Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 143/2021/00033/И |
Дугаар | 143/ШШ2021/00283 |
Огноо | 2021-09-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 143/ШШ2021/00283
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө Д С
Хариуцагч: Ж.Т
Хариуцагч: О.М
30 015 389 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн-төлөөлөгч Б.Э*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О*******, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.Т*******, О.М******* нар нь 2014 оны 11 сарын 12-ний өдөр 01 дугаартай гэрээ байгуулж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зориулалттай 26 000 000 төгрөгийн зээл авсан. Уг зээл нь 1 сарын 0.25 буюу жилийн 3 хувийн хүүтэй. Зээлийг олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар зээлийн гэрээнд тусгасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Ж.Т*******ын тоотод байрлах 500 м2 газрыг өмчлөх эрх, Э.А*******ын тоотод байрлах 1000 м2 газрыг өмчлөх эрхийг тус тус барьцаалсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч тал нийт 2 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 24 260 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 942 500 төгрөг, алданги 4 812 889 төгрөг, нийт үлдэгдэл төлбөр 30 015 389 төгрөг. Сум хөгжүүлэх сангийн зээл олгохтой холбоотой харилцааг Засгийн газрын 2016 оны 03 сарын 14-ны өдрийн 153 дугаартай Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-аар нарийвчлан зохицуулсан байдаг. Журмын 3.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн сумын Засаг дарга нь зээлдэгчтэй гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих болон бусад эрхийг хэрэгжүүлдэг. Сум хөгжүүлэх сан нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдсан. Зээлийн гэрээний хугацаа хэтрүүлэх нь сангийн хөрөнгөөс гадна тухайн сумын жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд зориулагдах хөрөнгийн эргэлтийг зогсоох муу үр дагавартай байдаг. Иймд хариуцагч нараас 30 015 389 төгрөг гаргуулж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх санд олгоно уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Т*******, О.М******* нартай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 01 зээлийн гэрээ байгуулж 26 000 000 төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөлд нь санхүүжилт болгон шилжүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 80, 81 дэх хуудсанд дэлгэрэнгүйг хавсаргасан байгаа. Хариуцагч Ж.Т******* зээлийн гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн. Жишээ нь: 2014 оны 12 сард 65 000, 2015 оны 1 сард 65 000, 2015 оны 3 сард 1 805 000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс хойш нэг ч удаа үүргээ гүйцэтгээгүй байдаг. Тиймээс нэхэмжлэлийг гаргасан байгаа. Үндсэн зээлийн үлдэгдэл 24 260 000, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 1 940 800 төгрөг, торгууль 3 814 589 нийтдээ 30 015 389 төгрөгийн хариуцагч нараас шаардаж байгаа. Аль алинаас нь гаргуулах сонирхолтой байна. Учир юу вэ? гэвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах болбол хэн нь төлбөрийн боломжтой байна тэр нь төлөөд явах үүднээс хамтран хариуцагчаар татсан. 2014 оноос хойш тухайн үеийн засаг дарга болон ажил хариуцаж байсан нягтлан, болон мэргэжилтнүүд нь олон удаа солигдсон байдаг. Өмнө ажиллаж байсан хүмүүсээс асуухаар эхний хагас жилд нь хяналт тавьж байсан, түүнээс хойш судалж үзсэн зүйл байхгүй. Бидний хариуцлагагүй үйлдэл байгаа гэдэг. Яагаад өнгөрсөн хугацаанд шүүхэд хандаагүй вэ гэхээр тухай үед хариуцаж байсан ажилтнууд утсаар ярьж явсан байдаг. Үүнийг нотлох баримтаар гаргаж өгөх хэрэгтэй байна гэж миний зүгээс удаа дараа шаардсан боловч яг нотлох баримт болгоод үзүүлэх зүйл үйлдээгүй гэдэг. А******* даргыг засаг дарга байхад буюу 2018 он, 2019 онд зээлийг шаардаж байсан албан тоот гаргаад хүргүүлээд явж байсан боловч яг тэр хүнээс гэсэн нэргүй албан тоот гаргасан байдаг. Тэгэхээр эдгээр хариуцагч нарт мэдэгдэж байсан нотлох баримт болгоод үзүүлэх зүйлгүй болоод байгаа. Улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө өгөөд, аймгийн төсвөөс бага хэмжээний хөрөнгө өгөөд тэндээсээ хүү бодож хүүгийн ашгаа үргэлжлүүлж явдаг сан байгаа. Энэ санг хариуцсан тусдаа орон тоо бүхий мэргэжилтэн байдаггүй. Засгийн газраас тогтоосон журмаар Засаг дарга нь сангаа удирдаж төлөөлөөд, Засаг даргын тамгын газарт ажиллаж байгаа нягтлан бодогч нь санхүүг нь хариуцаж, 1 өөр захиргааны ажилтан мэргэжилтнийг нь хийдэг юм билээ. Засаг дарга нь тушаал гаргаад цалин дээрээ нэмэлт урамшуулал өгөх байдлаар цалинжуулдаг. Бусдаар бол тусдаа хуулийн этгээд гээд гэрчилгээ өгөөд орон тоо батлаад явдаг байгууллага биш. Энэ сангаас олгосон зээл бол зах зээл дээр байх хамгийн хямдхан санхүүгийн хэрэгсэл байсан. Ийм хөнгөлөлттэй зээлээс энэ 2 хүн авсан. Үйл ажиллагаагаа эхлүүлээд одоо төлбөрийн чадваргүй болсон гэдэг. Энэ тайлбар бол үндэслэлгүй. Энэ хүмүүсийн төлбөрийн чадваргүй болох болон амьдралын нөхцөл өөрчлөгдсөн нь үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Өнгөрсөн хугацаанд сангаас зээлийг нэхэмжилж шүүхэд хандаагүй боловч энэ хүмүүс гар дээрээ 26 сая төгрөг тавиад авсан улс. Төлөх ёстой гэдгээ мэдэж байгаа. Үүнийг мартах зүйл биш. Өнгөрсөн хугацаанд ганцхан энэ хүмүүс санхүүгийн хямралд өртсөн юм биш. Зээлтэй бүх хүн, аж ахуй нэгжүүд даваад гарсан. Ийм байдлаар татгалзаж байгааг үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.
Хариуцагч Ж.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сум хөгжүүлэх сангаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Ж.Т*******, О.М бид 2 уг зээлийг аваад бизнес эхэлж байсан боловч улс орон даяар эдийн засгийн хямралтай он жилүүд таарч бизнес маань бүрэн зогсож санхүүгийн чадваргүй болсон учраас төлөх чадваргүй болсон одоо бид энэ зээлийг төлөх чадваргүй, боломжгүй байна гэжээ.
Хариуцагч О.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сум хөгжүүлэх сангаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. О.М, Ж.Т******* бид хоёр уг зээлийг аваад бизнес эхэлж байсан боловч улс орон даяар эдийн засгийн хямралтай он жилүүд таарч бизнес маань бүрэн зогсож, санхүүгийн чадваргүй болсон учраас энэхүү зээлийг төлөх чадваргүй болсон. Зах зээлийн ийм үед энэхүү зээлийг төлөх боломжгүй гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Т*******, О.М******* нар 2014 онд Даланзадгад сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан боловч 2015, 2016 онуудад Монгол улсад нүүрлэсэн эдийн засгийн хямралаас болж үйл ажиллагаагаа явуулж чадаагүй дампуурсан байдаг. Энэ нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сард анх нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ хугацааг авч үзвэл гэрээ байгуулагдсанаас хойш 2019 оны 11 дүгээр сарын хугацаанд нийт 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дахь хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд энэ нэхэмжлэлийг иргэний шүүхээр хянан хэлэлцэх боломжгүй тул хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг оруулж байна. Зээл төлөх ёстой талаар миний зүгээс санал болгосон боловч үнэхээр одоо ч эдийн засгийн хямралд орчихсон амьдрал хүнд байна гэдэг. Ж.Т*******ын хувьд эхнэр нь гэнэт нас барсан, өнчин ганц хүүтэйгээ үлдсэн, одоо бол төлөх боломжгүй байна гэдэг. Хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 11 дугаар сард дуусаж байгаа. Үүнээс хойших хугацаанд санг хариуцсан мэргэжилтэн ажиллаж байсан байна гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Гэтэл энэ зээл нь хэн нэг хүн хаа хамаагүй газар тараасан мөнгө биш. Хуулиар хүлээсэн үүргээ сан хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч, Засаг дарга нар нь хариуцлагагүй хандсанаас болоод хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. Яагаад хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байна гэхээр шүүхэд хандах, шүүхээр хэрэг маргаан шийдвэрлүүлэх асуудал нь хуулиар зохицуулагдсан байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дахь хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн байхад энэ хэргийг иргэний журмаар хянан хэлэлцэх боломжгүй юм гэдгийг хэлье. Дээр нь эдгээр хариуцагч нарт 2014 онд сангаас мөнгө олгочихоод бүтэн 6 жилийн дараа 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ хооронд зээлдэгч нартайгаа уулзаж учирч шаардаж байсан албан ёсны баримт байдаггүй. Тиймээс нэгэнт хуульд заасан нотлох баримт байхгүй гаргаж өгч чадахгүй, нотолж чадахгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дахь хэсэгт заасан хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сан нь Ж.Т*******, О.М******* нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 30 015 389 төгрөг гаргуулахыг шаардаж байх ба хариуцагч нар нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж мэтгэлцдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэжээ.
Сум хөгжүүлэх сан нь иргэний эрх зүйн харилцаанд зээлийн гэрээний нэг тал болж улмаар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргажээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сум хөгжүүлэх санг төлөөлж тус сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч гэх Д.Б*******, сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн О.Гантулга /зээлдүүлэгч/ нар, иргэн Ж.Т*******, О.М******* нартай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 26 000 000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэйгээр, жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зориулалтаар 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эргэн төлөгдөж дуусах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ.
2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.3.3-д Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг тухайн сумын Засаг даргаар ахлуулан... ажиллуулах, улмаар 3.5.2-д Сангийн үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргах чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг гаргуулахаар тус сумын Засаг дарга албан тушаалын хувиар төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байх ба энэ эрхээ хэрэгжүүлэх итгэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Б.Э*******ад олгожээ. Иймд Б.Э******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх санг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч тал зээлийн хугацаа дуусах өдрийг хүртэл хуримтлагдсан үндсэн зээл, хүүгийн үлдэгдэл 26 200 800 төгрөг, 20 хувийн торгууль гэж 4 852 000 төгрөг, нийт төлбөрийн үлдэгдэл 31 052 800 төгрөг болж байгаагаас торгуулийн нийт дүнгээс 1 037 411 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн хасч, үндсэн зээлд 24 260 000 төгрөг, хүүд 1 940 800 төгрөг, торгуульд 3 814 589 төгрөг нийт 30 015 389 төгрөгийг шаардаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Зээлдэгч буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх санг төлөөлж тус сумын Засаг дарга Ц.Б******* нь тодорхой мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч Ж.Т******* уг мөнгийг авч ашиглах, хүү буцаан төлөхөөр, О.М******* нь зээлдэгч Ж.Т******* зээл хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр тохиролцсон байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх ба талууд энэ талаар маргахгүй байна.
Иймд Өмнөговь аймгийн Сум хөгжүүлэх сан нь зээлийн гэрээний үүрэгт 30 015 389 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Зээлийн төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал эргэн төлөх нөхцөлтэйгөөр тохиролцсон болох нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээгээр нотлогдож байх ба зээлдэгч эргэн төлөлтийн хугацаанд үндсэн зээлд 1740000 төгрөг, хүүд 260000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил ба тухайн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус заасан байна.
Зээлийн гэрээний хугацаа 2017оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч тал хариуцагч нараас 2014 онд байгуулагдаж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон зээлийн гэрээний үүрэгт нийт 30 015 389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргажээ.
Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх бөгөөд нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс болон эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс эхэлж тоолохоор хуульд заажээ.
Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тухайлбал 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш болон эрх зөрчигдсөн үеэс эхлэн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж байсан эсэх нь баримтаар нотлогдохгүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч нарт 2014 онд сангаас мөнгө олгочихоод бүтэн 6 жилийн дараа 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ хооронд зээлдэгч нартайгаа уулзаж учирч шаардаж байсан албан ёсны баримт байдаггүй гэсэн тайлбараар мөн нотлогддог.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэжээ.
Нэхэмжлэгч тал хариуцагч нараас гэрээний үүрэгт 30 015 389 төгрөг шаардах эрхтэй хэдий ч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул тэрээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр нэхэмжлэгч тал гэрээний харилцаанаас үүсэх шаардлагыг шүүхээр албадан хангуулах эрхээ алдаж байгаа бөгөөд түүний субьектив эрх хэвээр байгааг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Т*******, О.М******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 30 015 389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамж 308 027 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ