| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/03249/И |
| Дугаар | 101/ШШ2021/03452 |
| Огноо | 2021-10-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2021/03452
| 2021 10 29 | 101/ШШ2021/03452
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, Ээж хайрхан 5-98 тоот хаягт оршин суух Боржигон овогт Галхүүгийн ******* /РД:ДД95022201/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо, Горхи 2 дугаар гудамж, 5в тоот хаягт оршин суух Боржигин овогт Александрын******* /РД:СЭ88091618/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Галхүү овогтой ******* нь 2014 онд Александр овогтой*******той танилцаж, 2015 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр охин М.Гоомарал төрсөн. Зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ хоорондоо ярилцан тохиролцож тусдаа амьдрахаар шийдсэн. 2015 оны 11 сараас хойш тусадаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин М.Гоомарал нь ээжийнхээ асрамжинд өсөж торнисон. Охин М.Гоомарал нь энэ жил 1-р ангид суралцах бөгөөд хичээлийн хэрэглэл болон бусад зардлуудын үнэ нь өсөж байгаатай холбогдуулан хуульд заасны дагуу төрсөн эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд охин М.Гоомаралд эцэг А.Мөнхтогтохоос тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч А.Мөнхтогтоход холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчид 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагч нь хариу тайлбар ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2014 онд танилцан, 2015 оноос хамтран амьдарч эхэлсэн, хамтран амьдрах хугацаанд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр охин М.Гоомарал төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Энх-Энэрэл ӨЭМТ-ийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 1110006017 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ /х.х-ийн 3, 4, 5 дугаар тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хүүхдийг эцэг А.Мөнхтогтохоор овоглосон байна.
Зохигчид тусдаа амьдарснаас хойш охин М.Гоомарал нь эх Г.Ням-Эрдэнийн асрамжинд эрүүл саруул өсөн бойжиж, сурч хүмүүжиж байна.
Хариуцагч хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй, энэ талаар тайлбар ирүүлээгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар охин М.Гоомаралыг эх Г.Ням-Эрдэнийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно, 40.1.1-д 11 хүртлэх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно гэж тус тус заасны дагуу насанд хүрээгүй охин М.Гоомаралыг эцэг А.Мөнхтогтохоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар эцэг эхийн хувьд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад тэгш эрх, эдэлж, адил үүрэг хүлээж эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагддаг болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.Гоомарал /РД:УЛ15282520/-ыг эх Г.Ням-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.Гоомарал /РД:УЛ15282520/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр, сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг А.Мөнхтогтохоор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА