| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/05015/И |
| Дугаар | 101/ШШ2021/03474 |
| Огноо | 2021-11-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2021/03474
| 2021 11 01 | 101/ШШ2021/03474 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд******* регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу-70, Хүдэрмөнх оффис .... тоотод оршин байрлах *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 29-р байр, .... тоотод оршин байрлах*******
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд******* регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 45-138 тоотод оршин байрлах*******-нд тус тус холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 17,514,738 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Мөнх тэнгэр инвестмент ХХК нь 18,193,000 төгрөгийн үнэ бүхий оффисын тавилга, эд хөрөнгө болон түрээсийн талбайг хуваахад ашигласан 11,500,000 төгрөгийн бараа материал эд хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам, хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган, хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан пик ХХК нь манай байгууллагатай 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Я037 дугаар Түрээсийн гэрээг байгуулж "Ялалт плаза ХХК барилгын 8 давхрын 802 тоот хаягт байрлах 122.71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай түрээсийн байрыг 2019 оны 09 дүгээр сарын 01 -ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх буюу нэг жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцсон. Дээрх түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д Түрээсийн байрны 1 м.кв талбайн төлбөр 25,000 төгрөг байх ба гэрээний төлбөрийн нийт дүн сард 3,067,750 төгрөг байна гэж заасан байдаг. Гэвч манай байгууллага орон даяар нүүрлээд буй крона вирусээс шалтгаалсан санхүүгийн хүндрэлтэй байдал, түрээслэгчийн бизнесийн онцлог байдлыг харгалзан үзэн түрээсийн сарын төлбөрийг 5 дугаар сараас 20 хувиар хөнгөлөлтэй нөхцөлөөр төлөх боломж олгосон. Гэтэл түрээслэгч нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 08-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн нийт үлдэгдэл 8,037,737.45 төгрөгийг төлөөгүй, түрээсийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж, түрээсийн төлбөрийг төлөх хугацаа боломжоор хангасаар байтал үр дүн гараагүй байна. Мөн талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дунгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслэгч нь түрээслүүлэгч талд төлнө. Алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан хэмжээнээс хэтрэхгүй гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй дүнгийн 0.5 хувийн алданги тооцоход нийт 6,042,705.44 төгрөг болж байгаа боловч түрээсийн үндсэн төлбөрийн 50 хувиар тооцож алданги 4,018,868.72 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Я037 дугаар түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой түрээсийн үлдэгдэл төлбөр нийт 8,037,737:45 төгрөг, алданги 4,018,868.72 төгрөг нийт 12,056,606.17 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын хариу тайлбартай танилцаж, түрээслэгч нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Я037 дугаартай Түрээсийн гэрээ-ний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчиж, түрээсийн байрыг гэрээний дагуу зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй, гэрээг цуцалж 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Я037 дугаар түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой түрээсийн төлбөрт 11,676,492 төгрөг, алданги 5,838,246 төгрөг нийт 17,514,738 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч*******-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Хан Пик ХХК нь 2019 оны 9-р сараас *******-ийн Ялалт Плаза барилгын 802 тоотыг Мөнх Тэнгэр Инвестмент ХХК-тай хамтран түрээсэлж байгаад 2020 оны 4-р сараар дуусгавар болгон түрээсийн гэрээгээ цуцлах хүсэлтээ албан ёсоор мэдэгдэн үүний дагуу *******-ийн санхүү болох нягтлан бодогч Баасанхүүтэй 2020 оны 4-р сараар дуусгавар болгон түрээсийн төлбөр тооцоог нийлэн төлбөрийн үлдэгдэлгүйгээр тооцоог дуусган, *******-ийн оффис хариуцсан менежерт түрээсийн талбайг түлхүүрийн хамт албан ёсоор хүлээлгэн өгч түрээсийн талбайгаас нүүн гарсан. Уг оффист 2020 оны 5-р сараас Т.Ганхүү захиралтай Мөнх Тэнгэр Инвестмент ХХК дангаараа үлдэж цаашид 802 тоот оффисын талбайг үргэлжлүүлэн түрээслэх талаар хоёр компани тохиролцсон гэсэн. Тиймээс *******-ийн нэхэмжлэлийн шаардлага манай компанид хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-аас Хан Пик ХХК болон*******-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт******* нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түрээсийн байрыг******* нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ялалт плаза барилгын 802 тоот 122,71 м.кв талбайтай байрыг Хан Пик ХХК-тай хамтран ашиглаж байсан. Хан Пик ХХК нь тухайн байрыг түрээслэх түрээсийн гэрээг *******-тай байгуулсан байдаг. Түрээсийн байрыг******* нь Хан Пик ХХК-тай хамтран засварлан талбайг хэд хэдэн өрөөнд хувааж тохижуулан зохих зардлыг гаргасан.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон түрээсийн гэрээг цуцлах хүсэлт *******-нд гарган холбогдох төлбөр тооцоогоо дуусгасан гэж*******-нд мэдэгдэж тухайн түрээсийн байрнаас гарсан.******* нь үргэлжлүүлэн түрээсийн байрыг ашиглаж 2020 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөлттэй үнээр төлөхөөр болсон. Монгол Улсад үүссэн крона вирусийн цар тахлын улмаас эдийн засаг хумигдаж******* ч энэ байдалд өртөж орлого багассан тул 2020 оны 6 дугаар сараас эхлэн түрээсийн талбайгаа багасган *******-тай түрээсийн гэрээ байгуулан ажиллахыг хүссэн боловч түрээсийн гэрээг байгуулаагүй. Ер нь Мөнх тэнгэр инвестмент' ХХК-тай ямар ч түрээсийн гэрээ байгуулаагүй. Мөнх тэнгэр инвестмент эүгээс түрээсийн гэрээ байгуулж цаашид эрх үүргээ тодорхой болгож ажиллахыг *******-аас удаа дараа хүсэж байсан боловч тэд хүсэлтийг шийдвэрлээгүй. Харин ч эсрэгээр түрээсийн төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр түрээсийн байрыг лацдаж нэвтрүүлээгүй. 2020 оны 6 дугаар сараас эхлэн тухайн түрээсийн байрыг огт ашиглаж чадаагүй. Тухайн үед нь******* төлбөр тооцоогоо дуусгаад түрээсийн байрыг суллаж компанийн эд хөрөнгөө авахыг хүсэхэд ******* мөн л шийдвэрлэж өгөөгүй. Одоо*******-ийн оффисын тавилгыг Ялалт плазагийн 802 тоот өрөөг түрээслэн сууж буй этгээдэд хууль бусаар ******* нь ашиглуулж байгаа. Зарим оффисын тавилга эд хогшлыг 15 давхрын агуулахдаа хадгалж байгаа. Иймд *******-ийн нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнх тэнгэр инвестмент ХХК нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах Ялалт плаза барилгын 802 тоот 122,71 м.кв талбайтай оффисын байрыг Хан Пик ХХК-тай хамтран ашиглаж байсан.******* нь тухайн байрыг түрээслэх түрээсийн гэрээг *******-тай байдаг. Түрээсийн байрыг******* нь Хан Пик ХХК-тай засварлан талбайг хэд хэдэн өрөөнд хувааж тохижуулан 11,500,000 зардал гаргасан. Хан Пик ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны тасалбар болгон түрээсийн гэрээг цуцлах хүсэлт *******-нд гарган төлбөр тооцоогоо дуусгасан гэж*******-нд мэдэгдэж тухайн түрээсийн байрнаас гарсан.******* нь үргэлжлүүлэн түрээсийн байрыг ашиглаж 2020 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөлттэй үнээр төлөхөөр болсон. Монгол Улсад үүссэн крона вирусийн цар тахлын улмаас эдийн засаг хумигдаж******* ч энэ байдалд өртөж орлого багассан тул 2020 оны 06 дугаар сараас эхлэн түрээсийн талбайгаа багасган *******-ийн түрээсийн гэрээ байгуулан ажиллахыг хүссэн боловч түрээсийн гэрээ байгуулаагүй.*******-ийн зүгээс түрээсийн гэрээ байгуулж эрх үүргээ тодорхой болгож ажиллахыг *******-аас удаа дараа хүсэж байсан боловч тэдний хүсэлтийг шийдвэрлээгүй. Харин ч эсрэгээр түрээсийн төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр түрээсийн байрыг лацдаж нэвтрүүлээгүй. 2020 оны 6 дугаар сараас эхлэн тухайн түрээсийн байрыг огт ашиглаж чадаагүй. Тухайн үед******* төлбөр тооцоогоо дуусгаад түрээсийн байрыг суллаж компанийн эд хөрөнгөө авахыг хүсэхэд ******* мөн л шийдвэрлэж өгөөгүй бөгөөд******* оффисын тавилга, эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зарим хэсгийг тухайн оффисын барилгын 802 тоотод бусдад ашиглуулж, зарим хэсгийг 15 давхарт байрлах өөрийн агуулахдаа хадгалж байна. *******-ийн хууль бус эзэмшил ашиглалтаас шаардаж буй*******-ийн оффисын тавилга, эд хөрөнгийн тоо ширхэг, үнийн дүн оффисын ширээ сандлын ком /том хүрэн ширээ 1ш, туслах ширээ 1ш, дугуйтай хар сандал 1ш, хүрэн улаан шилтэй шүүгээ 1ш, хүрэн улаан шилгүй шүүгээ 1ш, кофе цайны шкаф 1ш, 1 ком 12,000,000 төгрөг хогийн сав /хар/ 1 ширхэг 10,000 төгрөг [Самбар /цагаан том/ 1 ширхэг 198,000 төгрөг, усны баллон 2 ширхэг 20,000 төгрөг, цаас нуруулдагч 1 ширхэг 60,000 төгрөг, бичгийн хэрэгслийн тавиур 1 ширхэг 15,000 төгрөг факсын аппарат /Panasonic КХР3275/ 1 ширхэг 250,000 төгрөг, принтер /samsung 4300 SСХ/ 1 ширхэг 350,000 төгрөг оффисын ширээ сандлын ком /шар ширээ-4 ширхэг шургуулгатай тумбочка 4 ш, хурлын ширээ - 1ш, түшлэгтэй хар сандал 6ш/ 1 ком 5,200,000 төгрөг, сандал /хар/ 1 ширхэг 90,000 төгрөг, *******-ийн түрээсийн талбайг хуваахад ашигласан бараа материал, эд хөрөнгө хаалга 6 ширхэг хөшиг 5 ширхэг, гипсэн хана 3.1м өндөртэй 6 тал бүхий хана Хивс 122,71 м.кв гадна хаалганы кодтой цоож 1 ширхэг Иймд *******-ийн хууль бус эзэмшил ашиглалтаас Улаанбаатар Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ялалт плаза-д байгаа*******-ийн 18,193,000 төгрөгийн үнэ бүхий жагсаалтад байгаа оффисын тавилга, эд хөрөнгө болон тухайн түрээсийн зайг хуваахад ашигласан 11,500,000 төгрөгийн дээрх жагсаалтад байгаа бараа материал, эд хөрөнгийг салгаж албадан гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнх тэнгэр инвестмент ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч *******-ийн хууль бус эзэмшил ашиглалтаас*******-ийн 18,193,000 төгрөгийн үнэ бүхий оффисын тавилга, эд хөрөнгө болон тухайн түрээсийн талбайг хуваахад ашигласан 11,500,000 төгрөгийн бараа материал, эд хөрөнгийг салгаж албадан гаргуулах тухай тухай сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2019 оны 08 сарын 23-ны өдрийн Түрээсийн гэрээ-г*******-тай байгуулж, манай Ялалт плаза барилгын 8 давхрын 802 тоот хаягт байрлах 122,71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэн ашигласан. Гэтэл 2020 оны 04 сарын 21-нд Хан Пик ХХК нь 015/020 албан тоот манай компанид өгснөөр тус талбайг Хан Пик ХХК болон******* хуваан хамтран түрээсэлдэг болохыг мэдсэн билээ.*******,******* нар нь Түрээсийн гэрээ-ний 6.2.4 болон 6.2.13-д заасан үүргээ биелүүлээгүй төдийгүй, гэрээний 6.2.1-д Түрээслэгч аливаа эд зүйлс тоног төхөөрөмжөө салган авах нөхцөлтэй суурилуулна. Салгах боломжгүй хөрөнгө оруулалт хийх тохиолдолд түрээслүүлэгчээс бичгээр зөвшөөрөл авч холбогдох зардлыг түрээслэгч хариуцна гэж заасныг зөрчсөн тул түрээсийн төлбөрийг хуваахад ашигласан бараа материал, эд хөрөнгийг салгаж өгөх үүрэг түрээслүүлэгч *******-д байхгүй, хууль зүйн үндэслэлгүй шаардлага гэж үзэж харин ч эдгээр байгууллагын талбайг хувааснаас болж Ялалт плаза барилгын 802 тоотын ашиглах ашигтай талбайн хэмжээ хасагдаж, улмаар хоосон дундын нэмэлт үүсэж одоо цаашид түрээслэгч нарт ашиглуулахад ашиглуулах талбайн хэмжээ манай байгууллагад орох түрээсийн төлбөр багасаж алдагдал үүсэж байна. Энэ нь байдал дээрээ 2020 оны 9 сараас эхлэн 2 байгууллагад уг 802 тоотын талбайг түрээслэхэд ашиглалтын талбай багасаж улмаар манай компани маш их хохирол үүсэж байна. Хэрэв түрээсийн талбайд хийсэн салгах боломжгүй тохижилт хийсэн бараа материал, эд хөрөнгөө салгаж авах бол Түрээсийн гэрээ-ний 4.10.3-т заасны дагуу түрээсийн гэрээний хугацаа дууссан үед барьцаа төлбөрөөс оффисын байрны сэргээн засварлах зардлыг тухайн үеийн засвар үйлчилгээ үзүүлэх зах зээлийн ханшаар тооцож суутгана. Түрээслэгч тал нь өөрийн зардлаар оффисын талбайг анх хүлээн авсан үеийн байдалд оруулж барьцаа төлбөрөө суутгал тооцуулахгүйгээр хүлээн авч болно. заасны дагуу түрээслэгч нар нь түрээсийн 802 тоот талбайг анхны хэвийн байдалд оруулан өгөх үүрэгтэй. Хэрэв түрээслэгч нар нь түрээсийн гэрээний 4.10.3-т заасан үүргээ биелүүлж ийн талбайд хийсэн ханыг буулгаж анхны хэвийн байдалд оруулж өгөх гэж байгаа одоо Ялалт плаза барилгын 802 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа 2 түрээслэгчид урьдчилан мэдэгдэн, анхны хэвийн байдалд оруулах засвар тохижилтыг хийх хугацаанд ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангах, тус хугацаанд ногдох түрээсийн төлбөрийг******* нь хариуцах, тодорхой зохицуулалтыг хийх хэрэгтэй болно.*******,*******-иуд нь Ялалт плаза барилгын 802 тоотын 122.71м2 талбайтай нэг өрөөг дотоод зохион байгуулалт хийж хана босгон 43м2, 68м2 талбайтай 2 өрөө болгож, 11.71 м2 талбайг нийтийн эзэмшлийн дэд коридор хуваасан бөгөөд түрээсийн гэрээ дуусах үед анхны хэв байдалд нь оруулан *******-д хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч*******,*******-иуд нь түрээсийн гэрээний биелүүлээгүйгээс өнөөдрийг хүртэл ******* нь дэд коридор болгон гаргасан 11.71 м2 талбайг бусдад түрээсэлж чадахгүй алданги хүлээсээр байна.*******, Хан Пик ХХК нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа мэдэгдэл, шаардах хуудас өгсөөр байхад түрээсийн төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй тул өрөөнд байсан тавилгыг түрээсийн гэрээний 7.1.7-д дагуу барьцаалан авч үлдсэн болно. Тухайн үед тавилгыг нүүлгэн шилжүүлэх зай талбай хомс, овор ихтэй хүнд тавилга нүүлгэх явцад эвдэрч гэмтэх магадлал өндөр тул барилгын түрээсийн талбай 802 тоотын шинэ түрээслэгчид учир шалтгаанаа хэлээд өнөөдрийг хүртэл хадгалж байгаа болно. ******* нь эдгээр тавилгыг түрээсэлж ашиг олсон тохиолдол байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Шаардлагатай гэж үзвэл шинэ түрээслэгч нартай Түрээсийн гэрээ, тэдэнтэй холбоо барих утасны дугаарыг нэмэлтээр гарган өгөхөд татгалзах зүйлгүй болно. Иймд*******-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хууль, түрээсийн гэрээний холбогдох заалтын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******,*******-нд тус тус холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 17,514,738 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Мөнх тэнгэр инвестмент ХХК нь 18,193,000 төгрөгийн үнэ бүхий оффисын тавилга, эд хөрөнгө болон түрээсийн талбайг хуваахад ашигласан 11,500,000 төгрөгийн бараа материал эд хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагч*******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Я037 дугаартай Түрээсийн гэрээ-ний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч ******* болон хариуцагч*******-ийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Я037 дугаартай Түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэг талаас ******* нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалттай Ялалт Плаза барилгын 122,71 м.кв талбай бүхий 8 дугаар давхрын 802 тоот түрээсийн байрыг түрээслүүлэх, нөгөө талаас******* нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан уг гэрээгээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 7-9 дэх талд/
Хэдийгээр, ******* нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Я037 дугаартай Түрээсийн гэрээ-г*******-тай бичгээр байгуулсан байх боловч зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд *******,*******, Мөнх тэнгэр инвестмент ХХК-иудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч *******-ийн банкны дансны хуулгаас үзэхэд түрээсийн төлбөрийг******* болон Мөнх тэнгэр инвестмент ХХК-аас тус тус шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Хан пик ХХК түрээсийн байрнаас гарахад Мөнх тэнгэр инвестмент ХХК-тай хамт түрээсэлж байсныг мэдсэн гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна /х.х-ийн 79-86 дахь талд/
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болно гэж зохицуулснаар талуудын түрээсийн гэрээ байгуулах хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэлгүй байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний агуулгад талуудын тохиролцоо нийцсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Гэрээгээр хүлээсэн үүргийг харилцан шаардахад тус гэрээ хүчин төгөлдөр бус эсэхийг шалгах шаардлагатай бөгөөд аливаа гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байх бөгөөд эдгээр шалгуурыг хангаснаар гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр болно.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субъектийн хувьд хуулийн этгээдийн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга дарагдсан, субьектив шинжийн хувьд талууд маргахгүй байна.
Харин хариуцагч******* 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Я037 дугаартай Түрээсийн гэрээ-г улсын бүртгэлд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус гэж маргасан тул тус гэрээ хэлбэрийн хувьд хувьд хүчин төгөлдөр бус эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, мөн зүйлийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулжээ.
Гэвч зохигч талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийг хариуцагч нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч, хариуцагч нар уг хөрөнгийн үр шимийг түрээсийн гэрээний хугацаанд хүртэж, түрээсийн төлбөрөө төлж байсан үйл баримт тогтоогдож байх тул хуульд заасан хэлбэрээр гэрээг байгуулаагүй гэж үзэн талуудын хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэлгүй юм.
Тайлбарлавал, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан.
Иймд хариуцагч Мөнх тэнгэр инвестмент ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Я037 дугаартай Түрээсийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэх тайлбар татгалзал үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагч******* болон Мөнх тэнгэр инвестмент ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 11,676,492 төгрөг, алданги 5,838,246 төгрөг нийт 17,514,738 төгрөгийг гаргуулахаар шаарсан.
Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан*******-аас *******-нд хүргүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 015/020 дугаартай Хүсэлт гаргах тухай,*******-аас *******-нд хүргүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Хүсэлт гаргах тухай албан бичиг болон эдгээр албан бичигт гараар бичигдсэн бичвэр зэргээс үзэхэд нэхэмжлэгч ******* болон хариуцагч******* нар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээг харилцан дуусгавар болгож,*******-ийн төлсөн барьцааг*******-нд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул*******-аас түрээсийн төлбөр болон үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хариуцлагын үүрэг буюу алданги шаардсан нь үндэслэлгүй байна. /х.х-ийн 32-33 дахь талд/
Нэхэмжлэгч 11,676,492 төгрөгийн төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийн хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй үндэслэлээр 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн гэрээг цуцалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул 8 дугаар сарын түрээс 2,473,992 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй, харин төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 8,588,950 төгрөгийг хариуцагч******* төлөх үүрэгтэй байна. /х.х-ийн 35, 77, 90 дэх талд/
Нэхэмжлэгч гэрээний 4.10.4-д Түрээслэгч тал гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө түрээсийн гэрээг дуусгавар болгосон тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан олгохгүй гэж заасан тул түрээсийн төлбөрөөс барьцаа 3,067,750 төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй гэж тайлбарласан.
Талууд хооронд байгуулсан гэрээний 4.10.1-д түрээслэгч тал нь түрээсийн нэг сарын төлбөртэй тэнцэх барьцааг түрээслүүлэгч талд байршуулна, 4.10.2-д түрээслэгч тал нь түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болох үед түрээсийн барьцаа төлбөрөөс түрээсийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хасалт хийж олгоно, 4.10.3-д түрээсийн гэрээний хугацаа дууссан үед барьцаа төлбөрөөс оффисын байрны сэргээн засварлах зардлыг тухайн үеийн засвар үйлчилгээ үзүүлэх зах зээлийн ханшаар тооцож суутгана. Түрээслэгч тал нь өөрийн зардлаар оффисын талбайг анх хүлээн авсан үеийн хэвийн байдалд оруулж барьцаа төлбөрөө суутгал тооцуулахгүйгээр хүлээн авч болно гэж тус тус тохиролцжээ.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар гэрээнд оролцогч талуудын хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд гэрээний 4.10-д барьцаа төлбөрийн талаар талууд тохиролцохдоо барьцааг буцаан олгохгүй байх агуулгыг түрээсийн байрыг сэргээн засварлах шаардлага үүсэж зардал гарсан эсхүл түрээслэгчийн гүйцэтгээгүй үүрэг байгаа тохиолдолд тус дүнгээр барьцааг түрээслүүлэгч тал суутган авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн агуулгаар тайлбарлахаар байна.
Түрээсийн байр болох Ялалт Плаза барилгын 122,71 м.кв талбай бүхий 8 дугаар давхрын 802 тоотыг хариуцагч нар эзэмшиж, ашиглаж байснаас хойш тус байрыг сэргээн засварлах зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул барьцаа 3,067,750 төгрөгийг хариуцагчийн төлбөл зохих үүрэг болох 8,588,950 төгрөгөөс хасаж, хариуцагч*******-аас 5,521,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний 4.7-д түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслэгч нь түрээслүүлэгч талд төлнө. Алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан хэмжээнээс хэтрэхгүй гэж тохиролцсоноор алданги гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Мөнх тэнгэр инвестмент ХХК-тай анзын гэрээг бичгээр байгуулаагүй тул хариуцагчаас алданги гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч*******-аас 5,521,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,993,538 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч*******-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Мөнхтэнгэр тэнгэр инвестмент ХХК нь нэхэмжлэгч *******-аас 18,193,000 төгрөгийн үнэ бүхий оффисын тавилга, эд хөрөнгө болон түрээсийн талбайг хуваахад ашигласан 11,500,000 төгрөгийн бараа материал эд хөрөнгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 18,193,000 төгрөгийн оффисын тавилга, эд хөрөнгөд оффисын ширээ сандлын ком том хүрэн ширээ 1ш, туслах ширээ 1ш, дугуйтай хар сандал 1ш, хүрэн улаан шилтэй шүүгээ 1ш, хүрэн улаан шилгүй шүүгээ 1ш, кофе цайны шкаф 1ш, 1 ком 12,000,000 төгрөг, хогийн сав 1ш 10,000 төгрөг, цагаан том самбар 1ш 198,000 төгрөг, усны баллон 2ш 20,000 төгрөг, цаас нуруулдагч 1ш 60,000 төгрөг, бичгийн хэрэгслийн тавиур 1ш 15,000 төгрөг, факсын аппарат (Panasonic КХР3275) 1ш 250,000 төгрөг, принтер (samsung 4300 SСХ) 1ш 350,000 төгрөг оффисын ширээ сандлын ком /шар ширээ 4ш шургуулгатай шүүгээ 4 ш, хурлын ширээ 1ш, түшлэгтэй хар сандал 6ш 1 ком 5,200,000 төгрөг, хар сандал 1ш 90,000 төгрөг гэж, түрээсийн талбайг хуваахад ашигласан 11,500,000 төгрөгийн бараа материал, эд хөрөнгөд хаалга 6ш, хөшиг 5ш, 3.1м өндөртэй 6 тал бүхий хана гипсэн хана, 122,71 м.кв хивс, гадна хаалганы кодтой цоож 1ш гэж тус тодорхойлсон.
Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн байрнаас салгаж болохгүйгээр хийсэн хаалга, гипсэн хана, гадна хаалганы кодтой цоожийг хүлээлгэн өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, уг татгалзлын үндэслэлээ хариуцагч нар байгууллагын талбайг дур мэдэн хувааснаас Ялалт плаза барилгын 802 тоотын ашиглах ашигтай талбайн хэмжээ хасагдаж, улмаар хоосон дундын нэмэлт үүсэж, цаашид түрээслэгч нарт ашиглуулахад ашиглах талбайн хэмжээнээс шалтгаалж, түрээсийн төлбөр багасаж алдагдал үүсэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар түрээслэгчээс өөрийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай орчныг бүрдүүлэх зорилгоор хийсэн хаалга, гипсэн хана, гадна хаалганы кодтой цоож зэргийг салгах нь түрээслүүлэгчийн түрээсийн байрны үндсэн бүтэц, хийцэд сөргөөр нөлөөлөх салган авах боломжгүй засан сайжруулалт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хаалга, гипсэн хана, гадна хаалганы кодтой цоож зэргийг гэрээний 1.6.6-д зааснаар дотоод заслын ажил буюу түрээслэгч, түрээслүүлэгчээс түрээсийн байрыг хүлээлцэх акт-нд гарын үсэг зурж хүлээн авснаар өөрийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай орчныг бүрдүүлэх зорилгоор засварын (өрөөний хуваарилалт, шаардлагатай тавилга, эд хогшил тоноглолыг суурилуулах) ажилд хамааруулахаар байна.
Өөрөөр хэлбэл, салган авах боломжгүй засан сайжруулалт гэдгийг гэрээний 1.6.3-д зааснаар ойлгох бөгөөд уг тохиролцооноос үзэхэд хаалга, гипсэн хана, гадна хаалганы кодтой цоожийг салган авах боломжгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.
Түрээсийн гэрээний харилцааг зохицуулсан хуулийн заалт тодорхой зохицуулаагүй тохиолдолд энэ харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журмыг хэрэглэж болох бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй гэж зааснаар хариуцагч Мөнхтэнгэр тэнгэр инвестмент ХХК нь нэхэмжлэгч *******-аас түрээсийн байранд үлдээсэн 18,193,000 төгрөгийн үнэ бүхий оффисын тавилга, эд хөрөнгө болон түрээсийн талбайг хуваахад ашигласан 11,500,000 төгрөгийн бараа материал эд хөрөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж зааснаар хариуцагч Мөнхтэнгэр тэнгэр инвестмент ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэж тайлбарласан боловч уг хөрөнгүүдээр хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг хангуулах шаардлага гаргаагүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Мөнх тэнгэр инвестмент ХХК-аас 5,521,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,993,538 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч*******-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-аас 18,193,000 төгрөгийн үнэ бүхий оффисын тавилга, эд хөрөнгө, 11,500,000 төгрөгийн бараа материалыг гаргуулж, хариуцагч*******-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,136.71 төгрөг, хариуцагчаас төлсөн 306,415 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-аас 306,415 төгрөгийг гаргуулж, хариуцагч*******-нд, хариуцагч*******-аас 103,289.2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ