчил нь хөдөлмөрийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалттай биелүүлээгүй, чанарын хувьд доголдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

С.Бын гаргасан зөрчлийг шалгасан талаарх материал болон Ёс зүйн хорооны хуралд өөрийг нь оролцуулж байсан ба өөрөө би зөв бичгийн дүрмийн алдаа гаргасан гэж хүлээн зөвшөөрсөн байдаг нь нэхэмжлэлд Ёс зүйн хорооноос гаргасан дүгнэлтийг надад танилцуулаагүй гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

Гурав. С.Б-ын Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон “Г м" ХХК-ийн ерөнхий захирал явуулахаар төлөвлөсөн бичгүүдийг эдгээр байгууллагад хүргүүлсэн тохиолдолд манай байгууллага, албан тушаалтны нэр хүндийг илт бууруулах эрсдэл байсан гэж үзэж байна.

Мөн түүнд эхний гаргасан зөрчлийг дахин гаргуулахгүй байх сануулгыг газрын дарга болон холбогдох хэлтсийн удирдлагаас өгсөн байхад дахин алдаа гаргасан нь Хөдөлмөрийн дотоод зааврын 4 дүгээр зүйлийн 4.4.6-д Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь зохих ёсоор, чанартай гүйцэтгэж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллах гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон.

Төрийн албаны тухай хууль болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд нийт төрийн албан хаагчид Төрийн албаны хууль тогтоомж, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж байгууллагын соёл, дэг журмыг сахиж, байгууллагын нэр хүндийг эрхэмлэн болон эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гаргаж, мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлэх үүргийг хүлээсэн байдаг бөгөөд энэхүү үүргээ нэхэмжлэгч С.Б биелүүлж ажиллаагүй болох нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байна.

Эцэст нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6-137 дугаар тушаалаар мэргэжилтэн С.Б-ыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халсан шийдвэрийг нэхэмжлэгч нь хүлээж авснаас хойш 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасныг зөрчсөн байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд С.Б-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн Монголбанк руу боловсруулж явуулсан албан бичиг нь илт үг, үсэг, найруулгын алдаатай байсан. Дахин үг үсэг, найруулгын алдаа, процессын алдаа гаргаж болохгүй талаар анхаарахыг хэлтсийн дарга нь нэхэмжлэгчид сануулсан. Гэтэл дахин өмнөх гаргасан алдаагаа давтан гаргасан. Иймд Төрийн албаны тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нь удаа дараа зөрчил гаргасан асуудал байгаа. Зөв бичгийн чадваргүй төрийн албан хаагч байж, төрийн нэр хүндийг гутааж болохгүй гэдэг дээр бид бүхэн хатуу байр суурьтай ажиллаж байгаа. Нэхэмжлэгч удаа дараа алдаа гаргаж байгаа нь хуулиар хүлээсэн үүрэг, байгууллагын дотоод журам зөрчиж буй үйлдэл юм. Иймд хуулийн дагуу Ёс зүйн хорооны хурлаар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, Ашигт малтмал, газрын тосны газрын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн зөрчил юм. Нэхэмжлэгч Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар баталсан Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар-ын 2 дугаар зүйлийн 2.3.9-д заасан баримт бичгийг үг, үсгийн алдаагүй боловсруулах шаардлагыг зөрчсөн. Эхний гаргасан зөрчлийн хувьд боловсруулсан албан бичгийн төслийг эхлээд нэгжийн даргад танилцуулалгүй шууд Ашигт малтмал, газрын тосны газрын даргад батлуулахаар танилцуулж, процессын алдаа гаргаснаар Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.10-д заасныг зөрчсөн. 2 дахь удаагаа Улаанбаатар хотын Гаалийн газарт хүргүүлсэн албан бичигт мөн алдаа үг, үсгийн алдаа гаргасан. Ёс зүйн хорооны журамд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу дүгнэлт гаргана гэж дагуу хурлаар хэлэлцэн нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас хална гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, тогтоосон журам зөрчсөн байхыг ойлгоно гэжээ. Нэхэмжлэгч Ёс зүйн хорооны хурал дээр өөрөө үг, үсгийн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хэлтсийн дарга удаа дараа хэлсээр байтал дахин зөрчлийг давтан гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журам болон Төрийн албаны тухай хуульд заасныг зөрчсөн ёс зүйн зөрчил болно. Маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан хирнээ үүнээс хойш 5 сарын дараа нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хугацааг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дэргэдэх Ёс зүйн хорооны дарга Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Ашигт малтмал, газрын тосны газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын дүгнэлтийн С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

С.Б нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл технологийн хэлтсийн уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, төлөвлөгөө, тайлангийн бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

Энэ албан тушаалд ажиллаж байхдаа буюу 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчид явуулахаар төлөвлөсөн Төв аймгийн Баян суманд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт хүргүүлэх тухай албан бичгийг төлөвлөхдөө үг үсгийн буюу зөв бичих дүрмийн алдаа гаргасан нь /албан бичгийн төслийг хавсаргав/ Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.9-д заасан баримт бичгийг бичвэр хэлбэрээр боловсруулахад үг үсгийн болон хэл найруулгын хувьд алдаа мадаггүй байх, 2.4.4- д албан бичгийн хэл найруулга нь утга төгөлдөр, түүний агуулга хууль, эрх зүйн үүднээс зөв томьёологдсон, ... зөв бичих дүрмийн дагуу бичигдсэн бөгөөд албан бичгийн стандартад бүрэн нийцсэн байна гэсэн шаардлагуудыг зөрчсөн.

Дээрх албан бичгийн төсөлд тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Хангайд Энэ албан бичиг боловсруулж байгаа мэргэжилтэн зөв бичигт суралцсан уу? Ахин ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулъя Б.Б. 2016.09.16 гэсэн цохолт хийсэн бөгөөд Төрийн захиргаа, удирдпагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дт Арга хэмжээ авах саналтай. Б.Б. 2016.09.16 гэсэн цохолтуудыг тус тус хийн шилжүүлсэн байдаг /албан бичгийн төслийг хавсаргав/.

Гэтэл мэргэжилтэн С.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Г м” ХХК-ийн ерөнхий захиралд явуулахаар албан бичиг төлөвлөхдөө дахин үсгийн буюу зөв бичих дүрмийн алдаа гаргасан /албан бичгийн төслийг хавсаргав/. Энэ албан бичгийн төслийг Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бямбадагва, тус хэлтсийн дарга Д.Хангай нар хянаад гарын үсэг зурсан байна. Энэ албан бичгийн төсөлд тус газрын дарга Б.Б нь Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д, Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Хангай нарт Дахин боловсруул. Арга хэмжээ авах санал оруулж ирэх Б.Б. 2016.11.07 гэсэн цохолт хийн шилжүүлсэн байна.

Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэс 2016 оны 11 сард хэлтсийн хурал хийн мэргэжилтэн С.Б-ын боловсруулсан албан бичгийн талаар хэлэлцэх үед С.Б нь уг албан бичгийг яаралтай гаргах гэж бататгаж хянаагүйн улмаас давтан алдаа гаргасан байна гэж өөрийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэлтсийн хурлаар мэргэжилтэн С.Б-д байгууллагын дотоод журмын хүрээнд сануулга өгөхөөр Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст санал хүргүүлсэн байдаг. Мөн Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн даргаас бичгээр сануулга өгсөн байна.

С.Б нь ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн зорилтын 2.1-д

заасан ....төрийн болон бусад байгууллагыг мэдээллээр хангах ажилдаа удаа дараа хайнга хандсан, энэ хэрэгжүүлбэл зохих үүргээ гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулж, хангалтгүй биелүүлж ажилласан нь дээр дурдсан 2 байгууллагад хүргүүлэх албан бичгийн төслийг боловсруулсан байдал, удирдлагаас дахин алдаа гаргахгүй байхыг анхааруулсан, зөрчлийг давтан гаргасан үйлдлийг үндэслэн гаргасан Ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

Мөн ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад Засгийн газрын 2009 оны 109 дүгээр тогтоол, Архивын ерөнхий газрын даргын 68 дугаар тушаалаар батлагдсан Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар-ыг мөрдөж ажиллахаар заасан байх бөгөөд С.Б-ын удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үйлдэл нь энэ зааврын 2 дугаар зүйлийн 2.3.9, тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 9.10-д заасныг тус тус зөрчсөн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтээр мэргэжилтэн С.Б-ыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах санал гаргасан хэдий ч С.Б-ын

удаа дараа гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж заасныг үндэслэн түүнийг ажлаас халах тухай Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 6/137 тоот албан тушаал гарсан.

Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан журмын 4-т Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна гэж заасны дагуу Ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар С.Б-ын гаргасан зөрчлийг баримт, материалд үндэслэн тогтоож, энэ талаар түүнд танилцуулж тайлбарыг авсан байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй байх тул С.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дэргэдэх Ёс зүйн хорооны дарга Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй холбоотой асуудлыг Ёс зүйн хороогоор хэлэлцсэн. Нэхэмжлэгч болон түүний ажлыг хариуцаж байсан ахлах мэргэжилтэн Б.Бямбадагва нар өөрсдийн хариуцсан ажлын талаарх тайлбараа Ёс зүйн хорооны хурал дээр өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд гаргасан алдаагаа Ёс зүйн хорооны хурал дээр хүлээн зөвшөөрсөн. Хэрэв алдаатай баримт бичиг гарсан тохиолдолд байгууллагад ноцтой хохирол учирна гэдгийг нэхэмжлэгч өөрийн тайлбараар хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан эхний алдаанд удирдлагын зүгээс анхааруулга өгч, хариуцсан нэгжийн даргад алдаа гаргахгүй байх тал дээр арга хэмжээ ав гэж хэлсэн. Нэгжийн дарга нь хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамт хуралдаад С.Б-ыг дахин алдаа гаргахгүй байх талаар анхааруулсан байдаг. Гэтэл дараагийн албан бичиг дээр дахин алдаа гаргасан. Нэхэмжлэгч өөрийгөө хөгжүүлэх, төрийг хамгаалах үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Ёс зүйн хорооноос энэ шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь Төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар, байгууллагын дотоод журмыг зөрчсөн тул энэ шийдвэрийг гаргасан бөгөөд ямар шийдвэр гарахыг Ёс зүйн хорооны хурал дээр нэхэмжлэгчид хэлсэн. Иймд бид гаргасан шийдвэр дээрээ бат зогсож байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэл.

Нэхэмжлэгч С.Б маргаан бүхий захиргааны актыг 2016 оны 11 сарын 28-ны өдөр гарсныг мэдэж хүлээн авсан ийнхүү авснаас хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан хугацааны дотор тус шүүхэд хандсан ба тус шүүхийн шүүгчийн захирамжаар[1][1] түүний нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож өгчээ. Улмаар дээрх захирамжинд заагдсан ажиллагааг гүйцэтгэж дахин шүүхэд хандсан ба энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, энэ журмыг хэрэглэх боломжтой гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж мөн тус шүүхийн шүүгчийн захирамж[2][2] гарсан байна.

Нэхэмжлэгч С.Баас дээрх шүүгчийн захирамжийн дагуу Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг тус Зөвлөлийн 2017 оны 2 сарын 16-ны өдрийн 188 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу гэх үндэслэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Г.Нандинжаргалд шилжүүлж, хувийг иргэн С.Б-д хүргүүлснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д: ... гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу шүүхэд хандах хугацааг тооцож, 2017 оны 4 сарын 17-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргасан нь шүүгчийн захирамжаар[3][3] тогтоогдож байна. Иймд захиргааны хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхийнхээ дагуу хандсан байна, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байна гэж үзэж, нэхэмжлэлийг хэлэлцэх үндэслэлтэй байлаа.

Тэгэхээр, хариуцагчийн ... даргын тушаалаар мэргэжилтэн С.Б-ыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халсан шийдвэрийг нэхэмжлэгч нь хүлээж авснаас хойш 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчсөн байгааг шүүх анхаарч С.Б-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахыг хүсэж байна гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнайгийн шүүх хуралдаан дээр гаргасан Маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан хирнээ үүнээс хойш 5 сарын дараа нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хугацааг зөрчсөн байна гэх тайлбар тус тус үгүйсгэгдэж байна.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар.

Нэхэмжлэгч иргэн С.Б нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, төлөвлөгөө, тайлангийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн хэмээх албан тушаалд төрийн захиргаа ангиллын ТЗ-6 зэрэглэлтэйгээр, төрийн жинхэнэ албан хаагчийн статустайгаар, үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар[4][4] нотлогдож байна. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа Монголбанкны Ерөнхийлөгчид[5][5] болон “Г м” ХХК-ийн Ерөнхий захиралд[6][6] тус тус хүргэгдэх албан бичгийг төлөвлөхдөө үг, үсгийн алдаа гаргасан, уг алдааг давтан гаргасан гэж үзсэн, энэ нь хоёр удаагийн буюу давтан гаргасан зөрчил болно гэж үзсэн, эхний баримт бичгийн төсөл буюу Монголбанкны Ерөнхийлөгчид хүргүүлэх албан бичгийг хянуулахдаа байгууллагад мөрдөгдөх Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, Газрын даргад шууд хянуулахаар хүргүүлсэн буюу Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.10: ... хэл найруулга, утга агуулгыг боловсруулсан нэгжийн дарга хянан гарын үсэг зурсны дараа холбогдох албан тушаалтанд танилцуулан хянуулж, гарын үсэг зуруулж тамга тэмдэг дарж баталгаажуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж тус тус үзэж, захиргааны байгууллагаас түүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, төрийн албанаас халах арга хэмжээ авчээ. Түүнчлэн энэ байдалд ажилтныг буруутган байгууллагын Ёс зүйн хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд уг хорооны дүгнэлт хэсгийн саналд: ... С.Быг Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг үндэслэн төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэжээ.

Нэхэмжлэгч С.Б нь өөрийн ажиллаж байсан байгууллагын дэргэдэх Ёс зүйн хорооны хуралд оролцож тайлбар[7][7] хэлэхдээ: ... миний хувьд хэл бичгийн дүрмийн алдаа гаргасан гэдгээ л хүлээн зөвшөөрч байна. Зөрчил гаргаагүй, харин алдаа гаргасан гэжээ.

Гурав. Маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэл.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар хоёр актыг тодорхойлж авч үзсэн ба үүнд нэгдүгээрт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажлаас халсан тушаал, хоёрдугаарт, Ашигт малтмал, газрын тосны газрын дэргэдэх Ёс зүйн хорооны хурлын дүгнэлтийн холбогдох хэсэг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагадаа Газрын даргын тушаал болон Газрын дэргэдэх Ёс зүйн хорооны хурлын дүгнэлт хэсгийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах агуулгыг гаргасан байдаг.

Маргаан бүхий захиргааны акт[8][8] болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн б/137 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1,1 дэх заалт, Ашигт малтмал, газрын тосны газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалт, Ашигт малтмал, газрын тосны газрын Ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын дүгнэлт-ийг тус тус үндэслэжээ.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 8 дугаар зүйлийн 8.3.5-д: хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, ... сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, халах гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д: Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана гэж тус тус хуульчилсан байна.

Харин Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль нийт 18 зүйлтэй ба маргаан бүхий захиргааны актад бичигдсэнчлэн 25 дугаар зүйлийн 25.1,1 гэх зүйл заалт үгүй болно.

Ашигт малтмал, газрын тосны газрын Хөдөлмөрийн дотоод журмын[9][9] 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад: ажилтныг хөдөлмөрийн дотоод журам, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхийг шаардах, хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд сахилгын шийтгэл ногдуулах хэмээн захиргааны эдлэх эрхэд хамааруулан тусгажээ.

Ийнхүү холбогдох хууль болон хууль тогтоомжид захиргааны эрх бүхий албан тушаалтанд ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой тухайлбал, ажилтанд сахилгын арга хэмжээ авах, ажлаас халах арга хэмжээ авах бүрэн эрхийг олгосон байна.

Гэвч хариуцагч захиргааны байгууллага нь дээр дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч С.Б-ыг төрийн албанаас халж захиргааны акт гаргахдаа үйл баримтаар тогтоогдсон зөрчилд тохирсон арга хэмжээ аваагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хууль баримтлаагүй, Ёс зүйн хорооны дүгнэлтийг харгалзан үзээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан баталгааг хангаагүй хууль бус шийдвэр гаргасан байна, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, ажил албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй буруутай байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлтийг газрын дэргэдэх Ёс зүйн хорооноос хүргүүлсэн байхад түүнийг харгалзан үзээгүй, ингэхдээ ажилтан буюу нэхэмжлэгч С.Б-ыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг тогтоосон баримт байхгүй, зөрчил тус бүрт авагдсан арга хэмжээ байхгүй байхад бичиг баримтын төсөл боловсруулах явцад хоёр удаагийн үйлдлээр алдаа гаргасныг зөвхөн энэхүү маргаан бүхий захиргааны актаар тогтоож, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна.

Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолд: ... хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж заасан ба хариуцагч нь энэхү тогтоолын холбогдох хэсгийг буруу тайлбарлан нэхэмжлэгчид арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий үйл баримттай холбоотой асуудлыг хоёр удаа гаргаж, түүнд нь Газрын даргын зүгээс үйл баримт тус бүрт нь арга хэмжээ авсан, түүнийг нотолсон баримт алга байна, түүнчлэн хийсэн гүйцэтгэлээр нь тогтоосон баримт алга байна.

Маргаан бүхий захиргааны актад ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага болох Засгийн газрын 2009 оны 109 дүгээр тогтоол, Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалаар баталсан Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар-ын 2 дугаар зүйлийн 2.3.13-ыг зөрчсөн гэжээ. Гэтэл Засгийн газрын 2009 оны 4 сарын 13-ны өдрийн Алт олборлох үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 109 дүгээр тогтоолыг мөрдөж ажиллахыг ажлын байрны тодорхойлолт ёсоор[10][10] түүний тавигдах шаардлагын ур чадварын шаардлагатай хэсэгт дурдсан байна. Нэхэмжлэгчийн үг, үсгийн алдаатай албан бичиг удаа дараа төлөвлөсөн үйлдэл нь энэхүү Засгийн газрын тогтоолтой хэрхэн уялдаж, ямар учраас уг тогтоолыг мөрдөж ажиллаагүй вэ гэдгийг хариуцагч нотолж чадахгүй, тогтоосон баримт мөн алга байна.

Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 сарын 7-ны өдрийн Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар батлах тухай 68 дугаар тушаал нь нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийн жагсаалтанд багтаж, Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянагдаж, 2009 оны 7 сарын 30-ны өдөр улсын нэгдсэн бүртгэлийн 3067 дугаарт бүртгэгдсэн ба энэхүү заавар нь хариуцагч захиргааны байгууллагад мөрдөгдөх шийдвэр мөн байна. Уг зааврыг баталсан тушаалд Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар[11][11] өөрчлөлт оруулж, зарим заалтыг хасаж, зарим заалтын дугаарлалтанд өөрчлөлт оруулсан байна. Маргаан бүхий захиргааны актад дурдсан 2 дугаар зүйлийн 2.3.13-г дээрх тушаалын өөрчлөлтөөр 2.3.13-г 2.3.9 гэж өөрчилсөн байна. Тэгэхээр маргаан бүхий актад агуулсан заалт эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр өөрчлөгдсөн байх тул өөрчлөгдсөн агуулгыг анхаарахгүйгээр уг заалтыг зөрчсөн гэж захиргааны актыг гаргасан нь үндэслэлгүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагч, нэхэмжлэгчийг төрийн албанаас халахдаа тухайн байгууллагад мөрдөгддөг Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэл болгосон. Захиргаа буюу ажил олгогч нь ажилтнуудын саналыг харгалзан, тухайн байгууллагын хөдөлмөрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлогт тохирсон хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрүүлдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд хуульчилсан төдийгүй практикт нэгэнт тогтсон ойлголт байна. Гэхдээ маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тооцогдох үйл баримт нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлэхээс өмнө байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 сарын 08-ны өдрийн Журам, маягт батлах тухай а/25 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар[12][12] тус газарт мөрдөгдөх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийг 2016 оны 9 сарын 15-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчид хүргүүлэх албан бичгийг хянуулахдаа байгууллагад мөрдөгдөх Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, Газрын даргад шууд хянуулахаар хүргүүлсэн буюу Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.10-р зүйлийг зөрчсөн гэж үзэж байгаа нь тухайн байгууллагад мөрдөгдөх хөдөлмөрийн дотоод журмыг батлаагүй байхдаа уг журмыг зөрчсөн гэсэн агуулгаар маргаан бүхий захиргааны актын нэг үндэслэл болгож арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллага төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй буруутай байна.

Нөгөө талаар баримт бичгийн төсөл боловсруулах явцад үг, үсгийн алдаа гаргасан гэх үйл баримт нь үр дагавар үүсгээгүй байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 3-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4.2-т: ... ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон ... байхыг ойлгоно гэжээ. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа байгууллагад нөлөөлөхүйц сөрөг үр дагавар үүсээгүй болохыг дурдаж хүлээн зөвшөөрсөн, харин ... хүргүүлсэн тохиолдолд байгууллагын нэр хүндийг илт бууруулах эрсдэл байсан[13][13], өөрсдөө таслан зогсоосон болохоо илэрхийлжээ.

Тэрчлэн төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчим зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг тодорхой хэмжээнд хязгаарласан шийдвэрийг захиргааны байгууллага гаргасныг шүүхээс буруутгаж, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг гарч төрийн албанаас халагдах үедээ жирэмсэн байсан болох нь шүүхээс цуглуулсан нотлох баримтын хүрээнд буюу Интермед эмнэлэгээс ирүүлсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай, төрсөн тухай, үйлчлүүлэгч шилжүүлэх тухай нотлох баримтуудаар нотлогдож байна. Төрийн албаны тухай хуульд өөрт нь жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхийн хөдөлмөрийн харилцаатай асуудлыг нарийвчлан зохицуулаагүй авч мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан төрийн албан хааагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн С.Быг жирэмсэн байхад ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй өөрөөр хэлбэл, хуулийн шууд хориглосон заалтыг ажил олгогч буюу захиргаа зөрчсөн, үүгээрээ нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг шууд зогсоосон буруутай байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Газрын дэргэдэх Ёс зүйн хорооны хурлын дүгнэлт хэсгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд:

Ашигт малтмал, газрын тосны газрын ажилтнуудад тусгайлан мөрдөгдөх Ёс зүйн дүрэм байхгүй бөгөөд тус газрын ажилтнууд Засгийн газрын 2010 оны 11 сарын 10-ны өдрийн Дүрэм батлах тухай 288 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийг нийтлэг байдлаар үйл ажиллагаандаа дагаж мөрддөг байна. Ёс зүйн хороо дүгнэлтэдээ[14][14]: 2016 оны 9 сарын 15-ны өдөр болон 2016 оны 11 сарын 07-ны өдөр албан бичгийн төслийг боловсруулахдаа тус тус Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.13-ыг зөрчсөн үйлдэл гаргасан, С.Б нь баримт бичгийн төслийг хэлтсийн даргадаа танилцуулж гарын үсэг зуруулалгүй, шууд газрын дарга Б.Б-оор батлуулахаар хүргүүлсэн зөрчил гаргасан гэж үзээд дээрх үйлдэлдээ Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.4.2-т заасан ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн гэжээ.

Ёс зүйн дүрэм ёсоор төрийн захиргааны албан хаагч нь ёс зүйн шударга ёсны, хууль дээдлэх, тэгш байдал, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ холбогдох зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг, мөн эрхэмлэн дээдлэх зүйлсийнхээ хүрээнд холбогдох ёс зүйн хэм хэмжээг сахиж дагаж мөрддөг байна.

Ёс зүйн хорооны дүгнэлт ёсоор нэгдүгээрт, Ёс зүйн дүрмийн 3.1, 4.1.2-т заасан хууль дээдлэх зарчмын болон 4.1.2, 5.2-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд 5.2.1-т заасан Үндсэн хууль,, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах хэм хэмжээг, хоёрдугаарт, 3.1, 4.1.4-т заасан хариуцлага хүлээх зарчмын болон 4.1.4, 5.4-т заасан эрхэмжлэн дээдлэх зүйлсийн хүрээнд 5.4.2-т заасан ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах хэм хэмжээг тус тус зөрчсөн байхаар байна.

Шүүх Ёс зүйн хорооны дүгнэлтийн нэхэмжлэгч С.Б-д холбогдох хэсэг нь дээрх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж тогтоосон байдлаар мөн адил нотлогдож, үүгээрээ хууль зөрчсөн байна, албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэх явцад гаргасан алдааг ёс зүйн зөрчилд тооцон үзсэнээс гадна түүний эрх зүйн байдлыг дордуулж сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийг сонгон арга хэмжээ авахуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал оруулсан нь хэтэрхий өрөөсгөл, шударга ёсонд нийцэхгүй, үйлдэлд тохирсон арга хэмжээ авахуулах санал гаргаагүй үндэслэлгүй байна гэж үзлээ. Ёс зүйн хороо нь сахилгын арга хэмжээ авахуулах талаар санал дүгнэлт гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан нөхцлүүд бүрэн хангагдаж буй эсэхийг сайтар судалж, бодит нөхцөл байдалд тохирсон, гаргасан зөрчилд нь таарсан арга хэмжээ авахуулах санал гаргаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасантай нийцэхгүй байна.

Иймд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг зөрчиж гаргасан маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, ийнхүү хүчингүй болгосны үр дагаврыг шийдвэрлэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Дөрөв. Ажилгүй байсан хугацааны цалин, олговорыг гаргуулах болон бусад даалгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.Б-ын эрхэлж байсан албан тушаал болох Уул уурхайн үйлдвэрлэл технологийн хэлтсийн Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, төлөвлөгөө, тайлангийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар төрийн захиргааны албан тушаал бөгөөд нэхэмжлэгч нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч тул түүний хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаас гадна мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д: төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг хамтад нь хэрэглэж шийдвэрлэв.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д: энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэжээ. Тэгэхээр 2016 оны 11 сарын 28-ны өдрөөс 2017 оны 7 сарын 16-ны өдөр хүртэлх хугацааг нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацаанд тооцож, нэхэмжлэгчийн үндсэн цалин болон нэмэгдэл, урамшууллын хэмжээг түүний цалингийн карт[15][15], нийгмийн даатгалын дэвтэр[16][16] ёсоор үндсэн цалин болох 613669 /зургаан зуун арван гурван мянга зургаан зуун жаран ес/ төгрөг дээр холбогдох нэмэгдлийг нэмж тооцон нийт олговол зохих цалин, олговроос хуульд заасан холбогдох суутгал хийж, түүний ажиллаагүй бүх хугацаанд олгогдох бүх цалин хөлсийг хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг ашигласан ба уг журмын 4 дүгээр зүйлд ажилтанд олгож байгаа хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж зохицуулсан байх тул Ашигт малтмал, газрын тосны газраас өөрийн ажилтнуудад хоолны хөнгөлөлтөнд сар бүр олгодог мөнгөн дүнг нэхэмжлэгчийн цалингийн нэмэгдэлд оруулахгүй болохыг тэмдэглэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгал шимтгэл төлөх үүрэгтэй болохыг, мөн хуулийн 46.2-д ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг тус тус хуульчилж өгсөн байна. Хариуцагч байгууллагад хуулиар зааж өгсөн үүргийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгадаа тодорхойлж гаргасан, шүүхээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгааг тус тус харгалзан шаардлагын энэ хэсгийг мөн ханган даалгаж шийдвэрлэв.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдөг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн Төрийн албанаас халах тухай б/137 дугаар тушаал, мөн тус газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2016 оны 11 сарын 18-ны өдрийн хурлын дүгнэлт хэсгийн С.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, С.Б-ыг Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл технологийн хэлтсийн Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, төлөвлөгөө, тайлангийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ын ажиллаагүй хугацааг 2016 оны 11 сарын 28-ны өдрөөс 2017 оны 7 сарын 16-ныг хүртэл хугацаагаар тооцож, түүний хөдөлмөрийн сарын хөлс 613669 төгрөг дээр ажилласан хугацааны болон зэрэг дэвийн холбогдох нэмэгдлийг нэмж тооцон олговол зохих нийт цалин олговроос хуульд заасан холбогдох суутгалыг хасаж гарт олгох цалинг гарган дээр дурдсан бүх хугацааны цалин хөлсийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, зохих журмын дагуу сар тутмын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ашигт малтамл, газрын тосны газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Ашигт малтмал, газрын тосны газрын санхүү/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН