Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2021/03365

 

 

 

 

 

 

2021 10 26

101/ШШ2021/03365

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосго 24 дүгээр гудамж, 17г тоот хаягт оршин суух Поолуу овогт Батмөнхийн ******* /РД:ВЖ89112007/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам Маргад төв 3 давхар 301 тоот хаягт байрлах******* ХХК /5760747/-нд холбогдох,

Гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 33,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тогоодулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Тогоодулам нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч миний бие 2019 оны 2 сарын 16-ны өдөр хариуцагч******* ХХК-тай 2019 оны 10 дугаар сар багтаж ашиглалтад орох, 103,916,000 төгрөгийн үнэ бүхий А блокын 7 тоотын 3 өрөө 75,32мкв орон сууцыг захиалж, Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан.

Гэрээгээр байр ашиглалтад ортол захиалагч төлбөрийн боломжоороо төлөх, үлдэгдэл төлбөрийг тооцоо нийлж, гэрээний 2.7-д заасны дагуу ашиглалтад орсон тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Ингээд миний зүгээс 2019 оны 2 сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл сар бүр тогтмол төлөлт хийж байсан ба барилгын ажил 2019 оны 9 дүгээр сард зогссон. Гүйцэтгэгч тал тодорхой тайлбар огт хэлэхгүй байж байгаад хожим цар тахалтай холбож тайлбарладаг. Барилгын ажил зогссон, хэзээ яаж үргэлжлүүлэх, хэзээ ашиглалтад орох талаар ямар ч тодорхой мэдээлэл байхгүй уулзах гэхээр хүн олдохгүй, утсаа авахгүй болсон. Ингээд байдлыг харзнах төлөвтэй төлөлтөө сар бүр хийлгүй 2020 он 8 сарын 12-нийг хүртэл 33,000,000 төгрөг төлсөн. 2020 оны 12 сарын 30-ны өдөр******* ХХК-иас мэдэгдэл ирсэн. Тус мэдэгдэлд төлбөрийг хугацаа алдаж, графикийн дагуу төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж байгаа болохоо мэдэгдсэн.

Манай зүгээс ч гэрээгээ цуцалсныг нь зөвшөөрч байгаа учир нь барилга нь баригдахгүй яасан нь мэдэгдэхгүй болсон. Гэрээгээ цуцалж байгаа бол манай төлбөрийг буцаан төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй, ямар ч тайлбар хэлэхгүй өнөөдрийг хүрсэн. Шүүх дээр хариуцагч мөн гэрээнээс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар орон сууц захиалгын үнэд төлсөн 33,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан тайлбартаа:

Шинэ үе констракшн ХХК-тай иргэн Б.******* нь гэрээ хийсэн нь үнэн болно. Гэрээг цуцлах шаардлагыг хүлээн авч байна. Иймд******* ХХК-ийн нягтлантай тооцоо нийлж эцсийн байдлаар нэхэмжлэлийн дүнгээ гаргуулна уу гэжээ.

Шүүхэд гаргасан зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч******* ХХК-нд холбогдуулан 33,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүхэд гэрээ цуцалсныг хүлээн авч байна. Нягтлантай тооцоо нийлж, эцсийн байдлаар нэхэмжлэлийн үнийг гаргуулах нь зүйтэй гэх тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 32 айлын орон сууц захиалгаар барих гэрээ гэх нэртэй гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 33,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

Иргэн Б.******* болон******* ХХК-ийн хооронд 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 32 айлын орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж нэг талаас буюу******* ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Санни сайд апартмент буюу 32 айлын орон сууцны 1.2-т заасан А блок байрны 2 давхар, 7 тоот, 75,32 мкв 3 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, нөгөө талаас Б.******* нь орон сууцны үнэ 103,916,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна./хх-ийн 11-12 дугаар тал/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Иймд зохигчид хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн хариуцагч талаас 2020 оны 12 сарын 30-ны өдөр гэрээгээ цуцлах мэдэгдэл ирүүлснийг хүлээн зөвшөөрч, энэ үндэслэлээр гэрээний үүрэгт төлсөн мөнгөө буцаан гаргуулах үндэслэлтэй гэх тайлбарт хариуцагч маргаагүй.

Хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, Б.*******гийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 33,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт нотлогдож байна. /хх-ийн 13-30 дугаар тал/

Шинэ үе констракшн ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч Б.*******д хүргүүлсэн байна. /хх-ийн 31 дүгээр тал/

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Орон сууц захиалгын гэрээний 3.1-д Гүйцэтгэгч тал нь сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан иж бүрэн, чанар стандартын дагуу барьж дуусган улсын комиссын зөвшөөрлөөр ашиглалтанд оруулна гэж заасан.

Нэхэмжлэгчийн тухайн орон сууц нь баригдаагүй зогссон байдалтай байгаа гэх тайлбарт хариуцагч тал маргаагүй.

Иймд, хариуцагч Шинэ үе констракшн ХХК-ийг 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл байвал мөн хуулийн 219.3, 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлах журамтай.

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг.

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээг цуцлах боломжтой тул нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зохицуулснаар хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авсан ажлын хөлс болох 33,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч******* ХХК-иас 33,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Шинэ үе констракшн ХХК-иас 33,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шинэ үе констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 322,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА