| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/91 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/91
2024 07 23 2024/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баясгаланд холбогдох эрүүгийн 2404000000099 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ
Улсын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгч Д.Баясгалан нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны ажилтан мэргэжилтэй, Багануур дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах 64 дүгээр ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 40 тоотод оршин суух хаягтай, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Тэнгэр овгийн Даваасүрэнгийн Баясгалан (РД:ШУ94041110)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр аав гэртээ байхгүй байхаар нь Мөнх ахын гэрт очиход архи уугаад байж байсан. Тэгээд би Эрдэнэ-Очирт хандан “чи одоо болиоч, хэдэн жил аавтай архи уулаа, залуу хүн байж ажил төрөл хий л дээ” гэж хэлээд хэрүүл маргаан болж, Эрдэнэ-Очирын цамцнаас нь барьж байгаад гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохиод, хөлөөөрө хавирч унагаасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-53, 64-65, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Хохирогч Н.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Даваасүрэн ахтай хамт дэлгүүр орж архи аваад Мөнх ахын гэрт нь очсон. Архиа уугаад сууж байхад Даваасүрэн ахын хүү Д.Баясгалан нь архи уусан бололтой орж ирээд үгийн зөрүүгүй намайг “чи юу хийж яваа юм” гэж хэлээд гараараа миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохьсон. Миний хамраас цус гараад байж байхад цамцнаас заамдаж аваад орон дээр дарж унагаад гараараа миний нүүр хэсэгт дахин хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд доош эргэж харахад миний толгой ар хэсэгт 1-2 удаа өшиглөсөн. Д.Баясгалан нь намайг зодож байхыг Мөнх болон Даваасүрэн ах нар харж байсан.Сэтгэл санаагаар хохироогүй. Эмчилгээний зардалд 1.450.000 төгрөг авсан гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-12, 115),
Гэрч Т.Мөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2024 оны 6 дугаар сарын 08-ны өглөө гэртээ байж байхад найз Г.Даваасүрэн, Н.Эрдэнэ-Очир нар ирсэн. Бид нар архи уугаад сууж байхад Г.Даваасүрэнгийн хүү Д.Баясгалан нь гаднаас орж ирээд Н.Эрдэнэ-Очиртой “аавыг уруу татаж архи уулаа” гээд муудалцсан. Тэр хоёр барьцалдаж аваад харилцан нэг нэгнийхээ нүүр хэсэгт гараараа цохилцож, Г.Даваасүрэн бид хоёр салгасан. Д.Баясгалан нь Эрдэнэ-Очирын нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-28),
Гэрч Г.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2024 оны 6 дугаар сарын 08-ны өглөө үүрээр Эрдэнэ-Очир манай гэрийн хаалгыг нүдээд байхаар нь онгойлгож өгөөгүй бөгөөд цонхоор харсан чинь орцны үүдэнд сандал дээр сууж байсан. Тэгээд өглөө 08 цагийнн үед найз Мөнхийн гэрт очиход араас Эрдэнэ-Очир ороод ирсэн. Тэгээд би Эрдэнэ-Очиртой хамт гараад дэлгүүр ороод архи, ундаа, пиво аваад Мөнхийнд буцаж очиж ууцгаасан. Тэгээд байж байтал гаднаас хүү Баясгалан орж ирсэн. Тэр үед би “чи манай гэрийн хаалгыг үүрийн 4 цагаас хойш нүдлээ” гээд яриад байж байтал хүү Баясгалан уурлаад “хаалга үүд, өглөө эрт нүдлээ, чамайг ямар ажилд оруулах албатай биш” гэж хэлээд маргалдсан бөгөөд дээр доороо ороод байсан. Тэгээд Мөнх бид хоёр салгаад гэрээс гаргаад явуулсан. Цагдаа дуудах үед Эрдэнэ-Очирын нүд хавдсан, хамраас нь бага зэргийн цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-24),
Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Эрдэнэ-очир нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 172,959 төгрөгийн зардал гарсан байх тул нотлох баримтаар хавтас хэрэгт хавсаргасан болно. Иймд хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Баясгалангаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19),
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183 дугаартай “...Н.Эрдэнэ-Очирын биед тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 45-46)
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 28/61 дугаартай “...Иргэн Н.Эрдэнэ-Очир (РД:ФА89121197) 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хойш яаралтай тусламж 106.190, амбулаторийн үзлэг 66.769 нийт 172.959 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна...” гэсэн албан бичиг (хх-ийн 14),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 1-6)
Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “шүүгдэгч Д.Баясгалан 2.34 хувь, хохирогч Н.Эрдэнэ-Очир 1.91 хувьтай” гэжээ. (хх-ийн 6)
Хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтууд (хх-ийн 91-94)
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №18 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №68 дугаартай шийтгэх тогтоол, 51 дугаартай гүйцэтгэх хуудастай Д.Баягаланд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай” гэжээ. (хх-ийн 77)
Шүүгдэгч Д.Баясгалан нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-н 69, 72-74), иргэний үнэмлэхний лавлагаа (хх-н 82-88) болон бусад хувийн байдалтай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Баясгаланд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Баясгалан нь согтуугаар 2024 оны 6 дугаар сарын 08-ны өглөө 09-10 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 3 тоотод иргэн Т.Мөнхийн гэрт хохирогч Н.Эрдэнэ-Очиртой “аавыг ууруу татаж архи уулаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж, хавсарч унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч Н.Эрдэнэ-Очирын “Баясгалан нь миний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, толгойны ар хэсэг рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Мөнхийн “Баясгалан нь Эрдэнэ-Очирын нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Г.Даваасүрэнгийн “Баясгалан, Эрдэнэ-Очир хоёр нь дээр доороо ороод байхаар нь салгасан” гэх мэдүүлгүүд (хх-ийн 10-12, 22-24, 25-28),
-хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болох тогтоосон шинжээчийн №183 дугаартай дүгнэлт (хх-ийн 45-46), согтуурал шалгасан болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.Баясгалан нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохих, хавсарч унагах зэргээр зодсон үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, өөрийн үг үйлдлээ хянах, уур бухимдлаа зохицуулах чадвар нь суларч алдагддаг бөгөөд дээрх гэмт хэргийн тухайд шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Баясгалан нь хохирогч Н.Эрдэнэ-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрч учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулжээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Баясгалан нь хохирогч Н.Эрдэнэ-Очирын биед тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 1.450.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй талаарх хүсэлтийг ирүүлсэн байна. (хх-ийн 99,115)
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалаас “Хохирогч Н.Эрдэнэ-Очирын 172.959 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал”-ыг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 98 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Баясгалан нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэнэ гэж хуульчилсан.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Баясгалан нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж өөртөө дүгнэлт хийгээгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,
Шүүгдэгчийн зүгээс “миний хувьд онцгой байдлын хэлтэст аврагч, гал сөнөөгчөөр ажилладаг бөгөөд ажлын онцлогоос хамаарч дуудлагаар зэргэлдээх 3 сумаа хариуцан ажилладаг. Улирлын нөхцөл байдлаас хамаарч үер усны дуудлага их байгаа. Иймд надад торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг тус тус гаргасан.
Д.Баясгаланд “урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, аврагч, гал сөнөөгчөөр ажилладаг, ам бүл 4” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор “Даваасүрэнгийн Баясгалан /ШУ94041110/ нь Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2023 оны 01 дүгээс сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн” гэжээ (хх-ийн 88)
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.Баясгалан нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг торгуулийн ялаа төлж барагдуулсан болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдож байна. /хх-н 77/
Тодруулбал, шүүгдэгч Д.Баясгалан нь 2017 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч тэрээр ялаа эдэлж дууссан тул энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялуудаас түүний эрхэлдэг ажлын онцлог болон дээрх дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож оногдуулах нь зохимжтой гэж дүгнэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тэнгэр овгийн Даваасүрэнгийн Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тэнгэр овгийн Даваасүрэнгийн Баясгаланд 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Д.Баясгаланд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Баясгаланд мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Баясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Д.Баясгаланд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА