Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 90

 

О.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 73 дугаар магадлалтай, 1718001640095 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Л-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1959 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт О.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаний ТП-61 хуваарилах байгууламжийн гаднаас 7 ширхэг хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар автомашин ашиглан хулгайлж, байгууллагад 305.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож, прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Л-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, О.Л-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Н.Өнөрболдын өмчлөлийн 74-83 ДАХ дугаартай “Хонда акти” маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 73 дугаар магадлалаар 296 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Л-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Л гаргасан гомдолдоо: “Миний бие 2017 оны 9 дүгээр сард хогийн савны хажууд хэдэн хаалга газраар тараагаад хаясан байхаар нь эзэн нь хэрэггүй гээд хаясан юм байна, зараад мөнгө болгоё гэж бодсон. Ингээд тэр газраас ойрхон миний хуучны танил болох Өнөрболдын машин орцныхоо үүдэнд харагдаж байхаар нь тэнд хог түүж явсан залуутай нийлж Өнөрболдын машинд нөгөө хаалгануудыг цуг ачсан. Өнөрболдод нөгөө хаалгануудаа 1 шил архиар зарсан. Анхан шатны шүүх хурал болж намайг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэн ба шүүхийн гаргасан энэхүү шийдвэрийг би хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Учир нь миний хувьд тухайн хаалгануудыг эзэн нь хэрэггүй гээд хаясан юм байна, зараад мөнгө болгоё гэж бодож авах санаа төрсний дараа Өнөрболдын машинд нөгөө хаалгануудыг ачсан болохоос анхнаасаа Өнөрболдын автомашинаар хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго төрөөгүй байсан. Би хэдийгээр эрхэлсэн ажилгүй ч бусдын эд хөрөнгийг хулгайлж байгаагүй, эзэнтэй гэж мэдсэн бол авахгүй байсан. Анхан шатны шүүхээс миний хийсэн хэрэгт тохирсон шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин О.Л-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа хаана, хэдэн цагаар, ямар ажил хийхийг шийтгэх тогтоолд заагаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Л-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.Л-ийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч О.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн ТП-61 хуваарилах байгууламжийн гаднаас 7 ширхэг хуучин хаалгыг хулгайлан авч 304.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Л нь бусдын эзэмшлийн 7 ширхэг хуучин хаалгыг зарж мөнгө болгох зорилгоор иргэн Н.Өнөрболдын эзэмшлийн 74-83 ДАХ дугаартай “Хонда акти” маркийн автомашинд ачиж, улмаар Н.Өнөрболдод худалдсанаар хулгайлах гэмт хэрэг төгссөн бөгөөд Н.Өнөрболдын хувьд тухайн хаалгыг өөрийн автомашинаар гэр рүүгээ зөөвөрлөн авч явахдаа гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдээгүй, түүнийг хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Л-г хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэхгүй гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч О.Л-д 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм буруу, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж үзэв.

Иймд энэ талаар шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 73 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ                                                               Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН