| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/02940/И |
| Дугаар | 101/ШШ2021/03242 |
| Огноо | 2021-10-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2021/03242
| 2021 10 19 | 101/ШШ2021/03242
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Б.Доржийн гудамж, 108б байр 6 тоот хаягт байрлах ЗАСО ХХК /регистрийн дугаар 2850036/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 15 дугаар гудамж, 593 тоотод оршин суух, Боржигон овогт Санжаажавын******* /ШУ94041714/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,055,010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЗАСО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн С.Золжаргал нь 2019 оны 2 сарын 20-ны өдөр ЗАСО ХХК-тай зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу 2,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота маркийн 44-40 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг компанийн өмчлөлд шилжүүлсэн.
Ингээд зээл авдаг өдөрөө энэ тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэх шаардлагатай боллоо гээд гуйгаад байхаар нь манай компани түүний хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслийг нь шилжүүлж өгсөн бөгөөд одоо зээлийн гэрээний дагуу мөнгийг шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Нэхэжлэгчээс үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийгээгүй. Харин 3 сарын 20-нд хүүгийн төлбөрт 104,000 төгрөг 4 сарын хүүгийн төлбөрт 103,340 төгрөг, 5, 6 саруудын хүүгийн төлбөрт 203,340 төгрөг нийт 410,680 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээлийн төлбөрт 2,500,000 төгрөг, 2 сарын зээлийн хүү 203,340 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 1,351,670 төгрөг, нийт 4,055,010 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЗАСО ХХК нь хариуцагч С.Золжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,055,010 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийг 2021 оны 9 сарын 02-ны өдөр гардаж авсан ба хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан 2019 оны 2 сарын 20-ны өдрийн №2019/48 дугаартай зээлийн гэрээний дагуу гаргуулна гэж тодорхойлсон.
Талуудын хооронд 2019 оны 2 сарын 20-ны өдөр 2019/48 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний дагуу С.Золжаргал нь 2,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 7-9 дүгээр тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт, Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулсан.
Нэхэмжлэгчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нийтлэг үндэслэл, зорилго, хүсэл зоригийн илэрхийлэлээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан Барьцаалан зээлдэх журмаар зээл олгосон гэж үзэхээр байна.
Дээрх хуулийн зохицуулалт нь зүйчлэл тогтоосон заалт биш тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх-ийн 7 дугаар тал/
Нэхэмжлэгчээс хариуцагчийг 3, 4, 5, 6 саруудын хүүгийн төлбөрт нийт 410,680 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх бөгөөд үндсэн зээл 2,500,000 төгрөг болон 7, 8 сарын хүүгийн төлбөрт 203,340 төгрөг нийт 2,703,340 төгрөгийг, алданги 1,351,670 төгрөгийн хамт гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэл болон хэрэгт хавсарган ирүүлсэн дурдсан баримтуудад хариуцагч тал хариу тайлбар өгөөгүй, хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт, Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Иймд хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс хүүгийн төлбөрт хариуцагчаас 410,680 төгрөгийг төлсөн, одоо хоёр сарын хүү 203,340 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж зохицуулсан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.1.1, 1.1.2-т зээлийн хэмжээ 2,500,000 төгрөг, зээлийн хүү сарын 4 хувь байхаар тохиролцсон байх тул 2 сарын хүүгийн төлбөр 200,000 төгрөгөөс хариуцагчийн хүүгийн төлбөрт илүү төлсөн 10,680 төгрөгийг хасч тооцож, 189,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1.4-т төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч нь гэрээний үүргээ хуульд заасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул хариуцагчаас үндсэн зээл, хүүгийн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алдангийг тооцож, 1,344,660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 4,033,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,030 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Золжаргалаас 4,033,980 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЗАСО ХХК-нд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 21,030 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,830 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 79,494 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.ф
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА