Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 134/ШШ2021/00139

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У.М

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Н, хариуцагч У.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

************ бид хоёр нь 2013-2017 оны хагас хүртэл нэг гэрт хамтран амьдарсан. 2017 оны сүүлийн хагасаас 2019 оныг хүртэл Улаанбаатар хотод ажил хийх болж ирэн очин хамтран амьдарсан. Энэ хугацаанд том охин******* 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, дунд охин******* 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, бага охин******* 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн болно. Өнгөрсөн хугацаанд 3 хүүхдэд тэтгэмж болгож мөнгө төлөөгүй болно. Ийм учраас хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч У.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр анх Говьсүмбэр аймагт танилцаад гэр бүл болж байсан. Хамтран амьдрах боломжгүй болсон учир салсан. Өөр ярьж хэлэх зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Н нь хариуцагч У.М холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.Н, хариуцагч У.М нар хайр сэтгэлийн холбоотой байх хугацаанд тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин*******, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин*******, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин******* нар төрсөн болох нь 1-3/000659, 1-3/000658, 1-3/000660 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанууд, Энхтусдэм ӨЭМТ-ийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолтууд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Зохигч нар хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн өсөж бойжих орчин, эх, эцгийн анхаарал, халамж, ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин*******, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин*******, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин******* нарыг эх Р.Н-ИЙН асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг******* энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх саад учруулахгүй байх үүрэгтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээдэг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 248 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.М-ЭЭС улсын тэмдэгтийн хураамж 103 248 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Н-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин*******, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин*******, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин******* нарыг эх ***********ийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин*******, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин*******, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг У.М-ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг******* энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Р.Н мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 248 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 103 248 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Н-Э олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА