| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2021/02723/И |
| Дугаар | 101/ШШ2021/03208 |
| Огноо | 2021-10-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2021/03208
| 2021 10 18 | 101/ШШ2021/03208 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн*******,*******,*******,*******,оршин суух, Дүн овогт Пүрэвжаргалын Бат-Өлзийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн *******,*******,*******,*******д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч Д.Чинзориг, гэрч П.Банзрагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батсайхан бид 2 аман хэлцлээр тохиролцож 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тоёота королла аксио маркийн******* улсын дугаартай машиныг Бат-Өлзий би 15 сая төгрөгөөр худалдаж, харин Ч.Батсайхан нь машины үнэнд 15 сая төгрөг төлөх үүрэг хүлээсэн болно. Бат-Өлзий нь Апекс финанс ХХК-аас тоёота королла аксио маркийн******* улсын дугаартай машиныг хүлээн авч, энэ машиныг 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт очиж Батсайханд өмчлөх эрхийг шилжүүлэн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл Ч.Батсайхан нь машины үнэ 15 сая төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй хохироож байгаа тул 15 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Батсайхан П.Банзрагч нарын хооронд зээлийн харилцаа үүссэн буюу П.Банзрагч нь Ч.Батсайханаас БНСУ-д явахад мөнгөний хэрэгцээ байна гэж гуйсны дагуу 2019.12 сард Ч.Батсайхан нь П.Банзрагчид 22 сая төгрөг зээлсэн. Түүнийхээ төлбөрийн зарим хэсэгт зориулж******* улсын дугаартай автомашиныг шилжүүлэн авсан байдаг. Гэтэл одоо Ч.Батсайханаас 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр тоёота королла аксио маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг шилжүүлж үүргээ биелүүлсэн боловч хариуцагч үнэ төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... П.Банзрагчид 22,000,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд уг зээлийн төлбөрийн зарим хэсэгт тоёота королла аксио маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тооцож авсан харин П.Бат-Өлзийтэй худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан.
Маргаан бүхий тоёота королла аксио маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл Апекс финанс ХХК-аас П.Бат-Өлзийн өмчлөлд, П.Бат-Өлзийгөөс Ч.Батсайханы өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн лавлагаа болон холбогдох баримтаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 41-46 дахь талд/
Түүнчлэн, гэрч П.Банзрагч шүүхэд мэдүүлэхдээ ... Ч.Батсайхан гэж хүнийг танихгүй, түүнээс мөнгө зээлж байгаагүй бөгөөд БНСУ-д байхдаа өөрийн ах П.Бат-Өлзийд тоёота королла аксио маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах итгэмжлэл хийж өгсөн, ... ах 12,500,000 төгрөгөөр худалдсан гэж ярьж байсан ... гэж мэдүүлсэн.
Хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч П.Бат-Өлзий хариуцагч Ч.Батсайхан нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний харилцаа амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зээлийн төлбөрт тооцож тээврийн хэрэгслийг авсан гэх тайлбар татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Гэрээний дагуу худалдагч тал болох П.Бат-Өлзий нь тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн байх тул худалдан авагч тал болох Ч.Батсайханаас хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүргийг шаардах эрхтэй юм.
Гэрч П.Банзрагч шүүхэд мэдүүлэхдээ ... тус тээврийн хэрэгслийг 2019 оны 6 сард 14,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан.... Апекс финанс ББСБ ХХК-нд 5 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавсан..., ах 12,500,000 төгрөгөөр зарсан талаар ярьж байсан гэж мэдүүлсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний үнийн дүнг 15,000,000 гэж тодорхойлохдоо энэ бол одоогийн зах зээлийн ханш гэж тайлбарласан бөгөөд энэ нь тухайн хөрөнгийн зах зээлд худалдаалагдах үнийг тодорхойлохоос бус гэрээнд оролцогч талуудын хүсэл зоригийг үүгээр тодорхойлох боломжгүй тул гэрчийн мэдүүлгээр талуудын гэрээний үнийг тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгээр тээврийн хэрэгслийн өмчлөгч П.Банзрагч нь Апекс финанс ХХК-ийн зээлийн барьцаанд тоёота королла аксио маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан болох нь тогтоогдож байх бөгөөд уг зээлийн төлбөр 6,310,000 төгрөгийг хариуцагч Ч.Батсайхан нь Апекс финанс ХХК-нд төлсөн болох нь тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 23, 25 дахь талд/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч машины зээлийг төлөхөд нэхэмжлэгч 4,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Ч.Батсайханаас /12,500,000-6,310,000/=6,190,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Бат-Өлзийд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,810,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Батсайханаас 6,190,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Бат-Өлзийд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,810,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Батсайханаас 113,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Бат-Өлзийд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ