Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/93

 

                             

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2024          07            24                                       2024/ШЦТ/93

       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Базарвааньд холбогдох эрүүгийн 2404000520110 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                  Б.Долгоржав

 Улсын яллагч                                                 Б.Баттуяа

 Шүүгдэгч                                                        Ц.Базарваань нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, “Солюшн Оф Брайн” ХХК-нд цахилгааны инженер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 1 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Баатар овогт Цэрэндоржийн Базарваань (РД:ЗЮ92052413)

Шүүгдэгч Ц.Базарваань нь хохирогч Т.Отгонбаатарын  эрүүл мэндэд баруун талын эрүүний ясны хугарал, 47 дугаар шүдний булгаралт, баруун талын эрүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.Базарваанийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 31-ний орой 22 цаг 30 минутын үед эхнэр Тэмүүлэнгийн хамт “Ирмүүн” дэлгэрэх зочид буудлын 105 тоот өрөөг авч орсон. Манай эхнэрийн утас руу Отгонбаатар залгаад “чи Ирмүүнд юу хийж байгаа юм бэ? машин чинь гадаа байна” гэхэд нь эхнэр Тэмүүлэн “чамд хамаагүй” гээд утсаа тасалсан бөгөөд удалгүй өрөөний хаалга чанга нүдэхээр нь эхнэр Тэмүүлэн босоод хаалга онгойлготол Отгонбаатар байсан. Тэгээд шууд хаалга түлхээд унагах шахаад ороод ирэхээр нь миний уур хүрээд “хөөе чи яаж байна аа” гээд тэр залуугийн өмсөж явсан цамцнаас заамдаж аваад гараараа баруун шанаа хэсэгт нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-37, шүүх хуралдааны тэмдэглэлээс), 

Хохирогч Т.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2024  оны 1 дүгээр сарын 1-ний шөнө 01 цагийн үед зүс таних ахтайгаа хамт  “Ирмүүн дэлгэрэх” зочид буудалд 106 тоот өрөөнд орсон. Буудалд ороход манай 2 дугаар хорооны найз Тэмүүлэнгийн машин нь байсан бөгөөд хажуу талын өрөөнд түүний утсаар ярьж байгаа нь сонсогдоод байсан. Би гараад 105 тоот өрөөнд ороход Б.Тэмүүлэн нь нөхөр Ц.Базарвааний хамт байсан. Тэгтэл үгийн зөрүүгүй Базараа нь миний хувцаснаас татаж унагаагаад миний цээж хэсэгт хөлөөрөө хэд хэдэн удаа дэвсээд миний баруун шанаа хэсэгт хөлөөрөө хэд хэдэн удаа дэвссэн. Миний баруун талын шанаа хавдаж цус их гарч байсан. Мөн баруун талын шанаа хугарч нэг шүд унасан байсан. Нийт 3,562,750 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнийгээ нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-10, 143-144)

Гэрч П.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Манай хяналтын камерын бичлэгийг хадгалдаг 1 hard нь шатчихсан нэг нь ажиллаж байгаа бөгөөд хяналтын камерын бичлэгийг үзэх боломжгүй. Харин 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Т.Отгонбаатар гэх хүний ах нь залгаад манай дүү танай буудалд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүнд зодуулсан гэнэ бичлэгийг нь үзэж болох уу гэж ярьсан. Одоо бол тухайн өдрийн бичлэг байхгүй байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13)

Гэрч Д.Цэгмэдийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Ирмүүн дэлгэрэх” зочид буудалд хүлээн авагчаар ажиллаж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө буудлын өрөөнд хаалганы чимээ гарахаар нь очтол Т.Отгонбаатарын уруул хэсгээс нь цус гарчихсан хэвтэж байсан ба нөгөө нөхөр нь Т.Отгонбаатарын дээрээс нь гараа далайчихсан зогсож байсан. Тухайн үед Т.Отгонбаатарын уруул хэсэгт нь хавдсан байсан. Отгонбаатар нь анх орж ирэхдээ зодуулахаасаа өмнө хорхой идсэн шүд өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм өгсөн. Маргааш нь Отгонбаатарын баруун талын шанаа нь нилээн хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16, 157)

Гэрч Б.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байхад “Ирмүүн” дэлгэрэх буудлын 105 тоот өрөөнд нөхөртэйгээ хамт орсон бөгөөд манай багийн найз Отгонбаатар над руу залгаад “чиний машин чинь гадаа байна” гэхээр нь “чамд хамаагүй” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй өрөөний хаалга чанга нүдэхээр нь онгойлготол Отгонбаатар согтуу хамар хэсэг нь шалбарчихсан амнаас нь бага зэргийн цус  гарсан байсан. Тухайн өдрийн 22 цагийн үед манай нөхөр болох Ц.Базарваань, найз болох Дагваа, Амараа нар гаднаас манай өрөөнд орж ирсэн. Тэгээд Амраа, Дагваа нар орж ирэхдээ 0,75 литрийн “Экс” нэртэй 2 шил архи авч орж ирснийг дөрвүүлээ хувааж уусан. Т.Отгонбаатар нь дахин хаалга цохьсон ба хаалга хүчтэй түлхээд би хананд цохигдсон. Манай нөхөр Ц.Базарваань нь Т.Отгонбаатарт хандаж хэлээд босож очоод цохих шиг болсон. Тэгээд Амараа, Дагваа нар салгаад Ц.Базарваанийг өрөөндөө оруулсан. 01 дүгээр сарын 04-ний өдөр Отгонбаатар над руу залгаад танай нөхөр Базараа миний эрүүг хугалчихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-21)

Гэрч Т.Лхасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2024 оны 1 дүгээр сарын 1-ний шөнө 01-02 цагийн үед Т.Отгонбаатартай хамт “Ирмүүн дэлгэрэх” зочид буудлын 106 тоот өрөө аваад ороод авчирсан архинаас нь амсаад гэртээ харих гээд гараад явсан. Тухайн үед Т.Отгонбаатарын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Нүүр шанаа нь хавдаж барьсан зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 147-149)

Гэрч Б.Амарнямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дэлгүүр ороод нэг шил архи аваад буудал орсон. Тэгээд уугаад сууж байхад Тэмүүлэнгийн утас руу хүн залгахад нь Тэмүүлэнгийн нөхөр нь гар утсыг нь аваад “хэн бэ?” гэж хэлээд тасалсан. Удалгүй буудлын өрөөний хаалгыг 25-30 насны туранхайвтар биетэй бор царайтай залуу онгойлгоод ороод ирсэн. Тэгээд байж байхад Ц.Базарваань тухайн залуу руу босож очоод маргалдаж байгаад нөгөө залуу нь Ц.Базарваанийн цээж хэсэг рүү гараараа түлхсэн. Ц.Базарваань тухайн залууг цохих шиг л болсон. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Тухайн залуу Ц.Базарвааньтай маргалдаж муудсаны дараа нөгөө залуугийн хамраас жаахан цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 152-154),

Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Т.Отгонбаатарын биед учирсан эрүү ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох үед тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Уг эрүү ясны хугаралаас болж үүний харалдаах 47-р шүд булгарч унах боломжтой буюу дээрх хоёр тусдаа гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 159),

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.Отгонбаатар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд нийт 2.932.250 төгрөгийн зардал гарсан байх тул 2.932.250 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28/32 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул яллагдагч Ц.Базарвааниас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (хх-ийн 176-177)

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09шэ/074 дугаартай дүгнэлтэд:            

 1. Т.Отгонбаатарын биед баруун талын эрүүний ясны хугарал, 47 дугаар шүдний булгаралт, баруун талын эрүүний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой.

3. Дээрх эрүүний хугарал гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх 47 дугаар шүдний булгаралт гэмтэл нь 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид 47 дугаар шүдний уналт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн тогтонги 5 хувь алдагдуулна”...” гэжээ (хх-ийн 29-30)

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28/31 дугаартай албан бичгээр “иргэн Т.Отгонбаатар нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш гэмтлийн оношоор нийт 2.932.250 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ (хх-ийн 171)

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаархи баримтууд (хх-ийн 93-104, 108-134)

Хохирогч Т.Отгонбаатарын эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.932.250 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх мэдээлэл (хх-ийн 172)

Иргэний үнэмлэхний лавлагаа болон оршин суугаа газрын тодорхойлолтоор “ЗЮ92052413 регистрийн дугаартай Баатар овгийн Цэрэндоржийн Базарваань Улаанбаатар хот, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 24 дүгээр гудамжны 3 тоотод оршин суудаг” гэжээ.  (хх-ийн 53-55),      

Шүүгдэгч Ц.Базарваань нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 39, 42-49) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой (хх-ийн 56-64, 73-81) баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Базарвааньд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч Ц.Базарваань нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Базарваань нь согтуугаар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Ирмүүн дэлгэрэх зочид буудлын 105 тоот өрөөнд хохирогч Т.Отгонбаатарын баруун талын эрүү хэсэгт гараараа цохиж, цээж хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун талын эрүүний ясны хугарал, 47 дугаар шүдний булгаралт, баруун талын эрүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай болох нь:

              -шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч Т.Отгонбаатарын “хувцаснаас татаж унагаагаад цээж рүү дэвсээд баруун шанаа хэсэгт цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Д.Цэгмэдийн “шөнө буудлын өрөөнд чимээ гарахаар нь очтол Т.Отгонбаатарын уруул хэсгээс цус гарчихсан, нөгөө нөхөр нь Отгонбаатарын дээрээс гараа далайчихсан зогсож байсан”гэх мэдүүлэг, гэрч Б.Тэмүүлэнгийн “Манай нөхөр Ц.Базарваань нь Отгонбаатарыг цохих шиг болсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Амарнямын “Базарваань тухайн залууг цохих шиг л болсон. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Нөгөө залуугийн хамраас цус гарсан” гэх мэдүүлэг (хх-ийн 8-16, 19-21,152-154)

-хохирогч Т.Отгонбаатарын биед баруун талын эрүүний ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 074 дугаартай дүгнэлт болон уг дүгнэлтийн үндэслэлийг тайлбарласан талаарх шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлэг (хх-ийн 30, 159) зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Ц.Базарваань нь хохирогчийн цээж хэсэгт дэвсэх болон нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодсон үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, өөрийн үг үйлдлээ хянах, уур бухимдлаа зохицуулах чадвар нь суларч алдагддаг бөгөөд дээрх гэмт хэргийн тухайд шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь  согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл  болсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Базарваань нь хохирогч Т.Отгонбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.Базарваанийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрч учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулжээ.

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Базарваань нь хохирогч Т.Отгонбаатарын биед баруун талын эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй талаарх хүсэлтийг ирүүлсэн байна. (хх-ийн 10, 218, 224, 225)

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалаас “Хохирогч Т.Отгонбаатарын 2.932.250 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал”-ыг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 217 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Базарваань нь бусдад төлөх төлбөргүй байна.

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэнэ гэж хуульчилсан.

Улсын яллагчийн “Ц.Базарвааньд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох” гэсэн дүгнэлтийг шүүгдэгчийн зүгээс маргаагүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Ц.Базарваанийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба түүний байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан Ц.Базарвааньд 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баатар овогт Цэрэндоржийн Базарваанийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Баатар овогт Цэрэндоржийн Базарваанийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 (нэг мянга) нэгж буюу 1.000.000 (нэг сая) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Ц.Базарвааньд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Базарвааньд мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Базарваань нь хохирогч Т.Отгонбаатарын эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 3.500.000 төгрөг, хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 2.932.250 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсныг тус тус    дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Базарвааньд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Ц.Базарвааньд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Базарвааньд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.БАЙГАЛМАА