Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2021/02857

 

 

 

 

 

 

2021 09 27

101/ШШ2021/02857

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн *******,*******,*******, энканто таун 207-р байр, 5 тоотод оршин суух, Галт овогт Отгонбаярын Шинэцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Майбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Шинэцэцэг миний бие С.Цэнгэлмаатай байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу 194,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөө зөвшөөрч 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээ байгуулсан ба эвлэрлийн гэрээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс баталгаажуулж, дугаар 101/ШШ2020/01848 тоот захирамжийг гаргасан. Ямар нэгэн хөрөнгийг барьцаа болгох талаар шүүгчийн энэхүү захирамжид тусгаагүй, энэ талаар эвлэрлийн гэрээгээр тохироогүй болно.

Төлбөр төлөгч миний эрхэлж байсан хүлэмжийн үйл ажиллагаа дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас зогсонги байдалд шилжсэн байсныг 2021 оны хавраас эхлэн сэргээн явуулж эхэлсэн ба үүнээс олсон орлогоос төлбөр авагч С.Цэнгэлмаагийн шүүхийн шийдвэртэй өр төлбөрөө 2 хувааж төлөхөөр саналаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгөөд байсан. Гэтэл 2021 оны 6-р сарын 17-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн шинжээчээр үнэлгээний Мөнх Оргил Трейд ХХК-ийг томилж, миний өмчлөлийн Ү- 2204086462 дугаарт бүртгэлтэй*******, 26 хороо, 13312 их монгол улсын гудамж, 207 байрны 5 тоотод хаягтай 4 өрөө 106.37 м.кв талбай бүхий орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт багаар буюу 343,367,500 төгрөгөөр үнэлүүлсэн талаар надад мэдэгдэж, мэдэгдэл болон үнэлгээний тайланг зэргийг өгсөн. (Үнэлгээний мэдэгдэл, үнэлгээний тайланг хавсаргав) Манай байр хамгийн багадаа л 400 сая төгрөгөөс дээш үнэлэгддэг талаар хэлэхэд үнэлгээний асуудлаараа шүүхэд хандаж болохыг сануулж байсан. Ийнхүү миний амьдарч буй орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар, надад илт хохиролтойгоор үнэлгээ хийлгэсэн байгаад гомдолтой байна.

Иймээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн миний амь амьдралын гол зүйл болох орон байрыг минь хэт доогуур үнэлгээ гаргуулсан тул энэ үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Шинэцэцэгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/01848 дугаар захирамжаар О.Шинэцэцэгээс 195,163,975 төгрөгийг гаргуулж С.Цэнгэлмаад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21260009 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч О.Шинэцэцэгт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул О.Шинэцэцэгийн өмчлөлийн хөрөнгө болох******* 26 дугаар хороо, 13312 их монгол улсын гудамж 207 дугаар байрны 5 тоот 106.37 м.кв талбайтай орон сууцыг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 21260009/5 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 21260009/9 дүгээр тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд Иргэний хуульд 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч О.Шинэцэцэг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт орон сууцыг 800,000,000 төгрөгөөр, төлбөр авагч С.Цэнгэлмаа шинжээч томилж үнэлгээ тогтоолгох санал ирүүлсэн. Иймд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 6/79 дүгээр шинжээч томилох тогтоолоор Мөнх оргил трейд компанийг томилоход орон сууц 343,367,500 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4-186/10987 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул О.Шинэцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Шинэцэцэг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01848 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.Цэнгэлмаа нэхэмжлэлийн шаардлага 196,767,050 төгрөгийн 2,767,050 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.Шинэцэцэг нь 194,000,00 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 48,500,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 48,500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 48,500,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 48,500,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан уг шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 6-7 дахь талд/

Уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 01681 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21260009 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор О.Шинэцэцэгт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /х.х-ийн 35, 38 дахь талд/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт ... иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана ... гэж зааснаар нэхэмжлэгч О.Шинэцэцэг нь хуульд заасан харьяаллын дагуу гомдлын шаардлагаа гаргажээ.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөв.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 21260009/5 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2021 оны 6 сарын 02-ны өдрийн 21260009/9 дугаартай Эд хөрөнгийг хураах тухай тогтоолоор тус тус нэхэмжлэгч*******ыг битүүмжилж, хураасан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна. /х.х-ийн 43-44, 51-52 дахь талд/

Төлбөр төлөгч О.Шинэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт нь нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13312 Их монгол улсын гудамж 207 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг 800,000,000 төгрөгөөр үнэлж, уг үнийн саналыг төлбөр авагч С.Цэнгэлмаа хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /х.х-ийн 55-56 дахь талд/

Ийнхүү үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 6/79 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /х.х-ийн 57 дахь талд/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан бөгөөд мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж тус тус заасан.

Хуульд зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд ийнхүү харилцан тохиролцоогүй тохиолдолд шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч О.Шинэцэцэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийг төлөөлөх эрхийг С.Ялалтад олгосон тул түүнээс үнийн санал авсан гэж тайлбарласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, эрх олгосон бусад баримт бичгээр тодорхойлно.

Төлөөлөгч нь хуулийн 38.3-т заасны дагуу түүнд эдлүүлэхгүй байхаар зааснаас бусад эрхийг хэрэгжүүлэх зорилгоор төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох юм.

Тодруулбал, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож буй этгээдийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлийн хүрээнд хэрэгжинэ.

Гэтэл, төлбөр төлөгч О.Шинэцэцэгээс С.Ялалтад 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр олгосон итгэмжлэлд үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн саналыг төлбөр төлөгч болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн өмнөөс хэрэгжүүлэх эрх олгогдоогүй байна. /х.х-ийн 53 дахь талд/

Төлөөлүүлэгчээс төлөөлөгчид дээрх эрхийг олгоогүй байхад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Ч.Ялалтын гаргасан үнийн саналыг төлбөр авагчид танилцуулж, улмаар хөрөнгийн үнэлгээний байгууллагыг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарыг харилцан тохиролцуулах ажиллагааг хуульд зааснаар хийж гүйцэтгээгүй байна.

Төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс түүнд бичгээр олгосон итгэмжлэлийн хүрээнд хэрэгжих тул төлбөр төлөгч О.Шинэцэцэгтэй утсаар холбогдоход тэрээр өмгөөлөгч С.Ялалтыг явуулж үнийн санал өгнө гэж тайлбарласнаар үнийн саналыг хүлээн авсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Мөнх-Оргил трейд ХХК-ийн*******, 26 дугаар хороо, Их монгол улсын гудамж /13312/ 207 дугаар байрны 5 тоот хаягт байрлах орон сууцанд хийсэн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14/Ш дугаартай Хөрөнгийн үнэлгээ-г хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчээр томилогдсон Мөнх оргил трейд ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 14/Ш дугаартай Хөрөнгийн үнэлгээ-г 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөгч О.Шинэцэцэгт мэдэгдсэн байх ба нэхэмжлэгч нь уг өдрөөс хойш хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан болохыг дурдав. /х.х-ийн 63-64 дэх талд/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Шинэцэцэгийн гомдлын шаардлагыг хангаж, Мөнх-Оргил трейд ХХК-ийн*******, 26 дугаар хороо, Их монгол улсын гудамж /13312/ 207 дугаар байрны 5 тоот хаягт байрлах орон сууцанд хийсэн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14/Ш дугаартай Хөрөнгийн үнэлгээ-г хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Шинэцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ