Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 14

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                      Прокурор Д.Алимаа /цахим сүлжээгээр /

                                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                      Шүүгдэгч Ж.Ц

                                                      Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Ц-д холбогдох эрүүгийн 1827000940005 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Өндөр Төмөр овгийн Ж.Ц

 

Ж.Ц нь 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, Өндөр Төмөр овгийн Ж.Ц-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 9 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 135000 төгрөгийг шүүгдэгчид оногдуулсан 8.500.000 төгрөгийн торгох ялаас хасч 8.365.000 төгрөгөөр торгох ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг, шүүгдэгч Ж.Ц нь 9 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цийн эзэмшлийн 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр өнгийн портер машиныг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цээс 454.700.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Цэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Ц гаргасан давж заалдах гомдолдоо:  ...Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар 454.700.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Миний зүгээс гэм буруугаа мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 19.984.870 төгрөгийг төлж барагдуулсан, байгаль экологид учруулсан гэм хорыг арилгаж, техникийн нөхөн сэргээлтийг хийсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа.

Гэвч мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхээс хэрэглэх ёсгүй заалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2-р заалтыг буруу хэрэглэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн үнийг улсын орлого болгож шийдвэрлэсэн.

Мөн энэхүү хэргийг шалгах явцад гаргасан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дүгнэлт гаргасан гэж үзэж хүсэлт гаргаж байгаа бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар 2018 оны 05 сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмапын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэх хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техник хэрэгслүүдийн үнэлгээг тогтоохдоо шинжилгээний обьектод үзлэг хийлгүйгээр, зах зээлийн ханшийг буруу тооцоолон таамаглалаар дүгнэлт гаргасан, хэргийн бодит байдлыг нарийвчлан тогтоогоогүй гэж үзэж хэргийг прокурорт буцаах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээн аваагүй ба ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсан гэх үйлдэлдээ дээрх бүх тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашигласан эсэх эсхүл зарим техникийг ашиглаж үйлдсэн эсэхийг мөрдөн байцаалтын явцад нарийвчлан тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байтал үүнийг тодруулан шийтгэх тогтоолд дурьдаагүй гэж үзэж байна.

Мөн дизель моторыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсанаар хэрэг үйлдэгдэх үед дизель мотор нь хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанаас өмнө саатуулан битүүмжилж Бат-Өлзий сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд авчирсан, одоогоор тэнд байгаа. Энэхүү дизель моторыг ашиглахгүйгээр усан буу болон бусад алт угаах төхөөрөмж ажиллах боломжгүй, алт угаах төхөөрөмж ажиллагаагүй байхад бусад техникүүдийг ч ашиглах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Энэ тухай шүүх хуралдаан дээр гэрч Д.Цогтсайхан ч хэлж нотолж байсан. Мөн миний бие техник хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэн, тохиромжтой нөхцөл байдлуудыг бүрдүүлэн гэмт хэргийн явцыг түргэсгэх хялбарчлах зорилгоор бүрдүүлээгүй болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байтал шийтгэх тогтоолоор эдгээр техник хэрэгслийг бүгдийг ашигласан гэж үзэж эд хөрөнгө хураах заалт оруулсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь заалт нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгож буй заалт гэж тодорхойлогддог. Гэтэл миний бие учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, дээрх бүх техник хэрэгслүүдийг ашиглаж гэмт хэргийг үйлдээгүй байтал миний эд хөрөнгийг хурааж улсын орлого болгосон нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчим, мөн миний халдашгүй байх тэр дундаа өмчлөх эрхэд халдахгүй байх зарчмыг удирдлага болгон авч үзэлгүйгээр энэхүү хэргийг шийдвэрлэлээ гэж үзэж байна.

Миний бие гэмт хэрэг үйлдэхдээ алтны баяжмалын шороо угаах зориулалттай усан буу /4000000 төгрөгийн үнэ бүхий/, 68-45 УН улсын дугаартай шанагтай ачигч ковш /40 000 000 төгрөгийн үнэ бүхий/, цахилгаан дизель үүсгүүр /3 500 000 төгрөгийн үнэ бүхий/ зэрэг техник хэрэгслийг ашигласан нь үнэн гэхдээ бусад техникүүд бол ашиглаагүй, манай компанийн техник хэрэгслүүд байдаг. Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтыг буруу тайлбарлаж, эрх зүйн байдлыг дордуулан шийтгэсэн тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 454.700.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 47.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай...” гэж, мөн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “... 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэснийг “... 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэм буруутайд тооцсон. Үүнтэй өмгөөлөгчийн хувьд санал нэг байгаа бөгөөд гэм буруугийн асуудал дээр болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэхдээ буруу хэрэглэсэн, мөрдөн байцаалтын явцад ашигласан техник хэрэгслүүдийг нарийвчлан тогтоогоогүй шууд Ж.Ц-н өмчлөлд бүртгэлтэй техник хэрэгслүүдийг улсын орлого болгох зорилгоор ашигласан гэж үзэж мөрдөн байцаалтын явцад ажиллагаа хийсэн байдаг.

Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын явцад болон анхан шатны шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаануудад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслүүдийг нарийвчлан тогтоолгох хүсэлтийг гаргаж байсан боловч огт хүлээж аваагүй.

1. Гэм буруугийн болон хувийн байдал, хохирол төлөгдсөн тухай асуудал:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 буюу шүүгдэгчийг гэм буруутайд тооцоод байгаа зүйл ангид зааснаар ... тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доорх барилга байгууламж барьж хууль бусаар газрын хэвлийд халдсан ... бол гэж нарийвчлан заасан.

Гэтэл энэ зүйл заалтад хууль тогтоогчоос тогтоож өгсөн нэр томьёог анхаарч дүгнэлт хийлгүйгээр тодорхойгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байгаа юм.

Шүүгдэгч Ж.Ц-н хувьд хавтаст хэргийн материал болон гэрч, хохирогч нарын мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн, уурхайг гардан хариуцан ажиллуулж байсан Д.Ц мэдүүлэг зэргээс харахад ашигт малтмалын /алт/ эрэл хайгуул /хайх, сорьц дээж авах/ олборлолт /алтыг ялган авах, өөрийн өмчлөлд авах/, ашиглалт явуулсан эсэх /ашиглалтын үйл ажиллагаа явуулах/ эсхүл өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан /зоорь ухах гэх мэт/ аль нь болох талаар нарийвчлан тодорхойлоогүй байдаг. Энэ нь прокурорын яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийдвэрүүд зэргээс харагддаг.

Шүүгдэгч өөрөө үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон зүйл байхгүй ч ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, овоолсон шороог ковшоор түрсэн, өөрийн төрсөн нутагтаа газар шороондоо гар хүрсэн учраас миний буруу гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч эвдсэн гээд байгаа газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн, биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж төслөө холбогдох газруудад танилцуулсан, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаль экологид учруулсан хохирлоо өөрийн хөрөнгөөр мөнгөн хэлбэрээр төлсөн зэрэг байдлууд харагдаж байна.

Ц.Ц-н нэр дээр бүртгэлтэй байдаг “М” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь хаягдал шороо угаах нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулна гэж гэрчилгээн дээрээ бичигдсэн байдаг. Ийм ч учраас өөрсдөө техникийн нөхөн сэргээлтээ   хийсэн,   биологийн   нөхөн   сэргээлтээ   хийхээр   ойн   мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан төслөө боловсруулан танилцуулж эхлэх шатандаа явж байгаа. Мөн өмнөх анхан шатны шүүх хуралдааны явцад Бат-Өлзий сумын засаг даргаас хохирол төлөх асуудал дээр гэрээ хийж хогийн цэг шинээр гаргаж, сумын төвөөс зам тавьж өгсөн, Бат-Өлзий сумын хогийн цэгийн тоног төхөөрөмжүүдийг өөрийн зардлаар засварлаж өгсөн, ковшийг нь 17 000 000 төгрөгөөр мотор, дугуй авч өгч ажиллагаанд оруулсан. Энэ үйл ажиллагааны зардал 31 000 000 төгрөг болсон. Энэ зардлыг ч хувиасаа гаргасан.

Энэ байдлуудаас харахад шүүгдэгч хохирлоо барагдуулсан, техникийн нөхөн сэргээлт биологийн нөхөн сэргээлтийн зардал 19 984 870 төгрөгийг 2 дахин нугалж төлсөн, /яагаад 2 дахин гэж байна гэхээр өөрөө нөхөн сэргээлт хийж байгаа учраас мөн хохирлыг төлж байгаа учраас/ хохирол барагдуулах гэрээнд зааснаар 31 000 000 төгрөгийн зардал гарсан гэхээр 70 000 000 гаран төгрөгийн зардлыг өөрөөсөө гаргасан байна. Цаашдаа ч гарсаар байгаа. Энэ бүх байдлуудыг шүүх харгалзаж хохирол хор уршиг хангалттай арилсан гэж үзэх боломжтой бөгөөд хуульд зааснаар торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байсан.

Мөн түүний хувийн байдал буюу сэтгэл гарган ажиллаж байгаа, хэрэгт хандаж байгаа хандлага зэрэг нь ч харагдаж байна гэж үзэж байна.

2. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг журамлах буюу ашигласан техник хэрэгслийн асуудал: Мөрдөн байцаалтын шатанд буюу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн хурал дээр хүлээн зөвшөөрөхгүй маргаж байсан 8 техник хэрэгсэлийг бүгдийг ашигласан гэж үзэж анхан шатны шүүхээс шийдвэрлэснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Янжиндуламын мэдүүлэг /3 зүйл лацадсан/, гэрч нарын мэдүүлэг /Өлзийбаяр болон бусад жолооч нар/, шүүх хуралдаанд гэрч Д.Цогтсайханы мэдүүлэг, мэдүүлгийн бус нотлох баримтууд гэвэл хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд /бусад машинууд нь уурхай ажиллаж байсан гэх газраас өөр газарт буюу зүүн талд нилээн хол зайтай Архангай аймгийн Цэнхэр сумын алтны уурхай явдаг замын дэргэд айлын гадна, зогсоолд эгнүүлээд эвдэрсэн техникийн үлдэгдлийн хажууд засвар хийж байгаа байдалтай байсан гэх/ зэргээс харахад битүүмжлээд үнэлгээгээр оруулаад ашигласан гэж үзэж байгаа техникүүдээс усан буу, дизель мотор, ковш гуравыг ашигласан болох нь харагдаж байна. Хэдийгээр улсын яллагч яллах дүгнэлтэнд дурьдсан 8 техникийг бүгдийг ашигласан байж болзошгүй мэтээр, ашиглахаар завдсан мэтээр дүгнэж улсын орлого болгуулахаар санал гаргаж байгаа боловч хавтаст хэргийн хүрээнд энэ нь бүрэн нотлогдохгүй байна.

Иймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж усан буу, дизель мотор, ковш 3-г ашигласан байна гэж дүгнэх шаардлагатай гэж үзэж байна.

Архангай аймгийн Цэнхэр суманд Ж.Ц-н ажиллуулж байсан уурхай, энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар 2 хоорондоо 5-10 км зайтай газар гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй, энэ хэрэгт авагдсан геодезын газрын зураг дээрээс ч харагдана.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд хууль сануулж авсан гэрч Цогтсайханы мэдүүлгийг гол нотлох баримтаар үнэлэх ёстой. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээс илүү нотолгооны ач холбогдолтой зүйлүүдийг ярьсан.

Хэдэн техник ашигласан бэ, бүгдийг ашигласан уу гэхэд гэрч Д.Цогтсайхан “...3 техник буюу усан буу, дизель мотор, ковш ашигласан, өөр зүйл ашиглаагүй, Архангайд байдаг Ж.Ц-н уурхай дээр нөхөн сэргээлт хийж байсан техникүүдийг зөөвөрлөх явцад зургийг нь авсан ...” гэж хариулсан байдаг.

Техник хэрэгслийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг мөн л хууль бусаар гаргасан, шинжилгээний обьектод үзлэг хийлгүйгээр, зах зээлийн ханшийг буруу тооцоолон таамаглалаар дүгнэлт гаргасанг зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулах эрх нь байсаар байтал тухайн үед хүлээж аваагүй.

Мөн хэргийн бодит байдлыг нарийвчлан тогтоогоогүй гэж үзэж хэргийг прокурорт буцаах хүсэлтийг гаргаж байсан бөгөөд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсан гэх үйлдэл чухам хаана болсон бэ, тэр олон техник хэрэгслүүдийг хаана хэрхэн ашигласан бэ, Архангай аймгийн Цэнхэр сумын уурхай дээр үү эсхүл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Баруун сөдтийд үү гэдэг асуудал маш их маргаан дагуулж байгаа. Мөн хэргийн материалд авагдсанаар Баруун сөдтийн “Нарийн хамар” гэдэг газар уурхайн үйл ажиллагаа явагдаж байсан гэсэн мөртлөө техникүүд “Шар хад” гэх газар ажиллаж байсан мэтээр нотлох баримт цуглуулсан.

Гэтэл үнэн хэрэг дээрээ Баруун Сөдтийгөөр дамжаад Архангай аймаг руу явж байх замд нь засварлах явцад нь энэ техникүүдийг энд ашигласан байна гэж үзээд нотлох баримт бүрдүүлсэн, энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр няцаагдаж байгаа. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж өмгөөлөгч миний бие үзэж шүүхээс шүүгдэгч Ж.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх байдлуудыг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 5400 нэгжээр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар 9 хоног цагдан хоригдсан хугацааг торгох ялтай дүйцүүлэн 135 нэгжийн торгох ялыг эдлэх ялд оруулан тооцож, нийт эдлэх ялыг 5265 нэгж гэж тогтоох, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усан буу, дизель мотор, ковш гуравыг улсын орлого болгох, бусад техник хэрэгслүүдийг ашигласан гэх асуудлыг нотлогдохгүй байгаа учир дүгнэлт хийх, хохирол төлөхөөр гэрээ хийсний үүргийн гүйцэтгэлийн асуудлыг /илүү төлөгдсөн гэх/ иргэний журмаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газраас жич нэхэмжлэх эрхтэй болохыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй гэжээ.

 

Прокурор Д.Алимаа давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ж.Ц-н гомдолтой танилцлаа. Ж.Ц нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Цогтсайхан /анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохдоо газрын хэвлийд халдаж эрэл хайгуул хийсэн гэж мэдүүлдэг/ болон бичгийн нотлох баримтуудаар Ж.Ц нь дээрх гэмт хэргийг үйлдэх зорилгоор “Баруун сөдөтийн нарийн хамар” буюу уг хэргийг үйлдсэн гэх газар авч очиж байрлуулсан, мөн уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогддог.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Ц нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед “...Баруун сөдөт гэх газар хамаатны айлын гадаа техникүүдээ авч ирж тавьсан. Засвар хийж байсан. ...би газар ухаж эрэл хайгуул хий гэдгийг хэнд ч даалгаагүй, ковш нь өөрөө хөдлөхдөө санамсаргүй шороо хутгагдсан байх...” гэж өөрөө уг үйлдэлд огт хамаагүй мэтээр мэдүүлэг өгсөн нь үйлдсэн гэмт хэргийнхээ нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бүрэн ухамсарлан ойлгодоггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй болох нь тодорхой харагддаг.

Шүүгдэгч Ж.Ц нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгэмд аюултай үйлдлээ хэрэгжүүлж гэмт хэрэг үйлдэхдээ уг гэмт хэргийнхээ нийгмийн аюулын хэр хэмжээг нэмэгдүүлж, учруулах хохирлыг ихэсгэх зорилгоор ашигласан техникүүдийг цаашид гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хуралдаанаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ж.Ц-д 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Ц-с гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Прокурор Д.Алимаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ж.Ц нь 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун сөдөтийн нарийн хамар” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдаж 15 385 883 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолоор 8 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. ... Уг хэрэг 2018 оны 05 дугаар сард гомдол мэдээллийг хүлээн авч анхан, давах, хяналтын шатны шүүхүүдээр шийдвэрлэгдэж байсан. Шүүгдэгч Ж.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Хамаатны айлын гадаа техникүүдээ авч ирж тавьсан. Техник, төхөөрөмжөө засварлах гээд байрлуулсан байсан. Би газар ухаж эрэл хайгуул хий гэдгийг хэнд ч даалгаагүй, ковш нь өөрөө хөдлөхдөө санамсаргүй шороонд хутгагдсан гэх зэргээр уг үйлдэлд огт хамаагүй мэтээр мэдүүлэг өгсөн нь үйлдсэн гэмт хэргийнхээ нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээг бүрэн ойлгодоггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. ...Гэрчүүдийн мэдүүлгээр нэг, хоёр удаа ажилласан. Ажилчид ирэн очин ажилладаг байсан гэдэг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгэмд аюултай үйлдлээ хэрэгжүүлж гэмт хэрэг үйлдэхдээ уг гэмт хэргийнхээ нийгмийн аюулын хэр хэмжээг нэмэгдүүлж, учруулах хохирлыг ихэсгэх зорилгоор ашигласан техникүүдийг цаашид гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхээр Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд Ж.Цийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Намайг баруун сөдөтийн нарийн хамар гэх газар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэж байгаа боловч тухай техникүүд нь шархад гэх газар байсан. Энэ хоёр газрын хоорондын зайг бодолцох хэрэгтэй. Зам халтиргаа гулгаатай байсан учраас хамаатныхаа айлын гадаа техник хэрэгслээ тавьсан. Одоо ч очоод үзэхэд бүгд байгаа. Эрэл, хайгуул хийсэн гэж байгаа газраас 200, 300 метрийн зайтай ... давж заалдах гомдлоо  дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй гэж прокурор хэлж байна. Мөрдөн байцаалтын шатанд Ж.Ц нь өмгөөлөгч аваагүй мэдүүлэг өгсөн байсан. Би анхан шатны шүүх хуралдаанаас эхэлж шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон. Ж.Ц нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр учруулсан хохирлоо төлөхөөр ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авч хохирлыг 2 дахин нугалж төлсөн. Өмнө нь хийсэн ажиллагаа, алдаа дутагдалтай зүйлийг гомдолд бичсэн. Найман техникийг ашигласан гэж үзвэл хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тэдгээр нь тусгагдсан байх ёстой. Техникүүдийг Цэрэндэгд ашигласан байх гэж хийсвэрээр хураасан. Гэрч нарын мэдүүлгийг хууль сануулж авсан. Архангай аймгийн Цэнхэр сумын нөхөн сэргээлтийн компанид ажилладаг байсан засварын ажилчид ирэн очин ажилладаг байсан. Жолооч нар тухайн техникийг ажиллуулаагүй гэдэг. Мөн Д.Цогтсайханаас анхан шатны шүүх хуралдаан дээр хууль сануулж мэдүүлэг авсан. Хэдэн техник ашигласан бэ, бүгдийг нь ашигласан уу гэхэд гэрч 3 техник буюу усан буу, дизель мотор, ковш ашигласан, өөр зүйл ашиглаагүй гэдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн доод хэмжээгээр буюу 5400 нэгжээр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усан буу, дизель мотор, ковш гурвыг улсын орлого болгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Өндөр Төмөр овгийн Жамсранжавын Цэрэндэгд нь 2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун сөдөтийн нарийн хамар” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль орчинд хохирол учруулсан болох нь Б.Я, гэрч Т.Ө, Д.Ц нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2018/02 дугаартай дүгнэлт /хх-ийн 110-159 хх/ болон хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Ж.Ц-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа техник тээврийн хэрэгсэл бусад уналга, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэдэг ба цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар тусгажээ.

           

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Ц-г Нордбенз маркын өөрөө буулгагч 42.000.000 төгрөг, Bieben маркын өөрөө буулгагч 43.600.000 төгрөг, өөрөө буулгагч 43.600.000 төгрөг, усан буу 4.000.000 төгрөг, шанагатай ачигч /ковш/ 40.000.000 төгрөг, цахилгаан дизель үүсгүүр /15квт/ 3.500.000 төгрөгийн тус тус үнэлгээ бүхий техникийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж түүний үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 хуу/-д болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Pobex 520c маркын 240 000 000 төгрөгийн үнэ бүхий экскаватор, 38 000 000 төгрөгийн үнэ бүхий шанагатай ачигч /ковш/ зэрэг техникүүд нь гэмт хэрэг үйлдэгдсэн газар байсан болох нь тогтоогтохгүй байх тул тэдгээрийн үнэ болох 278 000 000 төгрөгийг Ж.Ц-с  гаргуулж улсын орлогод оруулах боломжгүй байна гэж үзлээ.   

 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

7 дахь заалтын “454 700 000 төгрөгийг” гэснийг “176 700 000 төгрөгийг”  гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14  хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.