Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/595

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч М.Амарзаяа,   

хохирогч О.П,

шүүгдэгч Ш.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.Болорчулуун,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Ш.М, Х овогт Б.О, И овогт Б.Г, Б овогт О.Б  нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305035210608 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо Их нарангийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, *** ресторанд зөөгчөөр ажилладаг, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ш.М /РД:***/,

 

Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, Дотоодын цэргийн *** дугаар ангид хамгаалалтын ажилтан,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, Х овогт Б.О /РД:***/,

 

Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо Их нарангийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа барилгын хавтан зам тавих ажил эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, И овогт Б.Г /РД:***/,  

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, аав, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Тахилтын *** дүгээр гудамжны *** тоотод оршин суудаг, хувиараа барилгын бригадад мужаанаар ажилладаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт О.Б  /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.О, Ш.М нар бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо "И.С" баарны гадаа М.Т-г ямар ч шалтгаангүйгээр архи шил гарган ирж толгойн тус газарт цохиж, толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиж биед нь зулайн хуйханд шарх, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун мөр, зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусадтай бүлэглэн үйлдсэн,

Мөн дээрх цаг хугацаанд Б.О, Ш.М нар бүлэглэн, нийтийн хэв журмыг зөрчиж М.Т-д хүч хэрэглэж, хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч О.Б, Б.Г нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо "И.С" баарны гадаа О.П-г ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт цохиж, өшиглөсний улмаас биед нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусадтай бүлэглэн үйлдсэн,

Мөн дээрх цаг хугацаанд О.Б, Б.Г нар нь бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж О.П-д хүч хэрэглэж, хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хуралдаанд шүүгдэгч Ш.М:  “...Би тэр бааранд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэгтээ санал нийлэхгүй байна. Би зүүн шанаанд нь баруун гараараа цохисон болохоор хохирогчийн биед учирсан дагзны няцрал зэрэг гэмтлийг би учруулаагүй. Би найзтайгаа хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хүзүүн дээрээ шивээстэй ах байсныг санаж байна. Тэр ах А-н биед 3 удаа мөрлөж байхыг би харсан. Би тэр ахыг мөрлөж боль гэж хэлэхэд за гэсэн. Т гэх ах А-г цохисон тэгээд манай найзууд босож ирээд бааранд зодолдоод байсан. Т гэх ах над руу хундага шидэхэд миний эгмийн дор хэсэгт оносон. Баарны хамгаалагч нар эхлээд тэр ах нарыг гаргасан ба дараа нь бид нарыг гарах гэхэд шатан дээр манай найз Ц, Б хоёрыг дээрээс  нь нэлээн цохиж зодсон. Баарны гадаа гарсан чинь Т гэх ах цагдаа шүүх болохгүйгээр хэдүүлээ сайхан үзье гэсэн. Тэгээд би над руу хундага шидсэн ах дээр очоод зүүн хацарт нь цохисон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

          Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г: Тухайн үед бид нар бөөнөөрөө бааранд орсон. А, М манай хоёр найз бүжгийн талбай дээр байсан ба хажуу талд нь байсан ах нар А-г бүжгийн талбай дээр мөрлөөд байсан. Боль гэж хэлсэн чинь тэр ах нар уурлах маягтай байсан. Хальт маргалдаан болж ширээн дээр байсан хундага зэргээ шидээд байсан. Баарны хамгаалагч нар бид нарыг салгаж тэр ах нарыг эхлээд гаргаад бид нарыг жаахан байж байгаад гаргасан. Бид нарыг шатаар гарах гэж байхад нөгөө ах нар байж байсан ба бид нарыг гаргахгүй цохиод дайраад байсан. Намайг цохихоор нь би нэг удаа цохисон...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хуралдаанд шүүгдэгч Б.О: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            шүүхийн хуралдаанд шүүгдэгч О.Б: “...Мэдүүлэг өгөхгүй...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүх хуралдаанд хохирогч О.П: “...2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр миний төрсөн өдөр байсан болохоор ажлынхаа хүмүүстэйгээ хорооллын И.С гэсэн бааранд орсон. Ороод нэг шил архи авч уусан ба би хамгийн түрүүнд бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Тэр өдөр бааранд маш их хүнтэй байсан болохоор бүжгийн талбай дүүрэн тул би хөл алдан хажуу талын залуугаас барьж авсан чинь яаж байгаа юм бэ гэж хэлээд юу юугүй намайг цохиж авсан. Баарны хамгаалагч нар ирээд бид нарыг хөөж гаргасан. Ажлынхаа хүмүүсийг аваад баарнаас гараад бид нар больцгооё гээд ярилцаж байсан чинь намайг нэг нь татаад нөгөө нь цохисон чинь өөр нэг залуу баарнаас гэнэт гүйж гарч ирээд шонгийн модны дэргэд зогсож байсан Т дээр очоод өврөөсөө архины шил гаргаж ирээд Т-н тархин дундуур тас хийтэл цохисон ба Т 10-15 минут ухаангүй хэвтсэн. Цагдаад дуудлага өгсөн боловч нэлээн удаж байж ирсэн. Би цагдаагаа хүлээгээд байж байсан. Шүүгдэгч нар болон найзууд алга болсон байсан. Баарны хамгаалагч тэнд нэг нь явж байх шиг гэхэд Өргөөгийн урд талд байдаг *** дэлгүүр лүү орж байхыг хараад зогсож байхад цагдаа ирсэн. Цагдаа нарт тэнд байгаа гэж дэлгүүрийг зааж өгсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

мөрдөн байцаалтад хохирогч М.Т-н өгсөн: “...Би өчигдөр буюу 2023 оны 09 сарын 22-ны орой найзууд болох Б, О, М, П, Д нарын хамтаар хорооллын *** эсрэг талд байдаг баар / нэрийг нь мэдэхгүй байна/ орсон. Тэгээд тэнд 6- уулаа 0,5 литрийн Эдэн нэртэй архи нэгийг хувааж уугаад Б бид хоёр гадаа гарч тамхи татаад ороод ирэхэд бааран дотор П нар хэдэн үл таних залуучуудтай маргалдаад байсан, бид хэд орж ирэхэд тэр залуучууд орилоод шууд дайраад ороод ирсэн. Тэгээд баарны хамгаалагч нар нь салгаад бид хэд гарч явах гэж байтал араас хүрж ирэхээр нь би хамгаалагч нарт хандаад ахаа наад хэдээ бариад байж байгаарай гэхэд хамгаалагч нь та нар өөрсдөө гадаа гараад учраа олцгоо гэсэн, намайг гарч явж байхад тэр залуучууд араас хүрээд ирэхээр нь би нэгийг нь жийж унагаасан чинь араас нь нэг нь ирээд архины шилээр миний толгой руу цохисон. Миний толгойноос цус гарсан. Эмнэлэгт үзүүлээгүй байгаа, одоо гарч үзүүлнэ. Одоо толгой эргээд нүүр хавдаад байна. Би тэр залуучуудад гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй, намайг гарах гээд шатаар гарч явж байхад нэг нь араас хүрээд ирэхээр нь би жийж унгаасан. Намайг бүгдээрээ цохиод байсан. Миний толгой руу архины шилээр цохисон залууг би сайн анзаараагүй. Бид 6 нэг шил 0,5 литрийн архи хувааж уусан, согтолт гайгүй байгаа, болсон үйл явдлаа сайн санаж байна. Би зодуулснаас болоод Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд зөвлөгөө аваад, ажилдаа явж болохгүй, гэрээр эмчилгээ хийлгэсэн. Ингэхдээ эм ууж, бариа заслаар явсан. Би эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 11-12, 194 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч О.П-н өгсөн: “...Би 2023 оны 09 сарын 22-ны орой найзуудын хамтаар хорооллын *** эсрэг талд байдаг И.С бааранд орж үйлчлүүлсэн...Тэгээд би бүжгийн талбай руу орж яваад нэг хүний хөлөн дээр нь гишгээд тэнцвэр алдаад миний урд бүжиглэж байсан нэг залуу руу гараараа тулсан. Тэгсэн тэр залуу намайг гараараа миний толгой тус газар нэг удаа цохиод авсан. Тэгээд бүжгийн талбай дээр зодолдох гээд байхаар баарны хамгаалагч нар бид хэдийг баарнаасаа хөөгөөд гаргасан...Намайг тэр олон залуучуудын нэг нь миний нүүр рүү гараараа цохиж унагаагаад тэгээд намайг тал талаасаа цохиод эхэлсэн. Миний хамрын яс хугарсан. Толгойн тус газар хавдартай. Тухайн үед залуучууд олуулаа байсан болохоор яг хэн нь биед гэмтэл учруулсныг харж чадаагүй...Зодуулснаас болоод миний хамар, хамрын таславч мурийсан. Хамраа тэгшлүүлж эмчлүүлэх талаар эмнэлгүүдээс асууж үзэхэд хамгийн доод тал нь 3,000,000-5,000,000 төгрөг болох юм байна лээ. Миний хувьд 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжилсэн мөнгөө авчихвал надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.О-н өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн үед хамт ажилладаг П төрсөн өдөр нь болоод Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг И.С бааранд орж долуулаа нэг шил архи аваад ууж байгаад П бүжгийн талбайд бүжиглэж байхад нь нэг залуутай үл ойлголцоод маргалдаад байхаар нь би салгах гээд зөндөө үзсэн салгаж чадаагүй тэгээд маргалдаж байгаад гадаа гараад зодолдох гээд байхаар нь би салгах гээд дийлээгүй тэгж байж байтал нэг залуу Т-н толгой дээр нь архины шилээр цохиод шилээ буцаагаад өвөр рүүгээ хийчихсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.А өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө найзуудтайгаа зургуулаа хорооллын И.С бааранд орж үйлчлүүлж байгаад М, Г бид гурав бид бүжгийн талбайд бүжиглэж байхдаа намайг нэг үл таних залуу 2, 3 удаа мөрлөсөн. Тэгэхээр нь би та одоо яагаад байгаа юм бэ гэтэл цаанаас нэг залуу ирж түлхээд цохисон. Тэгээд би тэр хүнийг зөрүүлээд 2 удаа цохисон. Тэгээд баарны хамгаалагч нь ирээд салгаад гадаа гаргасан. Намайг гарахад манай найзууд түрүүлээд гарсан нөгөө залуучуудтай зодолдоод байсан. Тэгээд бид нар хойшлоод зугтаагаад машиндаа очоод суусан.

Би 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө найзууд болох М, О, Г, мөн нэрийг нь мэдэхгүй нэг залуутайгаа нийт зургуулаа Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг *** бааранд орж нэг шил архи аваад ууж сууж байгаад М бид хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байхад үл таних залуу намайг 2,3 удаа мөрлөсөн...Тэгээд бид хоёр бүжгийн талбай дээр үлдсэн нөгөө хэд гарч явж байгаад ширээн дээрээ пивоны шил аваад шидсэн. Тэгээд хэсэг байж байгаад бид хэд гартал тэр залуучууд үүдний шатан дээр зогсож байгаад бид хэдийг гаргахгүй байсан...Бид хэдийг гараад ирэхэд хүрч ирээд та нар цагдаа энэ тэр гэхгүй юм байгаа биз дээ гээд өдөөд хоорондоо муудалцаж байгаад хоёр талаасаа зодолдож эхэлсэн. Тэгээд зодоон дунд Б ногоон цамцтай саарал хантаазтай залууг татаж унагаад өшиглөөд байхад нь би араас нь татаад салгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23, 67 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Ц-н өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө найзууд болох М, А, О, Г, мөн нэрийг нь мэдэхгүй нэг залуутай нийт зургуулаа Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг И.С бааранд орж нэг шил архи аваад ууж сууж байгаад Манай найз О нойл орсон байсан, ширээн дээр суугаад үлдсэн бусад нь бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад үл таних залуучуудтай маргалдаад тухайн баарны хамгаалагч нар салгаад гарцгаа гэхээр нь бид хэд бөөнөөр гаръя гээд хувцас хунараа аваад гарахад нөгөө залуучууд үүдэнд хүлээгээд зогсож байсан ба гадаа тэр залуучуудтай хэсэг маргалдаж байгаад зодолдоод эхэлсэн. Бөөндөө олуулаа зодолдсон болохоор хэн хэнийг зодож гэмтэл учруулсныг санахгүй байна. Баарны гадаа маргалдаад зогсож байхад би түрүүлж нэг залууг араас нь татаж хавираад, бид хоёр барьцалдаад зууралдаж байхад бусад нь ирээд бөөндөө бужигнаад эхэлсэн тэгээд би тэр залууг тавиад хойшоо ухарсан. Би хэн нэгний биед халдаж цохисон зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Р.Э өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 212-213 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ж.Б-н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Г.Ц-н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас/,

 

                   мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Г-н өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** баарны гадаа иргэн Б.Т, О.П нар нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т, О.П нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүний 120,000 төгрөг, нийт 240,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч нараас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас/,      

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12274 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1. М.Т-н биед зулайн хуйханд шарх, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун мөр, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

 

                      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12254 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1. О.П-н биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

                  - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 111-114 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 103, 105, 107, 109 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.О, Ш.М нар бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо "И.С" баарны гадаа М.Т-г ямар ч шалтгаангүйгээр архи шил гарган ирж толгойн тус газарт цохиж, толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиж биед нь зулайн хуйханд шарх, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун мөр, зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусадтай бүлэглэн үйлдсэн,

Мөн дээрх цаг хугацаанд Б.О, Ш.М нар бүлэглэн, нийтийн хэв журмыг зөрчиж М.Т-д хүч хэрэглэж, хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч О.Б, Б.Г нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо "И.С" баарны гадаа О.П-г ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт цохиж, өшиглөсний улмаас биед нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусадтай бүлэглэн үйлдсэн,

Мөн дээрх цаг хугацаанд О.Б, Б.Г нар нь бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж О.П-д хүч хэрэглэж, хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Ш.М, О.Б, Б.Г, Б.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хууль хэрэглээний байдал, хамт явж байсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүсээс тэнд байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж давхар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна...” гэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг миний үйлчлүүлэгчийн зүгээс гаргаагүй...” гэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгмийн аюулын хохирол хор уршиг учруулаагүй...” гэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэл санаа зорилго нь шатан дээр маргасан үргэлжилсэн үйлдэл биеийн хэлэмж харагдаж байгаа нь маргаан баарны гадаа үргэлжилсэн гэж үзэж, олон нийтийн эсрэг чиглэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх дүгнэлт, санал тус тус гаргав.  

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1.Шүүгдэгч Б.О, Ш.М нар бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо "И.С" баарны гадаа М.Т-г ямар ч шалтгаангүйгээр архи шил гарган ирж толгойн тус газарт цохиж, толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиж биед нь зулайн хуйханд шарх, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун мөр, зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусадтай бүлэглэн үйлдсэн,

шүүгдэгч О.Б, Б.Г нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо "И.С" баарны гадаа О.П-г ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт цохиж, өшиглөсний улмаас биед нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч М.Т-н өгсөн: “...Б бид хоёр гадаа гарч тамхи татаад ороод ирэхэд бааран дотор П нар хэдэн үл таних залуучуудтай маргалдаад байсан, бид хэд орж ирэхэд тэр залуучууд орилоод шууд дайраад ороод ирсэн. Тэгээд баарны хамгаалагч нар нь салгаад бид хэд гарч явах гэж байтал араас хүрж ирэхээр нь би хамгаалагч нарт хандаад ахаа наад хэдээ бариад байж байгаарай гэхэд хамгаалагч нь та нар өөрсдөө гадаа гараад учраа олцгоо гэсэн, намайг гарч явж байхад тэр залуучууд араас хүрээд ирэхээр нь би нэгийг нь жийж унагаасан чинь араас нь нэг нь ирээд архины шилээр миний толгой руу цохисон. Миний толгойноос цус гарсан. Эмнэлэгт үзүүлээгүй байгаа, одоо гарч үзүүлнэ. Одоо толгой эргээд нүүр хавдаад байна. Би тэр залуучуудад гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй, намайг гарах гээд шатаар гарч явж байхад нэг нь араас хүрээд ирэхээр нь би жийж унгаасан. Намайг бүгдээрээ цохиод байсан. Миний толгой руу архины шилээр цохисон залууг би сайн анзаараагүй...Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд зөвлөгөө аваад...гэрээр эмчилгээ хийлгэсэн. Ингэхдээ эм ууж, бариа заслаар явсан. Би эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 11-12, 194 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч О.П-н өгсөн: “...Тэгээд би бүжгийн талбай руу орж яваад нэг хүний хөлөн дээр нь гишгээд тэнцвэр алдаад миний урд бүжиглэж байсан нэг залуу руу гараараа тулсан. Тэгсэн тэр залуу намайг гараараа миний толгой тус газар нэг удаа цохиод авсан. Тэгээд бүжгийн талбай дээр зодолдох гээд байхаар баарны хамгаалагч нар бид хэдийг баарнаасаа хөөгөөд гаргасан. Тэгээд бид хэд түрүүлж гараад гадаа байж байхад намайг нэг залуу араас татаад тэгээд хоёр талаасаа зодолдоод эхэлсэн. Намайг тэр олон залуучуудын нэг нь миний нүүр рүү гараараа цохиж унагаагаад тэгээд намайг тал талаасаа цохиод эхэлсэн. Миний хамрын яс хугарсан. Толгойн тус газар хавдартай. Тухайн үед залуучууд олуулаа байсан болохоор яг хэн нь биед гэмтэл учруулсныг харж чадаагүй. Би тэр өдөр ногоон өнгийн цамцтай, саарал хөх өнгийн хантаазтай, хар өмдтэй явж байсан. Зодуулснаас болоод миний хамар, хамрын таславч мурийсан. Хамраа тэгшлүүлж эмчлүүлэх талаар эмнэлгүүдээс асууж үзэхэд хамгийн доод тал нь 3,000,000-5,000,000 төгрөг болох юм байна лээ. Миний хувьд 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжилсэн мөнгөө авчихвал надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.О-н өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн үед хамт ажилладаг П төрсөн өдөр нь болоод Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг И.С бааранд орж долуулаа нэг шил архи аваад ууж байгаад П бүжгийн талбайд бүжиглэж байхад нь нэг залуутай үл ойлголцоод маргалдаад байхаар нь би салгах гээд зөндөө үзсэн салгаж чадаагүй тэгээд маргалдаж байгаад гадаа гараад зодолдох гээд байхаар нь би салгах гээд дийлээгүй тэгж байж байтал нэг залуу Т-н толгой дээр нь архины шилээр цохиод шилээ буцаагаад өвөр рүүгээ хийчихсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.А өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө найзуудтайгаа зургуулаа хорооллын И.С бааранд орж үйлчлүүлж байгаад М, Г бид гурав бид бүжгийн талбайд бүжиглэж байхдаа намайг нэг үл таних залуу 2, 3 удаа мөрлөсөн. Тэгэхээр нь би та одоо яагаад байгаа юм бэ гэтэл цаанаас нэг залуу ирж түлхээд цохисон. Тэгээд би тэр хүнийг зөрүүлээд 2 удаа цохисон. Тэгээд баарны хамгаалагч нь ирээд салгаад гадаа гаргасан. Намайг гарахад манай найзууд түрүүлээд гарсан нөгөө залуучуудтай зодолдоод байсан. Тэгээд бид нар хойшлоод зугтаагаад машиндаа очоод суусан...Тэгээд бид хоёр бүжгийн талбай дээр үлдсэн нөгөө хэд гарч явж байгаад ширээн дээрээ пивоны шил аваад шидсэн. Тэгээд хэсэг байж байгаад бид хэд гартал тэр залуучууд үүдний шатан дээр зогсож байгаад бид хэдийг гаргахгүй байсан. Тэгсэн бааран дотор хэсэг байж байгаад гарахад тэр залуучууд явахгүй гадаа хүлээгээд байсан. Бид хэдийг гараад ирэхэд хүрч ирээд та нар цагдаа энэ тэр гэхгүй юм байгаа биз дээ гээх өдөөд хоорондоо муудалцаж байгаад хоёр талаасаа зодолдож эхэлсэн. Тэгээд зодоон дунд Б ногоон цамцтай саарал хантаазтай залууг татаж унгаагаад өшиглөөд байхад нь би араас нь татаад салгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23, 67 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Ц-н өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө найзууд болох М, А, О, Г, мөн нэрийг нь мэдэхгүй нэг залуутай нийт зуруулаа Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг И.С бааранд орж нэг шил архи аваад ууж сууж байгаад Манай найз О нойл орсон байсан, ширээн дээр суугаад үлдсэн бусад нь бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад үл таних залуучуудтай маргалдаад тухайн баарны хамгаалагч нар салгаад гарцгаа гэхээр нь бид хэд бөөнөөр гаръя гээд хувцас хунараа аваад гарахад нөгөө залуучууд үүдэнд хүлээгээд зогсож байсан ба гадаа тэр залуучуудтай хэсэг маргалдаж байгаад зодолдоод эхэлсэн. Бөөндөө олуулаа зодолдсон болохоор хэн хэнийг зодож гэмтэл учруулсныг санахгүй байна. Баарны гадаа маргалдаад зогсож байхад би түрүүлж нэг залууг араас нь татаж хавираад, бид хоёр барьцалдаад зууралдаж байхад бусад нь ирээд бөөндөө бужигнаад эхэлсэн тэгээд би тэр залууг тавиад хойшоо ухарсан. Би хэн нэгний биед халдаж цохисон зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Г-н өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг... 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "И.С" баарны гадаа иргэн Б.Т, О.П нар нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т, О.П нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүний 120,000 төгрөг, нийт 240,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч нараас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас/,     

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12274 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1. М.Т-н биед зулайн хуйханд шарх, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун мөр, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12254 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1. О.П-н биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О, Ш.М нар нь хохирогч М.Т-тэй маргалдаж улмаар бүлэглэж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаварыг ухамсарлаж хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан гэмт үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Шүүгдэгч О.Б, Б.Г нар нь бүлэглэн хохирогч О.П-тэй маргалдаж улмаар бүлэглэж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаварыг ухамсарлаж хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан гэмт үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинжид хоёр болон түүнээс олон хүнд хохирол учруулсан бол хүндрүүлэхээр хуульчилсан боловч энэ хэргийн хувьд шүүгдэгч нар хоёр хоёроороо бүлэглэн нэг нэг хохирогчид тус тусдаа хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул шүүгдэгч нарыг ниййтээр нь бүлэглэж хоёр хохирогчид хохирол учруулсан гэж үзэх хууль үндэслэлгүй юм.

 

            Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.М, Б.О, О.Б, Б.Г нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь энэ зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргаж хууль үндэслэлийг тайлбарлан шүүх хуралдаанд оролцлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт санаа зорилго нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүч чадалтай, зориг зүрхтэй болохоо давуу байдал болгон Монгол Улсын үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд заасан нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд халдах зорилготой байдаг. Харин энэхүү гэмт үйлдлээ бүлэглэн хэрэгжүүлж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нийгэмд аюултай идэвхитэй үйлдлийг ойлгох бөгөөд энэхүү үйлдэл нь хальж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах сэдэлт санаа зорилгыг агуулж хохирол уршгийг бий болговол тохирох зүйл хэсгээр нь давхар зүйлчлэх нь зохистой. Өөрөөр хэлбэл эхлээд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх сэдэлт санаа зорилго бий болоод түүнийгээ хэрэгжүүлэх явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйл хэсгээр зүйлчлэх нь зүйтэй.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч нар нь хохирогч нартай бааран дотор маргалдаж эхлээд баарны гадна талд хохирогч нарын зүй бус үйлдлийн улмаас олон нийтийн гудамж талбайд хохирогчдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг төгсөж байх тул бусдын эрүүл мэндэд халдсан санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг агуулж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авч Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.М, Б.О, О.Б, Б.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Хохирлын талаар  

 

            Хохирогч М.Т нь “сэтгэл санааны хохирол бүрэн авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх тодорхойлолт гараар бичиж хэрэгт өгсөн байна.

   Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас баримтаар учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             

            Хохирогч О.П нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

   Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Б.Г, Б.Б, Ш.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй....” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.О-н өмгөөлөгч С.Болорчулуун: “...Миний үйлчлүүлэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал,

 

Шүүгдэгч Ш.М-н өмгөөлөгч Н.Намжилцогт: “...Миний үйлчлүүлэгч Ш.М нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байгаа ба ажил хөдөлмөр эрхэлдэг тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь миний үйлчлүүлэгчийн цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд саад учруулах тул торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх санал,

 

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Д.Оюунцэцэг: “...Миний үйлчлүүлэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл заалтад заасан ялын төрлүүдээс торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал,

 

Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Ц.Баярмаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан нөхцөл байдал хамаарч байх тул торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Ш.М, Б.О, О.Б, Б.Г нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол, хор уршгийн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.М, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Г, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.М, Б.О, О.Б, Б.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Шүүгдэгч Т овогт Ш.М, Х овогт Б.О, И овогт Б.Г, Б овогт О.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ш.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-т оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.О-т оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч О.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

            6. Хохирогч О.П нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М, Б.О, Б.Г, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ