Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/03276

 

 

 

 

 

 

2021 10 20

101/ШШ2021/03276

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн*******,*******,*******,*******,*******,ин суух Цэцэн сартуул овогт Батмөнхийн Эрдэнэбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн *******,*******,*******,*******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Эрхэмбаяр нь 4278 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн юм. Зээлээ дараа сараасаа зөрчин өдийг хүртэл сураггүй алга болсон юм. Миний бие нь Баянзүрх дүүргийн шүүхэд 1 удаа өргөдөл гаргаж байсан боловч хаяг тодорхойгүй гэж буцаад 3 удаа эрэн сурвалжлуулсан байна. Эрэн сурвалжлуулсан боловч хаяг дээрээ байхгүй гэсэн шалтгаанаар буцаад байх юм. Одоо Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн 2021/5/03-ны өдрийн 2014 тоот албан бичгээр хаяг тогтоолоо. Миний бие Р.Эрхэмбаяраас 2020 онд хамгийн сүүлд 8,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хаяг тодорхой болсон тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлтэй танилцлаа. Иргэн Б.Эрдэнэбат бид 2-ын хооронд 2010 онд 3 сая төгрөгийн зээлийн харилцаа үүссэн байсан бөгөөд миний бие энэ бүх төлбөрийг хүүгийн хамтаар төлж барагдуулж дууссан, одоо ямар ч өр төлбөргүй болно. Иймд тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн урьд гаргасан хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь хариуцагч Р.Эрхэмбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 4,500,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд 1,000,000 төгрөгийг төлснийг нь хасаж, 3,000,000 төгрөг гэж гэрээнд бичсэн тул үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү сар бүр 5 хувиар тооцож 5,250,000 төгрөг нийт 8,250,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөг зээлсэн үйл баримтын талаар маргахгүй байх боловч уг мөнгийг хүүгийн хамтаар төлж дууссан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолж 4278 дугаартай зээлийн гэрээ гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж ... гэж заасан шаардлагыг хангаагүй тул шүүх уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй юм. /х.х-ийн 3 дахь талд/

Гэвч, талуудын тайлбараар нэг талаас мөнгө зээлдүүлэх нөгөө талаас хүлээн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөгийг зээлсэн үйл баримтын талаар маргаагүй боловч уг мөнгийг хүүгийн хамт төлж дууссан гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хариуцагчид анх 4,500,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хариуцагч нийт 1,450,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан тул үндсэн зээл 3,000,000 төгрөгөөс 1,450,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас 1,550,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

Хуульд гэрээгээр талууд зээлийн гэрээнд хүү тогтоосон бол уг гэрээг бичгээр байгуулахаар заасан боловч нэхэмжлэгчийн хүү тогтоосон гэх баримт нь хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхгүй юм.

Иймд дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Р.Эрхэмбаяраас 1,550,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эрдэнэбатад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байсан тул шүүх энэ үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн зохицуулалтад хамаарах бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.

Мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор хуульд зохицуулсан.

Нэхэмжлэгчийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 14783 дугаар захирамжаар, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 9,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17086 дугаар захирамжаар тус тус хүлээн авахаас татгалзаж байсан байх ба мөн тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 03550 дугаар шийдвэрээр Р.Эрхэмбаярын оршин суух хаягийг Цагдаагийн байгууллагаар тогтоолгохоор шийдвэрлэжээ. /х.х-ийн 41-44, 47-48 дахь талд/

Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 07939 дугаар захирамжаар хариуцагч Р.Эрхэмбаярын оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардсан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 45-46 дахь талд/

Иймд дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул хөөн хэлэлцэх хугацааг шинээр тооцож, нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзсэн болно

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Эрхэмбаяраас 1,550,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эрдэнэбатад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Эрхэмбаяраас 39,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эрдэнэбатад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ