| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/0034/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/37 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн ...................дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ..........ний өдөр ........... аймгийн ........... суманд төрсөн, ... настай, .......эй, ............ боловсролтой, мэргэжилгүй, ..........м бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .......... аймгийн ............. сумын .............. багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ............ овогтой --ын Э /РД:................................,
Шүүгдэгч ..............нь 2023 оны 07 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Бүст нуурийн Галуут гэх газарт Б.Т-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, Б.Т-гийн зүүн шанаа, зүүн хамрын угалзанд зулгаралт, зүүн хацарт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Б.Т-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.
Хохирогч Б.Тэмүүжин нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
-Шүүгдэгч Н.Эрдэнэтулга нь шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.
-Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Эрдэнэтулга нь 2023 оны 07 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Бүст нуурын Галуут гэх газарт Б.Тэмүүжинтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож Б.Тэмүүжингийн зүүн шанаа, зүүн хамрын угалзанд зулгаралт, зүүн хацарт зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. Хохирогчид 7,408,000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 321,000 төгрөгийг төлөөгүй байна. Эд мөрийн баримтаар шүүгдэгч Э.Эрдэнэтулгын шар өнгөтэй, дугариг хэлбэртэй, металл амтай бөгж хураагдсан. Үүнийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгчийн эзэмшлийн нас бие гүйцсэн 3 тооны морийг прокурорын тогтоолооор битүүмжилснийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох саналтай байна. ... Шүүхээс шүүгдэгч Н.Эрдэнтулгын үйлдлийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасны дагуу хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бөгжийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн 3 тооны морийг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн миний бие өнөөдрийн шүүхуралдаанд шүүгдэгч Н.Эрдэнтулгын өмгөөлөгчөөр оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.Эрдэнтулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохиролд 7,408,000 төгрөгийг төлсөн. Хохирогчид цаашид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа. Тиймээс шүүгдэгчээс цаашид гаргуулах зардалгүй гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 321,00 төгрөгийг 06 дугаар сард төлөхөө илэрхийлж байгаа. ... Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Хохирлын тухайд тайлбар хэлэхэд шүүгдэгч хохирогчтой утсаар ярьсан байгаа. Утсаар ярихад хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа. Үүнийгээ бичгээр бичиж өгсөн. Тийм учраас шүүгдэгчээс хохирогчид төлөх хохирол төлбөргүй байгаа. Тийм учраас прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэв.
Эрүүгийн .......... дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Б.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 02:00-03:00 цагийн хооронд Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур баг, Галуут гэх газарт амралтаараа явж байсан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нуур багийн өдөрлөг болж тэнд очсон бөгөөд очсон машинтайгаа шөнө буцаж явж байгаад голын усанд машинтайгаа суучихсан. Голын усанд би хүүхдүүдийн хамт хүлээж байсан. Гэтэл нэг залуу ирээд цуг явсан хүмүүсийг дарамталж, зодож нүдээд байсан. Уг газарт манай нэг хамаатан байхад уг залуу дээрээс нь очоод дэвслээд байхаар нь ухаангүй согтуу хүн байхад чи ингэж болохгүй гэж хэлээд машиндаа очиж суусан. Гэтэл араас уг залуу хутга бариад хүрч ирээд Портер машины хаалга онгойлгоод ална гэж дайрсан. Машинд байсан хүүхдүүд уйлаад байсан бөгөөд далайхаар нь би гараас нь барьж аваад түлхээд дийлээгүй бөгөөд гарыг нь барьж хутгыг нь хаяулах гэж байгаад миний зүүн талын хацрыг зүсэж нүдний шилтээ чи ямар азтай юм бэ гэсэн зүйл хэлж орилоод байсан. Маргааш нь буюу 2023.07.04-ний өдөр хацраас гарч байсан цус тогтохгүй байхаар нь уг хүмүүсээр сумын төв хүргүүлж аймаг ороод хотын шууданд суугаад хотод ирсэн юм. Удалгүй баяр наадам дууссаны дараа шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол ирж үзүүлсэн. Би уг согтуу залууг огт танихгүй бөгөөд хамт байсан хүмүүсээс асуухад Эрдэнэтулга гэх хүн гэж байсан. Яагаад над руу дайрсанг мэдэж байгаа зүйл байхгүй найзыг дэвсээд байхаар нь би хариу үзүүлэх чадваргүй согтуу хүнийг тэгж болохгүй гэсний төлөө л надад хорссон байх гэж бодож байна. Миний биед тухайн үед зүүн хацар исгэгдсэн, толгой өвдөж, хүзүү хөшиж байсан өөр ил бэртэл гэмтэл байхгүй. Ил байгаа гэмтэл гэвэл зүсэгдсэн шарх л байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
-Гэрч П.Сайханцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай багт багийн өдөрлөг болоод тэгээд бид нар гэр рүүгээ буцаж явсан чинь Бүст нуурийн Галуут голд машин суучихсан, тэгээд манай нөхөр Баян-Айраг багийн иргэн Отгоо гэдэг залууг дуудаж ирээд машинаа татуулж гаргаад байж байтал манай багийн залуу Н.Эрдэнэтулга мотоциклтой хүрч ирсэн. Бид нар машинаа татуулж гаргуулчихаад явах гэтэл манай машины консны аппарат ажиллахаа байгаад манай нөхөр машин доогуураа орчихсон байсан. Би нөхөртөө гэрэл тусгаж өгөөд машины хажууд сууж байсан. Харин бид хоёртой цуг явсан манай нөхрийн төрөл Тэмүүжин манай машины урд манай хамгийн бага хүүхэдтэй цуг байж байтал Н.Эрдэнэтулга ирээд юм ярьж байсан. Тэгтэл удалгүй тэд хоорондоо зодолдоод унасан. Тэгээд манай нөхөр машин доороосоо гараад нөгөө хоёрыг салгаад, салахаар нь би Б.Тэмүүжинг машиндаа суулгаад харин Н.Эрдэнэтулга мотоциклоо унаад яваад өгсөн. Бид нар машинаа засаад хөдлөхөд Б.Тэмүүжингийн зүүн талын хацраас цус гоожсон байсан. Маргааш өглөө нь Б.Тэмүүжингийн зүүн талын хацар нэлээн зүсэгдсэн бололтой хацар дээрээ цаас наачихсан намайг сум руу хүргээд өгчих гээд гуйгаад харин бид нарт зав байхгүй байсан болохоор Б.Тэмүүжинг хүргэж өгч чадаагүй манайд Б.Тэмүүжин нь хоёр хоноод машин ирж аваад Улаанбаатар хот явсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
-Гэрч Р.Нямцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Завхан аймгийн Тэлмэн сумын нуур багийн нутаг Галуут гэх газарт би эхнэр П.Сайханцэцэг, Б.Тэмүүжин нарын хамт явж байгаад голоор гарах гэж байгаад машинаа шаварт суулгачхаад тэгээд тэнд ойрхон байсан айлын залууг шөнө дуудаж машинаа гаргуулчхаад байж байтал бид нар дээр мотоциклтой хүн хүрээд ирхээр нь харсан чинь манай багийн иргэн Н.Эрдэнэтулга согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд манайд байсан Б.Тэмүүжинтэй маргалдаад бие, биеэ цохиод эхлэхээр нь би очиж салгаад Б.Тэмүүжинг машиндаа суу гээд хэлтэл тэр хоёр бие биеэсээ уучлалт гуйгаад салсан. ...Тэр хоёр бие биеэ гараараа цохиж гэмтээсэн байх гартаа ямар нэгэн барьсан зүйл байхгүй байсан. Тэмүүжингийн зүүн талын хацраас цус гарсан байсан тэгээд манай эхнэр загнаад машинд суулгаад бид нар гэр лүүгээ аваад явсан. Н.Эрдэнэтулгын биед гэмтэл учирсан талаар сайн мэдэхгүй байна, салгаад бид нар машиндаа, Н.Эрдэнэтулга мотоциклоо унаад явсан. ...Тэмүүжин манайд 10 хоносон зодоон болсноосоо хойш 2 хоноод явсан. ...Зодооны дараа зүсэгдсэн байсан. Гэхдээ Эрдэнэтулга ямар нэгэн зүйл гартаа бариагүй байсан. Харин Эрдэнэтулгын баруун гарандаа шар бөгж зүүгээд байдаг тэр нь зүссэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цолмонгийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9092 дугаартай: “...1.2 Б.Тэмүүжингийн биед зүүн шанаа, хамрын зүүн угалзанд зулгаралт, зүүн хацарт зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо.3. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр 2023.07.03-нд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,
-Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, ахмад Б.Сэргэлэнбаярын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 000000251 дугаартай: “..Н.Эрдэнэтулгын биед гэмтэл учирсан байна. Зүүн шанааны дээд хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. 3.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байсан байна. 4.Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Н.Эрдэнэтулгын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Үзлэгийн явцад хэрэгт ач холбогдолтой өөр нөхцөл байдал илэрсэнгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/,
-Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалд холбогдох бичгийн нотлох баримтуудыг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Эрдэнэтулга нь 2023 оны 07 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Бүст нуурийн Галуут гэх газарт Б.Тэмүүжинтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, Б.Тэмүүжингийн зүүн шанаа, зүүн хамрын угалзанд зулгаралт, зүүн хацарт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.
Мөн түүнчлэн уг үйл баримт нь хэрэгт авагдсан гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Тэмүүжингийн эмчилгээ оношилгоонд хамрагдсан баримтууд зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Н.Эрдэнэтулгад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.
Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
Н.Эрдэнэтулга нь хүнийг зодох үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах, тэр ч бүү хэл амь нас нь хохирох боломжтой, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул Н.Эрдэнэтулгын үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Тодруулбал, шүүгдэгч Н.Эрдэнэтулга нь өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, хохирогч Б.Тэмүүжингийн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй дархан байх эрхийг нь зөрчиж, хүний эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хүний эрүүл мэндэд халдсаны улмаас хөнгөн хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан ба шүүгдэгч Н.Эрдэнэтулга нь хохирогч Б.Тэмүүжингийн биед халдсан үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Н.Эрдэнэтулгын хохирогч Б.Тэмүүжинг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Н.Эрдэнэтулгад холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Н.Эрдэнэтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан тул шүүгдэгч Н.Эрдэнэтулгад хуулийн уг зохицуулалтын дагуу ял оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Эрдэнэтулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.Эрдэнэтулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэлд тохирсон байх зарчмыг удирдлага болгон шүүгдэгч Н.Эрдэнэтулгад улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал болгосны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Эрдэнэтулга нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Н.Эрдэнэтулга нь хохирогч Б.Тэмүүжинд хохиролд 7,408,100 төгрөгийг төлсөн, харин эрүүл мэндийн даатгалын санд 321,000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Н.Эрдэнэтулгын үйлдлийн улмаас хохирогч Б.Тэмүүжингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба үүнтэй холбоотойгоор учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Н.Эрдэнэтулга нь мөнгөн хэлбэрээр хариуцан арилгасаныг шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд 321,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг дурдах нь зүйтэй юм.
Хохирогч Б.Тэмүүжин нь 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр прокурорт ирүүлсэн баримтдаа: “Н.Эрдэнэтулга нь хохирол болох 7,408,100 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул цаашид сэтгэл санаа болон өр төлбөр байхгүй, гомдол санал байхгүй болно” гэсэн боловч 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн баримтдаа: “Тэмүүжин миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа билээ. Н.Эрдэнэтулгаас би нэхэмжлэх хохирол байхгүй ээ. Харин би сэтгэл санааны хохиролтой бөгөөд түүнийг маань барагдуулах боломжгүй юмаа.” гэсэн байх ба шүүгдэгч Н.Эрдэнэтулгаас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Иймд сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх тохиолдолд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгөтэй, метал дугариг хэлбэртэй, амтай бөгж 1 ширхэгийг устгаж, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Доёд овогт Нордогбалжирын Эрдэнэтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэтулгыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэтулгад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэтулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргаж хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Н.Эрдэнэтулга нь хохирогч Б.Тэмүүжинд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх ба харин шүүгдэгчээс 321,000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулж, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгөтэй метал, дугариг хэлбэртэй, амтай бөгж 1 ширхэгийг устгаж, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН