Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 465

 

 

                     

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг

улсын яллагч: С.Мөнхгэрэл

шүүгдэгч нарын  өмгөөлөгч: Ж.Батбаяр, Ц.Мөнхбат

шүүгдэгч   Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар  дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн  117  дугаар зүйлийн 117.2  дах хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон   овогт Батболдын Долгорсүрэн, Боржигон овогт Батболдын Чанцалдулам нарт   холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625020026  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний   өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон   овогт Батболдын Долгорсүрэн, 1993 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд  төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, хүргэн ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, одоо Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы  6-5 тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:АЧ93071408,

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон   овогт Батболдын  Чанцалдулам, 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч  мэргэжилтэй, Буурал-цахиртын оргил ХХК-ны Нарлаг цайны газарт тогооч ажилтай, ам бүл 6, нөхөр, дүү, хүүхэд  нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, одоо Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы  6-5 тоотод түр оршин сууж байгаа,улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:АГ91101128,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 10 дугаар байрны 7 дугаар орцны 2 дугаар давхарт Б.Долгорсүрэнгийн төрүүлсэн 1 нас 7 сартай  охин Намуунааг хаясаны улмаас хүүхдийн амь нас  хохирсон  гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.Долгорсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 04 сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар төрөхөд 3 кг 800 гр охиноо төрүүлсэн. Тухайн үед эмч нар үзээд хөл нь мултралтай гэж хэлж байсан. 2 сарын дараа үзүүлээрэй гэж байсан. Үүнээс хойш эмнэлэгт үзүүлж байгаагүй. 2015 оны 12 сарын 20-ны өдөр хүүхдээ орхиод гадуур явж байгаад 2015 оны 12 сарын 21-ний орой гэртээ ирсэн. Эгч ажлаасаа ирээд намайг загнасан. "Чи гадуур ,дотуур яваад байх юм. Хүүхдээ анхаарахгүй байна. Хоол ундгүй байна" гээд загнаж байгаад гараад явсан. Би гэртээ хүүхдээ тэвэрч сууж байхдаа "хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй, хоол ундгүй. Дүү эгч нартаа гай болж байна" гэж бодоод хүүхдэдээ хувцсыг нь өмсүүлээд аваад гарсан.  Хүүхдээ зовоож байхаар сайн хүнд өргүүлчих юмсан гэж бодсон. Хүйтэнд гадаа орхивол даарах байх гэж бодоод шууд зам гараад такси барьсан. Өмнөх өдөр нь эгч хүүхдэдээ тараг, сүү аваарай гээд мөнгө өгсөн байсан. Асрамжийн газар өгье гэхээр хаана хандахаа мэдэхгүй байсан. Таксинд суугаад 11 яваад 2 давхарт 2-р орц руу ороод айлын гадаа хүүхдээ тавьсан. Гэртээ очоогүй 2 хоног гадуур явсан. Гэртээ очиход бүгд унтаж байсан тул хүүхдээ яасан бэ гэж хэн ч асуугаагүй. 10 хоногийн дараа гэрт байхад байцаагч нар ирсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү намайг дагуулж явсан гэв.

          Шүүгдэгч Б.Чанцалдулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 5 өнчин дүү нартайгаа хамт байдаг. Манай аав, ээж хоёр салсан. Би нөхөртэйгөө хөдөө амьдарч байгаад 2015 оны 06 сард хотод ирээд Долгорсүрэнг төрөөд хүүхэдтэй болсон гэдгийг мэдсэн. 2 нүд нь цагаа унасан, хөлөөрөө явж чаддаггүй, бөгсөөрөө явдаг хүүхэд байсан. Хотод ажил хийгээд дүү нартайгаа цуг байхаар болсон. Манай дүү нар 10-р анги, 7-р анги, 18 настай, Долгорсүрэн 23 настай, бага нь 4 настай. Бид нар түрээсийн байранд амьдардаг. Ээж маань дүү нарт хараа хяналт тавьдаггүй. Ээж дүү нарыг түрээсийн байранд орхиод, хүнтэй суугаад хөдөө амьдрахаар явсан байсан. Дүү нарыг идэж уух зүйлгүй, унтаж хэвтэх газаргүй хаяад байсан. Долгорсүрэн жирэмсэн гэдгээ хэлээгүй явсаар байгаад төрсөн байсан. Төрсөний дараа эмч нар 2 хөл нь мултралтай байна, нүдэнд нь цагаа унасан байна 2 сарын дараа үзүүлээрэй гэж хэлсэн байсан. Бичиг баримтгүй хүүхэд байсан. Тиймээс үзүүлж чадаагүй. Долгорсүрэн гадуур их явдаг байсан. Тэр өдөр намайг ажлаас тараад ирэхэд хэдэн өдөр гадуур явж байгаад гэртээ ирсэн байсан. Би загнаад гараад явсан. Эргээд ороод ирэхэд хүүхэдтэйгээ байхгүй байсан. Долгорсүрэн шөнө ирчихээд буцаад гараад явсан. 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ байхад цагдаагийн газар руу аваад явсан. Цагдаагийн газарт Долгорсүрэн коридорт таараад тантай хамт явсан шүү гэж хэлсэн. Байцаагч дүү чинь тантай хамт явж хүүхдээ хаясан гэж мэдүүлэг өгсөн, үнэн үү гэж асуухад би айсандаа тиймээ гэж хэлсэн. Өгсөн мэдүүлэгтээ гарын үсэг зур гэхээр нь зурсан. Ийм юм болно гэж бодоогүй. Ээж маань дүү нарыг хайхардаггүй байсан. Чулуунчимэг Тэнгис кинотеарт ажилладаг. Сард 370.000 төгрөгийн цалин авдаг. 180.000 төгрөгийг түрээсийн байрандаа өгдөг. Манай нөхөр эсгийний үйлдвэрт ажилладаг тул заримдаа ажилгүй болчихдог. Би дүүтэйгээ цуг ажил хийж дүү нараа тэжээх гэж их хичээдэг. Манай хамгийн бага дүү өөр эцэгтэй. Ээж хаяад явсан гэв.

          Шүүгдэгч Б.Долгорсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би эхээс зургуулаа бөгөөд айлын хоёр дах хүүхэд байгаа юм. Би дээрээ нэг эгч, доороо 4 дүүтэй. Бид Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Ажилчдын гудамжны 1-9 тоотод нийтийн байр түрээслэн түр оршин сууж байгаа юм. Манай эцэг Батболд нь Хэнтий аймагт амьдардаг бөгөөд ээж Мөнхтуяагаас жилийн өмнө салсанаас хойш биднийг харж үзэхээ болиод холбоогүй болсон. Манай ээж Мөнхтуяа нь 2015 оны 11 дүгээр сараас хойш эгч дүү бид нартай цуг амьдрахаа больсон. Ер нь ааваас салсанаас хойш Гүрээ гэх ахтай уулзаж эгч дүү бид нарыг харж хандахаа больсон. Миний хувьд 2013 оны 7 дугаар сард Гантулга гэж залуутай танилцсан. Гантулга тухайн үед хувийн таксинд явдаг 1992 оны залуу байсан бөгөөд би танилцсанаасаа хойш уулзаж 2015 оны 8 дугаар сард Гантулгаас хүүхэд олж жирэмсэн болсон. Гантулгатай түүнээс хойш хааяа хааяа ганц нэг уулздаг байж байгаад 2013 оны 12 дугаар сард уулзаад өөрийгөө жирэмсэн болсоныг хэлсэн. Гантулга тухайн үед би эцэг эхдээ хэлээд цуг амьдрая гэж хэлээд сураггүй алга болсон. Миний хувьд 2014 оны 4 дүгээр сард Гантулгатай төрөх гэж байгаа талаараа хэлэхэд би байгаа газар чинь эргэж очно гэж хэлээд түүнээс хойш одоог хүртэл холбоогүй алга болсон. Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах 3 дугаар төрөхөд амаржиж охин Намуунаа мэндэлж 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр эмнэлгээс гарч одоо амьдарч байгаа нийтийн байрандаа өрөө түрээслэж орсон. Эхлээд нийтийн байранд өөрийн дүү Чулуунчимэгтэй цуг амьдарч байсан төрснөөсөө хойш 1 сарын дараа хүүхдийнхээ бичиг баримтыг авахаар хөөцөлдөх гэтэл манай ээжийн төрсөн дүү Лхамсүрэн чи бичиг баримт хөөцөлдөхөө түр азнаж бай чамайг зөвшөөрвөл хүүхдийг чинь өргөж авах хүн байна гэж хэлсэн. Тэгээд нэг эгчийн нэрийг утасны  дугаарын хамт өгсөн. Би тэр хүнтэй уулзалгүй утсаар ярихад ламд үзүүлж байгаад өргөж авах авахгүйгээ хэлье гэсэн. Тэгээд сураггүй байж байснаа Намуунааг 4 сар хүрэхэд нөгөө эгч над руу яриад өргөж авахааргүй боллоо гэж хэлсэн. Миний хувьд хүүхдийнхээ талаар ээж Мөнхтуяа болон түүний дүү Лхамсүрэн нартай ярилцахад залуу хүн байна хүүхдээ өргүүлсэн нь дээр гэсэн шийдэлд хүрээд байсан юм. Миний хувьд ар гэрийн байдал боломжгүй хүүхдээ тэжээх чадваргүй байсан учраас анхнаасаа хүнд үрчлүүлье гэж л боддог байсан. Миний охин төрөлхийн нүд нь болоргүй хоёр хөл муутай байсан. Миний хувьд төрснөөс нь хойш эмнэлэгт нарийн мэргэжлийн  эмчээр үзүүлдэггүй байсан учраас сайн оношийг нь мэддэггүй байсан. 2015 онд би найман шарга нэртэй цайны газар бэлтгэгч ажилтай байсан бөгөөд хүүхдийг маань ээж хардаг байсан. Манай ээжийн зүгээс хүүхдийг чинь хармааргүй байна, дүү нар чинь хчиээл номноосоо ирээд л хүүхэд чинь уйлаад амьдралд дарамттай байна гэдэг байсан. Тэгээд нэг хэсэг би гэртээ хүүхдээ хараад байсан. Ээж ажил хийсэн ч цалингаа бид нарт өгдөггүй нөгөө Гүрээ гэдэг хүн рүүгээ аваад явчихдаг байсан. Манай дүү Чулуунчимэг л цалингаараа бид нарыг тэжээдэг байсан. Эгч Чанцалдулам тухайн үед хүнтэй суугаад явчихсан байсан. Миний хувьд ажил хийе гэхээр хүүхэд харах хүнгүй хүүхдийнхээ бичиг баримтыг хөөцөлдөе гэхээр би өөрөө бичиг баримтаа хаячихсан зэрэг хүндрэлүүд байсан. 2015 оны 10 дугаар сараас эхэлж эгч Чанцалдулам нөхрөөсөө салаад бид нар дээр ирсэн бөгөөд орой үдэш ажлаасаа орж ирээд манай хүүхдийг уйлхаар наад хүүхдээ аваад зайл гээд манай хүүхдэд их дургүй байдаг байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдөр манай эгч  хүүхдээ энд тэнд аваачиж тавьдаг юм уу яадаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэжээх хүнгүй очих газаргүй болохоор хүүхдээ хаяхаар шийдээд 2015 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим хөлсөлж байсан дотуур байрнаасаа өөрийн охин Намуунааг цагаан куртик, яагаан малгай, улбар шар өнгийн өмдтэй  хөлөөр нь ягаан өлгий ороогоод өөрийн эгч Чанцалдуламын хамт гараад такси бариад 11 дүгээр хорооллын автобусны буудал дээр буугаад буудлын хажуу талын дугаарыг нь мэдэхгүй байрны баруун талаас 3 дах орцны 2 дугаар давхарын коридорт хүүхдээ тавиад явсан. Тухайн үед охин маань ханиадтай байсан. Миний охин 8 дугаар хороонд бүртгэлтэй байсан бөгөөд өрхийн эмнэлэгт нэг ч удаа очиж байгаагүй. Би амьдралын эрхээр хүүхдээ тэжээж чадахгүй болоод л хаясан. Манай эгч дүү нар манай хүүхдэд дургүй болохоор нь аргагүйн эрхэнд хаясан. Манай эгч Чанцалдулам тухайн үед надаас хүүхдээ хая эсхүл бид нар чамайг хаялаа гээд байсан. Манай охин бөгсөөрөө явдаг байсан хоёр хөл дээрээ зогсож чаддаггүй байсан юм. Би Гантулгын гэрийн хаяг овог зэргийг мэдэхгүй. Гантулга 2014 оны 4 дүгээр сараас холбоогүй болсон гэжээ. /хх-ийн 45-46/

         Шүүгдэгч Б.Чанцалдулам   мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Би өөрийн төрсөн дүү Долгорсүрэн, Чулуунчимэг, Дашням, Отгончимэг, Батням нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах нийтийн байранд өрөө түрээслэн амьдардаг юм. Манай эцэг эх хоёр 2013 онд салсан. Учир нь аав Батболд 7 жилийн өмнөөс эхэлж архинд гүн орж бид нарт агсам тавьж ээжийг зоддог байсан. Ингээд аав ээж хоёр маань салж аав маань сураггүй болсон. Ээжийн тухайд бид нартай цуг амьдарч байгаад 2015 оны 10 дугаар сараас эхлэн өөр хүнтэй нийлээд алга болсон. Яг ямар хүнтэй нийлж амьдарч байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Манай гэрээс би мөн Чулуунчимэг дүү маань ажил хийж амьдралаа залгуулдаг юм. Чулуунчимэгийн тухайд 270.000 төгрөгний цалинтай хөлсний байрны мөнгөө л өгдөг юм. Би 2010 онд Мөнхбаяр гэж хүнтэй гэр бүл болж Архангай аймагт амьдарч байгаад 2015 оны 6 дугаар сард нөхөртэйгээ хотод ирж цуг хөлсний байранд амьдарч  байгаад салсан. 2015 оны 9 дүгээр сараас Нарлаг хоолны газарт тогоочоор ажиллаж байна. Дүү Долгорсүрэнгийн тухайд дунд сургуулиа төгссөнөөс хойш ажил хийдэггүй гэртээ сууж байгаад эцэггүй хүүхэдтэй болсон. Хүүхэд нь 1 нас 7 сартай төрөлхийн нүдний болоргүй хоёр хөл нь гишгэдэггүй хүүхэд байсан. Дүү Долгосүрэнгийн тухайд шоуддаг, гэрээсээ манай дүү Чулуунчимэгийн гар утсыг хулгайлж гараад зараад үрчихдэг байсан. Амьдралын төлөө сэтгэлгүй хүүхдээ хайхардаггүй олон хоног өлсгөж цангаадаг хүүхэд байгаа юм. Миний хувьд дүүгээ охиныгоо хайхрахгүй тоохгүй болохоор нь арга ядаад чи хүүхэддээ анхаарал тавихгүй бол гаргаж хая гээд 2015 оны 12 дугаар сарын 21-ны шөнө хэлчихсэн юм. Тэгээд Долгорсүрэнтэй ярилцаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00.00 цаг өнгөрч байхад охин Намуунааг нь дээгүүр нь цагаан куртик, ягаан өнгийн малгай ороолттой, ягаан өнгийн өлгийгөөр нь ороогоод гаднаас марк нь тодорхойгүй цагаан өнгийн машинд сууж такси бариад 11 дүгээр хорооллын автобусны буудлын хажуу талын номерыг нь мэдэхгүй хуучин байрны урд буугаад баруун талаасаа 2 дах орцны хоёр давхарт гарч манай дүү хүүхдээ орхисон. Би Намуунаагийн эцгийн талаар ерөөсөө мэдэхгүй. Долгосүрэнгээс эцгийх нь талаар асуухаар хэлдэггүй юм. Долгорсүрэн өөрөө хүүхдээ хайхардаггүй хүүхэд нь өвчтэй болохоор нь өөр газар орхичихвол хүн олоод авчих байх нэг бол асрамжийн газарт хүргээд өгөх байх л гэж бодсон юм гэжээ. /хх-ийн 50/

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-4/, тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9/, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хэвтэж эмчлүүлэх зөвшөөрөл /хх-н 5/,

         Т.Дорждамба,Б.Оюунчимэг,С.Энхцолмон нараас асууж авсан тайлбарууд /хх-н 6-7/

         Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-14/

         Хохирогчоор тогтоох тогтоол. Байцаасантэмдэглэл /хх-н 16-17/      

         Гэрч Б.Оюунчимэг   мөрдөн байцаалтад /мэдүүлэхдээ:  2015 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө намайг ажлын байр болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны  7 дугаар орцны жижүүрийн байранд унтаж байхад 2 давхарын оршин суугч гарч ирээд эгчээ манай хаалганы үүдэнд жаахан хүүхэд хаячихсан байна гэсэн. Тэгэхээр нь би дээшээ гарахад гадуураа цагаан өнгийн куртик өмссөн доогуураа ягаан өнгийн өмдтэй 1 нас гарантай эмэгтэй хүүхэд байсан. Тэгэхээр нь би уг хүүхдийг өрөөндөө авч ороод түргэн болон цагдаад дуудлага өгсөн. Удалгүй түргэний эмч болон цагдаа ирсэн. Эмч хүүхдийг үзээд хоёр уушгиндаа хатгаатай байна гээд аваад явсан. Тухайн үед хүүхдийг ямар хүмүүс оруулж ирсэнийг би мэдээгүй. 2015 оны 12 дугаар сарын 21-ны 00.00 цагийн үед намайг орцоо шалгаж үзэхэд тэнд хүүхэд байгаагүй. Тэгээд би хэсэг  зүүрмэглэсэний хойгуур л оруулж ирээд орхисон юм шиг байсан гэжээ. /хх-ийн 18/

          Хохирогч С.Цагаан-ээж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс хүүхдийн төлөө үндэсний газарт хандаж 2015 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар байрны орцноос олдсон 1 нас 7 сартай Д.Намуун эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан хэрэгт хохирогчоор оролцох хүн томилж өгөхийг хүссэн албан бичиг ирүүлсэний дагуу намайг  энэ хэрэгт хохирогчоор оролцуулахаар томилсон  юм. Би 2011 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа ба хүүхэд хамгааллын арга зүйн зөвлөмж боловсруулах  ажлыг хийдэг юм гэжээ.

Гэрч Б.Чулуунчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Бид нар эхээс 6-уулаа бөгөөд Б.Чанцалдулам эгч том нь юм. Долгорсүрэн эгч дээрээсээ хоёр дах нь юм. Би 3 дах хүүхэд нь бөгөөд миний доор 3 дүү байгаа. Манай аавыг Батболд, ээжийг Мөнхтуяа гэдэг юм. Аав одоогоос 4 жилийн өмнөөс ээжээс салаад явсан түүнээс хойш ямар ч сураггүй болсон. Ээж 2 жилийн өмнөөс гэрээсээ гарч яваад өнөөдрийг хүртэл сураггүй байгаа. Аав, ээж хоёр хаана, яаж амьдарч байгааг мэдэхгүй байна. Том эгч Чанцалдулам 2008 онд 68 дугаар дунд сургуулийг төгсөөд 2010 он хүртэл аав ээжтэй хамт зах дээр ажиллаж байгаад 2010 онд Мөнхбаяр гэдэг хүнтэй суугаад Архангай аймаг руу мал маллахаар явсан. 2015 оны 6 дугаар сараас бид нартай хамт амьдарч байна. Чанцалдулам эгч бол төлөв даруухан зантай өөрийн хэлэх зүйлээ шууд хэлчихдэг өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Долгорсүрэн эгчийн хувьд бол 2010 онд 44 дүгээр дунд сургуулийг төгсөөд Улаанбаатар их сургуулийн цайны газарт угаагчаар ажилд орсон юм. 2014 оны 4 дүгээр сард 3 дугаар амаржих газраас нэг хүн миний утас руу залгаад танай эгч төрчихсөн байна гэхээр нь очтол эгч маань охинтой болчихсон байж байсан. Хэн гэж хүний хүүхэд юм гэдэг талаар нь надад хэлээгүй. Тэгээд бид нар хамт амьдрах болсон. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би өглөө 08 цагаас 23.00 цаг хүртэл ажил  дээрээ байж байгаад 23.30 цагийн орчим гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд хоёр эгч Намуунаа нар байгаагүй. Гурван дүү маань л байсан. Тэгээд 02.00 цаг өнгөрч байхад Чанцалдулам, Долгорсүрэн хоёр ороод ирсэн бөгөөд Намуунааг хаана гэдгийг нь мэдэхгүй орхичихсон ирсэн. Тухайн үед би тэр хоёроос юу ч асуугаагүй. Долгорсүрэн эгч төрснөөсөө хойш 2 сарын дараагаас эхлээд үе үе хүүхдээ дүү нарт үлдээгээд хоногоор алга болчихдог байсан. Би болон Чанцалдулам эгч бид хоёр Долгорсүрэн эгчид ойлгуулах гээд загнахдаа битгий гадуур тэнээд бай хэрэв тэнэмээр байвал хүүхдээ аваад тэнэж бай харж чадахгүй юм бол хүүхдээ асрамжийн газарт нь өг гэж хэлдэг байсан. Тэгэхэд огт тоолгүй Чанцалдулам эгчтэй хамт яваад хүүхдээ хаясан байсан. Бид нар ойлгуулах гэж л хэлдэг байсан. Намуунааг төрсөнөөс нь хойш нэг ч удаа эмнэлэгт үзүүлж байгаагүй. Бичиг баримт ч авч байгаагүй байх гэжээ. /хх-ийн 20/

          Гэрч Т.Дорждамба мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би 2015 оны 12 дугаар сарын 22-ны 00.39 цагийн орчим 11 дүгээр хороолол 7 дугаар хороо 10 дугаар байрны 7 дугаар орцны гадна 120 мянгатын Корокус баарны гаднаас авсан 50 гарсан насны эрэгтэй хүнийг хүргэж  өгөөд орцонд нь оруулж гэрээс нь явсан километрийн мөнгө болох 6000 төгрөг авах гэж ороход тэр айлын хаалганы гадна 01 орчим насны мяраалаг, цонхигор царайтай эмэгтэй  хүүхэд байсан. Уг хүүхэд нимгэн цагаан куртиктэй, ноосон малгай өмссөн хүрэн даавуун өмдтэй гуталгүй улаан хүрэн эрээн оймстой гадуур нь улаан хүрэн нимгэн одеалиар хучсан байсан. Тэрээр ганцаараа хэвтсэн байдалтай байсан тэгэхээр нь би мөнгө авах ёстой байсан айлаас гарч ирсэн 2 эмэгтэйд хэлсэн. Нөгөө хоёрын нэг нь хүүхдийг шалнаас аваад тэвэрсэн нөгөө эмэгтэй нь доошоо жижүүр дуудхаар явсан. Тэгээд орцны жижүүр ирээд хүүхдийг авч явсан. Би өөрийн 96615001 утсаар түргэн цагдаад дуудлага өгсөн гэжээ. /хх-ийн 6/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 17/

 Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн   186 дугаар дүгнэлтэд:

1.Талийгаачийн биед шинэ гэмтэл тогтоогдсонгүй. 2 хөлийн дунд чөмөг хугарч  бороолсон нь сульдаа өвчний улмаас яс сийрэгжиж эмгэг хугарал үүссэн байх боломжтой байна.

2.2 уушигны хүнд хэлбэрийн хатгааны улмаас амьсгалын дутагдлаар нас баржээ.

3.Цус задарсан тул бүлэг тогтоогдсонгүй.

4.2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16.40-д нас барсан гэж өвчний түүхэнд тэмдэглэжээ.

5.Хүүхэд суурь өвчин болох хүнд хэлбэрийн сульдаа, цус багадалт, сэтгэц, хөдөлгөөний хоцрогдол, 2 нүдний эвэрлэгийн цайлттай байна.

6.Үхэлд эмч эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагаа үгүй, зохих эмчилгээ үйлчилгээ хийгдсэн байна гэжээ. /хх-ийн 22-37/

          Б.Долгорсүрэнг баривчлах тогтоол /хх-н 38/

          Б.Долгорсүрэнг Б.Чанцалдулам, Б.Чулуунчимэг нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 39-40/

         Б.Чанцалдуламд гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-н 41/ Нарлаг хоолны газарт тогооч ажилтай болохыг тодорохойлсон тодорхойлолт./хх-н 42/

         Б.Долгорсүрэнг сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл /хх-н 44-48/ ял өөрчилж нэмж сонсгох тогтоол, байцаасан тэмдэглэл/ хх-н 73-74/

          Б.Чанцалдуламыг сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл /хх-н 49-52/ ял өөрчилж нэмж сонсгох тогтоол, байцаасан тэмдэглэл /хх-н 75-76/ зэрэг болно.

         Б.Чанцалдуламын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 53/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. /хх-н 55/

         Б.Долгорсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас : ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. /хх-н 56/ зэрэг болно.

        Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нар нь 2015 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 10 дугаар байрны 7 дугаар орцны 2 дугаар давхарт Б.Долгорсүрэнгийн төрүүлсэн 1 нас 7 сартай  охин Намуунааг хаясаны улмаас хүүхдийн амь нас  хохирсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Б.Долгорсүрэн нь  2014 оны 4 дүгээр сард 3 дугаар амаржих газарт охин Д.Намуунааг төрүүлээд өнөөдрийг хүртэл охиныг  бүртгүүлж гэрчилгээ аваагүй, гэртээ бага насны дүү нартаа орхиод өөрөө гадуур хонодог огт хайхардаггүй  байсанг гэрчүүд мэдүүлсэн байна. Энэ байдлыг хэлсэн эгч дүү нарынхаа үгийг ойшоохгүй, охиноо хайрладаггүй, халамжилдаггүй орхигдуулсанаар хүүхдийн биеийн байдал ямар байдалтай болсон нь шинжээчийн дүгнэлтээр  тодорхой харагдаж байна.Тухайн шөнө 00.00 цаг өнгөрөөгөөд өөрийн төрсөн эгч Б.Чанцалдуламын хамт охин Намуунааг авч яваад гадаа орхивол даарах байх гэж бодоод байрны хоёр давхарт гарган шалан дээр орхиод явсан нь хангалттай тогтоогдож байна

         Иймд Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарыг шүүх үйлдлээрээ бүлэглэн үйлдсэн гэж үзээд прокуророос урьдчлан үгсэн тохиролцож бүлэглэсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар урьдчилан үгсэн тохиролцсон байдал хангалттай тогтоогдохгүй байна гэж үзээд урьдчилан үгсэн тохиролцсон гэснийг хэрэгсэхгүй болгож  үйлдлээрээ бүлэглэсэн гэж үзэж  өөрчилж шийдвэрлэв.

        Урьд нь Б.Чанцалдулам хүүхдээ хайхарсангүй, гаргаж хая  гэж загнаж байсан нь үнэн боловч хүүхдийг хаях талаар дүүтэйгээ хоорондоо урьдаас үгсэн тохиролцсон байдал тогтоогдохгүй байна.

       Шүүгдэгч нарын өмгөөлөгч хүүхдийг хаясаны улмаас хүүхдийн амь  нас хохирсон гэж үзэхэд эргэлзээтэй, хүүхэд уушигны хатгаа өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа боловч шүүгдэгч нар хүүхдийг  өвдөөд удсан шөнө болгон  халуураад байгаа гэдгийг мэдсээр байж эмнэлэгт хандаж үзүүлээгүй, шөнө орой болсон хойно өвчтөй байгаа хүүхдийг нимгэн хувцастай авч гарч орцонд хүйтэн шалан дээр хаясан нь үхэлд хүргэх шалтгаан болсон гэж шүүх үзэв.   

       Б.Чанцалдулам нь дүүгийнхээ хүүхдээ хайхрахгүй байгаа  байдлыг мэдсээр байсан ба өөрөө эх хүн байж нялх өвчтөй байсан хүүхдэд огт анхаарал тавиагүй, харин ч хүүхдээ хая гэж байсанаас үзэхэд  Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нар нь хүүхдийг хаях  талаар нэг санаатай байсан ба хамт явж хүүхдийг орцонд хаясан нь тогтоогдож байна гэж үзэв.

       Иймд Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг хүүхэд хаясаны улмаас амь нас нь хохирсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн  34.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дах хэсэгт заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

       Шүүх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

       Шүгдэгч нар нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

        Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Боржигон   овогт Батболдын Долгорсүрэн, Боржигон овогт Батболдын Чанцалдулам нарт прокуророос  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн  117  дугаар зүйлийн 117.2  дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлснээс урьдчилан үгсэн тохиролцож гэдгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дах хэсэг болгон өөрчилсүгэй.

2.Боржигон овогт Батболдын Долгорсүрэн, Боржигон овогт Батболдын Чанцалдулам нарыг  хүүхэд хаясаны  улмаас хүүхдийн нас хохирсон  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн   гэм буруутай болохыг тогтоосугай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн  34.1 дэхь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дах хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнг 5 жилийн хугацаагаар хорих ял, Б.Чанцалдуламыг 3  жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

            5.Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарын  тус бүр цагдан хоригдсон 14 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь  тус тус оруулан тооцсугай.

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нар нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

            7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН