Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 134/ШШ2021/00143

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1982 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, УБТЗ-ын Замын 3 дугаар ангийн 4 дүгээр хэсэгт замчин ажилтай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Замчны 2 дугаар байрны ****** тоотод оршин суух, *********** /РД:********1, утас:**********/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1981 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, УБТЗ-ын Замын 3 дугаар ангийн 4 дүгээр хэсэгт замчин ажилтай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Замчины 2 дугаар байрны ********* тоотод оршин суух, ********** /РД:**********, утас:************/-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэрлэгчдийн дундын эд хөрөнгөөс 41 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч С.Ганбат, хариуцагч*******, нарийн бичгийн дарга Б.Хантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэрлэгчдийн дундын эд хөрөнгөөс 41 250 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* бид хоёр 2003 онд танилцаж улмаар 2004 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж нэг гэрт орсон. Би тухайн үедээ өөрийн хоёр ихэр хүү Төрболд, Амарболд хоёрыг дагуулж ирж байсан. Бид хоёр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 25-р зөрлөгийн төмөр замын албан хаагчдийн байранд амьдралаа эхлүүлсэн. Түүнээс хойш Говьсүмбэр аймагт шилжиж ирж Дэлхийн зөн олон улсын байгууллагаас гэр өгч түүнд амьдарч байгаад дахин гэр худалдан авч гэр хорооололд амьдардаг байсан. 2017 оноос ипотекийн зээлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг Замчны 15 тоот 3 өрөө байрыг худалдан авч одоог хүртэл амьдарч байна. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулж амьдарснаас хойш 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Э.Энхжаргал, 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Э.Чинболд нар төрсөн /2013 онд хүүгийн нэрийг сольсон одоо Э.Ганчөдөр нэртэй/. Хамт амьдарснаас хойш удаагүй******* байнга хэл амаар доромжлох, гар хүрч зодох зэргээр дээрэлхэх болсон. Гэвч би хоёр ихэр хүүг маань хүлээн зөвшөөрч аав нь болж гэр бүл болсон, мөн түүнээс охин, хүүтэй болсон учир өдийг хүртэл тэвчиж ирсэн. Хэл амаар доромжлох, гар хүрэх, 2 ихэр хүүтэй маань таарамжгүй харьцаж ад үзэх зэрэг асуудал байнга гаргах болсон. Энэ байдал нь давтагдаж 2020 онд арга буюу хуулийн байгууллагад хандсанаар шүүхээр хэрэг маргаан шийдэгдэж байсан. Тухайн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй, хэл амаар доромжлохгүй, зодож гар хүрэх асуудал огт байхгүй, дахиж ийм асуудал гаргахгүй гэр бүл үр хүүхдийнхээ төлөө хичээх болно гэж байсан боловч удалгүй нөгөө л бахь байдгаараа өөрчлөгдөөгүй. Хэл амаар доромжлох, гар хүрч зодсоор байна.******* өөрийн зугаа цэнгэл хөөцөлдөж үр хүүхдээ хайхрахгүй ямар ч халамж анхаарал байхгүй. Цалин хөлсөө үр хүүхдэдээ зарцуулахгүй авсан цалингаа өөрөө захиран зарцуулж, зөвхөн орон сууцны ипотекийн зээл төлж, би өөрийн цалингаа үр хүүхдэдээ зориулж хоолгүй хонуулахгүй, мөр бүтэн явуулахын тулд хичээж явна. Иймээс байнгын айдас түгшүүр, гэр бүлийн хүчирхийлэл дунд удаан тэсч тэвчих аргагүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Миний хүүхдүүд бие болон сэтгэлийн айдас түгшүүргүй тайван амьдраасай гэж хүсч байна. Иймд******* бид хоёр зан харьцаа таарахгүй, цаашид хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтийг албан ёсоор цуцалж өгнө үү. Охин Э.Энхжаргал, хүү Э.Ганчөдөр нарт хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Дундын эд хөрөнгө болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Замчны 15 тоот 68.35 мв 55 000 000 төгрөгийн орон сууцнаас өөрт болон хоёр хүүхдэд оногдох хэсэг болох 41 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох мөн дундын эд хөрөнгийг хуваах, гэрлэлтээ цуцлуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Яагаад ийм нэхэмжлэлүүдийг гаргасан бэ? гэхээр, энэ хүн архи уухаараа агсам согтуу тавьж, бид нарыг гэрээсээ хөөгөөд байдаг. Өөрөө ерөөсөө засаръя гэж боддоггүй. Үр хүүхдүүд нь таталт өгөөд унаж байсан ч ерөөсөө тоодоггүй, хүүхдүүддээ тусалдаггүй. Би хүүхдээ өөрөө ганцаараа зүтгэж байгаад сургуулийг нь төгсгөсөн. Би шантарч байна, үнэхээр энэ хүнээс салмаар байна. Энэ хүн шүүх дээр ирэхээрээ цэцэн сайхан үгтэй хүн болчихдог. Бид нарт нэг ч удаа тусалж байгаагүй. Би энэ хүнээс салж, хүүхдүүдээ тайван амьдруулмаар байна, би өөрөө ч яахав. Согтохоороо арслан бар шиг болоод бүгдийг нь гэрээсээ хөөдөг. Манай хоёр хүүхэд унадаг өвчтэй. Хоёр хүүхдээ зүгээр болгох гэж бариач айлд очдог. Тэр хүний буянаар би өдийг хүртэл явж байгаа. Тэрийг ерөөсөө энэ хүн ойлгодоггүй. Хоёр ихэр хүүхэд маань өмнөхөө бодвол арай дээр болж байгаа. Ажил хийж, сургуулиа төгсөх тийм чадваргүй байсан. Эмнэлэг оношийг нь тогтоож чаддаггүй. Саяхан хувийн эмнэлэгт очиж үзүүлэхэд оношийг нь олж чадаагүй. Эмнэлгийн байгууллагаас уух эм бичиж өгсөн. Тэр эмийг нь сар уухад 350 000 төгрөг болно гэсэн. Хүүхдүүд нь хүртэл та хэзээ салах юм бэ? гэж надаас асуудаг. Би цалингаа өөрөө авч үзээгүй, энэ хүн бүгдийг зохицуулдаг байсан. Саяхнаас анх удаа цалингаа өөрөө авч үзсэн. Би өөрийнхөө цалинг авсны эцэст хоёр ихэр хүүхдээ эмчлүүлж унаж татах нь багассан. Энэ мөнгийг гаргуулчихвал хэдэн хүүхдүүдтэйгээ тухтай амьдаръя гэж бодож байгаа гэв.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие******* гэр бүл салалтыг болон дундын эд хөрөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Байр банкны барьцаанд байгаа, зээлээ өөрийн цалингаас би сар бүр төлдөг. Банкны төлөлт 2033 онд дуусгавар болох ба гэр бүл, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ цуг амьдармаар байгаа тул гэр бүлээ цуцлуулмааргүй байна. Хүүхдийн тэтгэлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 41 000 000 төгрөгийг гаргаж өгөх ямар ч боломжгүй. Би нэхэмжлэгч талд ямар нэгэн байдлаар дүүгийнхээ байрыг барьцаанд тавьж байгаад 15 000 000 төгрөг гаргаж өгье гэсэн саналыг тавьсан боловч хүлээж аваагүй. Хэрвээ 40 000 000 төгрөгийг авъя гэж байгаа бол байрны зээл 2033 онд дуусна тэр үед байраа зарж байгаад энэ мөнгийг нь өгч болно. Би яаж хийж байгаад хоёр гурван удаа хувааж байгаад 15 000 000 төгрөг өгье гэсэн. Ямар ч хүн тэр их мөнгийг шууд бэлэн гаргаад өгч чадахгүй шүү дээ. Гэхдээ би энэ байрныхаа зээлийг өөрөө төлөөд явна. Дараа нь миний хоёр хүүхдэд хэрэгтэй. Энэ хүний зорилго нь намайг тэр байрнаас хөөж гаргачихаад, тэр байрыг авах сонирхолтой хүн. Энэ хүн өөрөө ямар нэгэн шийдвэр гаргаж чаддаггүй, хүний ятгалгаар ийм шийдвэрүүд гаргадаг. Би уг нь салмааргүй байна. Салах сонирхол надад байхгүй. Гэрээсээ хөөсөн зүйл байхгүй, хүүхдүүд үгэнд орохгүй шөнө орой болсон хойгуур гадуур яваад байхаар нь загнаад гэрээс яв гэж хэлдэг. Тэрнээс биш гэрээсээ хөөж ад үзсэн зүйл байхгүй. ******* ажлаасаа тараад гэртээ ерөөсөө ирдэггүй, аавындаа юм уу эсхүл өөр айлд очоод суучихдаг. Саллаа гэхэд хүүхдүүдээ өөр дээрээ байлгаад, тэтгэмжийг нь төлмөөр байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг үед би гүтгэлгээр шийтгүүлсэн. Хоёр ихрийн нэг нь хүүхдүүд дагаад хот руу яваад өгчихсөн, тэгсэн чинь намайг хүүхдүүдээ зодож явуулсан гэх зүйл яриад байгаа. Энэ хүн худлаа яриад байна. Мөн энэ хүн ерөөсөө эмнэлэг рүү очдоггүй. Эмнэлэг юугаа мэддэг юм, Э.Энхжаргал зүгээр болгоно гээд тэр айлаас салдаггүй. Өдөржин шөнөжин тэр айлд суучихдаг. Би тэр айлд нь очоод агсам тавьж л байсан. Тэр хүнд бүр толгойгоо угаалгачихсан. Миний буруу байгаа, би архи уусан үедээ уурладаг, агсам согтуу тавьдаг. Гэхдээ энэ хоёр ихэр хүүхэд хар багаас нь миний хүмүүжүүлснээр сайхан л явж байна. Би хүүхдүүдээ хүний дайтай яваг, буруу замаар явчихвий гэж гар хүрч байсан болохоос биш, өөр санаагаар хүүхдүүддээ гар хүрч байсан удаа байхгүй. Би бол хоёр хүүхдээ өөр дээрээ байлгамаар байна. Манай бага хүү би аавтайгаа байна гээд одоо хүртэл гэртээ байгаа. Том охин маань миний утсыг авахаа байсан. Энэ хүн сална гэсэн шийдвэр гаргаад байгаа болохоос биш хүүхдүүд өөрсдөө гэртээ байж болно. Бид хоёр салснаас хүүхдүүд ямар салж байгаа биш хүүхдүүд гэртээ байж болно. Тэртээ тэргүй энэ хүүхдүүд чинь миний хүүхдүүд гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэрлэгчдийн дундын эд хөрөнгөөс 41 250 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар нь 2003 онд танилцаж, 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн байх ба хамтын амьдралын хугацаанд 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Э.Энхжаргал, 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Э.Ганчөдөр нарыг төрүүлсэн нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Нийгмийн ажилтан А.Эрдэнэсувдын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 194 дугаартай ...******* нь ам бүл-6, нөхөр хүүхдүүдийн хамт Замчины хотхон 15 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер Ц.Авирмэдийн ....9а ангид*******, .....8а ангид******* нар суралцдаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт, охин Э.Энхжаргал, хүү Э.Ганчөдөр нарын төрсний бүртгэлийн лавлагаа болон гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Мөн ******* нь гэр бүл болохоосоо өмнө 2001 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 ихэр хүү болох*******,нарыг төрүүлсэн байсан бөгөөд*******тэй гэр бүл болсноор Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар дагавар хүүхдүүд болон хойт эцэг нарын хооронд эцэг, хүүхдийн эрх, үүрэг үүссэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Т.Энхтөрийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл-ээр өргөдөл гаргагч ******* нь эвлэрэх бодол байхгүй тул ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан үндэслэлээр дуусгавар болгожээ.

Хариуцагч******* нь гэрлэлтээ цуцлуулахгүй гэсэн тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоос харахад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдсон, эрүүгийн хэрэгт ял шийтгүүлснээс хойш энэ байдал давтагдаж байгаа талаар нэхэмжлэгч тайлбарласан.

Иймд, хариуцагч******* нь архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нь өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй гэж үзээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хүүхийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй боловч шүүх насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэнэ.*******,нар нь насанд хүрсэн байх бөгөөд Э.Энхжаргал, Э.Ганчөдөр нарын хувьд насны байдал, эцэг, эхийн хайр халамж, ёс суртахууны болон хүчирхийлэл үйлддэг байдал, хүүхдүүдийн өөрсдийнх нь санал зэрэг нөхцөл байдлыг харгалзан эх *******ын асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

Хэдийгээр шүүхээс хүүхдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд нь хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулахгүйгээр шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж тайлбарласныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан,тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2021 онд Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 207 400 төгрөг/ хүүхэд тус бүрт тэтгэлэг тогтоож, эцэг*******гээр хүү Э.Энхжаргал, Э.Ганчөдөр нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.

Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Мөн нэхэмжлэгч ******* нь гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон дундын өмч буюу орон сууцны үнээс 41 250 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, ...хөрөнгөөс бүрдэх бөгөөд мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, түүнчлэн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар ...гэрлэлт цуцалсны дараа дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний шаардлагаар хувааж болно.

Талууд гэрлэснээс хойш Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 2 дугаар байрны /Замчины/ 15 тоот 68,35 мкв 3 өрөө орон сууцыг 54 680 000 төгрөгөөр худалдан авч улсын бүртгэлд *******,******* нар нь өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь орон сууц захиалан бариулах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, талуудын маргаангүй тайлбар зэргээр тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-т зааснаар гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна.

Уг орон сууцыг худалдан авахад ХААН банкнаас 38 200 000 төгрөгийг зээлж, зээлийн үлдэгдэл төлбөр 32 682 105 төгрөг 66 мөнгө байгаа нь банкны зээлийн гэрээ болон зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас харагдана.

Нэхэмжлэгч нь орон сууцаа зах зээлийн үнэлгээгээр 55 000 000 төгрөгөөр үнэлж 2 хүүхэд болон өөрт оногдох 41 250 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагчийн, ...банкны зээл 20 жилийн хугацаатай, ******* хүний оронд ажилладаг учраас хэзээ ч ажилгүй болж магадгүй. Тиймээс би байрандаа үлдээд өөрөө зээлээ төлөөд дуусгана гэсэн тайлбарыг үндэслэн орон сууцыг хариуцагч*******гийн өмчлөлд үлдээж, орон сууцны үнээс банкны зээлийн үлдэгдлийн *******т ногдох хэсгийг хасч /32682106:2=16341053/, хариуцагч*******гээс 24 908 947 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олголоо. /41250000-16341053=2408947/

Өөрөөр хэлбэл, өр буюу орон сууц худалдан авах зорилгоор авсан банкны зээл нь эд хөрөнгийн эрх зүйн үр дагавартай тул гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах бөгөөд энэ утгаараа бодит эд хөрөнгийн нэгэн адил өр хуваагдах учиртай.

Мөн гэрлэлт цуцалсны дараа гэрлэгчдийн хөрөнгийг хуваахад хүүхдэд адил тэнцүү хуваарилах хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, гэр бүлийн дундын өмчлөл зөвхөн гэрлэлтийн үндсэн дээр үүсдэг ба Иргэний хуулийн 125 дугаар зүйлд зааснаар гэрлэгчдийн хөрөнгө, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгө хоёр ялгаатай ойлголт юм.

Тухайлбал, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 4 үндэслэлээр гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хэсгийг тогтооход гэр бүлийн нийт гишүүдэд адил тэнцүү хувааж тооцох шаардлагатай бол 129.3-т заасан үндэслэлээр шүүх өөрөөр тогтоож болдог.

Дээрх зохицуулалтаар тухайн орон сууц эхнэр, нөхөр хоёрт адил тэнцүү ногдох боловч насанд хүрээгүй хоёр хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээсэн учир хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан үзэж, шүүхээс нэхэмжлэгчид ногдох хэсгийг нэмэгдүүлэн тодорхойлсон болно.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 612 692 төгрөгнөөс илүү төлсөн 68 750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож, үлдэх 543 942 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэхүүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж буюу гэрлэлт цуцлуулах шаардлагад 70 200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгт 109 542 төгрөг, эд хөрөнгийн үнэ гаргуулах шаардлагад 282 495 төгрөг нийт 462 237 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-т зааснаар Хэрээд овогт*******, Өөлд овогт******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар охин Хэрээд овогт*******, Хэрээд овогт******* нарыг эх *******ын асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү*******, 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин******* нарыг тус бүр 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн тэднийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг*******гээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар гэрлэгчдийн хөрөнгө болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 2 дугаар байрны /Замчины/ 15 тоот 68,35 мкв 3 өрөө орон сууцны үнээс буюу хариуцагч*******гээс 24 908 947 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, уг орон сууцыг*******гийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэлээс 16 341 053 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 612 692 төгрөгнөөс илүү төлсөн 68 750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож, үлдэх 543 942 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 462 237 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх *******т даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Рэнцэндоржид даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ