Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 143/ШШ2021/00279

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө Д С Х С

Хариуцагч: М.П

36 000 843 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.П*******, Г.Г******* нар нь 2014 оны 04 сарын 25-ны өдөр Ө*******гаас жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зориулалттай 30.000.000 төгрөгийн зээл авсан. Уг зээл нь 1 сарын 0.25 буюу жилийн 3 хувийн хүүтэй. Зээлийг олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар зээлийн гэрээнд тусгасан. 2014 оны 04 сарын 25-ны өдрийн 01 дугаартай дээрх зээлийн гэрээг нэг талаас зээлдүүлэгч Ө*******г төлөөлөн Д******* сумын Засаг дарга, нөгөө талаас зээлдэгч М.П*******, хамтран зээлдэгч Г.Г******* нар байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Х.Г*******ийн эзэмшлийн Өмнөговь аймаг Д******* сум, 5-р баг, Далангийн ногооны талбайд байрлах 150501293 нэгж талбарын дугаартай газар, Тоёота Марк2 105 маркийн автомашиныг барьцаалсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч тал нийт 1.920.370 төгрөгийн төлөлт хийсэн.

Үндсэн зээлийн үлдэгдэл 28.872.915 төгрөг, хүүгийн үлдэгдэл 883.840 төгрөг, алданги 6.317.425 төгрөг, нийт үлдэгдэл төлбөр 36.074.180 төгрөг. Сум хөгжүүлэх сангийн зээл олголттой холбоотой харилцааг Засгийн газрын 2016 оны 03 сарын 14-ны өдрийн 153 дугаартай Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмаар нарийвчлан зохицуулсан байдаг. Журмын 3.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн сумын Засаг дарга нь зээлдэгчтэй гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих болон бусад эрхийг хэрэгжүүлдэг. Сум хөгжүүлэх сан нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдсан. Зээлийн гэрээний хугацаа хэтрүүлэх нь сангийн хөрөнгөөс гадна тухайн сумын жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд зориулагдах хөрөнгийн эргэлтийг зогсоох муу үр дагавартай байдаг.

Иймд хариуцагч нараас 36 074 180 төгрөг гаргуулж Ө*******д олгоно уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Өмнөговь аймгийн Д******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй М.П*******д холбогдох зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 36 074 180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* би Д******* сумын засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 422 дугаартай итгэмжлэлээр надад олгосон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 73 337 төгрөгөөр багасгаж хариуцагч М.П*******гаас 36 000 843 төгрөгийг шаардаж байна.

Зээлийн гэрээний төлбөрийн нийт үлдэгдэл 36 000 843 төгрөг. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 29 848 742 төгрөг, хуримтлагдсан хүү 182 353 төгрөг, торгуул 5 969 748 төгрөг, урьд өмнө нь зээлийн гэрээний нөхцөлийг анхаараагүйн улмаас зээлийн гэрээний нэмэлт үүрэгт алданги шаардах байдлаар буруу бичиж нэхэмжилж ирсэн байна.

Зээлийн гэрээний нөхцөлийн дагуу зээлдэгч төлбөрийн үүргээ зөрчсөн тохиолдолд 20 хувийн торгуул шаардахаар заасан байна. Уг алдааг тайлбараар залруулж зээлийн эргэн төлөлт тооцооллыг дэлгэрэнгүй байдлаар хүснэгтээр харуулж хавсаргав гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай энэ сан нь тусдаа хуулийн этгээдийн гэрчилгээ байхгүй, тусгай орон тоо байдаггүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон Засаг даргын тамгын газрын ажилчид үүргийг нь гүйцэтгээд явдаг байгаа. Сангийн зорилго нь бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хямд төсрөөр зээл олгож санхүүжүүлэх байдаг. Тус сангаас 2014 онд 30 000 000 төгрөгийг П*******, Г******* нарт гэрээ байгуулан зээлсэн байдаг. Сүүлд өгсөн тайлбартаа сар бүр графикаар төлөх ёстой байсан ч М.П******* сүүлд 2017 оны 01 дүгээр сард 100 000 төгрөг төлсөн байдаг. Үндсэн зээлийн үлдэгдэл 29 848 742 төгрөг, хуримтлагдсан хүү нь 182 353 төгрөг, торгууль нь 5 969 748 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймээс зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Миний зүгээс давж заалдах шатны магадлал болон хариуцагчийн тайлбар дээр санал зөрж байгаа зарим зүйлийг тайлбарлая. Сангаас зээлийг шаардаж байсан уу гэвэл шаардсан. Тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүсийн эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болоод баримт үйлдээд явсан зүйл байдаггүй. Уг нь бүгд рүү нь утсаар ярьж байсан, уулзаж байсан боловч цаасаар үйлдсэн бичгийн нотлох баримтаар үнэлэх зүйл байхгүй байдаг юм билээ. Бусдаар нэхээгүй орхисон зүйл байхгүй. Зээлийн баримт нь зөвхөн энэ тооцооллоор гараад өөр нотлох баримт байхгүй байна вэ гэж хариуцагчаас ярьж байна. Сангийн дансанд зуу гаруй хүмүүсийн зээлийн эргэн төлөлт орж гарч байдаг тул бүгдийг нь ялгах боломжгүй. Тиймээс тухайн үед программ дээр бичилт хийснээ ашиглаад тооцоогоо гаргаж ирсэн. Үүнтэй урьд нь хариуцагч талаас маргаж байгаагүй. 2 666 258 төгрөг тушааснаас 2 515 000 төгрөгийг хүү, 151 258 төгрөгийг үндсэн зээлээс хасаж бодсон байгаа. Мөн Г******* гэдэг хүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эсэх асуудлаар ярьдаг. Надад олгосон итгэмжлэлийн дагуу М.П*******гаас шаардах эрхтэй байдлаар гаргасан байдаг. Зээлийг аваад халуун усны үйл ажиллагаа явуулах гээд төсөл бичсэн хүн нь М.П******* өөрөө байдаг. Зээлийн гэрээ болон Иргэний хуульд зааснаар Г*******аас шаардах эсэх нь манай эрх байгаа тул хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй хүнийг эрж явснаас анх төсөл бичиж зээл авсан, захиран зарцуулсан М.П*******гаас шаардах нь зүйтэй гэж үзэж шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр мөн гэрээний нэрийн асуудал яригддаг. Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэж нэрлэсэн ба урьдах гэрээ нь хаана байгаа талаар асуудал хөндөгддөг. Энэ нь техникийн алдаа гарснаас болж нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэж гэрээний нэрийг бичсэнээс болсон байдаг. Анх зээл олгосон, гэрээ байгуулагдсан гэдэг дээр хариуцагчийн зүгээс маргадаггүй тул техникийн шинжтэй алдаа гэж ойлгоход болно. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.П******* нь нөхөр Г.Г*******тай хамтран 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ө*******гаас жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зориулалттай 30.000.000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авсан. Тухайн зээл дээр 10.000.000 төгрөгийг нэмж олж нийт 40.000.000 төгрөгөөр М.П******* нь нийтийн халуун усны зориулалттай 48 м2 талбайтай байр барьж ашиглалтанд оруулан үйл ажиллагаагаа явуулж байсан. Уг халуун усны халаалтыг тогоор буюу шалны халаалтаар шийдсэн бөгөөд ус, тогны зардалд олсон мөнгөө өгч сүүлдээ уг зардлаа дийлэхээ байж үйл ажиллагаа зогссон бөгөөд өвлийн хүйтэнд халуун ус маань хөлдөж орлогогүй болсон. Мөн давхар өр зээлтэй байсан тул төлөх боломжгүй өдийг хүрсэн. М.П******* нь 2014 оны 04 сарын 25-ны өдөр Ө*******гаас 30.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2014 оны 04 сарын 28-ны өдрийн 01 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваариар буюу 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл төлж барагдуулахаар гэрээний зүйлд тусгасан. Дээрх хуваарийн дагуу төлөлтөө хийх боломжгүй нөхцөл байдал үүсч гэрээний зүйлээ зээлдэгч зөрчсөн байхад зээлдүүлэгч зээлээ төлөх талаар ямар 1 арга хэмжээ аваагүй 7 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Хариуцагч М.П******* нь зээлийн гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн этгээд хэдий ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт: гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт: хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Ө*******гийн нэхэмжилсэн зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 36 074 180 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргааны хувьд анхан шатны шүүхээр 2 дахь удаагаа хэлэлцэгдэх гэж байна. Энэ зээлийн хувьд М.П******* нь нөхөр Г*******ын хамт 3 хувийн хүүтэй 30 000 000 сая төгрөгийг зээлж авсан байдаг. Тухайн зээл дээр 10 000 000 төгрөг нэмээд 40 000 000 сая төгрөгийн хөрөнгөөр ******* тоотод 48 м2 хэмжээтэй халуун усны барилга барьсан байдаг. Ингээд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан ч өвлийн хүйтэнд халаалтын системийн доголдлоос болоод халуун усны үйл ажиллагаа нь зогссон байдаг. Мөн М.П******* нь давхар өөр зээлтэйн улмаас зээлээ төлж чадаагүй байдаг. Нэхэмжлэгч талын тайлбараас харахад хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сард 100 000 төгрөгийн төлөлт хийсэн гэж харагдаж байна. Өмнө нь бол энэ тооцоолол байгаагүй. Энэ нь нотлох баримтын хүрээнд харагдаж байна. Энэ тооцооллоос харахад 4 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байдаг. Энэ хугацаанд сангаас ямар нэг байдлаар очиж уулзаагүй, шаардаагүй, утсаар мэдэгдээгүй байдаг. Хариуцагч талаас өмнөх анхан шатны шүүх хуралдаанд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байна гэсэн тайлбарыг гаргасан. Энэхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг тул миний зүгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэгч талаас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тухай нотлох баримт гаргаж өгөөгүй, буюу энэ талаар нотолж чадаагүй гэж үзэж байна.

Тиймээс нэхэмжилж буй 36 000 843 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм гэсэн тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч тал ямар нэгэн нотлох баримт гаргах боломжгүй өөрсдийн алдаанаас болсон байдаг гэсэн тайлбар хийж байна. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримт гаргаж өгөөгүй тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байна гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал энэ асуудлаар шүүхэд хандах эрхгүй байна гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Д******* сумын Засаг дарга нь хариуцагч М.П*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 36 000 843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч М.П******* нь Ө*******гаас 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 30 000 000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар төсөл хэрэгжүүлэх зориулалтаар зээлж, улмаар Өмнөговь аймгийн Д******* сумын Засаг даргатай №01 тоот зээлийн гэрээг байгуулсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгахаар, зээлийн үндсэн хүүг сар бүрийн эхний 7 хоногийн ажлын өдөрт багтаан сангийн дансанд төлөх үүргийг хүлээжээ.

Гэвч хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 151 258 төгрөг, зээлийн хүүд 2 515 000 төгрөг, нийт 2 666 258 төгрөгийг тус тус төлж барагдуулсан боловч 2017 оны 01 сарын 25-ны өдрөөс хойш одоог хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 29 848 742 төгрөгийг төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Талууд энэ талаар маргаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн үлдэгдлийг одоо болтол төлөөгүй үйл баримтуудын талаар маргаагүй боловч уг зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сард дууссан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцагч уг зээлийн үлдэгдлийг төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.

Талуудын дунд байгуулагдсан №01 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 сарын 28-ны өдөр дууссан, хариуцагч нь 2017 оны 01 сарын 25-ны өдрөөс хойш зээл төлөөгүй зэрэг байдлуудаас үзвэл энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийг гэрээний хугацаа дууссан үеэс /2017.03.28/ эхлэн тоолох тул нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хуульд тусгайлан заасан хугацааны дотор өөрийн шаардлага буюу гэрээний үүргийн биелэлт, үнийг шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан ба 2014 онд байгуулагдаж, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан гэрээний үүрэгт нийт 36 000 843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд гаргажээ.

Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх нь нээлттэй байсан боловч энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний үүргийг шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасан ба нэхэмжлэгч талаас энэ талаар нотлох баримт ирүүлээгүй болно.

Түүнчлэн, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүдийн талаар заасан ба эдгээр нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагч тал дээрх эрхийг хэрэгжүүлж татгалзлаа тайлбарлаж байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа албадан хэрэгжүүлэх боломжгүй болохоос бус шаардах эрх нь хэвээр байх тул хариуцагч сайн дураар биелүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Ө*******гаас олгосон зээлийг гаргуулахаар тус сумын Засаг дарга нь нэхэмжлэл гаргасан байна.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17 дахь хэсэгт заасанчлан сумын Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч байх ба Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралт журмын 3.5.3-т төслийг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй зохих журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, явц, үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах чиг үүргийг тусгажээ.

Д******* сумын Засаг дарга нь Сум хөгжүүлэх сангаас зээл олгох эрх бүхий албан тушаалтан мөн байхаас гадна тэрээр уг зээлийн биелэлтийг хангуулах, явц, үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах чиг үүргээ хуулийн хугацаанд хэрэгжүүлэх нь дээрх журам болон хуульд нийцэхийг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт 36 000 843 төгрөгийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагчаас уг төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.П*******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 36 000 843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Д******* сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Д******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 338 321 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН