Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярцогт, Ц.Даваажаргал,

Шүүгдэгч  Д.А, Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн ......... ...дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..........дүгээр сарын .........-ны өдөр ................аймгийн ...............суманд төрсөн, .......настай, .......эй, ...боловсролтой, .............мэргэжилтэй, ........малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..............аймгийн ................сумын ...............багт түр оршин суудаг, урьд .....-.... дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, .................регистрийн дугаартай, Б овогт Д-ын А,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ...... дугаар сарын ..........-ний өдөр ..............аймгийн .................суманд төрсөн, .........настай, ........й, .......боловсролтой, .......... мэргэжилтэй, ......... ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт ...... аймгийн .........сумын ........багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ................регистрийн дугаартай, ..........овогт Э-н М.

Шүүгдэгч Д.А, Э.М нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 18-ны үед ......... аймгийн ........... сумын ................багийн нутаг ...............н ам гэх газраас иргэн Ш.Ж-ын эзэмшлийн 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.       

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

-Хохирогч Ш.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай адуунаас 5 морь алга болсон байсан. Хүнээс сурагласан чинь Ширээгийн ард байна гэж байсан. Хонь харах хүнгүй болохоор явж чадаагүй. Дараахан нь эхнэр яриад чиний бор морийг хүн унаад явж байна гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан байсан. Цагдаа шалгахаар А, М нар бор морь, хээр морийг авчирч өгсөн. Унаж эдэлсэн байсан. Надад 1 сая төгрөг өгсөн...” гэв.  

-Гэрч Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Нөмрөгийн урд Хайрханы ард адуундаа очиход бор морь, хээр морь манай адуунд нийлсэн байсан. Нэг орой М-ыг маргааш адуундаа явлаа гэхээр нь манай адууг хамт туугаад ирээрэй Хайрханы ард байна лээ шүү гэж захисан. М манай адууг тууж ирсэн л гэсэн, би адуундаа очоогүй. М манай адууг өөрийнхөө адуутай тууж авчирсан байх. Би адуугаа олохгүй байж байгаад олоход манай 14 тооны адуу Хайрханы ард байсан. Тэгэхэд хүний адуу нийлсэн байсан. Машинтай явж байсан болохоор тамгыг сайн хараагүй. Цаагуур зөндөө адуунууд байсан. 2 адуу манай адууны захад байсан. Приүсээр явж байсан болохоор элс рүү орж чадаагүй, маргааш нь М-ыг туугаад ирээрэй гээд захисан. Хүний морийг таслаад хаяарай, хүний юмыг яахын гэж хэлсэн. Манай адууг Түдэвтэй сум руу давуулсан талаар ярьсан. Хоёр адууг хэрхсэн талаар бол хэлээгүй...” гэв.

-Гэрч Г.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Үхрээ алдаад үхэртээ явж байгаад А, М нартай адуунд явж байхад нь таарсан. Тэгээд цаашаа яваад хонь хариулж байгаа хүнтэй таараад юм ярьж, үхэр мал дурандаж байгаад цаашаагаа явж айлд очсон. Айлд очоод хоол хийлгүүлж идсэн. Миний морь эцээд явахаа байхаар нь гэртээ очсон чинь аавын бие муудаад сумын төв орох хэрэг гараад  М, А нараас морь гуйж унасан. Ийм зүйл болно гэж мэдээгүй. Манай өвөлжөөнд  шарга азаргатай адуу тууж ирээд уг адуунаас бор, хээр морь барьж авсан. А ах барьж аваад нутаг руугаа гүйгээд байдаг юм, унаарай гээд бор морийг өгсөн. А, М нар тэр морийг хэний эзэмшлийн морь эсэх талаар хэлээгүй, нутаг руугаа гүйчихнэ шүү тэжээл өгөөд унаарай гэсэн. Тавивал гүйгээд алга болно шүү гэсэн.  Тэгээд хээр морийг А аваад явсан. Дараа нь би бор морийг унаад Нөмрөгийн төв ороод айлд орсон чинь манай морь байна гэж хэлэхээр нь би тэр хүнтэй жаахан маргалдсан. А барьсан морио хөтлөөд явсан...” гэв.

-Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Адууг хулгайн зорилгоор аваагүй. Тэр өдөр хүйтэн байсан учир адуу буцаж гүйгээд байсан. Тэгээд байж байтал М ирээд Боомын амнаас адуу тууж ирэх гээд бид 2 явсан. Адуугаа тууж ирсэн. Э.М-т Ц гэх хүн адуугаа захисан байсан.  Э.Мягмаржав намайг очих үед 2 морийг ялгаад хөөж байсан. Би хэний адуу вэ гэж асуусан чинь Ц ах захисан гэж хэлсэн. Аймаг хооронд хүн зөөдөг хүн гэж хэлсэн. Тэр үед М цаанаас ирээд та 2 юун адуу ялгаж хөөгөөд байгаа юм гэж хэлсэн. Тэр үед их манантай байсан. Тэр 2 морийг ялгаж байхыг М мэднэ. Ц-ын адууг Түдэвтэй рүү туух байсан. Э.М наад 2 морь чинь манай нутгийн морь байна, манай нутгийн тамгатай юм байна, эзэн сураад ирнэ, наад 2 морь чинь хойд талын адуу дагаад явах юм бол олдохгүй, авч үлдээд эзэн нь гараад ирэхээр нь өгье гэж хэлсэн. Авч үлдсэн нь үнэн. Хулгайн зорилго байгаагүй. П үхэртээ явах гэсэн юм, аавын бие тааруу гэхээр нь нэг морийг нь унуулаад явуулсан, хаашдаа эзэн гараад ирэх байх гэж бодсон. Нэг морийг нь би авч яваад унаж эдэлсэн. Хойшоо явчих юм бол олдохгүй гэдэг байдлаар тэр 2 морийг авч үлдсэн...” гэв.

-Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг адуундаа явахын урд орой Ц ах надтай ярьсан. Элс рүү адуу нь орсон байна гээд намайг  адууг элснээс гаргаад дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Бас хүний 2 адуу манай адуунд нийлсэн байна лээ, тэнд нь ялгаад үлдээчээрэй гэсэн. Би адуу руугаа А ахтай явсан. Ц ахын адууг элснээс гаргаад хамт нийлсэн 2 адууг нь ялгаад үлдээх гэсэн боловч салахгүй адуу руу давхиж ороод байсан. Бид хоёр хэсэг хөөцөлдөөд салгаж чадаагүй. Тэгэхээр нь Ц ахын адуутай хамт туугаад Хашаатын ам гэх газарт авчирсан. Бид хоёр 4,5 азарга адуу элснээс тууж гарч ирсэн. Цагаан дөрөлжөөр давж байхад 2 адуу шууд Ц ахын адуу руу орж байна лээ. Наана нь бусад адуунууд байгаад байхад шууд Ц ахын адуу руу орж байсан. Миний бодлоор их удсан байх, ижил дасал болсон байна лээ. Тэр хоёр морийг барьж авахаас өөр арга байгаагүй, эзнийг нь олж өгье гэж бодсон.  Тэгээд П-т нэг адууг нь барьж өгөөд, А ах нэг адууг нь барьж унасан. Хулгай хийе гэж бодоогүй. Нөмрөгийн адуу Түдэвтэй рүү явчихвал эзэн нь олохгүй болчихно гэж л бодсон...” гэв.

-Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ц. би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Д.А, Э. нарт холбогдох эрүүгийн............ дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Э.М, Д.А нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 18-ны үед Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Боомын ам гэх газраас иргэн Ш.Ж-ын эзэмшлийн 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан хохирогч Ш.Ж, гэрч Д.О, А., Д. Г.П, С.З нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, мөн шүүх хуралдааны явцад өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Д.А, Э.М нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд бусдын өмчлөл эзэмшилд байгаа малыг эзэмшигч буюу малчинд мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар, хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан энэ үйлдлийг хулгайн үйлдэл гэж хуульчилж өгсөн. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.А, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.А, Э.М нар нь хохирогчид хохирол төлбөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч нар баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдах саналтай байна...” гэв.

-Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярцогт нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд А, М нарын өмгөөлөгчөөр оролцож, тэдгээрийн эрх ашгийг хамгаалж оролцож байна. Дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслээд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслээд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэж үзсэн. Учир нь юу вэ гэвэл 2022 оны 12 дугаар сарын 17, 18-ны үед тухайн хэрэг болсон гэх газарт байсан М буюу О гэх хүнийг хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор асуугаагүй байна. Ийм учраас энэ хүнийг асуулгах зайлшгүй шаардлага гарсан нь хэлэлцүүлгийн шатанд харагдаж байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан үндэслэлээр 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, О-ыг асуулгах шаардлагатай гэж үзсэн. Шүүхээс уг хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзвэл шүүгдэгч нарын үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлтээ хэлэхэд өмгөөлөгчийн хувьд цагаатгах байр сууринаас дүгнэлтээ гаргаж байна. Учир нь А, М нарын тухайд тэр 2 морийг барьж авсан үйлдэл дээр ямар ч маргаан байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс хууль хэрэглээний хувьд шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж үзсэн. Яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээр энэ морийг Нөмрөг сумын нутгаас Түдэвтэй сумын нутаг руу хүний адуутай цуг туугаад хаячих юм бол алга болно, тийм учраас өөрсдөө барьж авч үлдээд эзнийг нь олж өгье гэсэн зорилготой байдал харагддаг. Яллагдагч М, А нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч П-ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа. Тэр морийг Ц адуундаа нийлчихсэн байхыг харсан байдаг. Энэ тухайгаа М-т хэлсэн байдаг. М тухайн адууг ялгаж үлдээх гэсэн боловч үлдээгүй, араас нь давхиж ирээд тухайн адуутай нийлсэн нөхцөл байдлыг мэдэх гэрчийг асуугаагүй. Энэ адууг үлдээх оролдлогыг М, А нарын зүгээс хийсэн. Гэтэл нөгөө адууг дагаад Түдэвтэй, Нөмрөг сумын хилийн зааг дээр оччихсон байдаг. Дагуулаад явуулчихвал энэ 2 адуу алга болчно буруудах юм байна гэж ойлгоод хоёулаа барьж аваад нэгийг нь П-т унаж эдлүүлэх байдлаар, нэгийг нь өөрөө гэртээ аргамжаад тэжээж байж байсан үйлдэл байгаа. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь өөрөө шунахайн сэдэлтээр үйлдэгддэг гэмт хэрэг. Зорилго, сэдэлт нь шунахайн сэдэлт байх ёстой. Гэтэл А, М хоёрын адууг барьж авч байгаа зорилго нь нутгийн адууг өөр сум руу явуулахгүйн тулд барьж авч байгаа үйлдэл. Эзнийг нь олоод өгчихье гээд харж хандаад, нэгийг нь хүн гуйгаад байхаар нь унуулсан асуудал. Үүн дээр гэмт хэргийн субъектив шинжийг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл шунахайн сэдэлтэй, субъектив талын нэмэгдэл шинж дээр сэдэлт зорилго, эмоци гэж байгаа. Шунахайн сэдэлт алга. Зорилго нь энэ морийг авч үлдээд эзэнд нь олгочихъё гэдэг зорилготой. Тэгэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжээрээ 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Дараагийн нэг асуудал нь гэм буруугийн асуудал байдаг. Гэм буруу дээр энэ гэмт хэрэг нь нийгэмд аюултай эс үйлдэл байдаг. Субъектив талын шинж нь шалтгаант холбоогоороо холбогдож байж гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа. Тэгэхээр энэ хоёрын зорилго, сэдэлт гэмт хэргийн шинжийг хангаж байна уу, үгүй юу гэдэг дээр эргэлзээ үүсэж байгаа. Яагаад вэ гэхээр энэ 2 морийг өөртөө авчихъя, ашиглачихъя гэдэг зорилго байгаагүй. Нутгийн морь аваад үлдчихье, эзнийг нь гарч ирэхээр нь өгчихье гэдэг зорилго агуулаад байж байсан асуудал. Энэ нь субъектив талын шинжээрээ үгүйсгэгдээд байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгээд байна гэдгээ тайлбарлая...” гэв. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Даваажаргал нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М, А нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгчөөр оролцож байгаа. Шүүх хуралдаанд шүүгдэгч нарыг цагаатгах байр суурьтай оролцож байна. Хууль зүйн дүгнэлт гаргахаас өмнө өмгөөлөгч Баярцогтын гаргасан хүсэлтийг дэмжиж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад оролцсон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, тухайн үйл явдал болох үед байсан гэрч П-ын мэдүүлгээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Шүүхээс уг хүсэлтийг хүлээж авах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бол гэм буруугийн асуудал дээр дараах дүгнэлт, тайлбараа гаргая. Хэргийн бодит байдал тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бүрэн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хуулийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж хуульчилсан. Гэтэл М, А нарт холбогдох 2 хавтас буюу нийт өнөөдрийн байдлаар 260-270 орчим хуудастай хэргийн материалд цагаатгах талын нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нь бүрдүүлсэнгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 109-193 дугаар хуудас хүртэл Б өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийнхээ цагаатгах байр сууриас хандсан хүсэлт, гомдол, түүнийг шийдвэрлэсэн шийдвэрүүд байгаа. Өмгөөлөгч энэ хэрэгт орж ирснээсээ хойш гутлынхаа улыг эргэтэл 2 үйлчлүүлэгчийнхээ үнэн зөв байдлыг тогтоохын тулд гомдлоо гаргаад явсан. Харамсалтай нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд ч, прокурорын хяналтын шатанд ч, шүүхийн шатанд ч энэ байдлыг ерөөсөө огт авч хэлэлцээгүй. Ингээд явсанд үнэхээр гунигтай, гомдолтой харагдаж байна. Тодруулбал гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэл, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн хэрхэн үйлдсэн болох, гэм буруугийн хэлбэр, шинжийг тал бүрээс нь шалгаж нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох, нотлох баримтуудыг цуглуулах, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгах, ингэхдээ яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг. Гэтэл хэрэгт зөвхөн яллах талын баримтыг цуглуулж, бэхжүүлэхэд чиглэсэн ажиллагаа хийгдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан, идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр илэрдэг. Гэтэл М, А нарыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар бусдын малыг нууцаар хууль бусаар хулгайлсан гэж үзээд байгаа вэ. Харин хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох хохирогч Ж-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр адуугаа очиж үзэхэд 5 тооны морь байхгүй байсан гэх, гэрч Ц-ын адуунд бор, хээр зүсмийн 2 адуу нийлсэн байгаа, салгаад үлдээгээрэй гэж хэлсэн гэх, М, А нарын яллагдагчаар өгсөн 2 адууг салгаж үлдээх гэсэн боловч эргэж нийлсэн гэх мэдүүлгүүд байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд М, А нарыг адуугаа тууж явахад нь П уулзсан. Тухайн үед малчин М буюу О байсан. Тууж ирсэн адуунаас нэг адууг А уургалж барьсан, нэг адууг нь А-оос авч унасан гэх мэдүүлгүүдээр хохирогч Ж-ын 2 тооны адуу ижил сүргээсээ тасарч Ц-ын адуунд нийлсэн байсныг эзнийг нь олдтол, нутгаас нь хол явуулахгүй, өөрийн адуутай хамт хараад байлгах зорилгоор авч үлдсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Өнөөдөр  хөдлөх, үл хөдлөх хөрөнгө хулгайлсан талаар яриагүй. Алдуул мал, адуу хулгайлсан, завшсан, эзэнгүй адууны эзнийг нь гараад ирэх хүртэл хугацаанд харж хандаад байсан тухай 2 өдрийн турш хэлэлцэж байгаа. Адуу гэдэг бусад 4 хошуунаасаа онцлогтой мал учраас миний үйлчлүүлэгч нар 2 адууг эзнийг нь гарч иртэл өөрийн сүрэгтэйгээ нийлүүлсэн, эзнийг нь тогтоох зорилгоор барьж авч унасан байх гэж харагдаж байна. Анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 42 тоот шийтгэх тогтоол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч нарт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг хүлээж авч, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг шүүхэд буцаасан байдаг. Анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрсөн ерөнхий прокурор Баасанжав хуульд заасан алдуул мал олсон этгээд орон нутгийн буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа агуулгаар давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийг хүлээж авч шийдвэр гаргахдаа Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан бүх шатны шүүгч, ерөнхий шүүгч бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангахыг хориглоно гэж шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ нөхцөлд Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар орон нутгийн буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй гэх үүргээ биелүүлэх, мэдэгдэх боломж байхгүй байсан. Өнөөдөр малчид энэ үүргээ мэддэг байсан бол сайхан сэтгэлээр бусдын сүргээсээ тасраад ирсэн малыг эзнийг нь олдтол байлгаж байя гээд аваад үлдэхгүй л байсан. Сайхан сэтгэл гаргаж малыг нь харж хандсанаараа мал хулгайлах гэмт хэрэгтэн болоод шүүгдэгчийн ширээний ард сууж байна. Миний 2 үйлчлүүлэгч үнэхээр шунахайн сэдэлтээр ашиг хонжоо олох, зорилгоор захиран зарцуулсан буюу тухайн 2 адууг махлаад зарчихсан мал хулгайлах гэмт хэрэг, түүнийг үндэслэлтэй байна гэж хэлэхээр байна. Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийнх нь өмчлөл, эзэмшлээс идэвхтэй үйлдлээр очиж авахыг ойлгодог. Шүүгдэгч нар 2 адууг бусдын өмчлөлөөс идэвхтэй үйлдлээр аваагүй. Өнөөдөр 2 адуу сүргээсээ тасраад Ц-ын адуунд нийлчихсэн байсныг нь Түдэвтэй сум рүү гараад явчих вий гэдэг байдлаар үүргээ биелүүлээд байна. Энэ нутгийн мал өөр нутаг руу явчих вий дээ гэдэг байдлаар аваад үлдсэн нь хулгайн гэмт хэрэг болоод байгаа нь их харамсалтай байна. Тэгээд мал хулгайлах гэмт хэрэг гэж тооцож байгааг хуулийг буруу хэрэглээд байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэмт хэрэг, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Алдуул мал айлын малд нийлж байгаа нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа. Эрүүгийн хуульд бусдын малыг хулгайлсан бол мал хулгайлах гэмт хэрэг гэж хуульчилсан. Харин Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй бол гэмт хэрэгт тооцно гэж өнөөдөр хуульчлаагүй. Алдуул малыг орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бол хууль ёсны шударга эзэмшигч болох эрхээ алдаж байгаа ойлголт. Энэ үүргээ биелүүлээгүйн төлөө гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хуулийг буруу тайлбарлаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэсэн хуулийн хууль ёсны байх зарчмыг зөрчиж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Иймд прокуророос шүүгдэгч М, А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.

 

Эрүүгийн .................. дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           -Хохирогч Ш.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Нөмрөг сумын Хайрхан багийн нутаг Их хайрхан гэх газраас өөрийнхөө адууг туугаад Баянзүрх багийн нутаг Бага хайрхан гэх газар руу гаргаж орхисон. Тэр үед манай адуу тоо зүсээрээ бүрэн бүтэн байсан юм. Түүнээс хойш би адуундаа явахгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр адуундаа яваад очиход манай адуу Бага хайрхан гэх газраа байсан. Харин манай адуунаас 5 морь байхгүй болсон байсан. Тэгээд тэр өдрөө би ойр хавийн айлуудаар орж хүмүүсээс асууж сурагласан боловч миний 5 морины сураг гарахгүй болохоор нь орхиод буцаад гэртээ ирсэн. Тэр үед манай эхнэр сумын төв дээр байсан. Би хөдөө ганцаараа малаа хариулж байсан болохоор 5 адуугаа хайж олон удаа явж чадаагүй. Гэтэл 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр манай эхнэр над руу утсаар залгаад манай бор морийг сумын төв дээр хүн уначихсан явж байна гэж хэлсэн. Манай алдсан адуу бүгд нас гүйцсэн бүдүүн морь байсан. Намайг цагдаад хандсанаас хойш Э., Д.А нар бор морь, хээр морь хоёрыг Боомын аманд бэлчээртэй байхад нь айлын адуутай хамт туугаад аваад явсан байна лээ. Тэгээд бор морийг хүнд өгчихсөн байсан. Бор морь, хээр морь хоёроо Э.М, Д.А нараас авсан. 2 адууг унаж эдлээд тураасан байсан. Хүлээж авснаас хойш бүр л муудаад байгаа. Би адуугаа 2-3 удаа мориор явж хайсан, цаг хугацаа алдсан өөр ямар нэгэн хохирол учраагүй. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. А, М нар надад 1,000,000 төгрөг өгсөн. Би тэрийг нь миний морийг унаж эдлээд муутгасан хөлс өгч байгаа гэж бодоод авсан...” гэсэн мэдүүлэг /хх 8-14-р хуудас/,

              -Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 2-ны орой усанд явж байхад айлын гадаа манай бор морь уяатай байсан. Тэгээд морь уяатай байгаа айлд ороод “гадаа уяатай бор морь хэн унаж яваа юм бэ” гэж асуухад П гэдэг залуу би унаж яваа юм гэсэн. П гэдэг залуугаас “энэ манай морь байна, яагаад чи унаж яваа юм бэ” гэж асуухад надад адуу хариулж яваа хүн барьж өгсөн юм гэсэн. Би Ж-аас утасдаад алдсан морьдоо олсон юм уу гэж асуухад олоогүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх 16-р хуудас/,

              -Гэрч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 28-ны үеэр Б эгч утсаар залгаад “манайх 5 тооны морьдоо алдсан, үзэж харсан уу” гэж асуусан. Тухайн үед би Яруугийн Өргөн багт хөдөө мал дээрээ байсан. Баянзүрх баг манай Яруу сумын Өргөн багтай хиллэдэг. Дараа нь Ж ах надаас нөгөө морьдын сурагч гарч байна уу гэж асууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 18-р хуудас/,

              -Гэрч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Түдэвтэй сумын төв дээр амьдардаг юм. Хэдэн адуугаа Түдэвтэй, Нөмрөг сумын залгаа нутаг Хашаат, Баянзүрхийн ар гэх газруудаар хариулдаг, хэд хонож байгаад очиж нэг хардаг юм. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 15-ны үед би адуундаа явж байтал манай адуу Нөмрөг сумын нутаг Хайрханы арын элсэн дотор харагдсан. Тэр үед миний жижиг машин элсэн дотор явж чадахгүй болохоор нь адуугаа орхиод ирсэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би М гэдэг залуугийн утас руу залгаад “ахынх нь адуу Хайрханы арын элсэн дотор байсан. Чи адуундаа явахдаа манай адууг туугаад ирээрэй. Манай адууны хажууд хүний бор, хээр зүсний 2 тооны морь байсан шүү. Хэрэв тэр 2 морь байвал салгаад орхичихоороо. Манай 14 тооны адуу байх ёстой” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь билүү, нөгөөдөр нь ч билүү М над руу утсаар яриад таны адууг аваад ирсэн шүү гэж хэлээд өнгөрсөн. Манай адуутай цуг бор хээр хоёр морь байсан. Өөр адуу байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 20,30-р хуудас/,

              -Гэрч Г.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Хашаат гэх газарт нутаглаж байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би М-тай таарахдаа түүнээс үхэр мал хайж явсаар байгаад унаж байгаа морь маань эцээд муудаад байна. Чи надад нэг морь хэд хоног унуулаач. Маргааш нөгөөдрөөс Агуйт руу явж Дидиш антены утас авчрах ажил байдаг гэж гуйсан юм. Тэгтэл тэр надад тодорхой хариулт өгөлгүй ойр зуурын юм ярьж байгаад яваад өгсөн юм. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А, М нар манай гадаа бор азаргатай адуу тууж ирээд хашаанд хашиж байгаад бор морь, хээр морь хоёр барьж аваад бор морийг нь надад өгчхөөд хээр морийг нь А өөрөө унаад явсан. А, М нар хоорондоо ярихдаа Ц-ын адуу гэж ярьж байсан. Хэний адуунаас барьж өгснийг нь би сайн мэдэхгүй, бор зүстэй, зөв талын гуян дээрээ нар сартай тамгатай морь надад барьж өгсөн. Хээр морь нь бас адилхан тамгатай байсан. Манай гадаа тэр хээр морийг барьж аваад А унаад явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа би А-ынд очиход тэр хээр морийг аргамжиж унаж эдэлж байсан. Хөдрөгийн ар руу адуундаа явахдаа тэр хээр морийг унаад явсан. Түүнээс хойш хэд хоног унаж эдэлсэн. Би барьж өгснөөс хойш 16 хоног унаж эдэлсэн. Би тэднийхний адуунуудыг нарийн тодорхой сайн мэдэхгүй ямар ч байсан 2 тусдаа азаргатай адуу тууж ирсэн, бор азаргатай адуунаас дээрх 2 тооны морийг барьж авч байсан. Эхэндээ би хэний адуу болохыг мэдээгүй байж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Нөмрөг сумын төв рүү тэр бор морийг унаад явсан юм. Нөмрөг сумын төв ороод эмийн сангаас эм авчхаад буцаж гарахаасаа өмнө нэг таньдаг айлд ороод байж байтал гаднаас нэг танихгүй эмэгтэй хүн орж ирээд “гадаа байгаа бор морийг хэн унаж яваа юм бэ” гэж асуухаар нь би унаж явна гэж хэлтэл тэр эгч надад хандаж энэ бор морь чинь манай алдсан морь байна, чи хаанаас авсан бэ гэхээр нь би надад адуу хариулж байгаа залуучууд барьж өгсөн юм, би сайн мэдэхгүй гэж хэлсэн...”  гэсэн мэдүүлэг /хх 32-33-р хуудас/,

              -Гэрч С.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А, М нар манайд ирж цай уучхаад гарч яваад адуу тууж ирсэн. Тэгээд тууж ирсэн адуугаа манай хашаанд хашаад 2 морь барьж авсан. Тэгээд нэг бор зүстэй морийг нь манай нөхөрт өгсөн. Хээр зүстэй морийг нь А эмээллээд, унаж явсан морио хөтлөөд М тэр хоёр явсан...”   гэсэн мэдүүлэг /хх 35-р хуудас/

              -Гэрч А.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх бага хайрхны өвөрт өвөлжиж байгаа.  2022 оны эхээр өдрийг сайн санахгүй байна. Надаас Ш.Ж 5 морь байхгүй болчихлоо. Бага хайрханд байж байсан юм харж үзсэн үү гэж сурсан. Тухайн үед би бага хайрхны өвөр, Мандал гэх газраар үхрээ хайж байх үед Ш.Ж надаас асуусан.Ж-ын адуу өвөл, хавар намарт нь Нөмрөг сумын Баянзүрх багийн Их хайрхан, боомын ам, Бага хайрхан  гэх газраар бэлчээрлэдэг...” гэсэн мэдүүлэг /хх 37-р хуудас/,

              -Гэрч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 сард яг хэдэнд байсныг сайн санахгүй байна. Ж нэг өглөө над руу залгаад 2 бүгээн 3-н бараан адуу харсан уу гэж асууж байсан. Тухайн үед би адуунд яваагүй байсан болохоор  харж үзсэн юм байхгүй байсан. Өвлийн улиралд Түдэвтэй, Сонгино сумын отрын адуу үхэр их орж ирдэг. Өвөлждөг айл өрхүүдийн бүхий л мал энд  бэлчээрлэдэг...” гэсэн мэдүүлэг /хх 39-р хуудас/,

              -Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээч Н.Эрдэнэцэцэгийн 2023 оны 01 дүгээр срын 18-ны өдрийн 03 дугаартай: “...Нийт 5 тооны нас гүйцсэн бүдүүн морины зах зээлийн үнийг 2022 оны 12 дугаар сарын байдлаар 4,500 ,000 төгрөг гэж тогтоов...” гэсэн шинжээчийн дүгнэлт,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127-р хуудас/

-Шүүгдэгч нарын  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 123-124-р хуудас/,

-Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбогдох бичгийн нотлох баримтууд зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А, Э.М нар нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны үед Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Боомын ам гэх газраас Хашаат гэх газар руу  Д.Ц-ын адууг тууж, уг адуунд нийлсэн байсан бор морь, хээр морийг Д.Ц-ын эзэмшлийнх биш гэдгийг мэдсээр байж барьж авч, бор морийг Г.П-т өгч, хээр морийг нь Д.А өөрөө унасан үйл баримт хангалттай нотлогдож байна.

Тодруулбал шүүгдэгч Д.А, Э.М нарын үйлдэл нь  өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж Д.Ц-ын адуунд нийлсэн 2 тооны морийг Д.Ц-ын адуу биш гэдгийг мэдсээр байж, түүний адууг тууж ирэх нөхцөл байдлыг ашиглан, уг адуу бэлчээрлэдэг Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Боомын ам гэх газраас Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Хашаатын ам гэх газар хүртэл тууж, бор морийг барьж авч Г.П-т өгч, хээр морийг Д.А унасан идэвхтэй үйлдэл хийсэн буюу бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч захиран зарцуулах боломж бий болгосноороо хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мал хулгайлах гэмт хэргийн талаар болон уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан ба 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлийн мал гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна.” гэж, “Энэ зүйлд заасан олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж заасан.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдсэн арга, халдлагын зүйлээс  хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг ба “мал хулгайлах”  гэмт хэргийн тухайд халдлагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдаг.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсан тул өмчлөх, эзэмших эрх хуульд заасан үндэслэлээр, эсхүл гэрээний үндсэн дээр шилжих боломжтой ба эдгээрээс бусад тохиолдолд хууль бус гэж үздэг.

Д.А, Э.М нар нь Ш.Ж-ын  өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох 2 тооны адууг өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах хууль эрх зүйн үр дагавар бий болоогүй, тэд өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах талаар өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцсон тохиролцоо буюу гэрээ байгуулаагүй байх тул тэдний үйлдлийг хууль бус гэж үзнэ. Мөн өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүй, сэм авсан байх тул хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүй авсан гэж үзнэ.

“Адуу” гэх малын тухайд хүний хэрэгцээг хангадаг гол шинж нь уналга, эдэлгээнд хэрэглэх явдал бөгөөд Д.А, Э.М нар нь өөрийн болон бусдын уналга эдэлгээнд хэрэглэх зорилгоор дээрх 2 тооны адууг авсан байх тул шунахайн сэдэлтээр авсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Д.А, Э.М нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдлийн улмаас хүний эд хөрөнгөд хохирол учрах, тэр ч бүү хэл өмчлөх, эзэмших эрхэд нь халдах боломжтой, хүний эд хөрөнгөд хууль бусаар халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай хэдий ч ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул Д.А, Э.М нарын үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Д.А, Э.М нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, мөн өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, 2 тооны бод мал шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан ба шүүгдэгч Д.А, Э нар нь Д.Ц-рын адуунд нийлсэн 2 тооны морийг Д.Ц-ын адуу биш гэдгийг мэдсээр байж, түүний адууг тууж ирэх нөхцөл байдлыг ашиглан, уг адуу бэлчээрлэдэг Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Боомын ам гэх газраас Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Хашаатын ам гэх газар хүртэл тууж, бор морийг барьж авч Г.П-т өгч, хээр морийг Д.А унасан идэвхтэй үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

Иймээс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Д.А, Э.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Д.А, Э.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.А, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Д.А, Э.М нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгч Д.А, Э.М нарыг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлтийг шүүхэд гаргасан ба харин шүүгдэгч Д.А, Э.М нар болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Б, Ц.Д нар нь шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрөхгүй, “Алдуул мал завших” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруугийн асуудлаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эсрэг байр суурьтай оролцсон болно.

Алдуул мал гэж  өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран, хэн нэгэн этгээдийн оролцоогүйгээр өөрийн ижил сүрэг, байнга идээшиж дассан нутаг, бэлчээр, хашаа, хороогоо орхин алслагдаж, хэний ч эзэмшил, хараа хяналтгүй болсон, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй малыг ойлгоно.

Ш.Ж-ын алдсан гэх 2 тооны морь Д.Ц-ын хувьд алдуул мал байж болох хэдий ч Д.Ц-ын адууг туусан Д.А, Э.М нарын хувьд алдуул мал биш юм.

Учир нь дээрх адуунууд хэн нэгэн этгээдийн оролцоогүйгээр Д.Ц-ын адуунд нийлсэн байх ба Д., Э. нарын идэвхтэй үйлдлийн улмаас тэдний эзэмшилд шилжсэн байдаг.

Иймээс шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын байр суурь, маргааныг шүүх үндэслэлгүй гэж дүгнээд, хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т “бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан тул шүүгдэгч Д.А, Э.М нарт хуулийн уг зохицуулалтын дагуу хорих ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгч Д.А, Э.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нарын бусдын адуун авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй юм.

-Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн тухайд: Бусдын 2 тооны бодыг хулгайлсан үйлдлээр  олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинж хангагддаг ба шүүгдэгч Д.А, Э.М нар нь бусдын 2 тооны бод буюу олон тооны малыг хулгайлсан байна.

-Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний тухайд: Малыг Монгол улсын Үндсэн хуулийн дагуу төрийн хамгаалалтад авсан байдаг ба богино цаг хугацаанд, нэг удаагийн хөрөнгө оруулалтаар бий болдоггүй, харин малчин хүний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог эд хөрөнгө тул мал хулгайлах гэмт хэргийн улмаас малчин хүн эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй сэтгэл зүйн хувьд ч, цаашид малаасаа хүртэх байсан үр шимээрээ ч хохирч байдаг, мөн Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх үр дагавар бүхий нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг юм.

-Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлын тухайд: Шүүгдэгч Д.А, Э.М нар нь хохирогч Ш.Ж-ын 2 тооны адууг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хулгайлж авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

-Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн байдлын тухайд: Шүүгдэгч нар нь өөрсдөө мал аж ахуй, эрхэлсэн бизнестэй, амьдрал ахуйгаа залгуулан амьдрах боломжтой хэдий ч бусдын малыг хулгайлан авч, тэдэнд итгэж адуугаа туулгасан Д.Ц-ын үгээр халхавчлан, түүний адууг туусан нөхцөл байдлыг ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

-Шүүгдэгч нарын хувийн байдлын тухайд: Шүүгдэгч Д.А нь урьд гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан байх ба хувиараа бизнес эрхэлж,  амьдрал ахуйн хувьд тогтсон хүн хэдий ч бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр авч, өөртөө болон бусдад ашигтай байдал бий болгох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн байдаг. Харин шүүгдэгч Э.М-ын хувьд өмнө гэмт хэрэгт шийтгүүлж байгаагүй хэдий ч Д.Ц-ын адуунд нийлсэн 2 тооны адууны эзэмшигч, өмчлөгч тодорхойгүйг мэдэж байсан ба энэ талаар Д.А-д хэлж гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

-Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухайд: Шүүгдэгч Д.А, Э.М нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ш.Ж-т 1,800,000 төгрөгийн хохирол учирсан байх ба тэд уг хохирлыг 2 адууг нь буцааж өгөх замаар барагдуулсан, мөн 1,000,000 төгрөгийг өгч 2 тооны адууг нь унаж эдэлснийхээ хохирлыг барагдуулсан байна.

-Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын тухайд: Шүүгдэгч Д.А, Э.М нарын хувьд гэмт үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, Э.Мягмаржавын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь хуульд нийцэх ба харин хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Д.А, Э.М нарт хорих ял оногдуулах хэмжээ хязгаарыг тогтоохдоо дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, шударга ёсны зарчмыг баримтлан дүгнэлт хийсэн бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулахаар санал болгосон 4 жилийн хугацаагаар хорих ял нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна гэж дүгнэлээ.

Тодруулбал, улсын яллагч нь шүүгдэгч нарт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг санал болгосон, шүүх уг ялыг шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна гэж дүгнэсэн хэдий ч:   

-Шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар,

-Хохирогчийн алдсан гэх бусад 3 тооны адууг олж өгөхөд дэмжлэг үзүүлсэн байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна гэж үзээд  эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэлд тохирсон байх зарчмыг удирдлага болгон шүүгдэгч нарт оногдуулах хорих ялын хэмжээг Эрүүгийн хуульд заасны дагуу хөнгөрүүлэн багасгаж 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэн болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдал тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.А, Э.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч Д.А, Э.М нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ш.Ж-т 1,800,000 төгрөгийн хохирол учирсан байх ба тэд уг хохирлыг 2 адууг нь буцааж өгөх замаар барагдуулсан, мөн 1,000,000 төгрөгийг өгч 2 тооны адууг нь унаж эдэлснийхээ хохирлыг барагдуулсан байна.

Иймээс Д.А, Э.М нарыг гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирлоо төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Д.А, Э.М нарын гэмт үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй, хэн нэгэн этгээдээс энэ талаар зардал нэхэмжлээгүй учир шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Д.А, Э.М нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба тэдэнд шүүхээс хорих ял оногдуулж буй учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг эхлүүлэн тооцох нь зүйтэй юм.

 Харин энэ хэргийн улмаас шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч ............овогт .............н................., ...........овогт Э-ын ............. нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч............., .....................нарыг тус бүр 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч..............., ..................нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1/ нэг/ сарын хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Шүүгдэгч..............., .....................нар цагдан хоригдоогүй ба  тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

5. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус тэмдэглэсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН