Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/03442

 

 

 

 

 

 

2021 10 29

101/ШШ2021/03442

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Монгол даатгалын байр, 501-503 тоот хаягт оршин байрлах Рэс ХХК /регистрийн дугаар 5211964/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, Их монгол оффис, 304 тоот хаягт байрлах******* ХХК /регистрийн дугаар 5434114/-нд холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103,216,087.14 төгрөг, алданги 24,358,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбазар, О.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Манай компани 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр******* ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу авто зам барилгын материал болох хайрга, дайрга, битум, цемент, түлш нийлүүлсэн.

Бид нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ тооцоог 2021 оны 1 сарын 06-ны өдөр хийсэн бөгөөд нийт 103,216,087.14 төгрөгийг******* ХХК нь Рэс ХХК-нд төлөх үлдэгдэлтэй болсон.

Энэ төлбөрөө өгөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй. Манай зүгээс төлбөрийг барагдуулах талаар 3 удаагийн албан бичиг өгсөн. Бид гэрээний дагуу 2020 оны 9 сарын 13-нд бүтээгдэхүүнүүдээ нийлүүлж дууссан. Гэрээний дагуу төлбөрийг бүтээгдэхүүн нийлүүлээд дараа сарынхаа 5-ны өдрийн дотор тооцоо нийлж, 10-нд төлбөрөө төлөхөөр тохиролцсон хэдий ч харин бидний зүгээс хариуцагч талаас хамгийн сүүлд 2020 оны 11 сарын 25-ны өдөр төлбөр төлсөн өдрөөс хойш алдангийг тооцож нэхэмжилсан байгаа. Иймд алдангид 24,358,996.57 төгрөг нийт 127,575,083.71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Рэс ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай компанид холбогдуулан тус шүүхэд гэрээний төлбөрт 127,575,083.71 төгрөг буюу үндсэн төлбөр 103,216,087.14 төгрөг, алданги 24,358,996.57 төгрөгийн үнийн дүнтэй нэхэмжлэл гаргасан байна.

Манай компани нь Рэс ХХК-тай 2019 оноос хойш харилцан ажилласаар ирсэн. Гэвч корона вирус цар тахал гарч үйл ажиллагаа зогсож, мөн харилцагч байгууллагаас авах авлага хойшилсоор төлбөрийг нь төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Иймд дээрх төлбөртөө тооцон 2021 оны Чанган Эс Си6491ВВ6 маркын цагаан өнгийн 88-55УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг төлбөртөө шилжүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Шүүхэд гаргасан зохигчдын тайлбар болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Рэс ХХК нь хариуцагч******* ХХК-нд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрт 103,216,087 төгрөг, алдангид 24,358,996.57 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болон үндэслэл дээр маргаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан 2020 оны 9 сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ болон тооцоо нийлэх актыг үндэслэж гэрээний үүрэг, алдангид 127,575,083.71 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

Рэс ХХК болон******* ХХК нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэг талаас гэрээнд заагдсан бүтээгдэхүүн /дайрга/-ийг хүлээлгэн өгөх, нөгөө талаас үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 9-13 дугаар тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго зэргээс дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг зааснаар худалдагч тал нь гэрээний үүрэг буюу үнэ төлөх үүргээ биелүүлэхийг худалдан авагч талаас шаардах эрхтэй байна.

Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт үндсэн төлбөр 103,216,088 төгрөг, алдангид 24,358,996.57 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан 2020 оны 9 сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацааг хамарсан тооцоо нийлэх актаар хариуцагч******* ХХК нь Рэс ХХК-нд 103,216,088 төгрөгийн төлбөртэй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. /хх-ийн 14 дүгээр тал/

Мөн хариуцагчаас гэрээний үүрэгт төлөх төлбөрийн хэмжээ болон гэрээний дагуу шилжүүлсэн бүтээгдэхүүний чанар байдал дээр маргаагүй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103,216,088 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 2.1-т гэрээний тусгай нөхцөл гэж, гэрээний тусгай нөхцлийн 4.2-т нийлүүлсэн дайрганы төлбөрийг гүйцэтгэлээр төлөх ба дараа сарын 05-ны өдөрт багтаан тооцоо нийлж тухайн сарын 10-нд багтаан худалдагчийн ...3334 тоот дансанд тушаана гэж, 7-д хугацаандаа нийлүүлээгүй бараа, төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоногийн 0.1 хувийн алданги тооцно гэж тус тус харилцан тохиролцсон байна. /хх-ийн 11 дүгээр тал/

Иймд нэхэмжлэгч нь гэрээний тусгай нөхцлий дагуу алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагчаас алдангийн үнийн дүн болон хугацаан дээр маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримт болох гэрээний үүргийн биелэлт, гэрээгээр тохирсон төлбөр төлөх хугацаа, гүйцэтгээгүй үүргийн хэмжээ зэргийг харьцуулан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу анзын хэмжээг багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас алдангид 24,358,996 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутад товлосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 127,575,084 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Рэс ХХК-нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 795,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч******* ХХК-иас 795,825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Рэс ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА