Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2021/00134

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг,  тоотод оршин суух албан ёсны хаягтай бөгөөд одоогоор Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, *********** /РД:********, утас:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1977 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, ********тоотод оршин суух, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд багш ажилтай, ************** /РД:**********, утас: **********/-т холбогдох,

Д.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Б.Мөнхбаярт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс хүү, охин болон өөрт ногдох хэсэг болох 37 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр,

Дундын эд хөрөнгөөс охин М.Дөлгөөнзаяад ногдох хэсгээсээ татгалзаж, 37 500 000 төгрөг дээрээ 17 500 000 төгрөгийг нэмж, нийт 55 000 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэнийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, хариуцагч Б.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Б.Мөнхбаяртай 1994 онд анх танилцаж, 1997 оноос эхлэн амьдарч, 1999 онд охин М.Дөлгөөнзаяа, 2007 онд хүү М.Дөлгөөн-Од нарыг төрүүлэн, өнөр өтгөн гэр бүл болж, 2017 оныг хүртэл хамтран амьдарч, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан. Гэхдээ нөхөр Б.Мөнхбаяр нь 2002 оноос архи дарс ууж эхэлсэн юм. Архи ууж, агсам тавьж, намайг зодож, гэр бүлийн амар тайван байдал алдагдуулдаг байсан боловч үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож, элэг бүтэн өсгөх гэж олон жилийг тэвчиж, хүлээцтэй хандаж ирсэн боловч нөхөр маань өөрийнхөө алдаа дутагдлыг ойлгож чадахгүй, улам лавширсаар 2017 оноос тус тусдаа, би 2 хүүхдээ авч, нөхөр минь хөдөө орон нутагт ажилтай, ажилгүй хооронд амьдарч байгаад одоо тус аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд математикийн багшаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд бидэнд охин М.Дөлгөөнзаяагийн сургалтын төлбөр болох 6 сая төгрөгийн 2 500 000 төгрөгийг төлсөн, өөр эдийн засгийн ямар ч туслалцаа үзүүлээгүй. Би 2017 оны 10 дугаар сард ходоодноос цус алдаж, ходоодны хавдараар оношлогдож, хагалгаанд орж, ходоодоо тайруулаад хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоолгож, 2019 онд өвчин хүндэрч дахин хагалгаанд орон ходоодны -ийг тайруулж, хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар үргэлжлүүлэн тогтоолгосон. Энэ хугацаанд төв суурин газар эмчлүүлж, эмчийн хяналтанд байх шаардлагатай учир Улаанбаатар хотод амьдарч байгаа. Гэхдээ охин, хүү бид 3 өөрийн гэсэн орон байр байхгүй, бусдын орон сууцыг түрээсээр эзэмшиж, 4 жил амьдарч байна.

Би нөхөр Б.Мөнхбаяраас гэрлэлтээ цуцлуулахаар 2017 онд Сүхбаатар аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсөн боловч бид эвлэрч чадаагүй. Бидэнд эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүйгээр барахгүй нөхөр маань Т.Байгалмаа гэх эмэгтэйтэй гэр бүл болж, хамтран амьдраад 2 жил гаруй хугацаа өнгөрч байгаа. Нөхөр минь хүү, охиныхоо төлөө эцэг хүний үүргээ биелүүлдэггүй, архаг хууч өвчтэй миний төлөө ямар ч анхаарал халамж тавихгүй байгаа учраас цаашид бид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүү М.Дөлгөөн-Од нь 2007 онд төрсөн, одоо 14 настай учир миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Манай гэр бүлийн дундын өмч болох Сүхбаатар аймгийн 7 дугаар баг, Жаргалант Тауны 104 дүгээр байрны 7 тоот орон сууц, Ү-1213004218 үл хөдлөх хөрөнгийн дугаартай гэрчилгээтэй, 2 өрөө байр өмчлөх эрх нь Б.Мөнхбаярын нэр дээр бүртгэлтэй, одоогоор хүнгүй байгаа. Мөн isuzu troper маркийн СҮЭ 3579 улсын дугаартай машин зэрэг хөрөнгөтэй юм. 2 өрөө байр зах зээлийн үнээр 50 сая төгрөг, машин 7 сая төгрөгөөр үнэлж байна. Энэ хөрөнгөнөөс охин, хүү бид гуравт хуульд заасан хэмжээгээр ногдох хэсгийг гаргуулан өгч, бидний зөрчигдөж байгаа эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Оюунбилэг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

Д.Оюунбилэг би дундын хөрөнгө болох 2 өрөө орон сууцны үнэ 50 000 000 төгрөгнөөс хүү, охин бид гуравт ногдох 37 500 000 төгрөгөнд тооцож, тэмдэгтийн хураамж төлсөн болно. Суудлын автомашиныг хариуцагч Б.Мөнхбаярт үлдээнэ гэжээ.

Нэхэмжлэгч Д.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ:

Хариуцагчийн ирүүлсэн тайлбарын агуулгаас үзвэл гэрлэлт цуцлуулах тухай, хүүхдийн асрамж тогтоолгох, хүү М.Дөлгөөн-Одод тэтгэлэг төлөх шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо.

Харин дундын өмчөөс ноогдох хэсэг гаргуулах шаардлага дээр маргасан байх тул нэхэмжлэл ба нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаасаа охин М.Дөлгөөнзаяад оногдох хэсгээсээ татгалзаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.2.1, 26.2.2, 26.2.3, 26.2.4, 26.3, 26.4-т заасны дагуу эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т зааснаар хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй. Хүүхдийг хоол унд, хүнс, орон байр, ахуйн хэрэгслээр, тоглоом, бусад шаардлагатай зүйлсээр хангах үүрэг нь эцэг, эх бид хоёрт тэнцүү хамааралтай учраас 2017 оны 09 дүгээр сараас хойш ба хүүхдүүдийн хамт өөрийн гэх орон байргүйн улмаас бусдын орон сууцыг түрээслэн одоогийн байдлаар 24 200 000 төгрөгийг түрээсэнд өгч амьдарч байгаа. Иймд гал голомт залгах ганц хүүгээ амьд мэнд байгаа дээрээ өөрийн гэсэн орон байртай болгох зайлшгүй шаардлагатай байгаа учраас Улаанбаатар хотод 2 өрөө байр, байрлалаасаа хамаараад худалдан өгч, авч байгаа ханш нь одоогийн байдлаар 110 000 000-130 000 000 төгрөгийн үнэ ханштай байна. Иймд дунджаар 2 өрөө байрыг эцэг, эх бид хоёр тавь, тавин хувиар орон байртай болгох шаардлагатай байгаа учраас эцэг Б.Мөнхбаяраас 37 500 000 төгрөг дээр нэмж 17 500 000 төгрөгийг нэмэгдүүлэн бүгд 55 000 000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Насанд хүрээгүй хүү М.Дөлгөөн-Од, хөдөлмөрийн чадварыг 69 хувиар алдсан эх миний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 2017 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд хүүхдүүдийн хамт түрээсийн байранд амьдарч байгаа. 2017 оны 10 дугаар сард ходоодны хавдраар оношлогдоод тал хэсгийг нь тайруулсан. 2019 онд хүндрээд -ийг нь тайруулсан. 2021 онд умайн хавдартай болж умайгаа авахуулсан. Өөрөөр хэлбэл хамт амьдарч байхад биед маань зовиур илэрч 2017 онд хавдар илэрч 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан. Хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдсан ч гэсэн хүүхдүүдийн сургалтын төлбөр, дугуйлангийн төлбөр, байрны түрээсийн төлбөр, тэдний идэж уух, өмсөж зүүх болон бусад хэрэглээг өөрөө олж, амьдралаа залгуулсаар ирсэн.

... Хүний амьдрал их богинохон учраас гал голомт залгах хүүгээ байртай болгох нь зүйтэй гэдэг байдлаар хандсан. Нөгөө талаар эцэг, эхийнхээ үүргийг ухамсарлаж, үр хүүхдээ өөрийн гэсэн орон байртай болгох гэж нэхэмжлэл гаргасан. Магадгүй түрээсийн байранд амьдарч байгаад, байрны эзэн нь гар гэх юм бол хайчих уу мөн миний биеийн байдал ходоодыг бүтнээр нь авах заалттай байгаа. Үүнээс үүдэж миний хүүхдүүд өнчирвөл яах вэ? миний амь нас эрсдвэл яах вэ? амьд сэрүүн байх үедээ хүүхдээ орон байртай болгоё гэдэг үүднээс нэхэмжлэл гаргасан.

... Бидний амьдралын маргаан юунаас болсон бэ? гэхээр архинаас болсон. Миний ходоодны хавдар юунаас болсон бэ? стресснээс болсон. Шөнө бүхэн нөхөр нь архи уугаад агсам тавиад, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулаад байхаар яах вэ? би маш удаан тэвчсэн. Намайг хүүхдүүдээ бэлдүүлж байгаад явсан гэж ярьж байна. Арга ядсан эмэгтэй хүн нөхрөөсөө салах гэж оролдоно. Гэхдээ би энд ийм олон зүйлийг яримааргүй байна. Би энд ийм олон зүйлийг яримааргүй байна. Нэгэнт байдал тодорхой болчихсон энэ тохиолдолд хүүхдийн тэтгэмж, хүүхдээ орон сууцтай болгох эцэг, эхийнхээ үүргийг гүйцэтгэж 50, 50 хувиар нь төлье гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд байр түрээслэхдээ 24 200 000 төгрөг төлсөн байгаа. Тэрнээс гадна ашиглалтын зардал, хоол унд, автобус унааны мөнгө, миний эмчилгээний зардал, сургалтын төлбөр энэ бүгдийг 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай эмэгтэй яаж олж байсан гэж бодож байна. Надад тийм амар байгаагүй. 2017 онд салснаасаа хойш хүүхдэдээ мөнгө өгөөч гэдэг асуудлыг тавьж байгаагүй. Төрсөн өдрөөр нь мөнгө шилжүүлдэг байсан нь үнэн. Том охины сургалтын төлбөрт нийт 4 жилийн хугацаанд 29 800 000 төгрөг төлөх ёстой байснаас 11 670 000 төгрөгийг аав нь төлсөн байна. Миний бие 18 670 000 төгрөгийг төлсөн байна. Тэгэхээр хэн нь илүү үүрэгтэй оролцсон байна вэ? гэдэг нь харагдана. Мөн байрны зээлийг ярьж байна. Орон сууцны байрны зээлийг баримтаар гаргасан байсан. Хэн нь хэдэн удаа яаж төлсөн бэ? гэдэг нь харагдах байх. Та өөрөө бүх нотолгоогоо бүрдүүлж өгсөн. Өнөөдөр чи бид 2 эмээ, өвөө болчихсон сууж байх байсан. Та нэг удаа зээгээ харж байсан уу? гэдгээ бодож үзээрэй. Жирэмсэн охиныгоо чи арчаагүй амьтан оюутан байхдаа жирэмсэн болчихлоо, одоо наадахаа гарга гээд 00-д суулгаж байсан тэхдээ та согтуу байсан. Охин чинь энэ үйлдэлд чинь маш их гомдог. Охиноо төрөхөд би хагалгаанд ороод сар гаран болчихсон байсан. Миний биеийн байдал маш муу байсан. Охин маань 3 литр цус алдсан. Би охиныхоо хүүхдийг тэвэрч чадахгүй байсан. Тэгэхэд та ирээгүй. Тэгсэн хэрнээ сургуулийнхаа захирлаас 7 хоногийн чөлөө аваад охин маань төрж байгаа гээд хот яваагүй байрандаа архидаад байж, байсан. Яагаад амьдралынхаа үнэ цэнийг мэдрээгүй, аавынхаа үүргийг гүйцэтгээгүй байж өнөөдөр ийм зүйл яриад зогсож байгаа юм бэ? бид өнөөдөр хэн хэн нь буруутай. Гэхдээ юмыг арай өөр ухаанаар харж яагаад болохгүй байгаа вэ? Би маш их тэссэн, тэвчсэн. Намайг хавдартай гэхэд Сүхбаатар, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төв, анагаахаас 5 сая гаран төгрөг өгсөн гэж хэлээд баримтыг нь та надад хэлж байсан. Миний эмчилгээний зардлын 3 сая гаран төгрөгийн баримт байдаг. Улсаас сая гаран төгрөгийг гаргасан. Үлдсэн мөнгийг даатгалаас авъя гэхэд олдоогүй. Цугласан мөнгөний цаана үлдсэн 2 сая гаран төгрөг яасан бэ? гээд асуувал асууна би, тэгж асуугаагүй. Гэхдээ яагаад цугласан мөнгийг би энэ хүний эмчилгээний зардлыг төлсөн гэж худлаа хэлээд байгаа юм бэ? маш олон хүн бидний амьдралыг мэднэ. Би таныг муутгах гээгүй, харин ч би таны нэр хүндийг өргөх гэж, амьдрах орчноо сайханаар бүрдүүлэх гэж би гэртээ супер засвар хийж, миний хань ажилгүй ч гэсэн ноолууран цамц өмс гэж хэдэн төрлийн цамц авч өгч байлаа гээд хүнийг бодож үзээрэй. Би муу хүн биш амьдралынхаа төлөө маш их зүтгэсэн Өнөөдрийн нэхэмжлэлийг гаргаж байгаагийн гол шалтгаан нь нэгэнт хань ижилтэй болоод 2 жил болчихсон хүний амьдралыг бодох үүднээс, цаашдаа аав, ээжийнхээ үүргийг гүйцэтгэх үүднээс би энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа.

... Нөгөө талаараа амьд мэнд байгаа дээрээ гал голомт залгах хүүдээ 50, 50 хувийг гаргаад байртай болгож өгье гэж бодсон, би ийм л зорилготой байсан. Би энэ байранд амьдрах гээгүй. Аавынх нь голомтыг самрах, эмээ, өвөөгийнх нь нэр хүндийг унагах гэж, би таны нэр хүндийг унагаах зүйл огт хийж байгаагүй.

... Хүүгийн хувьд шүүгчийн туслах Бат-Оргил яриад та хүүхдээ авч ирээрэй, хүүхдийг асуудаг гэж хэлсний дагуу би хүүхдээ авч ирсэн. Хүүдээ үнэнийг хэлээрэй гэж хэлсэн. Яагаад гэхээр миний хүү айгаад байсан учраас хэлсэн. Би яах ёстой юм бол гээд чичрээд байсан. Хүүхдүүд өөрт нь хэн сайн байгаа хүнийг дагадаг болохоос биш, хэн нэгний дарамтад орж амьдаръя гэж ямар ч хүүхэд хүсдэггүй. Тэр утгаараа миний хүү энд ирсэн гэдгийг ойлгоорой гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэгч нар гэр бүл болсноороо тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гэр бүл цуцлуулах үндсэн шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ? гэвэл ханилсан хань минь эхний 2 жил архи дарс уудаггүй байсан. Харин 2001 оноос эхлэн архи ууж, зоддог, ёс зүйн хувьд зөрчил гаргадаг, сурган хүмүүжүүлэх талаасаа байж боломгүй харилцаатай, ёс суртахууны зөрчлийг удаа дараа гаргадаг учир гэрлэлт цуцлуулах үндсэн шалтгаанаа тодорхойлсон байдаг.

... Насанд хүрээгүй хүүхдийг тэжээн тэтгэх үүрэг эцэг, эх хоёрт байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд хүүхдийн хүмүүжүүлэх эрх, үүрэг гэж байгаа. Нэгэнт гэрлэлт цуцалж байгаа тохиолдолд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрхтэй оролцоно.

... Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд хүүхдийн амьдрах эрхийг хуульчилж өгсөн. Хүүхэд ямар нөхцөлд амьдрах ёстой юм бэ? гэдэг талаар маш тодорхой хуульчилж өгсөн. Эрүүл мэнд, өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй. Хүүхдийг хувцас, хоол унд, орон байр, ахуйн хэрэгслээр санаатай гачигдуулах, эрүүл ахуйд нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 12 дугаар зүйлд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь дараах үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Тухайн конвенцэд 2003 онд өөрчлөлт орсон. Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, нэн шаардлагатай зүйлүүдээр хангах гэсэн заалт байдаг. Тэгэхээр өнөөдөр анхныхаа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөд нэмэгдүүлсэн. Гэр бүлийн дундын өмчлөлөөс охин М.Дөлгөөнзаяа, хүү М.Дөлгөөн-Од, нэхэмжлэгч Д.Оюунбилэг нарт оногдох хэсэг болох 37 500 000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудыг үзэхэд энэ дундын өмч биш, хуваарьт өмч гэж маргаж байгаа. Сүхбаатар аймагт байгаа орон сууцыг 2019 онд хувьчилж өмчлөлдөө авсан байдаг. Тэр орон сууц хариуцагчийн эцэг Л.Бадарч, хариуцагч 2-ын нэр дээр байдаг. Тэгэхээр энэ өмч хөрөнгөөсөө өгөхгүй гэж байгаа бол энэ хүүхдийн эрхүүд дотроос хүүхдийг орон байраар хангана гэдэг асуудал байгаа. Одоогийн нийгэмд өгнө ч гэсэн, өгөхгүй ч гэсэн эцэг, эх хоёр адил тэгш үүргээ биелүүлэх ёстой. 2017 оны 09 дүгээр сараас хойш Д.Оюунбилэг нь хүүхдүүдтэйгээ байр түрээслээд энэ хугацаанд хичнээн төгрөг төлсөн байна вэ? Өөрийн гэсэн орон байр байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгч маань юу гэсэн шийдвэр гаргаж байна вэ гэхээр ер нь би чинь хөдөлмөрийн чадварынхаа 69 хувийг алдсан хүн, нэг өдөр дахиад цус алдах юм уу, нэг өдөр ухаан алдаж миний хүүхдүүд эхгүй болчихвол насанд хүрээгүй хүүхдүүд маань яах вэ? гэдэг асуудал гарч ирж байна. Хариуцагчийг нэгэнтээ ханьтай болсон юм чинь өөрийнхөө эрх дураар амьдраг гэж замыг нь чөлөөлж өгөх зорилгуудыг агуулсан. Тэгэхээр орон байраар хангах тал дээр ийм байр суурьтай байгаа учраас яах ёстой юм бэ гэхээр ер нь шүүхийн практикт ч байж л байгаа байх. Орон байраар хангах гэдэг дээр нэхэмжлэл гаргаад хангагдаж л байдаг. Тэгэхээр Улаанбаатар хотод өнөөдрийн авсан орон сууцны байршлаар нь авсан энэ мэдээллээр шинэ байрны 1 м2 нь байрлал, дүүргээсээ хамаараад 2001 оны 6 дугаар сард Баянгол дүүрэгт 2 398 000 төгрөг, Баянзүрх дүүгэрт 2 452 000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 2 063 000 төгрөг, Сүхбаатар дүүрэгт 3 989 000 төгрөг, Хан-Уул дүүрэгт 3 442 000 төгрөг, Чингэлтэй дүүрэгт 3 329 000 төгрөг, алслагдмал хороололд 1 300 000 төгрөгийн ханштай байна. Тэгэхээр Улаанбаатарын төвд юм уу, онцгой харъяалалтай байрлалтай, өндөр үнэтэй байр авъя гэж хэлээгүй. Түрүүнд хэлсэнчлэн дунд зэргийн хуучин байрыг авахад 1 300 000 төгрөгийн үнэтэй байгаа м2 нь бодоод 2 өрөө байр авъя. Тийм учраас хүүд ногдох 50%-ыг эцгээс нь гаргуулъя гэж нэхэмжилсэн. Түүнээс бол эцгийн гал голомтыг авъя гэсэн санаа ерөөсөө байхгүй, агуулгаараа ч гэсэн. Харин өөрийн чинь төрүүлсэн үр хүүхэд чинь монгол ёс заншлаар тухайн өрхийн хүү нь гал голомтоо залгамжилдаг бичигдээгүй хуультай байдаг. Тэгэхээр гал голомт залгамжлах хүүгээ байртай болгоё гэж бичсэн юм. Түүнээс биш танай эцгийн байрыг авъя гэсэн санаа ерөөсөө байхгүй. Юмыг мушгиж юм уу зөрүүдээр ойлгож бай гэж би эгч хүний хувьд хэлчихэд зүгээр байх. Ийм шаардлагыг гаргасан шүүх энэ дээр бас дүгнэлт хийж, хүүхдийн эрх ашгийг хамгаалах байх гэж бодож байна.

... Дээр нь нэмж хэлэхэд хууль ёсны гэр бүл хамтын амьдралтай байхдаа нэг нь хүндээр өвчилж, хөдөлмөрийн чадвараа алдах юм бол хөдөлмөрийн чадвараа алдсан эхнэр юм уу нөхрөө тэжээн тэтгэх тэтгэлэг төлөх үүрэгтэй. Гэтэл Д.Оюунбилэг түүнийг нэхээгүй. Мөн хүүхдийнхээ төлбөртэй сургуульд явж байгаа төлбөрийг нэхээгүй. Түрээсийн байранд байсан түрээсийн мөнгөө нэхээгүй. Яагаад энэ болгоныг нэхэхгүй байгаа юм бэ гэхээр хүүгээ бодоод энэ хэмжээний мөнгө гаргаад өгчихвөл үүнээс цаашаа амьдралаа өөрөө аваад явъя. Тэгээд эцэг, үр 2 хоорондоо хэлхээ холбоотой сайн сайхан явж байг гэдэг үүднээс энэ олон нэхэмжлэлийг гаргаагүй. Энийг бол хариуцагч нь ойлгож ухамсарлаж дүгнэлт хийх ёстой байх гэдэг үүднээс хэлэх нь зүйд нийцнэ. Тэгэхээр бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд гаргасан 55 000 000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлөхдөө өмнө нь төлсөн 37 500 000 төгрөг дээр 55 000 000 төгрөг болгож төлсөн. Түүнээс бол байр авъя гэсэн үг өгүүлбэр байхгүй. Тэр Сүхбаатар аймагт байгаа байрыг авах шаардлага байхгүй. Хүү нь сургууль соёлоо төгсөөд Сүхбаатар аймагт очоод ажил төрөлд орохоор бол өөр хэрэг, одоо бол тийм боломж байхгүй. Нэхэмжлэгч маань хүнд өвчтэй, байнгын эмчийн хяналтад байдаг учраас Улаанбаатар хотод эмнэлэг болон эмчийнхээ дэргэд байх шаардлагатай учир Улаанбаатар хотод амьдрахаас өөр ямар ч боломжгүй нөхцөлүүд бас байгаа. Хувийн амьдралынх нь талаар хэлэх нь зүйд нийцнэ гэж бодож байна. Нэхэмжлэлийнхээ бүхий л шаардлагуудын дэмжиж, хангагдах үндэслэлүүдийг тайлбарлалаа гэж үзэж байна гэв.

Хариуцагч Б.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэмж тогтоолгох, Сүхбаатар аймаг дахь Ү1213084218 дугаартай байр Б.Мөнхбаярын нэр дээр байгаа учраас тодорхой хувийг авна. Уг байр нь бидний хамтын өмч гэсэн байсан. Дээрх байр нь манай аав, ээжийн голомт гэдгийг баримтжуулж өгсөн. 1986 оноос хойш манай гэр бүл хамт амьдарч байсан. Тухайн үедээ 7 дугаар байр, 52 тоот байсан. Багш нарын байр гэж нэрлэдэг. 1998 онд хувьчлалаар аав, ээж хоёрт маань өгсөн. Миний 2 том ах нар маань тусдаа гарсан байсан. Би аав, ээжээсээ тавуулаа. 2019 оны 02 дугаар сард ээж маань бурхан болоод бичиг баримтыг хөөцөлдсөн. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг аваагүй хувьчилсан ногоон дэвтрээр явж байсныг хасалтыг хийлгээд үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж авъя гэсэн хүсэлтийг Сүхбаатар аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 1986 оноос одоог хүртэл Л.Бадарч гэдэг хүн амьдарч байсан гэдгийг нотлоод, энэ байр нь хувьчлалаар гарсан тул үл хөдлөхийн гэрчилгээг гаргуул гэсэн шийдвэр гарсан байгаа. Ээж маань нас барсан учраас ганцаараа байх хэцүү учраас ах, дүү нарынхаар яваад байгаа. Өдөртөө байрандаа очиж байдаг. Өвөл болж байгаа учраас байрандаа амьдарна. Энэ байрыг авна гэдэг сэтгэлгээ яаж төрж байдаг вэ? хамтын өмч гэдэг нь иргэний хуулиар хамтарч амьдарсан хугацаанаас хойшх бий болгосон хөрөнгийг хамтын өмч гэдэг.

... Д.Оюунбилэг нь үндсэндээ 3 удаагаа салах өргөдөл өгсөн. Тайлбар дээрээ Б.Мөнхбаяр 2000 оноос хойш намайг архи уусан, амьдралын төлөө огт яваагүй, амьдралыг өөрөө босгосон мэтээр ярьж байна. Дорноговь аймаг дахь нэг өрөө байрыг аав, ээж маань тусдаа голомт болгож гаргаад байрыг ав гэж 2 400 000 төгрөгөөр өгөөд байр авсан. 2003 онд Д.Оюунбилэг сургуулиа төгссөн. Эмчийн мэргэжлээр нь цаашид суралцуулах гэж Дорноговь аймагт амьдрахаар шийдсэн. Аав, ээжээсээ 2 400 000 төгрөг аваад 1 600 000 төгрөгөөр Офицерийн 1-55 тоотод байр авсан. Үлдсэн 800 000 төгрөгөөр нь Эрээн хот руу явж мод авчирч ширээ сандал гээд бүх тавилгаа хийж, засвар хийж амьдарсан байгаа. Д.Оюунбилэг маань дөнгөж төгсөж ирсэн. Тэгээд 2006 онд салаад явсан. 2003 оноос магистрт сурсан. Тэрнийхээ дагуу дадлага хийж байна гээд ирэн очин байж байгаад 2006 онд салаад жил гаран болоод буцаж ирсэн. 2007 оны 4 дүгээр сар билүү, 5 дугаар сард ирсэн. Энэ нотлох баримт нь охины маань хувийн хэрэг дээр байгаа. Гэр бүлийн маргааныг талаар өмгөөлөгч хийж байгаа М.Хувцагаан эгч биднийг яаж амьдарч байсныг мэднэ. 2007 онд ирэхэд нь баярласан. Амьдралаа дээшлүүлэх гэж нэг өрөө байраа 6 500 000 төгрөгөөр зараад банкнаас 8 000 000 төгрөгийн зээлийг 10 жилийн хугацаатай авч байсан. 2007 онд авсан зээлийг 2016 он хүртэл төлж явсан. Б.Мөнхбаярын 5360196029 ХААН банкны гүйлгээ байгаа. Энэ нь юуг харуулах вэ? гэхээр Б.Мөнхбаяр нь амьдралаа бодохгүй, архи уугаад яваад байгаагүй, аль болох амьдралаа босгох, сайн сайхан амьдрахын төлөө байрны зээлийг 10 жил төлж явсан. 2008 онд Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан. Шинэ байранд орсон учраас тавилга маань жижигдээд янз бүр болсон учраас Худалдаа хөгжлийн банкнаас 7 000 000 төгрөгийн зээл авсан. 2008 онд Б.Мөнхбаярыг гэдэг айл ямар ч айлаас дутахааргүйгээр амьдарч байсан. Зээлүүдийг бүгдийг төлсөн. Б.Мөнхбаяр гэдэг хүнийг муу хүн болгох гэж хичээж байна. Буруу зүйл хийгээгүй учраас өөрийгөө л өмгөөлнө. Буруугаа нуух гэж өмгөөлөгч авах ёс зүй надад байхгүй учраас өмгөөлөгчгүй оролцож байгаа.

... Хамтын өмчлөлөөс өөрийнхөө эд хөрөнгийг авъя гэж байна. Бүх зүйлүүдийг аваад явсан. Надад үлдсэн нь банкны өр л байна. Гэрт байсан бүх зүйлээ бүгдийг нь өгсөн. Хамгийн сүүлд 2018 онд 07 дугаар сард ирсэн. Гэтэл өөрөө санаатай ирсэн байсан. Би нийлэх юм бол уу гэж бодсон. Гэтэл Б.Мөнхбаяраар ямар нэгэн буруу үйлдэл хийлгэх, хэрүүл хийж байгаад гар хүргэх зорилготой ирсэн. Хөргөгч авна гэхээр нь өгсөн, хөлдөөгч авна гэхээр нь өгсөн. Гэрт байсан бүх зүйлийг нэг нэгээр нь өгсөн. Чи намайг цохичих гэх мэт үгнүүдийг хэлж байсан. Би чимээгүй байж байгаад явуулсан. Үлдсэн хувцсыг шатаачихаарай гэхээр нь үр хүүхэд, амьд байгаа хүний хувцсыг шатаахгүй гээд явуулсан. Одоо дундын хамтын өмчлөлийн эд хөрөнгө байхгүй.

... Б.Мөнхбаяр ажилгүй байгаагүй. Төрд ажиллаагүй ч өөрийнхөө хувийн компаниар дамжуулж амьдралаа авч явж байсан. 2017 оны 09 дүгээр сард салаад явсан. Үүнээс хойш 10 дугаар сард охин утасдаад ээж цус алдаад эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн учраас би өдөртөө хот руу очсон. Өглөө нь эмнэлэг авахгүй, очер ихтэй байна гэсэн. Хувийн эмнэлэгт хэвтээд дусал хийлгэсэн. Би 2 найзыгаа дуудаад манай найз сайд нарын 2 дугаар эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд ходоод тайруулах хагалгаа хийхэд маш их зардал гарсан. Ходоодны шархыг тогтоох, ходоодыг хоослох гэх мэт 7 хоног уургаар судсаар хооллож байсан. Б.Мөнхбаяр бүх зүйл дээр нь хамт байсан. Өмгөөлөгч М.Хувцагаан эгч хамт байсан. Сэхээнд 3 хоноход асрагч сахидаг. Гэхдээ Б.Мөнхбаяр гадаа нь байсан. Шөнө эм тариа дутуу гэхээр нь авч өгсөн. 2017 оны 12 дугаар сард хот руу хамт амьдрах гээд очсон. Намайг очихоор гараад явчихдаг. Хүүхдүүд рүү залгаад аав нь явсан уу? аавыг нь явахаар очно гэдэг байсан. Үүнээс үүдэн хүүхдүүд аав хурдан яваасай гэж бодож байгаа байх гэсэн бодол надад төрсөн учраас 2-3 удаа очоод сүүлдээ хөндийрч эхэлсэн. Хөндийрөх ажиллагааг нэхэмжлэгч өөрөө хийсэн. 2017 онд явахдаа хүүхдийн тархи угаагаад хоёр хүүхэдтэй тохирсон байсан. Хүүгээ өглөө хоёулаа машинтайгаа явъя гэхэд өдөр 2 цагт ээж ирээрэй гэсэн дугуйтайгаа явна гэсэн яах гэж байгаа юм бэ? гэхэд ээж 2 цагт дуудахаар ирээрэй гэсэн гэж надад хэлсэн. Би 2016 онд явсан шигээ явах гэж байна гэж бодоод ирсэн. Тэгсэн охин маань дүүгийнхээ хувцсыг ялгаад байж байсан. Би яах гэж байгаа юм бэ гэхэд дүүгийн өвөл, зуны хувцсыг ялгаж байна гэсэн. Тэгсэн 2 цагт хүү маань аав, ээж дуудаж байна гээд явсан. Би тэмцээн шүүж байсан учраас араас ирсэн. Гэтэл машин зогсоогоод хамаг юмаа ачаад байж байсан. Би очих юм бол хэрүүл болно гэж бодсон, нэгэнт сэтгэл нь явсан хүнийг гээд хараад зогссон. Намайг ороход хамаг зүйлээ ачаад явсан байсан. Ийм байдалтай 2017 онд салж явсан. Үүнээс хойш 2-3 удаа очсон. Мөн эмчилгээнд 4 сая гаран төгрөг гарсан. Эрүүл мэндийн даатгалаар 1 сая төгрөгийг буцаагаад авсан. 2017 онд 2 400 000 төгрөг өгөөд өөр зүйл өгөөгүй гэсэн байсан. Гэтэл Б.Мөнхбаяр нь 3 500 000, 3 000 000, 1 500 000 төгрөг гэх мэтийг охины данс болон Д.Оюунбилэгийн данс руу өгч байсан. Шилжүүлсэн баримтаа өгсөн байгаа. Тэгэхээр огт мөнгө өгөөгүй гэдэг нь худлаа. 100 000 төгрөг, 200 000 төгрөг өгөх асуудал зөндөө л байдаг. Миний хүү өвөөгийнхөө голомтыг самрах гээд миний аав намайг хардаггүй гэж яриулж байгаа нь харамсалтай. Ах дүү нарын маань хүүхдүүдэд өвөө чинь гудманд гарсан гэх нь сайхан санагдахгүй л байх. Миний бие 2017 оноос хойш тухайн байранд байгаагүй. Эрдэнэ суманд оюутны дотуур байранд амьдарч байсан. 2017-2019 онуудад хүүхдүүдийнхээ өвлийнх нь идшийг өгч байсан. Хүүхдээр худлаа мэдүүлэг өгсөн байсан. Б.Мөнхбаярын 20 жил амьдарсан амьдралыг хоосон болгосон. Ирээдүйд мөнгө олох юм бол тэр мөнгийг авна гэж дайраад байгаа юм уу гэж ойлгоод байна. Эсхүл эцгийн чинь голомтыг булааж авна гээд байгаа юм уу? ийм 2 л талтай юм яриад байгаа. Би өгөх зүйлээ бүгдийг өгсөн. Тиймээс нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Isuzu troper СҮЭ 35-79 улсын дугаартай машины ногдох хэсгийг гаргуулж авах гэсэн нэхэмжлэлээсээ өөрөө татгалзсан бөгөөд надад ийм улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй. Одоо надад банкны өр зээл, биеэр гүйх цуснаас өөр өгөх зүйл алга тул нэхэмжилж буй мөнгийг өгөх ямар ч боломжгүй болно. 55 000 000 төгрөг гэдэг чинь төрийн албан хаагч бүх насаараа ч хуримтлуулаад олж чадахгүй тоо байна. Үхтэл үр харам гэж хүү М.Дөлгөөн-Одод хуульд заасны дагуу тэтгэлэг төлж, эцэг хүний үүргээ биелүүлэх болно гэв.

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунбилэг нь хариуцагч Б.Мөнхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс хүү, охин болон өөрт ногдох хэсгийг гаргуулах,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дундын хөрөнгөөс охин М.Дөлгөөнзаяад оногдох хэсгээсээ татгалзаж, 37 500 000 төгрөг дээр 17 500 000 төгрөгийг нэмж, нийт 55 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлснийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс ... ганц хүүгээ орон байртай болгох зайлшгүй шаардлагатай байгаа учраас хотод 2 өрөө байр байрлалаасаа шалтгаалаад худалдан авч, өгч байгаа ханш нь одоогийн байдлаар 110 000 000-130 000 000 төгрөгний ханштай, дунджаар 2 өрөө байрны үнийг эцэг, эх бид хоёр 50%, 50%-иар гаргах шаардагатай учраас 37 500 000 төгрөг дээр 17 500 000 төгрөгийг нэмж нийт 55 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн гэж тодорхойлсон болно.

1.    Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Оюунбилэг, хариуцагч Б.Мөнхбаяр нар 1999 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 1999 оны 08 дугаар сарын 29-ний өдөр охин М.Дөлгөөнзаяа, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү М.Дөлгөөн-Од нар төрсөн болох нь зохигчийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, М.Дөлгөөнзаяа, М.Дөлгөөн-Од нарын төрсний гэрчилгээний хуулбар, Энхтитэм ӨЭМТ-ийн тодорхойлолт, Нийслэлийн тэргүүний 15 дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, хүүхэд асуусан тэмдэглэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч талууд эргэн эвлэрэх боломжгүй болсон учир эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон талаарх Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 147/ЭТ2017/00071 дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл хэрэгт авагджээ.

Тэдний хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, 2017 оноос хойш тусдаа байгаа, хариуцагч нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон асрамж дээр маргаагүй бөгөөд хүүхдийн өсөж бойжих орчин, эх, эцгийн анхаарал халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн санал зэргийг харгалзан 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү М.Дөлгөөн-Одыг эх Д.Оюунбилэгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Б.Мөнхбаяраас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр сар бүр гаргуулах үндэслэлтэй байна.

Хэдийгээр зохигч гэрлэлтээ цуцлуулсан боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг Б.Мөнхбаяр энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх Д.Оюунбилэг саад учруулахгүй байх үүрэгтэй.

Иймд, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. 55 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгчээс ...Сүхбаатар аймгийн 7 дугаар баг, Жаргалант Тауны 104 дүгээр байрны 7 тоот орон сууц нь эцэг Л.Бадарч болон ээж, дүүгийнх нь өмч байсан нь үнэн, гэхдээ тэр байран дээр нэхэмжлэл гаргаж байгаа шалтгаан нь тэр байрыг авах байдлаар хандаагүй, гол нь хүүхдээ орон сууцтай болгох эцэг, эхийнхээ үүргийг гүйцэтгэж 50, 50 хувиар байрны мөнгийг төлье гэж 55 000 000 төгрөг нэхэмжилсэн болохоос байрыг зарж, үрэгдүүлье гэж хандаагүй, өнгөрсөн хугацаанд байр түрээслэхдээ 24 200 000 төгрөг төлсөн, мөн ашиглалтын зардал, хоол унд, автобус унааны мөнгө, миний эмчилгээний зардал, сургалтын төлбөр энэ бүгдийг 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай эмэгтэй яаж олж байсан гэж бодож байна. Надад тийм амар байгаагүй, нөгөө талаараа амьд мэнд байгаа дээрээ гал голомт залгах хүүдээ 50, 50 хувийг гаргаад байртай болгож өгье гэж бодсон, би ийм л зорилготой байсан. Аавынх нь голомтыг самрах, эмээ, өвөөгийнх нь нэр хүндийг унагах зүйл огт хийж байгаагүй ... гэж,

Түүний өмгөөлөгчөөс ... Сүхбаатар аймагт байгаа орон сууцыг 2019 онд хувьчилж өмчлөлдөө авсан байдаг, ... Улаанбаатар хотод өнөөдрийн авсан орон сууцны байршлаар нь авсан энэ мэдээллээр шинэ байрны 1 м2 нь байрлал, дүүргээсээ хамаараад 2021 оны 6 дугаар сард Баянгол дүүрэгт 2 398 000 төгрөг, Баянзүрх дүүрэгт 2 452 000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 2 063 000 төгрөг, Сүхбаатар дүүрэгт 3 989 000 төгрөг, Хан-Уул дүүрэгт 3 442 000 төгрөг, Чингэлтэй дүүрэгт 3 329 000 төгрөг, алслагдмал хороололд 1 300 000 төгрөгийн ханштай байна. Тэгэхээр Улаанбаатарын төвд юм уу, онцгой байрлалтай, өндөр үнэтэй байр авъя гэж хэлээгүй, дунд зэргийн хуучин байрыг авахад м2 нь 1 300 000 төгрөгийн үнэтэй байгаа гэж бодоод 2 өрөө байр авъя, 110 000 000-130 000 000 төгрөгийн үнэ ханштай байна. Тийм учраас хүүд ногдох 50%-ыг эцгээс нь гаргуулъя гэж нэхэмжилсэн, түүнээс бол эцгийн гал голомтыг авъя гэсэн санаа ерөөсөө байхгүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхдийг орон байраар хангана, мөн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан үзнэ, эцэг, эх хоёр адил тэгш үүргээ биелүүлэх ёстой ... гэж шүүх хуралдаанд тус тус тайлбарлана.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж,

Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно хэмээн тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй боловч тэжээн тэтгүүлэгч нь хүнд нөхцөлд байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд ногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсон, орон сууц худалдан авах гэж байгаа болон худалдан авсан талаарх баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргээ биелүүлээгүй.

Түүнчлэн тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед гарсан зардлыг хариуцуулахаар заасан байх тул ирээдүйд гарах зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Хариуцагчаас ... Сүхбаатар аймгийн 7 дугаар баг, Жаргалант Тауны 104 дүгээр байрны 7 тоот орон сууц нь миний аав Л.Бадарч, ээж Ш.Жавзмаа нарын насаараа улсад ажилласан хөдөлмөрийг нь үнэлж улсаас өмчилж өгсөн орон сууц бөгөөд 7 хүн 1986 оноос хойш одоог хүртэл амьдарч, бид бүгдийн өсөж, хүмүүжсэн аавын минь голомт ... гэж маргана.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сүхбаатар аймгийн 7 дугаар баг, Жаргалант Тауны 104 дүгээр байрны 7 тоот орон сууцны өмчлөгч нь Л.Бадарч, Б.Мөнхбаяр болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 147/ШШ2019/00132 дугаар шийдвэр, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал, уг орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 723 600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхбаяраас нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 478 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Оюунбилэгт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 35 дугаар зүйлийн 35.1, 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д зааснаар Боржигон овогт Бадарчийн Мөнхбаяр /РД:*************/, Сайнхүү овогт Дуламсүрэнгийн Оюунбилэг /РД:************/ нарын гэрлэлтийг цуцалж, үлдэх 55 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү М.Дөлгөөн-Одыг эх Д.Оюунбилэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү М.Дөлгөөн-Одыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Мөнхбаяраар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг Б.Мөнхбаяр энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх Д.Оюунбилэг саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бат-Оргилд даалгасугай.

7. Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 723 600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхбаяраас нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 478 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Оюунбилэгт олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан хариуцагч Б.Мөнхбаяр, хамтран өмчлөгч Л.Бадарч нарын өмчлөлийн Сүхбаатар аймгийн 7 дугаар баг, Жаргалант Тауны 104 дүгээр байрны 7 тоот орон сууцыг нэхэмжлэлийн үнийн дүн болох 37 500 000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн арга хэмжээ дуусгавар болохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА