| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/03167/И |
| Дугаар | 101/ШШ2021/02998 |
| Огноо | 2021-10-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2021/02998
| 2021 10 05 | 101/ШШ2021/02998
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороолол, Өгөөмөр хотхоны байранд байрлах ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхон, 74 дүгээр байр, 71 тоот хаягт оршин суух Боржигон овогт Сүхбаатарын******* /РД:ЧИ73062776/-д холбогдох,
СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт 1,853,001 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч С.Баттулга нь тус байрны 71 тоотын өмчлөгч юм. Энэ байр 2011 онд ашиглалтанд орсон. Энэ хүн байраа бусдад түрээслэж байсан. Одоо өөрөө амьдарч байгаа. Сууц өмчлөгчийн холбооны төлбөрийн 2014 оны 3 сараас хойш төлөөгүй тул энэ мөнгийг олгож өгнө үү.
Төлбөрийн хувьд 2014 оноос 2019 он хүртэл 19,177 төгрөг байсан. 2019 оны 2 сарын 2-ны өдрийн хурлын тогтоолоор төлбөрийг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж, 22,177 төгрөг болгосон. Мөн 2019 оны 9 сард 24,950 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ мөнгө нь 5000 төгрөг нь цахилгаан шатны төлбөр, 9000 төгрөг нь засвар үйлчилгээний зардал, 6000 төгрөг нь цэвэрлэгээ, 3800 төгрөг нь харуул хамгаалалт, 1000 төгрөг нь ариутгалын төлбөрт, 150 төгрөг нь баримтын төлбөрт зарцуулагддаг.
Иймд хариуцагчаас 2014 оны 3 сараас 2021 оны 8 сар хүртлэх хугацааны төлбөр болох 1,853,001 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.Баттулгад холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний төлбөрт 1,853,001 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2014 оны 3 сараас 2018 оны 12 сар хүртэл 19,177 төгрөг, 2019 оны 1 сараас 2019 оны 8 сар хүртэл 22,177 төгрөг, 2019 оны 9 сараас 2021 оны 7 сар хүртэл хугацаанд 24,950 төгрөгөөр тооцож, сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний төлбөрт 9000 төгрөг, цахилгаан шатны төлбөрт 5000 төгрөг, цэвэрлэгээ 6000 төгрөг, харуул хамгаалалт 3800 төгрөг, ариутгалд 1000 төгрөг баримтны үнэ 150 төгрөг буюу 2014 оны 3 сараас 2021 оны 8 сар хүртэл хугацааны төлбөрт 1,853,001 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Иргэн С.Баттулга нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны, 74 дүгээр байрны 71 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар тэрээр тухайн орон сууцны сууц өмчлөгч байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан тогтоосон хэмжээгээр зардлыг төлөх үүргийг зохицуулжээ.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж сууц өмчлөгчдийг хуулиар үүрэгжүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөрийн задаргааг 2014 оны 3 сараас 2018 оны 12 сар хүртэл 19,177 төгрөг, 2019 оны 1 сараас 2019 оны 8 сар хүртэл 22,177 төгрөг, 2019 оны 9 сараас 2021 оны 7 сар хүртэл хугацаанд 24,950 төгрөгөөр тооцож, сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний төлбөрт 9000 төгрөг, цахилгаан шатны төлбөрт 5000 төгрөг, цэвэрлэгээ 6000 төгрөг, харуул хамгаалалт 3800 төгрөг, ариутгалд 1000 төгрөг баримтны үнэ 150 төгрөг буюу 2014 оны 3 сараас 2021 оны 8 сар хүртэл хугацааны төлбөрт 1,853,001 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Хэрэгт авагдсан Төрийн банкны баримт, ******* сууц өмчлөгчдийн ТУЗ-ийн хурлын 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 19/1 тоот тогтоол зэрэг баримтаар 2014 оны 3, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 2015 оны 1 сар хүртэл хугацааны төлбөр /8сар х 19,677 төгрөг/ 157,416 төгрөг, 2015 оны 2, 3 сарын төлбөр /17,677+17,177/ 34,854 төгрөг, 2015 оны 4 сараас 2018 оны 12 сар хүртэл хугацааны төлбөр /44сар х 19,177 төгрөг/ 843,788 төгрөг, 2019 оны 1 сараас 2019 оны 8 сар хүртэл хугацааны төлбөр /8сар х 22,177/ 177,416 төгрөг, 2019 оны 9 сараас 2021 оны 6 сар хүртэл хугацааны төлбөр /22 сар х 24,950/ 548,900 төгрөг, нийт 1,762,374 төгрөгийн төлөх үндэслэлтэй гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.
Харин баримтаар 2014 оны 4, 5, 6 сар, 2021 оны 7, 8 сарын төлбөрийг төлөөгүй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 78,227 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг өөрөө нотлох, холбогдох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчээс нотариатын үйлчилгээний хураамжид төлсөн 12,400 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал...-ыг хохиролд тооцно гэж зохицуулсан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаар ******* сууц өмчлөгчдийн холбоо нь нотариатын үйлчилгээний хураамжид 12,400 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байх тул сууц өмчлөгч нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас сууц өмчлөгчдийн холбооноос гарсан зардал болох 12,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар 2014 оны 3 сараас оноос 2021 оны 6 дугаар сар хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, нотариатын үйлчилгээний хөлсөнд нийт 1,774,774 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчаас нэхэмжлэлийг 2021 оны 8 сарын 20-ны өдөр гардаж авсан ба хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан /ИХ-ийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй/ үүргээ биелүүлээгүй, 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухайгаа шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ тухай 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж заасан.
Шүүхээс хариуцагчийн нэхэмжлэлээ гардан авахдаа өөрийн тодорхойлсон Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Өгөөмөр хотхоны 74 дүгээр байрны 71 тоот гэх хаягаар шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч уг хаягт оршин суудаггүй байх бөгөөд тодорхойлолтыг хорооны Засаг даргаас ирүүлсэн байх тул шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсыг хүргэсэнд тооцсон болохыг мөн дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Баттулгаас дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 1,774,774 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баттулгаас 43,346 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА