Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын  прокурор Т.Баярмаа

Шүүгдэгч: Т.Амартүвшин /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Т.Амартүвшинд холбогдох 201716010005 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Өмнөговь аймаг, Ханбогд сумын 2 дугаар багт оршин суух хаягтай Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Их-Усын 1-1 тоотод  түр оршин суудаг, урьд нь Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 2 жилийн хугацаатай тэнсэн хянан харгалзсан Боржигон чой овогт Төмөрсүхийн Амартүвшин /РД:КЙ91062310/

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Т.Амартүвшин нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Өгөөмөр багийн “Гантиг” эмийн сангийн зүүн талын зогсоол дээр иргэн О.Золжаргалтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар бие эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Амартүвшин мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 сарын 23-ны өдөр 3 залуутай маргалдсаны улмаас Золжаргалыг өөр хүнтэй андуурч биед нь гэмтэл учруулсан. Тухайн үед Золжаргал газраас чулуу авахаар нь би зугтааж “Гантиг” эмийн сангийн хойгуур ороход араас ирсэн. Золжаргал над руу чулуу шидэх шиг болохоор нь би зөрүүлээд толгойн тус газар нь чулуугаар цохисон. Гэр лүүгээ орж төрсөн ахыгаа дуудаад гэрээс гарч ирэхэд цагдаа нар ирсэн байсан” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч О.Золжаргал мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 00 цагийн үед мотоциклоо түрээд сумын төв орж бензин авах гээд “Өгөөмөр” зочид буудлын урд хэсэгт сайжруулсан шороон зам дээр явж байтал араас “хөөе” гээд нэг эрэгтэй хүн / сүүлд нь сонсоход Амартүвшин гэж байсан/ дуудсан. Тэгэхээр нь би сонсоогүй юм шиг чимээгүй мотоциклоо түрээд явтал тухайн эрэгтэй гартаа чулуу барьчихсан миний хажууд гүйж ирээд над руу чулуутай гараараа далайн “Отгоо хаана байна” гэж асуусан. Би  “тийм хүн танихгүй ш дээ” гэхэд “Чи мэдэх ёстой” гэж хэлээд намайг чулуугаар цохих гээд байхаар нь мотоциклоо газар унагаагаад газраас нэг том чулуу авч гартаа бариад ”Зүгээр байгаарай чи” гээд чулуутай гараараа далайтал Амартүвшин зугтаасан. Тэгтэл Амартүвшин “Гантиг” эмийн сангийн зүүн талын хэсэгт машин зогсоолын тэр хавьд очоод зогссон чинь цаанаас нь 2 эрэгтэй, 1 эмэгтэй  хүмүүс гарч ирээд 1 эрэгтэй нь “Өө Түгнээ ах сайн уу” гэж Амартүвшинтэй мэндэлсэн. Тэгээд би Амартүвшин дээр очоод “Зүгээр байхад чи над руу чулуугаар  далайдаг хэн бэ” гэтэл тэрээр намайг чулуугаар цохих гээд байсан. Харин хажууд байсан 1 залуу хөөе боль гэж Амартүвшинг хориход гэнэт гартаа барьсан чулуугаараа намайг цохингуут би доошоо тонгойсон. Тэгээд эргээд өндийтөл тэрээр зугтаасан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуулас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Д.Отгонбаатар: “...2016 оны 12 дугаар сарын 22-ны 00 цагийн үед санагдаж байна. “Төгөл” худалдааны төвийн галыг түлчхээд өөрийн төрсөн дүү Отгонбаяр, Болормаа нарын хамтаар “Гантиг” эмийн сангийн зүүн талын гудамжаар хойшоогоо гэр лүүгээ явж байтал эмийн сангийн хойд булангаас нэг эрэгтэй хүн  гүйж гарч миний хажуугаар өнгөрснөө эргэж харан “хөөе Отгоо” гэж дуудахаар нь би хүрээд очсон чинь Амартүвшин нэлээд согтсон байдалтай зогсож байсан. Тэгсэн Амартүвшингийн араас хөөж байгаа бололтой нэг танихгүй залуу гартаа чулуу барьсан ирээд “чи намайг өдөө биз дээ” гэхэд Амартүвшин “чи өөрөө эхлээ биз дээ” гээд хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь Амартүвшинг хорьсон. Танихгүй залуу гартаа барьсан чулуугаар Амартүвшинг цохих гээд чулуутай гараараа далайгаад байсан. Тэгсэн Амартүвшин газраас нэг чулуу аваад нөгөө залуугийн толгойн тус газар цохитол цус гарсан. Амартүвшин цаашаагаа гүйгээд гэрийнхээ хашаа руу орсон”   гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Д.Отгонбаярын:  “...Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны орой санагдаж байна 00 цагийн үед өөрийн төрсөн ах Отгонбаатар, төрсөн дүү Болормаа нарын хамтаар “Төгөл” худалдааны төвийг галлачхаад гэр лүүгээ алхаж байтал “Гантиг” эмийн сангийн урд бид 3-н хажуугаар нэг танихгүй эрэгтэй хүн гүйгээд өнгөрсөн. Тэгснээ манай ахыг таниад хүрээд ирсэн. Тухайн үед манай ах тэр хүнийг Түгнээ гэж дуудаж байсан. Удалгүй Түгнээгийн араас бас нэг согтуу эрэгтэй хүн Түгнээг хөөж байгаа бололтой эмийн сангийн хойд булангаас гүйгээд гарч ирсэн. Тэгээд тухайн залуу Түгнээ дээр очоод “би чамайг ална шүү” гээд гартаа барьсан чулуугаар цохих гээд дайраад байсан. Тэр үед манай ах тухайн залуу хорьж байсан. Тэгнээ харин тухайн залуутай хэрүүл хийгээд маргалдаад гартаа нэг юм барьсан байсан. Тэгтэл Түгнээтэй маргалдаж байсан залуу “яая яая” гэж хашхирахад хартал нөгөө залуугийн толгойноос цу гарч байсан. Харин Түгнээ цаашаа гэр лүүгээ яваад өгсөн. Толгойгоо цохиулсан залуу над дээр ирээд Түгнээ намайг чулуугаар цохичихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр №6 дугаартай “...О.Золжаргалын биед тархи доргилт, зулайн орой, духанд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30-р хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Т.Амартүвшин нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Өгөөмөр багийн “Гантиг” эмийн сангийн зүүн талын зогсоол дээр иргэн О.Золжаргалтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар бие эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч О.Золжаргалын “...Амартүвшин “Гантиг” эмийн сангийн зүүн талын хэсэгт машин зогсоолын тэр хавьд очоод зогссон чинь цаанаас нь 2 эрэгтэй, 1 эмэгтэй  хүмүүс гарч ирээд 1 эрэгтэй нь “Өө Түгнээ ах сайн уу” гэж Амартүвшинтэй мэндэлсэн. Тэгээд би Амартүвшин дээр очоод “Зүгээр байхад чи над руу чулуугаар  далайдаг хэн бэ” гэтэл тэрээр намайг чулуугаар цохих гээд байсан. Харин хажууд байсан 1 залуу “хөөе боль” гэж Амартүвшинг хориход гэнэт гартаа барьсан чулуугаараа намайг цохингуут би доошоо тонгойсон. Тэгээд эргээд өндийтөл тэрээр зугтаасан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Отгонбаатарын “...2016 оны 12 дугаар сарын 22-ны 00 цагийн үед санагдаж байна. “Төгөл” худалдааны төвийн галыг түлчхээд өөрийн төрсөн дүү Отгонбаяр, Болормаа нарын хамтаар “Гантиг” эмийн сангийн зүүн талын гудамжаар хойшоогоо гэр лүүгээ явж байтал эмийн сангийн хойд булангаас нэг эрэгтэй хүн  гүйж гарч миний хажуугаар өнгөрснөө эргэж харан “хөөе Отгоо” гэж дуудахаар нь би хүрээд очсон чинь Амартүвшин нэлээд согтсон байдалтай зогсож байсан. Тэгсэн Амартүвшингийн араас хөөж байгаа бололтой нэг танихгүй залуу гартаа чулуу барьсан ирээд “чи намайг өдөө биз дээ” гэхэд Амартүвшин “чи өөрөө эхлээ биз дээ” гээд хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь Амартүвшинг хорьсон. Танихгүй залуу гартаа барьсан чулуугаар Амартүвшинг цохих гээд чулуутай гараараа далайгаад байсан. Тэгсэн Амартүвшин газраас нэг чулуу аваад нөгөө залуугийн толгойн тус газар цохитол цус гарсан. Амартүвшин цаашаагаа гүйгээд гэрийнхээ хашаа руу орсон” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Отгонбаярын “...“Гантиг” эмийн сангийн урд бид 3-н хажуугаар нэг танихгүй эрэгтэй хүн гүйгээд өнгөрсөн. Тэгснээ манай ахыг таниад хүрээд ирсэн. Тухайн үед манай ах тэр хүнийг Түгнээ гэж дуудаж байсан. Удалгүй Түгнээгийн араас бас нэг согтуу эрэгтэй хүн Түгнээг хөөж байгаа бололтой эмийн сангийн хойд булангаас гүйгээд гарч ирсэн. Тэгээд тухайн залуу Түгнээ дээр очоод “би чамайг ална шүү” гээд гартаа барьсан чулуугаар цохих гээд дайраад байсан. Тэр үед манай ах тухайн залуу хорьж байсан. Тэгнээ харин тухайн залуутай хэрүүл хийгээд маргалдаад гартаа нэг юм барьсан байсан. Тэгтэл Түгнээтэй маргалдаж байсан залуу “яая яая” гэж хашхирахаар нь хартал нөгөө залуугийн толгойноос цу гарч байсан. Харин Түгнээ цаашаа гэр лүүгээ яваад өгсөн. Толгойгоо цохиулсан залуу над дээр ирээд Түгнээ намайг чулуугаар цохичихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр №6 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэх оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Амартүвшин нь Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 01-ий өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 2 жилийн хугацаатай тэнсэн хянан харгалзсан байх ба Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тооцлоо.

Хохирогч О.Золжаргал нь шүүгдэгч Т.Амартүвшинтэй  сайн дураараа эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан “Согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй.” гэж заасны дагуу түүнд ял халдаах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Амартүвшин нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаа ба хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан торгох ялын хамгийн доод хэмжээгээр шийтгэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болно.           

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон чой овогт Төмөрсүхийн Амартүвшинг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Амартүвшинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийсэн бол шүүх торгох ялыг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг сануулсугай.

4. Т.Амартүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

 6. Эрүүгийн байцаан шийтгэл хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Амартүвшинд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА