Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2160

 

 

 

 

 

 

 

 

 

З ТББ -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02736 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З ТББ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.М д холбогдох

 

300 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баярцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрдэнэбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З ТББ  нь Хан-уул дүүрэг 4 дүгээр хорооны нутагт Хүүшийн амны хойно байрлах 700 м.кв 000304629 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газартай байсан бөгөөд газар дээр өмчлөх эрхийн 000006288 тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн 2206007732 дугаартай 3 иргэний өмч болох 288 м.кв контор, кофены 50 м.кв 3 давхар үл хөдлөх хөрөнгө байсан. Халаалт цахилгааны зардал өвөлдөө их гарч байсан тул байгууллагын зардлаа хэмнэх зорилгоор Т.М ы тавьсан саналын дагуу хоёр тал харилцан тохиролцож 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр газар болон үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т.М тай Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээгээр Т.М  нь тус газар дээр шинээр барих орон сууцны барилгаас 400 м.кв орон сууц, 50 м.кв үйлчилгээний талбай буюу гэрээний 7.2-т заасны дагуу 1 м.кв нь 2 000 000 төгрөгийн үнэ бүхий нийт 900 000 000 төгрөгийн үнэтэй байр, талбай өгөхөөр тохирч тус газар дээр байрлах 000006288 тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн 2206007732 дугаартай гурван иргэний өмч болох 288 м.кв контор, кофены 50 м.кв 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороонд байрлах улсын бүртгэлийн Ү-2206032172 тоот 95.48 м.кв үл хөдлөх хөрөнгөөр сольсон. Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөн барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлийн Ү-2204042988, Ү-2202009872 дугаартай орон сууцнуудыг Т.М  барьцаалсан байсан. Гэрээний дагуу манай тал үүргээ биелүүлж хариуцагчид шилжүүлэх ёстой хөрөнгөө бүрэн шилжүүлж газраа чөлөөлөн үүргээ гүйцэтгэсэн. Т.М  нь гэрээнд заасан хугацаандаа барилгаа бариагүй бөгөөд удахгүй барилга барина гэж хүлээлгэж байсан. Манай байгууллагаас Т.М д албан тоотууд илгээж байсан. Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1 тоот гэрээний үнийн дүн эд хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулж хоёр тал харилцан тохирч 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Арилжааны гэрээг байгуулсан. Гэрээгээр өмнөх гэрээгээ дуусгавар болгож гэрээний салшгүй нэг хэсэг байхаар тохирсон бөгөөд Т.М  нь манай талд 220 000 000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт байрлах 1 өрөө байр тус тус хүлээлгэн өгч барьцаанд тавьсан 2 байраа суллан авч, үлдэгдэл төлбөрт тухайн газар дээр 12 давхар барилга баригдсан тохиолдолд 3 давхарт орон сууцны 100 м.кв 1 давхарт үйлчилгээний 50 м.кв талбай өгөхөөр харилцан тохирсон. Манай талаас шилжүүлж өгсөн уг газар дээр орон сууцны 12 давхар барилга баригдсан байгаа бөгөөд 2017 оны сүүлээр тус барилгын захиалагч нь Т.М  байсан. Тус орон сууц нь баригдаж дуусч байгаа бөгөөд байр захиалгын гэрээ хийгдэж байсан тул захиалгаа өгөхөөр 2018 оны 3 сарын эхээр очиход барилгын захиалагч нь өөрчлөгдсөн байсан. Бид төлөөлөгчөөрөө дамжуулан Т.М тай уулзан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад өгч чадахгүй би барилга бариагүй гэж үүргээсээ зугтах болсон. Манай байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг байсан байраа Т.М д шилжүүлсэн бөгөөд тогтсон ажлын байргүй хүндрэлтэй байгаа. Иймд Т.М аас 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу орон сууцны 100 м.кв байр, үйлчилгээний 50 м.кв талбайн үнэ болох 300 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч байна. З ТББ нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүүшийн амны хойно байрлах 700 м.кв талбай бүхий газар болон 288 м.кв контор, кофены 50 м.кв 3 давхар үл хөдлөх хөрөнгийн үнэ гэж Т.М аас 100 000 000 төгрөг бэлнээр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Зайсан гудамж 23/1 дүгээр байрны 83 тоот 95.48 м.кв орон сууц / 334 сая төгрөгийн үнэтэй/, 220 000 000 бэлнээр, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байр, 228/А тоот 1 өрөө орон сууц зэргийг тус тус хүлээн авсан. Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан арилжааны гэрээний дагуу орон сууцны 100 м.кв байр, үйлчилгээний 50 м.кв талбайн үнэ гэж 300 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Т.М  нь тухайн газар дээр барилга барих санхүүгийн боломжгүйгээс уг газрыг З.Б-т шилжүүлсэн. Харин З.Бямбажав нь тухайн газар дээр өөрийнхөө хөрөнгөөр орон сууцны барилга барьсан ба уг орон сууцны өмчлөгч юм. Т.М  нь тухайн газар дээр өөрөө барилга бариагүй, ямар ч хөрөнгө оруулаагүй тул талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан арилжааны гэрээний дагуу орон сууцны 100 м.кв байр, үйлчилгээний 50 м.кв талбайг А талд хүлээлгэн өгөх үндэслэлгүй болно. Арилжааны гэрээний 4.1, 4.2 дугаар зүйлүүдэд Б тал нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүүшийн амны хойно байрлах газарт орон сууцны зориулалтаар 12 давхар барилга барьсан тохиолдолд орон сууцны 100 м.кв байр, үйлчилгээний 50 м.кв талбай бүхий орон сууцыг барьж дуусмагц хүлээлгэн өгөх гэж заасанчлан Б тал ямар нэг барилга, орон сууц бариагүй тул эдгээр заалтын дагуу үүрэг хүлээхгүй болно. Иймд дээрх үндэслэлүүдээр З ТББ -ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь арилжааны гэрээний дагуу 288 м.кв нь анх 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр н.Сайнжаргалд шилжүүлж хөлсөнд Зайсангийн байрыг арилжааны гэрээгээр авсан. Энэ нь шүүхэд ирсэн баримтад байгаа. Иймд 288 м.кв үл хөдлөх нь 345 саяар н.Сайнжаргалд очсон. Гэтэл гэрээг ТББ болон Т.М  нар байгуулсан. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан. н.Сайнжаргалд өгсөн үл хөдлөхөө өөрөө хариуцагчтай гэрээ байгуулсан. Дараа нь 3 дахь гэрээ гарч ирдэг. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр арилжааны гэрээгээр нэхдэг. Энд М.Г Т.М  нар гэрээ байгуулсан байдаг. Үүгээр өмнөх гэрээг дуусгавар болгоод гэрээний үнийг өөрчилсөн. Энд хариуцагч барилга барьсан тохиолдолд 100 болон 50 м.кв өгнө гэдэг боловч гэрээний үнэ тохирсон хэсэг байхгүй. Харин барилга барьсан тохиолдолд 100 болон 50-г өгнө гэсэн өөр заалт байгаа. Уг барилгыг З.Бямбажав барьсан болох нь тогтоогддог. Энэ талаар баримт байгаа бөгөөд З.Бямбажав гэрчээр мэдүүлэг өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Учир нь М.Г нь иргэний хувиар ТББ-ын өмчийн талаар гэрээ байгуулсан. Иймд шаардлагыг зөвшөөрөхгүй. 288 м.кв-ыг хангалттай мөнгөөр өгсөн. Зөвхөн газрыг 220 сая, 1 өрөө байраар өгсөн. Эзэмших эрхтэй газрыг их хэмжээний орлого олох зорилгоор зарсан байдаг. Комиссын актанд хариуцагчийн нэр оролцсон явдаг. Учир нь газар эзэмших эрх шилжихтэй холбоотойгоор төрийн байгууллага нэр шилжүүлэх асуудлыг удаасан тул хариуцагчийн нэр давхар яваад байгаа юм. Зайсангийн байр нь 345 000 000 төгрөгний үнэ ба энэ талаар баримт байхгүй. Нэхэмжлэл гаргаад байгаа гэрээг хийсэн даруйдаа мэдээгүй тул зарим хэсгийг нь биелүүлсэн байдаг. Уг гэрээ нь хүчин төгөлдөр бус ба тэгээд ч хариуцагч уг газар дээр барилга бариагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн эзэмших эрхтэй газрыг их өндөр үнээр зараад байгаа нь хууль бус юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар хариуцагч Т.М аас 300 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З ТББ -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 657 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Т.М  нь тухайн газар дээр барилга барих санхүүгийн боломжгүйгээс уг газрыг З.Б-т 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн. З.Бямбажав нь тухайн газар дээр өөрийнхөө хөрөнгөөр орон сууцны барилга барьсан ба уг орон сууцны барилгын өмчлөгч нь З.Б болох нь хэрэгт авагдсан Ажил гүйцэтгэх гэрээнүүд, худалдах-худалдан авах гэрээнүүд, орон сууц захиалах гэрээнүүд болон 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Т.М  нь тухайн газар дээр өөрөө барилга бариагүй, ямар ч хөрөнгө оруулаагүй тул 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Арилжааны гэрээний дагуу орон сууцны 100 м.кв талбай, үйлчилгээний 50 м.кв талбайг А талд хүлээлгэн өгөх үндэслэлгүй. Арилжааны гэрээний 4.2-т “Б тал нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүүшийн амны хойно байрлах газарт орон сууцны зориулалтаар 12 давхар барилга барьсан тохиолдолд орон сууцны 100 м.кв байр, үйлчилгээний 50 м.кв талбай бүхий орон сууцыг барьж дуусгамагц хүлээлгэн өгөх” гэж заасанчлан Б тал ямар нэг барилга, орон сууц бариагүй тул нэхэмжилсэн орон сууцны талбай, үйлчилгээний талбайг өгөх үүрэггүй. Анхан шатны шүүх уг барилгыг З.Б нь өөрийн хөрөнгөөр барьсан ба барих зардлыг хариуцсан гэж дүгнэсэн мөртлөө Т.М аас төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан арилжааны гэрээ нь М.Г болон Т.М  нарын хооронд хийгдсэн ба “Зүүн ширээ уул” ТТБ-ын эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээг М.Г иргэнийхээ хувьд хийх эрхгүй байхад шүүх эрх бүхий этгээд хийсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М.Гомбодоржид олгосон итгэмжлэлд “Зүүн ширээ уул” ТТБ-ын нэр өөрчлөгдөх, эд хөрөнгийг захиран зарцуулах, тухайн ТББ-тай холбоотой бүх үйлдэлд төлөөлөн холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах эрх олгосон. Тиймээс М.Г нь иргэн хүнийхээ хувьд гэрээ байгуулах бус тухайн ТББ-ыг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй юм. Тиймээс 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан арилжааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

З ТББ нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүүшийн амны хойно байрлах 700 м.кв талбай бүхий газрын үнэ гэж Т.М аас 220 000 000 төгрөгийг бэлнээр, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байр, 228/А тоот нэг өрөө орон сууц зэргийг авсан. Мөн Т.С-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох 288 м.кв талбай бүхий конторын зориулалттай барилгыг буулгах зардал Т.М аас 100 000 000 төгрөг бэлнээр авсан. Иргэний хуулийн 102 дугаар зүйлд заасанчлан төрийн өмчийн газрыг ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчлэх зорилготой З ТББ  нь бусдад зарж, их хэмжээний ашиг олсон ба өөрийн зорилго, үйл ажиллагааны чиглэлээ зөрчсөн үйлдлийг анхан шатны шүүх зөвтгөж хууль зөрчөөгүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүхэд тухайн газрын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэх хүсэлтийг хариуцагчийн зүгээс гаргасан боловч хүсэлтийг хангаагүй.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан зүйл байхгүй бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж буй талаар нэхэмжлэгч мэдэгдээгүй, татгалзсан талаар шүүх хуралдаан дээр ч яригдаагүй. Гэрээнээс аль нэг тал нь татгалзаж байгаа бол хуульд заасан журмын дагуу татгалзах ёстой. Мөн анхан шатны шүүх Т.М ыг тухайн газар дээр баригдсан орон сууцны хамтран өмчлөгч мөн гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу биет байдлаар орон сууцны талбайг эргүүлж өгөх боломжгүй гэж гэсэн нь ойлгомжгүй байна.

Арилжааны гэрээний дагуу талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгч гэрээнд заасан эд хөрөнгийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн зөрүүг мөнгөөр нэхэмжлэх эрхтэй болно. Тиймээс шүүх арилжааны гэрээнд заасан биет зүйлийг мөнгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль бус байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч З ТББ  нь хариуцагч Т.М д холбогдуулан үйлчилгээний зориулалттай 50 м.кв талбай, орон сууцны зориулалттай 100 м.кв талбайн үнэ 300 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн үндэслэл болсон арилжааны гэрээнд зааснаар барилга бариагүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан байна.

 

            Талууд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн амны хойно байрлах, газар эзэмших эрхийн 000304629 тоот гэрчилгээтэй, 700 м.кв газар болон Г.У, Л.О, М.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007732 дугаарт бүртгэгдсэн 288 м.кв конторын зориулалттай, 50 м.кв үйлчилгээний зориулалттай хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь дээрх газар дээр баригдах барилгаас 400 м.кв орон сууц, 50 м.кв үйлчилгээний талбай болон газар чөлөөлөхөд 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 95.48 м.кв орон сууцыг Г.Урамбаярын нэр дээр шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

 

            Дээрх гэрээний үнийн дүнд талууд өөрчлөлт оруулж, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан арилжааны гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч талаас барьцаанд тавьсан улсын бүртгэлийн Ү-2204042988 дугаартай 139.49 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2202009872 дугаартай, 96 м.кв 3 өрөө орон сууцуудыг барьцаанаас чөлөөлөх, харин хариуцагч нь 220 000 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 байрны 228А тоотод байрлах 1 өрөө байр, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн амны хойно байрлах газарт баригдах барилгын 1 давхарт үйлчилгээний зориулалттай 50 м.кв талбай, орон сууцны зориулалттай 100 м.кв талбайг барьж дуусмагц хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

            Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч З ТББ  нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болон хариуцагч нь 100 000 000 төгрөг, 220 000 000 төгрөгийг бэлнээр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, 23/1 байрны 83 тоотод байрлах, 95.48 м.кв талбайтай орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 байрны 228А тоотод байрлах 1 өрөө орон сууц зэргийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үйлчилгээний зориулалттай 50 м.кв талбай, орон сууцны зориулалттай 100 м.кв талбай хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй тул түүний үнэ 300 000 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо М.Г нь З ТББ -ыг төлөөлж бус, иргэнийхээ хувьд гэрээ байгуулсан учир арилжааны гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн боловч хэргийн 13 дахь талд авагдсан итгэмжлэлээр М.Г-д нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхийг олгосон, түүнчлэн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ болон уг гэрээний үргэлжлэл болсон арилжааны гэрээнээс үзэхэд М.Г нь З ТББ -ыг төлөөлөн дээрх хэлцлийг байгуулсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч З ТББ -ын үйл ажиллагаатай уг хэлцэл нь зөрчилдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч талыг уг хэлцэл хийхийг хориглосон хууль тогтоомж байхгүй тул талуудын байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болно.          

Түүнчлэн хариуцагч нь барилгыг З.Б-ын хөрөнгөөр барьсан, гэрээнд зааснаар хариуцагч барилга барьсан тохиолдолд нэхэмжлэгчид уг барилгаас 150 м.кв талбайг өгөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 0000315 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Т.М д олгосон, мөн хариуцагч Т.М , иргэн З.Б нар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн тухай 2018/106 дугаар дүгнэлт, З.Бямбажавын гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан анхан шатны шүүх хариуцагч Т.М ыг уг барилгыг хамтран барьж байгуулсан тул арилжааны гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй. /хх 129, 130-13/

Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын хэн алины тайлбараас үзвэл талуудын хоорондын тохиролцоо буюу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ зарим хэсгийг хариуцагч тал биелүүлээгүй буюу биелүүлэх боломжгүй болсон нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.М ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН