| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/0722/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/723 |
| Огноо | 2024-07-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/723
2024 07 25 2024/ШЦТ/723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,
улсын яллагч Н.Энхтулга,
өсвөр насны шүүгдэгч А.М, түүний хууль ёсны төлөөлөгч А.А, өмгөөлөгч Т.Мөнхбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд ургийн овогт Амаржаргалын Мод холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Өсвөр насны шүүгдэгч А.М нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монкон” барилгын гадна дугуйн зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Г.Дын эзэмшлийн цахилгаан скүүтэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,584,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************* дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Г.Дын мэдүүлэх /хх-ийн 12-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16-р хуудас/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-25-р хуудас/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 33-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч А.М нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Мын хууль ёсны төлөөлөгч А.А нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Т.Мөнхбадрах “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Өсвөр насны шүүгдэгч А.Мод холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Өсвөр насны шүүгдэгч А.М нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монкон барилгын гадна дугуйн зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Г.Дын эзэмшлийн цахилгаан скүүтэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,584,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Г.Дын: “...2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монкон барилга дээр уулзалттай байсан бөгөөд 14 цаг 40 минутын орчимд дугуйн зогсоол дээр нь өөрийн эзэмшлийн скутерийг байрлуулж түгжээгээр нь түгжиж орхисон. Тэгээд уулзалтаа дуусгаад 17 цаг 40 минутын үед гараад иртэл зогсоол байрлуулсан скүүтер маань байхгүй байсан. Ингээд хяналтын камер шүүгээд үзтэл 16 цаг 49 минутад 15 орчим насны гэж хэлэхээр эрэгтэй хүүхэд ертөнцийн зүгээр хойд талаас алхаж ирээд хэд хэдэн скутер үзэж байгаад миний скүүтерийг асаагаад хулгайлан авч явж байгаа дүрс бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16-р хуудас/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-25-р хуудас/,
- Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 33-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг шаарддаг гэмт хэрэг юм.
Өсвөр насны шүүгдэгч А.М нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монкон барилгын гадна дугуйн зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Г.Дын эзэмшлийн цахилгаан скүүтэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,584,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч А.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд өсвөр насны шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,584,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд өсвөр насны шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Өсвөр насны шүүгдэгч Борлууд ургийн овогт Амаржаргалын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, өсвөр насны шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг журамлан, өсвөр насны шүүгдэгч А.Мод хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүний хэрэгжилтэд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Мыг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч А.Ад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.М нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж, хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ