Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 13

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг

                                                         Шүүгдэгч Д.Л

                                                          Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Л-д холбогдох эрүүгийн 1926004110285 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Навчит овгийн Д.Л

Д.Л нь согтуурсан үедээ 2017 оны өвөл, 2018 оны 06 дугаар сард 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд П.Б-н гэрийн орчимд болон өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр жирэмсэн эмэгтэй З.Д-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

 

Ингэж З.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь тархи доргилт, баруун чих, шанаа хэсэгт нь зөөлөн эдийн няцрал хаван хавдар цээжний баруун хэсэг, баруун цавь, баруун гуя хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д  заасан гэмт хэргүүдэд яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, Д.Л-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 7 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000  төгрөгөөр торгох ялын 15  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 8 сарын хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч З.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг гаргасан давж заалдах гомдолдоо:

 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/24 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Хохирогч З.Д нь удаа дараа зодуулж байсан гэх боловч мэдүүлэг нь хамт байсан гэх Ш.Бийн мэдүүлгээс зөрүүтэй.

Үүнд: З.Д-гийн /хх-ийн 22-27х/ өгсөн мэдүүлэгт хаалга миний биеийн баруун хэсгийг цохьсон. Тэгээд би тухайн үед манараад гишгэж чадахгүй болоод гадаа сууж байтал гэрээс Б эгч гарч ирээд “яачихсан юм бэ” гэхээр нь хаалгаар Л цохьчихлоо гэж хэлсэн гэдэг, гэтэл Ш.Б-н /хх-ийн 48-50х/ Л манайд ирээд эхнэр З.Д-гийн гар утсыг булааж аваад тэр хоёр маргалдаад байсан З.Д-гийн гар утсыг булааж аваад гараад явсан. З.Д араас нь гараад явсан. Би тэр хоёрын араас гараагүй. Мөн 2019 оны 09 сард З.Д нь Лд “би хичээлтэй байна охиноо ав” гэхэд ажилтай байна гэсэн. Тухайн үед З.Д хичээл нь эрт тараад хүүхдээ авах боломжтой байсан атал хүүхдээ авалгүй Б-р авахуулж өөрөө Э.Д болон өөр хүмүүстэй “Алтан холбоо” бааранд орж 23 цагийн үед Б-д хүүхдээ авах гэж очсон гэх зэрэг мэдүүлэг болон шүүхээс Ш.Б, Э.Д нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

2. Гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй. Цохиж зодохыг нь хараагүй, хаалгаар савсан цохьсоныг мөн хараагүй, мөн жирэмсэн байхад нь хөлөөрөөө дэвссэн гэж хохирогч мэдүүлдэг ч Б салгах гээд салгаж чадаагүй гэдэс рүү өшиглөөд явсан гэдэг талаар огт мэдүүлээгүй. Мөн тухайн үед хохирогч 5 сар орчим жирэмсэн гэж бодоход /истороос/ дэвсэх, өшиглөх үед дутуу төрөх, цус алдах магадлалтай байхад өвчний түүх дээр гэдэс хэвлий орчимд ямар нэгэн хөхрөлт няцралтын талаар дурьдсан зүйл байхгүй, клиник онош цочрол тайван, хэвтрийн дэглэм сахих гэсэн нь З.Д-гийн мэдүүлгээс эрс зөрөөтэй байх тул хэргийг прокурорт буцаах хүсэлтэй байна... гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Д.Л нь согтуурсан үедээ 2017 оны өвөл, 2018 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой 11 дүгээр багийн 21-02 тоотод  оршин суух өөрийн гэртээ, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд мөн аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой 11 дүгээр багийн 21-02 тоотод оршин суух П.Б-н гэрийн орчимд болон өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр жирэмсэн эмэгтэй З.Д-г байнга зодсон,

 

Ингэж З.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед нь тархи доргилт, баруун чих, шанаа хэсэгт нь зөөлөн эдийн няцрал хаван хавдар, цээжний баруун хэсэг, баруун цавь, баруун гуя хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж З.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, Д.Л-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

 

Тус үйл баримт нь Д.Л-д холбогдох  хэрэгт авагдсан, хохирогч З.Д-гийн “...2017 оны өвөл байсан юм. ... Тэр шөнө согтуу ирээд намайг зодсон. Тухайн үед гараараа толгой руу цохиод хэд хэдэн удаа алгадсан. Намайг зодоход хадам аав Дуламсүрэн байсан. Л намайг зодсноос миний хацар хавдсан. Хоёр гарын шуу бугалга хөхөрсөн. Тархи хөдлөөд бариулж байж зүгээр болсон. ...2018 оны 06 дугаар сард манай өргүүлсэн хүү гэдсэнд байхад Д.Л намайг багалзуурдаад газар унагааж гэдэс рүү хөлөөрөө дэвссэн. Гэдэс базлаад маргааш өглөө нь эмнэлэгт хэвтсэн. ...2019 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө намайг зодсон. Д.Л орж ирээд хэл үггүй “...хаачаад ирсэн юм бэ чи” гээд багалзуурдаад утас булааж аваад гараад явсан. Утас булааж авахдаа гарыг чинь хугалчихъя гээд миний гарыг мушгиад байсан. Тэгснээ толгой руу гараараа 1 удаа цохичихоод, намайг зууралдаад байхаар Д.Л намайг дугтарчихаад Батхүлэг ахын гэр рүү гүйгээд орсон. Би араас нь гүйтэл намайг гадна талын тамбарын бүргэд хаалгаар саваад цохьсон. Хаалга миний биеийн баруун хэсгийг цохьсон. Тэгээд би тухайн үед манараад гишгэж чадахгүй болсон. ...Гэртээ хариад Д.Л намайг "...хаана хэнтэй унтаж хэвтэж байгаад ирсэн" гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би "...танай эгч нар шиг чинь биш" гэж хэлээд жижиг савтай тос Д.Лгийн өөдөөс шидчихсэн юм. Шидсэн тос Д.Лг оноогүй. Тэгтэл Д.Л ирээд миний баруун талын чих орчимд дүүртэл гараараа цохьсон. Миний толгой дүүрээд манараад явчихсан. Тэгээд миний баруун гарыг 2 өвдөгнийхөө завсар хавччихаад хугалсан ч яадаг юм бэ гээд эргүүлээд дараад байсан.” /хх-ийн 22-27х/,

Гэрч Ш.Бийн ”... 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр З.Д нь цэцэрлэгийн хүүхэд тарах үеэр над руу яриад манай охиныг цэцэрлэгээс нь авчихаарай, миний хичээл тарах болоогүй байна гэсэн. Манай 4 настай хүү Д.Лгийн охинтой нэг цэцэрлэгт явдаг болохоор би хүүгээ авахдаа Д.Лгийн охиныг хамт авсан. ...З.Д орой 23 цагийн орчимд ганцаараа ирсэн. Тэгээд нөхөр Д.Л рүү залгаад манай гэрт ирсэн байна гэж хэлсэн чинь Д.Л 20-30 минутын дараа ирсэн. Д.Л манайд ирээд эхнэр З.Д-гийн гар утсыг булааж аваад тэр хоёр маргалдаад байсан. З.Д-гийн гар утсыг булааж аваад гараад явсан З.Д араас нь гараад явсан. Удалгүй З.Д давсаг орчмоо дарчихсан ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Д.Л хаалгаар савчихлаа гэсэн. ...2018 оны 06 дугаар сард би нөхөр Батхүлэгийн хамт Д.Лгийн гэрт очсон. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас найз нь ирсэн байсан юм. Тэнд бүгдээрээ архи ууцгаасан. Тухайн үед З.Д бид хоёр жирэмсэн байсан болохоор архи уугаагүй. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас ирсэн найз нь гарах гэтэл Д.Л хамт гарах гэхээр нь гаргахгүй байсан чинь хэрүүл хийгээд З.Д-г зодож түлхээд газарт унагасан.” /хх-ийн 48-50х/,

Гэрч Э.Дашмаагийн “... 2019 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд З.Д танихгүй дугаараас над руу залгаад надад "...манай нөхөр Д.Л нь намайг зодчихоод миний гар утсыг аваад явчихлаа" гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр над руу утсаар ярихдаа "...найз нь босч чадахгүй байна, хөл гар өвдөөд байна" гэж хэлж байсан. ... Тэр өдрийн орой 18 цагийн орчимд З.Д ажил дээр бага насны охиныхоо хамт ирсэн. З.Д-гийн нэг талын хөл нь доголчихсон, цээж орчимд нь хөхөрчихсөн байсан. Өөр ил харагдах ямар нэгэн шарх харагдаагүй. Би З.Д-гээс "...яасан юу болсон" гэж асуухад Д.Л намайг зодчихоод гарахдаа хаалгаар савчихаад утас аваад гараад явчихлаа гэж хэлсэн. ... 2018 оны 06 дугаар сард З.Д-г эмнэлэгт хэвтэж байгаад гарахад гэрт нь очсон. Д.Л З.Д-г зодох гээд дайрч байгаад 1 удаа алгадчихаар нь би цагдаад дуудлага өгсөн.” /хх-ийн 37-39х/ гэсэн мэдүүлгүүд,

“З.Д-гийн биед тархи доргилт, баруун чих, шанаа хэсэгт зөөлөн эдийн няцрал, хаван хавдар, цээжний баруун хэсэг, баруун цавь, баруун гуя хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана” гэсэн Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 447 дугаартай дүгнэлт/хх-ийн 59х/,

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3891/246 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 73-80х/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болон, Д.Лгийн  гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүхээс Д.Лг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Л-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар буюу нэг сарын хугацааны хорих ял болгон, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 8 сарын хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, үндэслэл бүхий  шийтгэх тогтоол болжээ.

Д.Л-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн Д.Лгийн өмгөөлөгч Т.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн  дүгнэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг  дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.Л-н өмгөөлөгч Т.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан буюу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс Д.Л-н  цагдан хоригдсон 34 хоногийг  түүний  ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.