Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/03219

 

 

 

 

 

 

2021 10 18

101/ШШ2021/03219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд 5473489 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-24 Паркплэйс оффис 3 давхарт байрлах Мандал даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол Улсын иргэн ХГ87020279 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дүгээр хороолол, 4-24 тоотод оршин суух Боржигон овогт Цогоогийн Саруултөгсөд холбогдох,

4,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай авто тээврийн хэрэгслийн даатгалын №2012005820004 тоот гэрээт даатгуулагч Д.Гантөмөрийн 34-12 УБҮ улсын дугаартай лексус NX300H маркийн автомашиныг 2020.12.16-ны өдөр А.Цэндцэсэм нь жолоодон Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 35-р байрны гадна зогсоолд байрлуулсан байх үед 33-65 УНӨ улсын дугаартай Toyota vellfire автомашины жолооч Ц.Саруултөгс нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх заалтыг зөрчсөний улмаас Д.Гантөмөрийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан байна. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан хохирол 4,990,000 төгрөгийг барагдуулж, Иргэний хуулийн 443-р зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7 дахь заалтыг үндэслэн шаардах эрхийг шилжүүлэн авсан. Иймд Ц.Саруултөгсөөс хохирлын нөхөн төлбөр болох 4,990,000 төгрөгийг гаргуулж, Мандал даатгал ХК-нд олгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Саруултөгс миний бие эхнэр болон нялх хүүхдийн хамт амьдардаг ба цар тахлын энэ үед ажил хөдөлмөр байхгүй байгааг минь ойлгож, нөхөн төлбөрийг бүрэн барагдуулах боломжгүй мөн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь хариуцагч Ц.Саруултөгсөд холбогдуулан гэм хорын хохиролд 4,990,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хариуцагч Ц.Саруултөгс нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Орос 3-р сургуулийн хойд замд Toyota vellfire маркийн 33-65 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөнөөс А.Цэндцэсэмийн зогсоолд тавьсан байсан лексус NX300H маркийн 34-12 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан Тээврийн Цагдаагийн алба-ны 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 8-9 дэх талд/

Уг ослын улмаас А.Цэндцэсэмийн жолоодож явсан Д.Гантөмөрийн эзэмшлийн лексус NX300H маркийн 34-12 УБҮ улсын дугаартай автомашинд 4,990,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч гэм буруугийн талаар маргахгүй байх боловч цар тахлын улмаас ажилгүй байгаа тул уг гэм хорын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ. /х.х-ийн 12-16 дахь талд/

Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь Л.Гантөмөртэй 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдөр 2007005820007 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр Голомт банкны барьцаанд байгаа лексус NX300H маркийн 34-12 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгажээ. /х.х-ийн 5/

Мандал даатгал ХК нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4,990,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр даатгуулагч Л.Гантөмөрийн Хаан банкны 5116011314 тоот дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /х.х-ийн 6 дахь талд/

Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь ийнхүү гэрээний дагуу хохирлыг барагдуулж, Д.Гантөмөртэй 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ байгуулж, уг гэрээгээр 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг орос 3-р сургуулийн хойд замд Ц.Саруултөгс нь Toyota vellfire маркийн 33-65 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ МУЗХД-ийн 10.14 Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөнөөс Д.Гантөмөрийн эзэмшлийн лексус NX300H маркийн 34-12 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолд байх үед мөргөснөөс учирсан хохирлыг Мандал даатгал ХК барагдуулж, буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцжээ. /х.х-ийн 19 дэх талд/

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.... гэж заасан.

Хариуцагч Ц.Саруултөгсийн гэм буруутай үйлдлийн улмаас Л.Гантөмөрийн эзэмшлийн лексус NX300H маркийн 34-12 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Мандал даатгал ХК нь нөхөн төлсөн байх тул эрх шилжүүлэн авах гэрээний дагуу гэм буруутай этгээдээс хохирлыг шаардах эрхтэй юм.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т ... тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч Ц.Саруултөгсөөс 4,990,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мандал даатгал ХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх бүрлэдхүүн дүгнэв.

Хариуцагч Ц.Саруултөгс нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна түүнийг ажил хөдөлмөр эрхэлдэггүй үндэслэлээр хохирол төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон                      

 

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Саруултөгсөөс 4,990,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мандал даатгал ХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Саруултөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид 94,790 төгрөгийг гаргуулж ,нэхэмжлэгч Мандал даатгал ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Л.ЭНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Б.ЦОЛМОНГЭРЭЛ