Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/03249

 

 

 

 

 

 

 

2021 10 19

101/ШШ2021/03249

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн гудамж, 41 дүгээр байр, 36 тоотод оршин суух Монгол овогт Дарханцэцэгийн******* /РД:ТЕ90031377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, Соёмбо төвийн 401, 402 тоотод байрлах ******* ХХК /регистрийн дугаар 5395356/-нд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад холбогдох бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нэргүй, түүний өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Нэргүй би 2018 оны 4 сарын 07-ны өдөр ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 гудамж 74 тоот хашаанд байрлах хууль сахиулагч-1 хотхоны Б блок орон сууцны байрны 1 дүгээр орцны 3 давхарын 62,59 мкв 2 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 800,0000 төгрөгөөр нийт 50,072,000 төгрөгөөр захиалан бариулахаар болсон. Гэрээ байгуулах үед орон сууцнуудын дугаар олгогдоогүй байсан. Б блок байрны 1 орцнц 3 давхарт 62,59 мкв 2 өрөө орон сууц 1 ширхэг байсан.

Гэрээний 1.1-т ...энэхүү гэрээний 1.2-т заагдсан тодорхойлолт бүхий орон сууцыг захиалгын дагуу барьж, захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Д.Нэргүй нь хариуцагчид 2018 оны 4 сарын 4-ний өдөр 15,021,600 төгрөгийг бэлнээр, 2018 оны 6 сарын 6-ны өдөр 8,000,000 төгрөгийг дансаар тус тус төлсөн. Мөн гүйцэтгэгч талын гүйцэтгэлээс үл хамааран сайн дураар 2019 оны 12 сарын 14-ний өдрөөс 12 сарын 25-ны өдрийн хооронд үлдэгдэл төлбөр болох 7,050,000 төгрөгийг төлж барагдуулан үүргээ бүрэн биелүүлсэн байна.

Товчхондоо, үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа, хуваарийн талаар гэрээндээ тусгаагүй боловч сайн дураар төлж барагдуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Нийт 50,089,600 төгрөгийг төлсөн.

Гэрээний 3.1-т орон сууцны барилгыг 2018 оны 4 дүгээр улиралд багтаан зураг төсвийн дагуу барьж захиалагчид хүлээлнэ өгнө гэж, гэрээний 3.8-д улсын комисс хүлээн авсан орон сууцыг 100 хувь төлбөрөө хийсэн захиалагчид хүлээлгэн өгч, орон сууцны эзэмших эрхийн бичгийг олгоно гэж заасан үүргээ хариуцагч тал биелүүлэхгүй байна.

Бидэнд өгсөн план зургийг харахад манайх B блокны 1-р орц, 3 давхарт 62,59 мкв талбай бүхий 9 номерын нэг л орон сууц байгаа. Миний хувьд тоотоор эсхүл гэрээнд байгаа 62,59 м.кв талбайтай орон сууцны аль нэг хэлбэрээр өөрийн нэр дээр өмчлөх эрхийг гаргуулах хүсэлтэй байна.

Байрны нэг давхарт 5 айл байдаг. 62,59 мкв нь давхар болгондоо нэг л байдаг. Орон сууц нь одоогоор баригдчихсан. Айлууд нүүж орсон байдалтай байгаа. Улсын комисс хүлээж аваагүй байгаа гэж ярьцгааж байсан. Д.Нэргүйгийн хувьд 2 жил байраа авах гэж хөөцөлдөж байгаа. Компанитай очиж уулзахад улсын комиссын шийдвэр гараагүй гэдэг үндэслэлээр гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзсан байдаг. Улсын комисс хүлээж аваагүй гэдэг үндэслэлээр үүргээ биелүүлэхгүй байгаа нь Д.Нэргүйн эрх ашгийг маш ихээр хөндөж байгаа асуудал юм. Хэрэв шүүхэд хандахгүй бол Д.Нэргүйн байрыг цааш өөр хүнд дамлаж зарах, давхар бусадтай гэрээ байгуулах ч эрсдэлтэй юм.

Бидний зүгээс 100 хувь төлбөрөө төлсөн. Гэрээнд захиалагчид эзэмших эрхийн гэрчилгээг олгоно гэж заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа. Ямар нэгэн өмчлөх эрхийн маргаан биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Нэргүй нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчийг албадан ирүүлж 2021 оны 9 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан ба хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн BLLC2018A-4 дугаартай орон сууц захиалгын гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгах шаардлага гаргасан гэж тодорхойлсон.

Иргэн Д.Нэргүй болон Бавгар ХХК нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц захиалгын байгуулагдаж нэг талаас буюу Бавгар ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 гудамжны 74 тоот хашаанд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блокын 1 дүгээр орц, 3 давхарт 2 өрөө, 62,59 мкв орон сууцыг барьж, захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөх, нөгөө талаас Д.Нэргүй нь орон сууцны үнэ болох 50,072,000 төгрөгийг харилцан төлөхөөр тохиролцсон байна.

Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан гэрээний агуулгаас үзэхэд тус гэрээ нь Орон сууц захиалгын гэрээ гэх нэртэй боловч агуулга болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан

Иймд зохигчид хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Захиалагч тал болох Бавгар ХХК нь гэрээ байгуулснаас хойш хуулийн этгээдийн нэрийг ******* ХХК болгож өөрчилсөн талаар хариуцагч маргахгүй байна.

Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэл болон хэрэгт хавсарган ирүүлсэн дурдсан баримтуудад хариуцагч тал хариу тайлбар өгөөгүй, хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох зохицуулалттай бөгөөд хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт болон Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар Д.Нэргүй нь гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул гэрээний нөгөө тал болох Бавгар Групп ХХК-иас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргах эрхтэй байна. /хх-ийн 11-16 дугаар тал/

Нэхэмжлэгчээс дээрх орон сууцны барилга баригдаж дууссан бөгөөд захиалагч болон худалдан авагч нар тухайн орон сууцанд амьдарч байгаа талаарх гаргасан тайлбарт хариуцагч тал маргаагүй.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Орон сууц захиалгын гэрээний 1.1-д ...орон сууцны барилгын Б блокын энэхүү гэрээний 1.2-т заасан тодорхойлолт бүхий орон сууцыг захиалгын дагуу барьж, захиалгчийн өмчлөлд шилжүүлнэ гэж, 3.8-д улсын комисс хүлээн авсан орон сууцыг 100 хувь төлбөрөө хийсэн захиалагчид хүлээлгэн өгч, орон сууц эзэмших эрхийн бичгийг олгоно гэж зааснаар ******* ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардлагатай холбогдох баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй байна.

Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар Д.Нэргүйд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоотод баригдсан орон сууцны барилгын Б блокын 1 дүгээр орцны 3 давхарын 2 өрөө, 62,59 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-нд даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Нэргүйд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 гудамж, 74 тоотод баригдсан орон сууцны барилгын Б блокын 1 дүгээр орцны 3 давхарын 2 өрөө, 62.59 мкв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-нд даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,310 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 408,310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нэргүйд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА