Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/12

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                         Прокурор У.Анхжаргал

                                                         Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/63 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Ц.Зд холбогдох 1926003680001 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, томилогдсон шүүгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, Улсын онцгой комиссын тогтоолоор зорчигч тээвийн хөдөлгөөнийг зогсоосон шалтгаанаар тус тус шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Шардумаа овгийн Ц.З

 

Ц.З нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчимд аймгийн, иргэн П.Б-н баруун, зүүн гар болон толгойн тус газарт модоор цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүхийн шүүгч, хохирогч П.Б гэмтэлд Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны гаргасан дүгнэлт ойлгомжгүй эргэлзээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүх  хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл бий болсон гэж дүгнэн Ц.З-д холбогдох 1926003680001 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцааж, Ц.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн, түүний хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 89.5 см урттай, 5 см өргөнтэй брус мод 1 ширхэг, камерын бичлэг бүхий CD1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын прокурор У.Анхжаргал 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар  эсэргүүцэлдээ: Тус аймгийн прокурорын газраас Ц.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 05 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяалах анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 2020/ШЗ/63 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.З-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна.

Шүүгчийн захирамжид “...Хохирогч П.Б-н эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 409 дугаартай шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн бус хийгдсэн байна гэж үзлээ.

Учир нь тус шинжээчийн дүгнэлтийн 1-д “Т.Б-н биед тархи доргилт, зүүн гарын богтос ясны хөндлөн хугарал, баруун гарын 2 дугаар хурууны 3 дугаар шивнүүр ясны ташуу хугарал, зүүн хацрын төвгөр, доод уруул, баруун гарын бугалга, тохой, бүсэлхий, баруун, зүүн ташаа хэсэгт зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

4-т Т.Б биед /толгойн хэсэгт/ тархи доргилт, толгойн дагз хэсэгт хаван хавдар, зүүн хацрын төвгөр зулгаралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5-д “Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэснээс үзэхэд хохирогч П.Б-н биед учирсан гэх шинжээчийн дүгнэлтийн 1-д заасан гэмтлүүдээс аль гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа талаар дүгнэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлт тодорхойгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирол буюу Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирснаас хамаарч зүйлчлэгдэх бөгөөд Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №409 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзэж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 418 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Ц биед зүүн хөлийн гуя хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж, мөн журмын 2.6-д “шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй үед гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэж заасан бөгөөд шинжээч нь “...дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулна гэсэн мөртлөө гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох” зорилгоор заавал шинжилгээ хийлгэнэ гэж хуульчилсан бөгөөд Шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д зааснаар шинжээч нь шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх үүрэгтэй.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д “шинжээчийн дүгнэлт гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг хэлнэ” гэж заасан бөгөөд Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 409 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй байна гэж үзлээ... гэж дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэх заалт бүхэлдээ хангагдсан гэж үзэж байна. Учир нь:

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэгт “...Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд зүүн гарын богтос ясны хөндлөн хугарал, баруун гарын 2 дугаар хурууны 3 дугаар шивнүүр ясны ташуу хугарал гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хатуу мохоо гэдэгт мод, чулуу, төмөр эд зүйлсийг ойлгож болно...” гэх мэдүүлэг,

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэгт “...Үзүүлэгч П.Б зүүн гарын богтос ясны хөндлөн хугарал, баруун гарын 2 дугаар хурууны 3 дугаар шивнүүр ясны ташуу хугарал нь тус тусдаа гэмтлийн хундэвтэр зэрэгт хамаарна. Мөн толгойн хэсэгт тархи доргилт, толгойн дагз хэсэгт хаван хавдар, зүүн хацрын товгор зулгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн эмчийн үзлэгээр тогтоогдсон гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогч П.Б биед үүссэн зүүн гарын богтос ясны хөндлөн хугарал, баруун гарын 2 дугаар хурууны 3 дугаар шивнуур ясны ташуу хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйл буюу прүүс модоор цохигдох үед үүсэх боломжтой. Биеийн бусад хэсэгт үүссэн цус хуралт, зулгаралт гэмтэл нь гараар цохих, өшиглөх, газар унах, мөргөх, мөргөлдөх уед үүсэж болно...” гэж мэдүүлсэн байх тул тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шинжээч эмч хангалттай тайлбарласан байна.

2. Мөн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 418 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Ц.Х-н биед зүүн хөлийн гуя хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зуйлд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж дурджээ.

Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэж үзэхэд иргэн Ц.Х-н үйлдэлтэй холбоотой асуудлыг зөрчлийн тухай хуулиар хянан шийдвэрлэж холбогдох материалуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байх тул дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж байна.

Энэ хэргийг шүүх шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна.

Учир нь шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодиттой хянаж, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон байна гэж үзвэл Эруүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрлэх байсан боловч, дээрх гэмт хэргийн тохиолдолд эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3. Ц.З-д холбогдох хэрэгт хохирогч П.Б, гэрч А.Х, Ц.Х, шинжээч Э.Хүрэлсүх, шүүгдэгч Ц.З-гийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн хөнгөн, хүндэвтэр гэмтлийг ялган зааглаж, дэлгэрэнгүй тайлбарласан мэдүүлэг зэргээс үзэхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв прокурор эсэргүүцэл бичихгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна гэж үзвэл шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийн аль хэсэг нь эргэлзээтэй, ямар нотлох баримтыг үнэлэх боломжгүй эсэхийг тогтоох боломжгүй байна.

Мөн Ц.З-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорыг арилгасан, прокурортой ял тохиролцон, торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад, хэргийг прокурорт буцааж, удаашруулах болон цаашлаад шүүгдэгч Ц.Згийн эрх, эрх чөлөөг хязгаарласан асуудал болж байна.

Иймд Ц.З-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/63 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...  гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.З нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бумбат хорооллын 1 дүгээр гудамжны үзүүрт иргэн П.Б баруун, зүүн гар болон толгойн тус газарт модоор цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, Ц.Зд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

Ц.З-д холбогдох хэрэгт авагдсан, хохирогч П.Б биед учирсан хохирлыг тогтоохоор гаргасан Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 409 дүгээртэй шинжээчийн дүгнэлт       /хх-ийн 29-30х/, тус дүгнэлтийг тодруулахаар уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Э.Хүрэлсүхээс асууж авсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл              /хх-ийн 47-48х/, зэргээс үзэхэд П.Б биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн ямар ямар зэрэгт хамаарч байгааг үнэлэх боломжтой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгон Ц.Зд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/63 дугаар  шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Шардумаа овгийн Ц.З-д холбогдох 1926003680001 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол Ц.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.