| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 102/2023/00645/И |
| Дугаар | 001/ХТ2024/00237 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2024/00237
“Э” ХХК-ийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02743 дугаар шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01336 дугаар магадлалтай,
“Э” ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлттэй,
Ссийн татварын өр 509,964,697.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, Э, өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Э” ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлт гаргаж,
нэхэмжлэгч Сэс хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр 509,964,697.4 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж гаргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02743 дугаар шийдвэрээр: Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлт гаргагч “Э” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч “Э” ХХК-аас 509,964,697.40 төгрөгийг гаргуулж Нийслэлийн Сэст олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн Сэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хүсэлт гаргагч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01336 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т заасан эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэдэг үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Юуны өмнө анхан болон давж заалдах шатны шүүх Дампуурлын тухай хуулийн зорилго, зорилт, үзэл баримтлал, эрх зүйн ач холбогдлыг ойлгодоггүй, компани байгуулж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаад төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийг шүүхийн журмаар татан буулгаж, байгууллага хооронд үүссэн өглөг авлагыг хааж, дансаа цэвэрлэж, цэгцлэх эдийн засгийн арга хэрэгсэл гэдэг талаас нь ойлгож зохих ёсоор хэрэглэж чадахгүй байгаа тул Улсын дээд шүүх энэ талаар эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээний шинэ практикийг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэдэг үүднээс нь энэхүү гомдлыг гаргах шаардлага тулгамдаад байна.
4.1. “Э” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсноо 2023.01.26-ны өдөр өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.10-т заасан “хуулийн этгээдийг дампуурсанд тооцох” хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар холбогдох ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн.
Уг ажиллагааны хүрээнд анхан шатны шүүхээс 2023.01.30-ны өдрийн 102/Ш32023/02541 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, түр хэрэг гүйцэтгэгч томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд түүний дүгнэлтэд үндэслэн “Э” ХХК-ийг 2023.05.30-ны өдрийн түр хэрэг гүйцэтгэгч томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд түүний дүгнэлтэд үндэслэн “Э” ХХК-ийг 2023.05.30-ны өдрийн 102/Ш3023/10158 дугаар захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцсон бөгөөд эрх бүхий этгээдийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх санал гаргаагүй тул өмнө нь анхан шатны шүүхээс дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэрийг гаргаж байсан.
Гэтэл Баянгол дүүргийн анхан шатны шүүх дахин шийдвэрлэхдээ хүсэлт гаргагчийг татварын өртэй, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй гэсэн үндэслэлээр татан буулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс дэмжиж шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Дампуурлын тухай хуулийн үзэл баримтлал, хэрэглээ, ач холбогдлыг анхан болон давж заалдах шатны шүүх ойлгодоггүй, хуулийг зохих ёсоор хэрэглэж чадахгүй байгааг илтгэн харуулж байна.
4.2. Шүүхээс томилогдсон дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн удаа дараагийн дүгнэлтээр хүсэлт гаргагч “Э” ХХК-ийн 2014-2022 оны санхүүгийн тайлангийн үнэлгээгээр “төлбөрийн чадваргүй” болох нь хөдлөшгүй тогтоогдож, алдагдал ихээр хуримтлагдсан, өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, нэхэмжлэгчдийн хурлаас дахин хөрөнгөжүүлэх санал гаргаагүй байхад дампуурлын хүсэлтийг хангахаас татгалзаж байгаагаа Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг баримталж байгаа нь энэ талаарх хуулийн хэрэглээ сул байгааг харуулж байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана, 33.1.1-д энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, 33.1.2-т шүүх /дахин хөрөнгөжүүлэх/ төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй; 33.1.3-т /дахин хөрөнгөжүүлэх/ төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон” гэж тодорхой заасан.
Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “Дампуурлын хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг шүүх харгалзан үзэх боловч уг дүгнэлт үндэслэлтэй эсэхэд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн дүгнэлт өгнө” гэж үндэслэсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, Дампуурлын тухай хуулийн зохицуулалт тодорхой бөгөөд эрх бүхий этгээдүүдээс дахин хөрөнгөжүүлэх хүсэлт, санал, төлөвлөгөө шүүхэд ирүүлээгүй нөхцөлд шүүх дампуурсанд тооцож, татан буулгахаас өөр зохицуулалт байдаггүй.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх төлбөрийн чадваргүй этгээдийг татан буулгахгүй байгаад байвал татварын өр, шүүхийн шийдвэр өөрөө явцын дунд төлөгдөх юм шиг сэтгэж, нийгмийн ийм чухал харилцааг зохицуулж байгаа төлбөрийн чадваргүй байдалтай холбоотой хуулийг зохих ёсоор хэрэглэхгүй байгаа нь Дампуурлын хэрэг шүүхээр шийдвэрлэгдэхгүй бол хаана ч шийдвэрлэгдэхгүй, хуулийн этгээдийг дампууруулан татан буулгадаг нийгмийн амьд харилцааг ойлгохгүй, хуулийн этгээдийг хуулийн дагуу төлбөрийн чадваргүй болохыг хүлээн зөвшөөрч, дампууруулах, улмаар татан буулгах, нэгэнт үүссэн өр авлагыг шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэх боломжийг үгүйсгэсэн хууль бус шийдвэр болжээ.
4.3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн Дампуурлын тухай хуулийн мэдлэг нимгэн, хуулийг хэрэглэх чадвар сул байгаагаас эдийн засаг, нийгмийн харилцаанд тулгамдаад байгаа төлбөрийн чадваргүй болсны улмаас дампуурч, шүүхийн журмаар татан буулгах нөхцөл бүрдсэн олон арван хуулийн этгээдийг татан буулгаж, үлдэгдэл хөрөнгийг төлбөр авагч нэхэмжлэгч нарын үлдэгдэл хөрөнгөөр өр төлбөрийг нь барагдуулах хууль зүйн шийдэл амьдрал дээр хэрэгжихгүй байгаад Улсын дээд шүүх дүгнэлт хийх цаг нь болжээ.
4.4. Шүүхийн томилсон дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр шүүгч хүсэлт гаргагчийг төлбөрийн чадваргүйг тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласан, нэхэмжлэгчдийн хурлыг хийхэд дахин хөрөнгөжүүлэх санал гараагүй нөхцөлд татан буулгах санал гаргасныг үндэслэн хуулийн дагуу төлбөрийн чадваргүй болохыг нь зохих журмын дагуу тогтоож, шүүхээс татан буулгахаар шийдвэрлэхийн оронд дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт төлбөрийн чадваргүй гэж дампуурлаа зарласан хуулийн этгээдийг татан буулгахгүй нөхцөлд цаашид яаж хэвийн үйл ажиллагаа явуул гэж шүүх тулгаад байгаа нь ойлгомжгүй байна.
4.5. Иргэний эрх зүйн харилцааны үндэс суурь нь итгэлцэл дээр үндэслэдэг бөгөөд нэгэнт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөрийн чадваргүй, дампуурсан гэдгээ зарлуулсан хуулийн этгээдийг татан буулгаагүй нөхцөлд хэн түүнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллахгүй нь ойлгомжтой.
Мөн, хүсэлт гаргагчийн эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр татан буулгасны дараа худалдан борлуулснаар нэхэмжлэгч нар авлагаа тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой байхад шүүх энэ боломжийг үгүйсгэж, хэзээ ч авлагыг нь барагдуулахгүй байх нөхцөл байдал руу түлхэж байгааг таслан зогсоож, хууль хэрэглээний шинэ практикийг тогтоох шаардлагатайг нотлон харуулж байна.
Түүнчлэн, татварын байцаагчийн акт болон компанийн тайлагнасан санхүүгийн тайлан буюу борлуулалтын орлого, хасагдах зардал, татвар ногдуулах орлогын хэмжээ өөр байх бүрэн үндэслэлтэй бөгөөд борлуулалтын орлого, хасагдах зардал, татвар ногдох орлого зэргийг буруу тайлагнасан эсэх талаас нь татварын байцаагч татварын хяналт шалгалт хийдэг тул Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт нь компанийн өөрийнх нь санхүүгийн тайлан болон хууль болон шүүхийн шийдвэрээр гаргуулах бусдад төлөх өр төлбөрт үндэслэж, компани төлбөрийн чадвартай эсэхийг тогтоож, дүгнэлт гаргадаг учраас уг хоёр өөр баримт бичиг хоорондоо зөрөхгүй таарна гэсэн ойлголт байдаггүй. Татварын байцаагчийн актад үндэслэн компани татварын нэгэнт гаргаж хүргүүлсэн татварын тайлангаа өөрчлөх боломжгүй байдаг гэдгийг анхан шатны болон давж заалдах шатны шүүх зохих ёсоор үнэлж чадахгүй байгаа нь шийдвэр хуульд нийцээгүй байдлаар гарахад нөлөөлжээ.
Нөгөө талаар, анхан болон давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагчийн төлбөрийн чадваргүй нөхцөл байдал тогтоогдсон эсэх эрх зүйн бодит үйл баримт, фактад тулгуурлаж шийдвэрээ гаргахын оронд “яагаад төлбөрийн чадваргүй болсон нь тодорхой тогтоогдоогүй” гэсэн ямар ч ач холбогдолгүй зүйлд хэт их анхаарч “төлбөрийн чадваргүй гэх үндэслэл тогтоогдсонгүй” гэж шийдвэрээ үндэслэж байгаа нь ерөөс Дампуурлын тухай хуулийн ойлголт сул байгааг илтгэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хүсэлт гаргагчийн төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Э гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.10.10-ны өдрийн 001/ШХТ2024/01103 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
7. Хүсэлт гаргагч “Э” ХХК нь: “...Тус компани нь хоёр хувьцаа эзэмшигчтэй, Т.Билгүүнсоёл 80 хувь, БНСУ-ын иргэн К 20 хувийн хувьцааг эзэмшиж байна.
Тус компанийн 2017-2019 онд хэрэгжүүлсэн төслийн үр ашиг нь “Э” ХХК-тай хийсэн санхүүгийн түрээсийн гэрээ болон бусад түрээсийн тоног төхөөрөмжийн зардалд зарцуулагдсан, сар бүр хуримтлагдах өндөр үнэтэй түрээсийн төлбөрийн дарамт нь тус компанийг төлбөрийн чадваргүй болгох үндсэн нөхцөл болсноос үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, байнгын алдагдалтай ажиллах болсон.
2022 оны 4 дүгээр улирлын байдлаар 2,250,975,300 төгрөгийн алдагдалтай болоод байгаа бөгөөд нийт хуримтлагдсан татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, шүүхийн шийдвэр болон гэрээгээр бусдад төлөх өр төлбөр нь нийтдээ 2,318,882,049.48 төгрөг болж, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй байдалд хүрээд байна.
Иймд, өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш гарсан өр төлбөрийг харилцагч нартаа хууль болон гэрээгээр заасан хугацаанд нь төлөх боломжгүй болж, сүүлийн 3 жилийн байдлаар төлбөрийн бүрэн чадваргүй болсон “Э” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү...” гэж тайлбарласан,
Нэхэмжлэгч Сэс татварын өр төлбөр 509,964,697.4 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“Э” ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 266,832,108.49 төгрөг, цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын 33,711,783.92 төгрөг, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 277,200 төгрөг, автын агаарын бохирдлын төлбөр 39,000 төгрөг, зам ашигласны төлбөр 300,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 191,795,170.99 төгрөг, татварын алданги 5,677,348 төгрөг, татварын торгууль 11,332,086 төгрөгийн татварын өртэй тул нийт 509,964,697.40 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
7. Анхан шатны шүүх: “...“Э” ХХК нь ...2017 онд хэрэгжүүлж байсан хөрс хуулалтын үйл ажиллагаанаасаа олсон бүхий л орлогыг “Э” ХХК-ийн зээлийг төлөхөд зарцуулж, үйл ажиллагаа явуулж байсан... гэх тайлбар гаргасан боловч хүсэлтийн үндэслэлтэй холбоотой баримтыг хавсаргаагүйгээс ямар хугацаатай гэрээ байгуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн нь хэрхэн ашиггүй болсон, хэдий хэмжээний алдагдал хүлээсэн нь тодорхойгүй, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.15-ны өдрийн 2170 дугаар шийдвэрээр “Э” ХХК-д 1,485,353,975 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн байх бөгөөд 2019.12.31-ний өдөр буюу Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүсэхээс өмнөх цаг хугацаанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу хугацаанд нь гүйцэтгэсэн бол Ковид-19 цар тахлын нөлөө гэрээний талуудад нөлөөлөхгүй тул Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан өр төлбөрийг төлөөгүй нь хүсэлт гаргагч компанийн өөрийн удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой, бусдаас шалтгаалаагүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч нь татварыг төлөх үүрэгтэй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ., 11.2 дах хэсэг Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. гэж зааснаар шүүхийн шийдвэр биелэгдэх учиртай тул дээрх үндэслэлээр “Э” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, татвар төлөх үүрэг болон хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.
Түүнчлэн, Ссийн улсын байцаагчийн 2020.07.09-ний өдрийн №34200600080 дугаар актаар “Э” ХХК-ийн 2016-2020 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үндэслэлээр 25,900,345 төгрөгийн төлбөрийг актаар ногдуулсан байна.
Уг актад дурдсан Аж ахуй нэгжийн албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар “Э” ХХК-ийн орлого болон ашгийн тооцооноос үзэхэд 2018 онд 3,420,132,684.21 төгрөгийн орлого, 2,866,115,975.89 төгрөгийн хасагдах зардалтай, 554,016,708.32 төгрөгийн татвар ногдуулах орлоготой гэсэн байхад хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн орлогын тайлангийн үзүүлэлтэд 2018 онд 3,058,651,600 төгрөгийн борлуулалтын орлого, бараа бүтээгдэхүүний өртөг зардал 4,054,581,600 төгрөг, ашиг (995,930,000) төгрөг гэсэн нь зөрүү байх тул хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.
Иймд “Э” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчаас 509,964,697.40 төгрөгийг гаргуулан Нийслэлийн Сэст олгох нь зүйтэй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
8. Хоёр шатны шүүх адил шийдвэр гаргасан боловч хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаарх гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцлээ.
9. “Э” ХХК нь тус компанийн өөрийн хөрөнгө нь хасах 2,250,975,300 төгрөг болоод байгаа бөгөөд нийт хуримтлагдсан татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, шүүхийн шийдвэр, гэрээгээр бусдад төлөх өр төлбөр нь нийтдээ 2,318,882,049.48 төгрөг болж Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн Дампуурлын хуульд заасан нөхцөл шалгуурыг бүрэн хангахын зэрэгцээ сүүлийн 3 жилийн хугацаанд бусад хуулийн этгээдийн нэхэмжилсэн мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлж чадахгүй төлбөрийн чадваргүй байдалд байгаа тул цаашид энэ хэвээр оршин тогтнох боломжгүй байна. Иймд тус компани төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, дампуурсанд тооцож, шүүхийн шийдвэрээр татан буулгуулахаар хүсэлт гаргажээ.
10. Шүүх “Э” ХХК-ийн дампуурсанд тооцож татан буулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, адил шийдвэр гаргасан боловч “...хүсэлт гаргагч нь 2017 оноос хойш олсон их хэмжээний борлуулалтын орлогыг хэрхэн юунд зарцуулсан, эдгээр орлогоос ямар үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй шалтгаан нөхцөл тодорхойгүй, түүнчлэн хүсэлтийн үндэслэлтэй холбоотой баримтыг хавсаргаагүйгээс ямар гэрээ байгуулж ажил үйлчилгээ үзүүлсэн нь хэрхэн ашиггүй болсон, хэдий хэмжээний алдагдал хүлээсэн нь тодорхойгүй байгаагаас ...Дампуурлын тухай хуулийн 4.1, 33.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх үндэслэл заасан нь хэрэгт шаардлагатай нотлох баримтыг шүүх өөрийн санаачилгаар бүрдүүлэх боломжтой, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн хувьд шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
11. Учир нь хуулийн этгээдийг дампуурсанд тооцох хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг шүүх өөрийн санаачилгаар бүрдүүлэх үүрэгтэй.
Энэ талаар Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “шаардлагатай тохиолдолд шүүх хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон тухай нэмэлт нотлох баримтыг нэхэмжлэл, хүсэлт гаргасан этгээдээс шаардаж болно” гэж мөн зохицуулсан байна.
12. Түүнчлэн Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д зааснаар дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө байгуулсан гэрээ хэлцлийг хянаж, энэ хуулийн 19, 20, Иргэний хуулийн 56-69 дүгээр зүйлд заасан гэрээ хэлцлийг хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах эсэх асуудлыг нэхэмжлэгчдийн хуралд оруулах үүрэгтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дампуурлын хэрэг гүйцэтгэгчийг томилж, тэрээр хариуцагчийн төлбөрийн чадваргүй талаарх дүгнэлт гаргасан боловч хариуцагчийн дампуурах үндэслэл болсон буюу сүүлийн гэрээ хэлцлийн талаар нэхэмжлэгчдийн хуралд танилцуулсан эсэх нь тодорхойгүй байна.
Тухайлбал, төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болж буй 2017-2019 оны хөрс хуулалтын ажилтай холбоотой байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ, тус гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, хөрс хуулалтын ажлын гэрээ, гэрээ хэрэгжсэн үйл явц, тухайн гэрээ дүгнэгдсэн эсэх талаарх холбогдох баримтууд болон эдгээр гэрээ, гэрээтэй холбоотой ажлын гүйцэтгэл, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэрэг гүйцэтгэгч дээрх гэрээнүүдтэй холбоотой дүгнэлт хийгээгүй байхад шүүх тодруулаагүй, нөхцөл байдал тодорхойгүй байгаа нь Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар үүсэх боломжтой эсэхийг дүгнэх боломжгүй юм.
13. Мөн хүсэлт гаргагч нь шүүхийн шийдвэрийн дагуу оффисын түрээсийн төлбөрт 21,271,855 төгрөгийн, автомашины зээлийн гэрээний төлбөрт 57,725,967.92 төгрөг, “Кью Эс Эм” ХХК-д 15,917,408 төгрөг, “Н” ХХК-д 98,644,307 төгрөг, “Х” ХХК-д 1,838,000 төгрөг, “Г” ХХК-д 63,284,106 төгрөгийн төлбөртэй байгааг нэгтгэн тооцвол бусдад төлөх өр төлбөрийн хэмжээ 1,700,139,012.92 төгрөг байна гэсэн боловч хэрэгт дээрх үндэслэлийг нотолсон баримт алга.
Өр төлбөр үүсэх шалтгаан нөхцөл хуулийн этгээдээс шалтгаалахгүйгээр урьдчилан тооцоолох боломжгүй буюу болгоомжгүй байдлын үр дүнд үүссэн, эсхүл өөрөө эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж болгоомжгүй хандсаны аль нь болохыг тогтоохын тулд шүүх хариуцагчийн дампуурах үндэслэл шалтгаантай холбоотой баримтыг бүрдүүлсний үндсэн дээр шийдвэр гаргах учиртай.
14. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд хүсэлтийг хангах, эсхүл хангахгүй байх талаар хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хяналтын журмаар гаргасан хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02743 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01336 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ээс 2024.08.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД