| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2017/0119/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/106 |
| Огноо | 2017-04-26 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2017/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгч А.О- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн А.О-т холбогдох эрүүгийн 201722000190 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.О-,
Шүүгдэгч А.О- нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт байрлах 9 дүгээр цэцэрлэг дотор иргэн С.Д-ийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.О- нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт байрлах 9 дүгээр цэцэрлэг дотор иргэн С.Д-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.О-ын хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Манай охин С- ааваа намайг Баярзул зодоод байна гэж хэлсэн. Охин С-, өөрийн хүү Баярзул хоёрыг дуудаж авчраад хажуудаа зогсоогоод чанга, чанга дуугараад манай охиныг чамайг зодоогүй л гэж байна ш дээ гэх мэтээр загнаад байхаар нь миний уур хүрээд мангасдаж аваад нэг цохиод унагаачихсан. Босоод ирэхээр нь бас нэг цохисон. Газарт унасан байхаар нь ганц нэг өшиглөсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Хохирогч С.Д-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Манай хүүгийн ангийн Сэрчмаа гэдэг охины аав танай хүү манай охиныг зодсон байна гээд намайг мангасдаад авахаар нь би гарыг нь барьтал намайг цохиод унагаачихсан. Тэгээд унасан хойно цохиод өшиглөөд байсан. Тэнд байсан эцэг эхчүүд бид хоёрыг салгасан. Надад эмчилгээний зардал болох 100.000 төгрөг өгсөн. Одоо бид хоёр эвлэрсэн, нэхэмжлэх зүйл ямар нэгэн гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Ням-Осорын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 233 тоот дүгнэлтэд:
1. С.Д-ийн биед духанд зулгарсан шарх, нуруунд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.
2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
4. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна гэх дүгнэлт /ХХ-ийн 13 дугаар хуудас/,
Хохирогч С.Д- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 27 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.О- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул А.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч С.Д- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 201722000190 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.О-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар А.О-т холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч А.О-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн 201722000190 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-т урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР