Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2024/00236

 

Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01466 дугаар шийдвэр,

 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/01262 дугаар магадлалтай,

 Тийн нэхэмжлэлтэй

Э, Б нарт холбогдох

 Төрд учирсан хохирол 13,468,212 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Ө нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагч Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, түүний өмгөөлөгч Н, хариуцагч Б, түүний өмгөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Төөс хариуцагч Э, Б нарт холбогдуулан төрд учирсан хохирол 13,468,212 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01466 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Боос 13,468,212 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ТБАГУТҮГ-д олгож, хариуцагч Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч “Т” ТБАГУТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Боос улсын тэмдэгтийн хураамжид 225,291 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/01262 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04- ний өдрийн 183/ШШ2024/01466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Э, Б нараас 13,468,212 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дамдинсүрэн, Я.Өлзиймөнх нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учир бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүх маргаантай харилцааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаагүй 2017 онд батлагдаж, 2019.01.01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон байхад анхан шатны шүүх Боос хохиролд 13,468,212 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж, алдаатай шийдвэр гаргасан гэх үндэслэл бүхий дүгнэлтийг магадлалдаа дурджээ.

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, ...энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж, Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.

Т төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ хүчингүй болсон хуулийг биш хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг баримтлах нь хуульд нийцсэн үйлдэл мөн. Тодруулбал, 2017 оны Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг үндэслэн Т нэхэмжлэх эрхтэй байсан. Мөн 2019 онд нэхэмжлэл гаргахад 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийг үндэслэж нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлнэ. Т хуулиар олгогдсон нэхэмжлэх эрхээ хэзээ хэрэгжүүлэх нь өөрт олгогдсон бүрэн эрхийн асуудал юм.

4.2. 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой үйл баримтад үйлчлэх, хариуцагч Б 2018 онд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг Тд үүсэхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж хуульчилсныг Т төрийн нэрийн өмнөөс шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргана гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл, албан тушаалтны буруутай үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хуулийн үйлчлэх хугацаа чухал ач холбогдолтой биш юм. Учир нь Төрийн албаны тухай хүчингүй болсон хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа /2002 болон 2017 он/ хуульд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс Т шүүхэд нэхэмжлэл гаргах эрх тусгагдсан. Тодруулбал, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35.1.2 дахь зохицуулалтаар уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтан гэж тодорхой тусгаагүй хэдий ч албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хууль зүйн логик, агуулга бүхий зохицуулалт байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.3. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан хэсэг нь Т хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт болохоос биш хариуцагч Б албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна” гэж заасан хуулийн зарчимд нийцсэн гэж дүгнэсэн нь магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Хариуцагч Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Г-ийг Оюуны өмчийн газарт шилжүүлж, Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, Т.Гийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар захиргааны хэргийн шүүх шийдвэрлэжээ. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын хөрөнгө хуваарилах тушаалын дагуу 10,614,237 төгрөгийг төрийн сангийн хөрөнгөөс, Улсын бүртгэлийн ерөнхий газраас нийгмийн даатгалын шимтгэлд 2,853,975 төгрөг, нийт 13,468,212 төгрөгийг гаргуулж Т.Гт олгосон. Өөрөөр хэлбэл, Б албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас төрд 13,468,212 төгрөгийн хохирол учруулсан.

Т хуульд заасан эрхээ хэрэгжүүлж буруутай албан тушаалтнаас төрд учруулсан хохирол арилгуулах нэхэмжлэлийг гаргасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагч Бийг албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, гэм хорын хариуцлага хүлээхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.4. Хариуцагч Б хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж заасан төрийн албаны зарчимтай нийцсэн байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад алдаа гаргаж хохирол учруулбал эхлээд төр хариуцна, харин дараа нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар Т төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, буруутай албан тушаалтнаар төрд учруулсан хохирлыг арилгуулна гэж ойлгоно.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж заасны дагуу гэм хор учруулагч учирсан гэм хорын хооронд үр дагавар, шалтгаант холбоо тогтоогдож байх тул төрд учруулсан гэм хорыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй.

4.5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч Т нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн.

Иргэний хуулийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасантай агуулга ижил төдийгүй төр гэх хуулийн этгээд өөрийн байгууллага болох Төөр дамжуулан өөрт учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх эрх олгосон гэж ойлгох боломжтой.

Нөгөөтээгүүр, Т Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг баримтлан шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь маргааныг эрүүгийн болон захиргааны хэргийн шүүхээр биш иргэний шүүхээр шийдвэрлүүлэх хэргийн харьяаллыг тодорхойлж, нэхэмжлэл гаргасан болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дамдинсүрэн, Я.Өлзиймөнх нарын гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.10.03-ны өдрийн 001/ШХТ2024/01056 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй боловч давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул алдааг залруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Нэхэмжлэгч Т хариуцагч Э, Б нарт холбогдуулан төрд учирсан хохирол 13,468,212 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...хариуцагч Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2018.06.28-ны өдрийн 1/256 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгээр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын дарга Т.Гийг Оюуны өмчийн газар шилжүүлсэн, хариуцагч Э нь Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа 2018.07.19-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Т.Гийг албан тушаалаас нь чөлөөлсөн, ...дээрх саналын холбогдох хэсэг, тушаал шүүхийн шийдвэрээр хүчингүй болж, Т.Гийг ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 13,468,212 төгрөгийг төрөөс гаргуулан олгосон, ...иймд төрд учирсан хохирлыг хууль бус тушаал гаргасан буруутай этгээдүүдээс гаргуулахаар нэхэмжилж байна гэж...” тайлбарласан,

Хариуцагч Э хариу тайлбартаа: “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018.06.28-ны өдрийн 1/256 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн тушаал гаргасан, уг хүн шилжиж ирэхэд албан тушаал нь байхгүй байсан тул ажлаас нь чөлөөлсөн. ...Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан,

Хариуцагч Б хариу тайлбартаа: “...хууль бус, буруутай тушаалыг гаргасан байгууллага нь  Оюуны өмчийн газар бөгөөд 2018.06.28-ны өдрийн 1/256 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичиг нь захирамжилсан актын шинжийг агуулаагүй, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар нэр бүхий 29 албан хаагчийг төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд шилжүүлэх санал л хүргүүлсэн, ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хуульд зааснаар шийдвэр гаргасан этгээд хохирлыг хариуцах тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

8. Анхан шатны шүүх хариуцагч Боор хохирлыг хариуцуулахаар шийдвэрлэхдээ: “... Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.10.09-ний өдрийн 306 дугаар тогтоолд “...Бийн 2018 оны 1/256 тоот албан бичиг нь нэхэмжлэгч Т.Гийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Оюуны өмчийн газарт шилжүүлсэнд тооцох, улмаар маргаан бүхий тус газрын даргын 2018.07.18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх үр дагаварт хүргэсэн хууль бус захиргааны акт болохыг шүүхүүд дүгнэсэн байна” гэсэн байх тул хариуцагч Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн илт хууль бус захиргааны акт гаргах үндэслэл буюу шалтгаан нөхцөл нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Бийн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн 2018 оны 1/256 тоот албан бичиг гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна. ...Иймд хариуцагч Боос төрд учирсан хохиролд нийт 13,468,212 төгрөгийг гаргуулж, Тд олгож, нэхэмжлэлээс хариуцагч Эд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Т.Гийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Бийн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн 2018 оны 1/256 тоот албан бичиг, Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Эгийн 2018.07.18-ны өдрийн Б/06 дугаар тушаал гарах цаг хугацаанд Төрийн албаны тухай хууль /2002/ хүчин төгөлдөр үйлчилж байсныг анхан шатны шүүх анхаараагүй байна. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх маргаантай харилцааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаагүй Төрийн албаны тухай хууль /2017/-ийг тайлбарлан маргааныг шийдвэрлэсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэхгүй байх хууль хэрэглээний суурь зарчмыг зөрчжээ. Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан зохицуулалтаар Т-д төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх шаардах эрхийг олгоогүй байжээ. Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан. Хариуцагч Бийн ажиллаж байсан байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан Т.Гт учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцнэ...” гэж дүгнэжээ.

9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх хуулийг өөр өөрөөр тайлбарлаж, зөрүүтэй шийдвэр гаргасан байна. 

Тухайлбал, анхан шатны шүүх “...Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар Т төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй, хариуцагч Бийн хууль бус захиргааны акт нь Т.Гийг ажлаас нь чөлөөлөх үр дагаварт хүргэсэн гэх үндэслэлээр Т.Гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт улсын төсвөөс гаргаж олгосон төлбөрийг  Боор хариуцуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх “... 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулиар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан албан тушаалтны шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх Тд үүсээгүй байсан, ...анхан шатны шүүх хуулийг буцаан хэрэглэсэн нь буруу тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно...” гэжээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа ажилтны хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэснээс хариуцагчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч тус шүүх анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримт хуулиар тогтоосон журамд нийцсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй, зөвхөн 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль нь зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэгдэгдэхгүй буюу уг хуулиар нэхэмжлэгчид шаардах эрх үүссэхгүй гэж хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргажээ.

Давж заалдах шатны шүүхийн дээрх алдааг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой тул магадлалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 11. Нэхэмжлэгч Т нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь заалтыг үндэслэн Э, Б нарт холбогдуулан төрд учирсан хохирол 13,468,212 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан зохицуулалт агуулгын хувьд 2017 онд шинэчлэн найруулсан хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь заалтад тусгалаа олсон байх тул 2002 оны хуульд нэхэмжлэгч нь төрд учирсан хохирлыг шаардах эрхгүй байсан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

 Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч нь төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй боловч төрд хохирол учирсанд хариуцагч гэм буруутай тохиолдолд нэхэмжлэл хангагдах учиртай байна.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргасан албан тушаалтны хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байхыг шаардана.

12. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан.

Энэ нь хариуцагчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан шалтгаант холбоотой байж хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх агуулгатай байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг хариуцан арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах гаргуулах эрхтэй гэж заасан ба дээрх шаардлагын үндэслэл болсон нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зохицуулсан нь мөн л албан хаагч албан үүргээ зөрчсөн гэж буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдад гэм  хор учруулсан байхыг шаардсан байна.

13. Нэхэмжлэлийн шаардлагатай  холбоотой үйл баримтыг цаг хугацааны дарааллаар дүгнэвэл:

  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.05.28-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/103 тушаалаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар болгож өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан,
  • Монгол Улсын Засгийн газрын 2018.06.13-ны өдрийн Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай 175 дугаар тогтоолоор Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, “Улсын бүртгэлийн ерөнхий газар”, “Оюуны өмчийн газар”-ыг тус тус байгуулж, татан буугдаж байгаа агентлагийн албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа агентлагт шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй дотоод хэргийн сайдад даалгасан,
  • Монгол Улсын Засгийн газрын 2018.06.13-ны өдрийн 176 дугаар тогтоолоор Бийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилсон,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.06.21-ний өдрийн А/123 дугаар тушаалаар Оюуны өмчийн газрын,  2018.07.03-ны өдрийн А/131 тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр, бүтцийг тус тус баталсан,
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018.06.28-ны өдрийн 1/256 тоотоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/103 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу нэр бүхий албан хаагчдыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.06.28-ны өдрийн Орон тоо, төсөв, хөрөнгө шилжүүлэх тухай А/128 тушаалаар Оюуны өмчийн газарт 31 орон тоо, ...урсгал зардлын төсвийг хавсралтаар шилжүүлсэн,
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018.06.29-ний өдрийн 1-4/3298 тоотоор Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн санал, танилцуулгыг Оюуны өмчийн газарт хүргүүлсэн,
  • Оюуны өмчийн газрын 2018.07.18-ны өдрий Б/06 тушаалаар Т.Гийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн,
  • Захиргааны хэргийн шүүх Т.Гийн гомдлыг хянан хэлэлцээд ажилд нь эгүүлэн тогтоосон,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021.04.08-ны өдрийн А/80 тушаалаар төрийн сангаас 10,614,237 төгрөгийг гаргаж Т.Гт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019-2021 оны нийгмийн даатгалын шимтгэлд 2,853,975 төгрөгийг олгосон үйл баримт тус тус тогтоогджээ.

14. Хоёр шатны шүүх хариуцагч Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул дээрх үйл баримтаас хариуцагч Бид холбогдох хэсгийг тодруулбал,

Б нь агентлагуудыг салгах, өөрчлөн байгуулах ажлын хэсгийн өгсөн чиглэлийн дагуу 2018.06.28-ны өдрийн 1/256 тоотоор нэр бүхий албан хаагчдыг төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээх саналыг ажлын хэсгийн ахлагчид хүргүүлсэн байна.

Дээрх санал болгосон 1/256 албан тоотоор нэр бүхий албан хаагчдыг Оюуны өмчийн газарт шилжүүлсэн эрх зүйн үр дагавар үүсээгүй.

15. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...”-аар заасан.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг татан буулгах, шинээр байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг нь шинээр байгуулагдаж буй агентлагийн бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг мэдэж байгаа этгээдийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээсэн албан хаагчдын ажлын байр, албан тушаалын ангилал зэрэглэлийг нягтлан шалгасны үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчихгүйгээр шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн ажлын байр, албан тушаалын орон тоог үндэслэн албан хаагчдыг чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байгууллагад хуваарилах боломжтой.

Гэтэл Төрийн байгууллагыг өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг ямар хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, ямар үүрэг хүлээсэн нь тодорхойгүй байхын зэрэгцээ татан буугдаж байгаа болон шинээр байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн  эрх бүхий албан тушаалтны тухайн тохиолдолд хэрэгжүүлэх эрх, үүргийг нарийвчлан зохицуулаагүй, тодорхой бус байна.

Иймээс тодорхой бус төрийн ажиллагааны улмаас ажилтан, албан хаагчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тохиолдол гарчээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б нь 2018.06.28-ны өдрийн 1/256 тоотоор “...нэр бүхий албан хаагчдыг төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээх...” саналыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн газар болгож өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчид хүргүүлсэн нь тэдгээр албан хаагчдыг Оюуны өмчийн газарт шилжүүлсэн гэж үзэхгүй юм.

Харин дээрх саналыг ажлын хэсэг хүлээн авсны дараа ямар нэг хяналт шалгалтгүйгээр 2018.06.29-ны өдрийн 124/3298 тоотоор шинээр байгуулагдсан Оюуны өмчийн газар шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Иймд Бийн санал бичсэн үйлдлийг хууль бус гэж үзэх, улмаар тус үйлдлийн улмаас төрд хохирол учирсан шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Ийнхүү Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасан хариуцлага хүлээх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв.

16. Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг зөвтгөж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/01262 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хүчингүй болгож,...” гэсний дараа “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасан үндэслэлгүй тул...” гэж нэмж өөрчлөн,  магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Я нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД